Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0346

 

2018 оны 6 сарын 13 өдөр         

Дугаар 221/МА2018/0346

Улаанбаатар хот

Х.Х-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2018/0035 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Х.Х-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2018/0035 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 70 дугаар зүйлийн 70.3 /Төсвийн тухай хуулийн 70.3 дахь заалт 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байсан/, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Х.Х-г ажлаас халах тухай” Б/108 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Х.Х-г тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,135,909 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож 12,135,909 төгрөгийн цалин хөлсөнд оногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг ажил олгогч болох Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2018/0035 дугаар шийдвэрийг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

Биеийн тамир спортын газрын даргаар ажиллаж байсан X.Хайнар нь хэд хэдэн зөрчил гаргасан нь Санхүүгийн хяналт дотоод аудитын шалгалтаар тогтоогдсон. Х.Х нь Төсвийн тухай хуулийн төсвийн зарчим болох 6 дугаар зүйлийн 6.2.5, 6.5.2, 6.5.3, 6.5.4 дэх заалт, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.2, 16.5.6 дахь заалтуудыг зөрчиж төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулж мөн хуулийн 16.5.3 дахь заалтыг зөрчиж илүү орон тоогоор хүн авч ажиллуулсан төсөвт оруулах ёстой мөнгийг дансанд оруулахгүйгээр зарцуулсан мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4 дэх заалт 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул ажлаас нь халах шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийг үгүйсгэж Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэснийг даарах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: 1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 13 дугаар хуудсанд Х.Х нь 2015-2016 онуудад аймгийн Биеийн тамир спортын газрын туслах үйл ажиллагаанаас олсон гэх 6060000 төгрөгийн орлогыг төрийн сангийн дансанд тушаагаагүй бэлнээр байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэж улсын байцаагчийн хяналт шалгалтаар тогтоосон нь Төсвийн тухай хуулийн 41.2.1, 41.2.2, мөн хуулийн 6.3.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй гэсэн байна.

2. Мөн шүүхийн шийдвэрийн 17 дугаар хуудсанд “С” ХХК-нд цэвэр бохир усны үйлчилгээний төлбөрийг усны тоолуурын заалтаар тооцож төлөх зохицуулалтыг зөрчсөн байна гэж улсын байцаагчийн тавьсан акт үндэслэлтэй ба усны хэрэглээний төлбөрийг тоолуурын заалтаар төлөөгүйн төсвийн шууд захирагчийн хувьд тус байгууллагын дарга холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. Мөн уг цэвэр бохир усны төлбөртэй холбоотой “С” ХХК болон аймгийн Биеийн тамир спортын газар хороонд байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан биеийн тамир спортын газрын ня-бо н.Жанарбекийн гарын үсэг нь биш хуурамч гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.

3. Дээрх улсын байцаагчийн акттай холбоотой асуудлаар гуравдагч этгээд аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасны үндсэн дээр цагдаагийн газар Прокурорт шилжүүлсэн байна. Энэ гомдлын дагуу прокуророос гарсан шийдвэрийг гуравдагч этгээд гардаж аваагүй байхад нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг прокурорын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор дэд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэж заасныг шүүх зөрчиж нотлох баримтаар авч гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчив.

4. Х.Х нь урьд өмнө аудитаас хязгаарлалтай санал дүгнэлт авч удаа дараа сануулах арга хэмжээ авагдаж байсан.

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд шүүх хуралдааны товыг мэдээлэлгүй шүүх хурлыг явуулав.

6. Гуравдагч этгээд ОХУлсад томилолтоор түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Казахстан улс явах болсонтой холбогдуулан итгэмжлэгдсэн төлөөлөгч ирэх хүртэл шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтийг бичгээр гаргасан боловч гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчиж шүүх хурлыг явуулсан.

7. Мөн Х.Х-ын гаргасан зөрчлүүд болон Төсвийн тухай хуулийг зөрчсөн тухай санхүүгийн хяналт дотоод аудитын актууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ба шүүгч уг нотлох баримтуудыг тухайн маргаанд холбогдох талаас нь дүн шинжилгээ хийлгүйгээр нэг талыг баримталсан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

8. Шүүх хуралдан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн өмгөөлөгчтэй гэрээ байгуулж давхар өмгөөлөгчөөр оролцуулах уг өмгөөлөгчийг хавтаст хэрэгт хариуцагчийн өмнөөс танилцах боломжоор нь хангаж өгөх тухай хүсэлтийг гаргасан боловч шүүгч зөвхөн өмгөөлөгчөөр оролцох эрхээр хангаж хавтаст хэрэгт танилцах боломж олголгүй шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2018/0035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Х.Х-ын нэхэмжлэлтэй Баян Өлгий аймгийн Засаг даргад холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Х.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М би Баян Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03-р сарын 30-ны өдрийн 0035 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлтэй гомдлыг гаргаж байна.

1. Шүүгч хэргийн оролцогчдын шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж 2018.03.30 ны өдөр 0131, 0132 тоот захирамжуудыг гаргахдаа хууль буруу хэрэглэн оролцогчдын гомдол гаргах эрхийг нь хязгаарлаж, боогдуулан захирамж гаргажээ. Хэрэв захирамжид гомдол гаргах, гаргахгүй байхаар шийдвэрлэсэн бол захирамжуудад нэг заалт болгон оруулан тусгах байлаа. Тийм учраас шүүх хэт нэг талыг баримталсан.

2. Гуравдагч этгээд Х.Б шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаанаар оролцож чадахгүй гэдгийг илэрхийлэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ба шүүгч өөрөө 2018.03.28 ны өдөр 182 тоот албан бичгээр шаардаж нотлох баримтыг нь гаргуулан авсан мөртлөө шүүх хуралдааныг түүнийг оролцуулахгүй хийж түүний эрх ашгийг зөрчсөн байна.

З. Хариуцагч тал өмгөөлөгч С.Н-тай гэрээ хийж шүүх хуралдаанд оролцуулсан ба хэрэв гуравдагч этгээд шүүх хуралдаанд оролцсон бол өмгөөлөгчөөс татгалзан дахин өмгөөлүүлэх эрхээр хангагдах байлаа.Учир нь хариуцагч зарим асуудалд гуравдагч этгээдийн эсрэг байр сууринаас хандаж байсан нь хэрэгт авагдсан зарим нотлох баримтаар нотлогдож байгаа болно. Жишээ нь нэхэмжлэгчийг анх хууль зөрчиж томилсон засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах асуудалд эсрэг байр суурьтай байсан.

4. Шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн цалин хөлсийг Биеийн тамир, спортын газрын төсвөөс гаргуулан харин ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй ногдох Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож ажил олгогч Засаг даргаар төлүүлэх нь ямар үндэслэлгүй байна. Нэгэнт буруу ч бай зөв ч бай шийдвэр гаргасан буруутай этгээдээр цалин хөлсийг төлүүлж,мөн нийгмийн даатгалын шимтгэлийг түүгээр төлүүлэх нь Нийгмийн даатгалын тухай хуульд нийцнэ.

Буруу шийдвэр гаргасны төлөө Засаг даргын өмнөөс Биеийн тамир, спортын газрын төсөв хохирох ёсгүй. Тийм учраас шүүх Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүй байна. Мөн өмгөөлөгч энэ асуудалд эсрэг саналтай байсан байна.

Иймд энэ үндэслэлүүдийг судлан үзээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0035 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, эсхүл анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Х-ыг төсвийн мөнгийг төсвөөс гадуур зүй бусаар зарцуулсан, Төсвийн тухай хуулийг зөрчиж илүү орон тоогоор хүн авч ажиллуулсан, төсвийн ил тод зарчмыг алдагдуулсан, бүртгэлийн хяналтгүйгээр байгууллагын төсөвт орох ёстой их хэмжээний мөнгийг оруулаагүй гэсэн үндэслэлүүдээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ажлаас халжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг нь захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах зохицуулалт бөгөөд мөн хэсгийн 23.1.1-д заасан “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэдгийг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмаар дүгнэхэд хангалтгүй дүн авсныг ойлгохоор байна.

Нэхэмжлэгчээс хариуцагч нь нэг удаагийн шалгалтыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, албан үүргээ биелүүлээгүй зөрчлийг удаа дараа гаргасан гэж дүгнээгүй, Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу миний ажлыг дүгнэж, “хангалтгүй” болохыг тогтоосон зүйл байхгүй зэрэг үндэслэлээр маргажээ.

2015-2016 онуудад аймгийн Биеийн тамир, спортын газрын туслах үйл ажиллагаанаас олсон гэх дээрх 6,060,000 төгрөгийн орлогыг тухайн үед төрийн сангийн дансанд тушаагаагүй, бэлнээр байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан нь улсын байцаагчийн хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд дээрх зөрчил нь 2015-2016 онуудад гарсан, уг зөрчлийг улсын байцаагч 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 7 хоногийн хугацаатайгаар хяналт шалгалт явуулах үед илрүүлснээр 3 сар 13 хоног, томилох эрх бүхий этгээд болох аймгийн Засаг дарга уг зөрчлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр мэдсэнийг илрүүлсэн өдөрт тооцвол мөн 2 сар 26 хоног хэтэрсэн байх тул Төсвийн тухай хуулийн 70.3, Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчид халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26.4-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны А/03 дугаар захирамжаар Биеийн тамир, спортын газрын бүтэц, орон тоог баталж, 21 ажилтантай байхаар тогтоосон, улмаар тус аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан төсвийн хүрээнд зориулалтын дагуу зарцуулж ажилласан нь аудитын дүгнэлтээр баталгаажсан байх тул илүү орон тоонд хүн авч ажиллуулсан гэдэг нь үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “ .... төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно” гэж заасан бөгөөд хариуцагчаас төрийн жинхэнэ албан хаагч Х.Х-ыг албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлснийг тогтоож байгаа тохиолдолд энэ талаар хуульд заасан журмын дагуу нотлох баримтад үндэслэсэн, үнэн зөв, бодитой дүгнэлт хийх, Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ хангалтгүй биелүүлээгүй гэж үзсэн тохиолдолд тухайн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацааг баримтлах ёстой.

Нэхэмжлэгчийг ажлаас халахдаа сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулсан, зөрчлийн шинж байдлыг харгалзаж үзээгүй,  албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн албан тушаал бууруулах зохицуулалтыг, төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай давхардуулан хэрэглэсэн нь хууль бус болжээ.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, гуравдагч этгээд, хариуцагч нарын өмгөөлөгч С.Н нар биечлэн оролцсон,  өмгөөлөгч С.Н нь анх гуравдагч этгээдтэй 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаад 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. Өмгөөлөгч С.Н нь тухайн захиргааны хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хувьд тайлбар гаргаж, мэтгэлцсэн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж тус тус заасан тул хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг тухайн захиргааны байгууллага иргэний журмаар, эсхүл хариуцагчийн дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2018/0035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, гуравдагч этгээд Х.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ