Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 994

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* Б*******       

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо  

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны миний биеийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах тухай 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, миний биеийг Сүхбаатар дүүргийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргаж, түр үнэмлэх олгохыг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*******, хариуцагч Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Б******* нь 2016 оны Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас тус дүүргийн 11 дүгээр тойрогт нэр дэвшиж нийт 2600 гаруй хүний саналаар илт давуу ялалт байгуулсан. 

Гэвч сонгуулийн дүн гарсаны дараа Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо үндэслэлгүйгээр миний биеийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах тухай 2015 оны 10 сарын 28-ны өдрийн 15 тоот тогтоол гаргаж, надтай холбогдох сонгуулийн ялсан дүнг хүчингүй болгож улмаар нэр дэвшигчдийн сонгогдсон тооцох 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16 тоот тогтоол гарган надаас бусад 34 нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 тоот тогтоолдоо Сонгуулийн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2, 159.3-д заасныг үндэслэл болгосон байна.

Тус тогтоолд миний биеийг сонгуулийн үйл ажиллагаанд оролцохдоо сонгуулийн хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн бөгөөд түүнийг эрх бүхий байгууллагаас хэрхэн тогтоосон талаар огт дурдаагүй, энэ талаар надад мэдэгдээгүй болно.

Сонгуулийн хуулийг зөрчсөн зөрчил гаргасан бол Сонгуулийн тухай хуулиар цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээр эцэслэн шийдвэрлэхээр зохицуулсан. Шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсоноор зөрчил гарсан гэж үзэж түүнд үндэслэн Сонгуулийн байгууллага хуульд нийцсэн шийдвэр гаргах ёстой.

Гэвч шүүхээр шийдэгдэж тогтоосон ямар ч зөрчил байхгүй байхад Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо огт хууль зүйн болон бодит үндэслэлгүй шийдвэр гаргаж сонгогдсон төлөөлөгч миний сонгогдох эрх, намайг сонгосон иргэдийн сонгох эрхэд хууль бусаар бүдүүлгээр халдлаа.

Иймд дээрх шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Санаатайгаар илт хууль бусаар ашиг сонирхолын зөрчилтэйгээр миний биеийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан шийдвэр гаргасан Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны гишүүдийг шийдвэрийнхээ эрх зүйн үр дагавар, үүссэн хохирлыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нөхөн төлөх үүргээ ухамсарлаж байгаа гэж ойлгож байна. 

Иймд Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо үндэслэлгүйгээр миний биеийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах тухай 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, миний биеийг Сүхбаатар дүүргийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргаж, түр үнэмлэх олгохыг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооноос шүүхэд ирүүлсэн   тайлбартаа:  “Иргэн Х.Б******* нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг удаа дараа зөрчиж хууль бус сурталчилгаа явуулсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон.

Тухайлбал Сонгуулийн тухай хуулийн 70.5.13, 70.5.1, 70.5.2, 70.5.14, 70.5.15 дахь заалтуудыг зөрчиж хуулиар хориглосон үйлдлүүдийг хийсэн бөгөөд тус сонгуулийн хороо анхааруулж хууль бус сурталчилгаагаа зогсоох тухай албан бичиг хүргүүлж байсан ч үл тоон албан бичгийг хүлээн авахаас татгалзах ёс бус үг хэрэглэх, сонгуулийн хорооны ажилтныг заналхийлэх, дарамтлах зэргээр хууль бус үйлдлээ хайцаалан дэмжиж байсан. 

Түүнчлэн тус дүүргийн 11 дүгээр хороонд 10 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт санал хураалт зохион байгуулсан бөгөөд тус тойргийн санал авах байрны гадна болон дотор талд цагаан хоолой, дуу чангаруулагч ашиглан камераар бичлэг хийж сонгогчид санал өгөхөөр ирэх үед би бичлэг хийж байна, Ардын намын төлөө саналаа өгвөл би та нартай тооцоо бодно шүү гэх мэтээр үймээн самуун гаргаж цагдаагийн байгууллагын ажилтан ирж энэхүү хууль бус үйлдлийг нь таслан зогсоосон байдаг.

Мөн сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлаж байсан нь холбогдох байгууллагын гаргасан нотлох баримтуудаар тогтоогддог. Иймд сонгуулийн хороо нь хуульд заасны дагуу нэр дэвшигчийг нэрийн жагсаалтыг хасах шийдвэр гаргаж 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар тогтоолыг гаргасан болно. Тиймээс иргэн Х.Б*******ын гаргасан хууль бус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар 11 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Б******* нь 2296 хүний санал авч ялалт байгуулсан байна.

Гэтэл сонгуулийн дүн гарсны дараа Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж нэр дэвшигч Х.Б*******ыг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах тухай 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар тогтоолыг гаргасан байна.

Хариуцагч шүүх хуралдаан дээр “...нэхэмжлэгч нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараахь үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг удаа дараа зөрчиж хууль бус сурталчилгаа явуулсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон.

 Тухайлбал: Сонгуулийн тухай хуулийн 70.5.13, 70.5.1, 70.5.2, 70.5.14, 70.5.15 дахь заалтуудыг зөрчиж хуулиар хориглосон үйлдэлийг хийж ёс бус үг хэрэглэх, сонгуулийн хорооны ажилтныг заналхийлэх, дарамтлах, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт санал хураалт зохион байгуулах үеэр тойргийн санал авах байрны гадна болон дотор талд цагаан хоолой, дуу чангаруулагч ашиглан камераар бичлэг хийж сонгогчид санал өгөхөөр ирэх үед би бичлэг хийж байна, Ардын Намын төлөө саналаа өгвөл би та нартай тооцоо бодно шүү гэх мэтээр үймээн самуун гаргаж цагдаагийн байгууллагын ажилтан ирж энэхүү хууль бус үйлдлийг нь таслан зогсоож байсан Х.Б*******ын энэ хууль бус үйлдлийг бид шалгаж  тогтоосон” гэж тайлбарлажээ.

Бодит байдал дээр хариуцагчийн “нэр дэвшигч Х.Б*******ын удаа дураагийн хууль бус үйлдэл нь тогтоогдсон” гэх тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд харин сонгуулийн хороо өөрсдөө сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.

Сонгуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т “Энэ хуульд заасан захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргана”, 116.2-т “Энэ хуульд заасан захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд сум, сум дундын шүүх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид шууд гомдол, мэдээлэл гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд зөрчлийн талаарх үйл баримт, нотлох баримтыг хавсаргана”, 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана”, 118.1-т “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг шалгаж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад тухайн зөрчилд оролцогч тус бүрийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож шийдвэрлэнэ” гэдгийг тус тус зөрчиж Х.Б*******ыг сонгуулийн хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болсон байна.

Учир нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарын дагуу шүүхээс Х.Б*******тай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн эсэх, ирсэн бол хэрхэн шийдвэрлэсэн талаарх лавлагаа болон нотлох баримтыг гаргуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/12798 тоот албан бичгийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст,  2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1/12951 тоот албан бичгийг Сүхбаатар дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус явуулсан бөгөөд уг албан бичгийн хариуд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс  2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/4712 дугаар албан бичгээр “Б******* нь Сонгуулийн санал авах байранд очиж, иргэдтэй уулзсан болох нь тогтоогдоогүй тул захиргааны зөрчлийн материалын хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, гомдол гаргагчийн хариуг мэдэгдсэн” гэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 460 дугаар албан бичгээр Х******* Б*******тай холбоотой Сонгуулийн маргаантай холбоотой ямар нэгэн гомдол хүсэлт ирээгүй” гэж ирүүлсэн зэргээс үзэхэд Х.Б*******ын сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл нь тогтоогдсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр Х.Б*******ын тухай үйл баримтыг мэдэх гэрчлэх этгээдийг гэрчээр асуулгах хүсэлтэй байна гээд 1.Тухайн хэсгийн санал авах байранд /Үйлдвэр урлалын сургууль/ нэмэлт санал хураалт явуулсан 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн гадна, дотно байрлах камерын бичлэг /нийт 20 гаруй камер байрладаг/, 2. Тус сургуулийн тухайн өдөр ээлжинд гарсан жижүүр н.А*******, 3. МАН-ын ажиглагч Б.Ц*******, 4. 11 дүгээр хорооны цагдаа ахмад Ш.Ө*******, 5. АН-ын ажиглагч Э******* нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг гаргасаныг хянаж үзээд,

2016 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхэд заавал шалган тогтоосон байхыг нарийвчлан зааж өгсөн  бөгөөд Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар  “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай” тогтоол нь Х.Б*******д “хариуцлага” хүлээлгэсэн захиргааны акт байна.

 Гэтэл хариуцагч Сонгуулийн хороо нь нэхэмжлэгчийг сонгуулийн хууль зөрчсөн эсэх асуудлыг Захиргааны хэргийн шүүхээр нотлуулахаар дээрх хүсэлтийг гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байх бөгөөд Сонгуулийн тухай хуульд зааснаар зөрчлийг шалгах субьект, зөрчилд хариуцлага ногдуулах субьект нь тус тусдаа байна.

Өөрөөр хэлбэл нэр дэвшигч Х.Б*******ыг “нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах тухай” 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоол гарах үед Х.Б*******ын сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн гэх үйлдлийг заавал шалгаж тогтоосон байх ёстой байна.

 Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо нь Х.Б*******ыг сонгуулийн хууль тогтоомж удаа дараа зөрчсөн гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй, мөн Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг тогтоох ажиллагааг хуулиар Захиргааны хэргийн шүүх болон Сонгуулийн хороонд олгоогүй, харин Цагдаагийн байгууллага болон Эрүүгийн хэргийн шүүхэд олгосон байна гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэдгийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгох тул Х.Б*******ыг сонгуулийн хуулийг удаа дараа зөрчсөн болохыг  шалгаж тогтоосон цагдаа болон шүүхийн шийдвэр байхгүй байхад Сонгуулийн хороо   2016 оны 10 дугаар сарын 28-ний өдөр 16 дугаар тогтоол гарган нэр дэвшигч Х.Б*******ыг Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2, 159.3-т зааснаар нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Сонгуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1, 116.2, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлийн 118.1-т заасантай нийцэхгүй байна. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооноос нотлох баримтаар ирүүлсэн бичлэг бүхий CD-г хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримт гэж үнэлэх боломжгүй төдийгүй уг бичлэгт гарсан суртачилгааны самбарыг хэн хэдийд хийж тавьсныг тогтоох боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сонгуультай холбоотой бүх баримтыг бид нийслэлийн архивийн газарт хүлээлгэн өгсөн, Х.Б*******ын сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийг бид шалгаж тогтоогоод нийслэлийн архивт хүлээлгэн өгсөн гэж шүүх хуралдаан дээр тайлбарладаг хэдий ч ямар баримтыг хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, мөн шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1/12259 тоот албан бичгээр “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Х******* Б*******тай холбоотой ямар нэгэн өргөдөл, санал, гомдол ирсэн эсэх талаарх баримт, мөн зөрчил гаргасантай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлэх” тухай албан бичгийг хүргүүлсэн бөгөөд уг албан бичгийн хариуд ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд Х.Б*******тай холбоотой МАН-ын ажиглагч Б.Б*******ын сонгуулийн хороонд гаргаж байсан өргөдлөөс өөр баримт ирээгүй болно.

Иймд нэхэмжлэгч Х.Б*******ын гаргасан  “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 15 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож,  Х.Б*******ыг Сүхбаатар дүүргийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргаж, түр үнэмлэх олгохыг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.4, 106.3.12 дох хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 116 дугаар зүйлийн 116.1, 116.2, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлийн 118.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2, 159.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, Х.Б*******ыг Сүхбаатар дүүргийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргаж, түр үнэмлэх олгохыг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        О.ОЮУНГЭРЭЛ