Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 264

 

 “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ЭХЯ, СЯ-нд тус тус холбогдох

 захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:          Д.Мөнхтуяа,

Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                        М.Батсуурь,

                                        Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “...Монгол Улсын Эрчим хүчний яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 Гэрээ цуцлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Монгол Улсын Сангийн сайдын Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулахаас татгалзсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 6-1/911 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “А” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0112 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 235 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0112 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.4, 4.2.5, 4.2.8, 56 дугаар зүйлийн 56.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 52 дугаар зүйлийн 52.1.5, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сангийн сайдад холбогдуулан гаргасан Сангийн сайдын Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулахаас татгалзсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 6-1/911 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч А ХХК-тай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ-г байгуулахыг даалгаж, Эрчим хүчний яаманд холбогдуулан гаргасан Эрчим хүчний яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 Гэрээ цуцлах тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 235 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Эрчим хүчний яаманд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0112 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 235 дугаар магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4. Магадлалд: “Эрчим хүчний яамны сонгон шалгаруулалтаар төсөл хэрэгжүүлэх эрх авч ажлаа эхлүүлсэн байсан тул зөвшөөрөлгүй ажил эхлүүлсэн гэж үзэх боломжгүй учир дээрх хохирол учруулж болзошгүй шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байна. ” гэжээ. Эрчим хүчний яамны сонгон шалгаруулалтаар төсөл хэрэгжүүлэх эрх авсан боловч нэхэмжлэгч нь ажил эхлүүлэх эрх аваагүй байсныг шүүхээс дүгнэж үзээгүй. Учир нь Эрчим хүчний яам “А” ХХК хооронд 2017.6.23-нд байгуулагдсан ЭХА-050/2017 гэрээний З дугаар зүйлд “Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр” гэсэн үндсэн нөхцөлийг заасан байх ба дараах 2 нөхцөлийг бүрэн хангаж дууссан өдрөөр тодорхойлно гэсэн байна. Үүнд: а) захиалагч гүйцэтгэгч хоёр энэхүү гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, б)     төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ хүчин төгөлдөр болсноор.

5. Өөрөөр хэлбэл гэрээний 3 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болоогүй байхад “ажил эхлүүлэх эрх” үүсэхгүй юм. Мөн түүнчлэн, тухайн ажлыг эхлүүлэх талаар Эрчим хүчний яамнаас гэрчилгээ гаргаж гэрээ гүйцэтгэгч талд гардуулж өгснөөр ажил эхлэх хууль зүйн үндэслэл бий болох байтал энэхүү гэрчилгээ олгогдоогүй, гэрээнд заасан нөхцөл бүрдээгүй байхад ажлыг дур мэдэн эхлүүлсэн нь хууль бус юм.

6. “Засгийн газрын 2016 оны 182 дугаар тогтоолд заасны дагуу эхлээд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй тул Төсвийн тухай хуульд заасан санхүүжилт авах шаардлагыг энэ байдлаар хангасан, энэ тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.5-д санхүүжүүлэх эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх зохицуулалт хамаарахгүй” гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь гүйцэтгэгчээс эхний ээлжид өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендер зарлах бус Концессын тухай хуулийг баримтлан уралдаант шалгаруулалт зохион байгуулах зохицуулалттай. Гэтэл энэхүү ажил нь Концессын тухай хуулийн дагуу Концессын жагсаалт баталсан Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолд тусгагдаагүй байдаг. Иймд санхүүжилтийн асуудал нь тодорхой бус юм.

7. Захиргааны ерөнхий хуулийн 56.3-д “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно." гэжээ. Өөрөөр хэлбэл, захиргааны нэгээр нэг тал буюу захиргааны байгууллага дангаар цуцалж болох “нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах” үндэслэл бүрдээгүй байхад тусдаа зохицуулагдаж төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ байгуулагдаагүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсан нь дээрх байдлаар хуульд нийцээгүй байна” гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй.” гэж, 56.2 дахь хэсэгт өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзвэл захиргааны гэрээг цуцална гэж тус тус заасан. Талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээ нь биелэгдэх боломжгүй болсонтой холбогдуулан гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй байдал үүссэний улмаас гэрээг цуцлах үндэслэл бүрэн бүрдсэн. Иймд Эрчим хүчний яамнаас энэхүү эрх хэмжээний хүрээнд гэрээг цуцалсан нь хууль ёсны юм.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт “нийтийн эрх ашгийн үүднээс тухайн ажлыг гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг санхүүжүүлэх, хэрхэн яаж санхүүжилтийг эргэн төлөгдөх үйл ажиллагааг эхний хагас жилд багтаан зохион байгуулахыг салбарын сайд нарт үүрэг болгосон гэж үзэх үндэслэлтэй” гэсэн байна.

9. Шүүхээс “нийтийн эрх ашгийн үүднээс” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5 дахь хэсэгт хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж болохгүй гэснийг зөрчсөн. Учир нь нийтийн эрх ашгийг үүднээс гэсэн асуудал хуралдааны үед яригдаагүй бөгөөд мөн хэрэгт авагдсан Засгийн газрын тогтоол болон бусад нотлох баримтад байхгүй болно. Гэтэл шүүгч субъектив байдлаар дүгнэлт хийж “нийтийн эрх ашгийн үүднээс шийдвэрлэсэн байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт “2019 оны төсөвт суусан учир дахин шинээр зохион байгуулахыг захиалагчид даалгаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд баримтлах “өрсөлдөх тэгш боломж, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх”, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3. санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, 5.1.5.хариуцлагатай байх, 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах зохицуулалтыг хангах зарчмууд зөвхөн Захиалагчаас гадна Сангийн яаманд хамааралтай” гэжээ.

11. Төсвийн тухай хуулийн дагуу дараа жилийн төсвийн хуулийн төслийг холбогдох төсвийн захирагчдаас ирүүлсэн саналыг Сангийн яамнаас нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьдаг. УИХ-аас төсвийг баталснаар дараа жилд зохион байгуулах худалдан авах ажиллагаа, түүний төсөв “нийтэд ил болж”, эх үүсвэр нь тодорхой болсон бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаанд нийт аж ахуйн нэгжүүд оролцох тэгш боломж бий болж “өрсөлдөх тэгш боломж”-оор хангагдаг билээ. Мөн нэгэнт тухайн тендер шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж нь захиалагчтай байгуулсан гэрээний “нөхцөл, шаардлага”-ыг баримталж бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэхэд “хариуцлагатай байх" үүрэг хүлээнэ. Гэтэл нийтэд ил болоогүй, эх үүсвэр нь тодорхой бус ажлыг захиалагч зарлаж бусад аж ахуйн нэгжүүдийг тухайн шалгаруулалтад оролцож, өрсөлдөх тэгш боломжоор хангаагүй, мөн гүйцэтгэгч нь Гэрээний нөхцөлийг зөрчиж, гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад дур мэдэн ажил гүйцэтгэж “хариуцлагагүй” байдал гарган хуулийг зөрчсөн.

12. Иймд Сангийн яам нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, 5.1.5-д хариуцлагатай байх, 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах зарчмыг баримтлан татвар төлөгчдийн мөнгийг хуульд заасан үндэслэл, зориулалтын дагуу, үр ашигтай зарцуулах чиг үүргийг баримтлан ажилласан. Мөн Сангийн яамнаас Эрчим хүчний яаманд шинээр тендер зохион байгуулахыг захиалагчид даалгасан хэрэг биш бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.5 болон Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх, түүнд нийцүүлэх талаар хүргүүлсэн хариу албан бичиг юм. Өөрөөр хэлбэл, Сангийн яамны албан бичиг нь хуулийг зөрчихгүй байх, холбогдох үйл ажиллагааг хуульд заасан шаардлагад нийцүүлэх тухай бөгөөд энэ нь шүүхийн үндэслэх хэсэгт дүгнэсэнчлэн Сангийн яамнаас худалдан авах ажиллагааг хянах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүргээ хэрэгжүүлж буйн нэг хэлбэр юм. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх болон Тогтоох хэсэгт үндэслэсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2 дахь заалтад зааснаар Сангийн яам хуулиар олгосон эрхийн хүрээнд захиалагч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу албан бичгээр тодорхой асуудлын хүрээнд худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг хэрэглэхтэй холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Түүнчлэн утсан холбоогоор тухай бүр худалдан авах ажиллагааны талуудад тендер шалгаруулалттай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажилладаг. Харин 52.1.5 дахь заалтад заасан захиалагч худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийх эрхийн хүрээнд хуулийн 48, 49 дүгээр зүйлд заасны дагуу Сангийн яам төсвийн ерөнхийлөн захирагчдын худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайланг хүлээн авч Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тушаалаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-аар захиалагч байгууллагын худалдан авах ажиллагааны жилийн тайланг нэгтгэн, энэ журамд заасан үнэлгээний аргачлалын дагуу үнэлгээ өгч Засгийн газарт эхний улиралд багтаан танилцуулдаг .

13. Иймд хуулийн 52 дугаар зүйлд заасан Сангийн яамны бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үйл ажиллагаа нь тухайн захиалагчаас зохион байгуулж байгаа тендер шалгаруулалттай холбоогүй юм. Мөн хуулийн 47 дугаар зүйлд зааснаар захиалагч нь үнэлгээний хороо байгуулан тендер зохион байгуулж, үнэлгээний хороо нь холбогдох дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх ба хуулийн 47.2.2 дахь заалтын дагуу энэхүү шийдвэрийг өөрчлөх, түүнд нөлөөлөхийг хориглодог. Харин захиалагч буюу Эрчим хүчний яам нь хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтын дагуу үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах үүрэгтэй юм.

14. “А” ХХК-ийн нэхэмжлэлээр Эрчим хүчний яаманд холбогдуулан иргэний хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэж байгаа ба нэхэмжлэгчээс шүүх хуралдааны үед гаргасан тайлбарт “бид Эрчим хүчний яамнаас Иргэний хуулийн “үндэслэлгүй хөрөнгөжих” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байгаа” гэсэн. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Эрчим хүчний яам болон “А” ХХК-ийн хооронд гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүсээгүй, гэрээ хүчин төгөлдөр болоогүйг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтын дагуу нэхэмжлэлийг хангасан анхан болон давж шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

15. Хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 235 дугаар шүүхийн магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

16. Нэхэмжлэгч “А" ХХК-ийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гүйцэтгэгчээр шалгаруулан ЭХА-050/2017 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Харин гэрээг цуцлах мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны в/2976 тоотоор мэдэгдсэн. Үүнийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан ч гаргаагүй. Мөн Сангийн яамнаас ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 9/1029 тоот албан бичгийн хүрээнд тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн шинээр зохион байгуулах тухай 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр а/2151 тоот албан бичгийг “А” ХХК-нд хүргүүлсэн. Гэвч нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-ийн 14.1-4-т заасны дагуу 30 хоногийн дотор гомдол гаргах байсан хэдий ч хугацаандаа гаргаагүй. Хуанли тооллоор 2017 оны 10 дугаар сарын 13-ны в/2976 тоот албан бичигт гомдол гаргах хугацаа нэгэнт дууссан. Мөн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн а/2151 тоот албан бичигт гаргах гомдол нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тус тус дууссан тул Захиргааны ерөнхий хуулийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах:

17. Энэхүү маргаан нь хэдийгээр нэг талаас төр, нөгөө талаас хувийн хэвшил хооронд маргаж байгаа хэдий ч талуудын эрх үүргийг гэрээгээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл гэрээний эрх зүйн маргаан юм. Гэрээгээр учирсан хохирол буюу гэм хорын асуудал яригддаг. Уг асуудлаар нэхэмжлэгч Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Харин шүүхийн 128/ШШ2020/0112 тоот шийдвэр нь гэрээ байгуулахыг даалгасан нь нэг төрлийн харилцааг 2 талд хянан хэлэлцсэн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 13 1 54.1.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах”,

18. Гэрээ хүчин төгөлдөр болох ба дуусгавар болох хугацаа гэсэн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр хугацаа нь дараах нөхцөлийг бүрэн хангаж дууссан өдрөөр тодорхойлогдоно” гэж заагаад 3.1 дэх хэсгийн “С” заалтад “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ хүчин төгөлдөр болсноор” гэрээ хүчин төгөлдөр болох тодорхой нөхцөлийг зааж өгсөн байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-ийн “b” заалтад заасан “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ хүчин төгөлдөр болсноор” гэсэн нөхцөл хангагдаагүй байхад “А” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ЭХА-050/2017 тоот гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна. Нэгэнт хүчин төгөлдөр бус тул гэрээгээр хүлээсэн үүрэг хангагдахгүй юм. Мөн Захиалагчаас техникийн хяналтын гэрээ байгуулах зөвлөмж олгоогүй байхад ЭХХТ-тэй “Техникийн хяналтын” гэрээ байгуулсан, мөн ажил эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй байхад ажлыг дур мэдэн эхлүүлсэн зэрэг нэхэмжлэгчийн өөрсдийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой тул Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

19. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

20. Нэхэмжлэгч “А” ХХК нь Эрчим хүчний яам, Сангийн яаманд холбогдуулан, Эрчим хүчний яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 тоот “Гэрээ цуцлах тухай” албан бичиг /шийдвэр/-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/911 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Сангийн яамны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/5945 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “А” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

21. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 180 дугаар тогтоолоор, Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталсан, уг жагсаалтын 5 дугаарт “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” түлхүүр гардуулах гэрээгээр, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх төслийн гүйцэтгэгчийг сонгож, 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулан, ажлыг нь эхлүүлэх арга хэмжээ авахыг хариуцагч Сангийн яам, Эрчим хүчний яаманд даалгасан байх бөгөөд улмаар Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор, 180 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтын 5 дахь заалтыг “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх төсөл” гэж өөрчилжээ. Дээрх Засгийн газрын 180, 71 дүгээр тогтоолуудын дагуу, Эрчим хүчний яамнаас уг төслийн гүйцэтгэгчээр нэхэмжлэгч “А” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх” ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд ЭХА-050/2017 дугаар гэрээ байгуулагдсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээртэй маргаагүй байна.

22. Нэхэмжлэгч “А” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. ...гэвч Эрчим хүчний яам нь гэрээ цуцлагдаж байгааг мэдэгдсэн, энэ шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, Засгийн газрын 180, 71 дүгээр тогтоолуудыг зөрчсөн” гэж маргасан бол, хариуцагч Эрчим хүчний яамнаас “...гэрээний 3.1-ийн (b)-д заасан “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээ” хүчин төгөлдөр болсноор гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн нөхцөл хангагдаагүй учир ...гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. ..."А” ХХК нь Эрчим хүчний яамнаас ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, гэрээ хүчин төгөлдөр болоогүй, мөн гэрээ цуцлагдсан тухай мэдэгдлийг хүргүүлсээр байхад барилга угсралтын ажлыг дур мэдэн хийсэн...” гэсэн, мөн хариуцагч Сангийн яамнаас “...Засгийн газрын 2016 оны 180 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд энэхүү төслийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгож,... гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, төслийг улсын төсвөөс буцаан төлөх асуудлыг тусгаагүй. ...Төсвийн тухай хуулийн 24.4-т төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглохоор заасан...” гэсэн тайлбарууд гарган маргажээ.  

23. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах, маргаж буй захиргааны актын үндэслэл, түүнд холбогдох нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулаагүй нь буруу байна. Тухайлбал, хэрэгт “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” түлхүүр гардуулах гэрээгээр, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсантай холбоотой баримт /сонгон шалгаруулалтын баримт материал/-ууд бүрэн авагдаагүй, Засгийн газрын 180 дугаар тогтоолыг батлахдаа төслийг улсын төсвөөс буцаан төлөх асуудлыг шийдвэрлээгүй, уг тогтоолоор төслийг эхлээд төсөл хэрэгжүүлэгчийн “өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр” гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, иймд хариуцагчийн “...гүйцэтгэгчээс эхний ээлжинд өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендер зарлах бус, Концессын тухай хуулийг баримтлан уралдаант шалгаруулалт зохион байгуулах хуулийн зохицуулалттай” гэсэн тайлбар, гомдлын үндэслэлийг шалгаж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, маргааны үйл баримтаар тодорхойлогдож буй харилцаа нь Концессын тухай хуулиар зохицуулагдах концесс, эсхүл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдах тендер аль нь болохыг тодруулж, шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

24. Түүнчлэн, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд ЭХА-050/2017 дугаар гэрээг байгуулсан боловч Эрчим хүчний яамнаас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн в/2976 тоот албан бичгээр, “Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөгдөх гэрээг байгуулах боломжгүй болсон” гэсэн үндэслэлээр гэрээ цуцлагдаж байгааг нэхэмжлэгч компанид мэдэгдсэн байна. Хариуцагчаас гэрээ цуцалсан шалтгааныг “...Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээ нь биелэгдэх боломжгүй болсонтой холбогдуулан гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээг цуцлах үндэслэл бүрэн бүрдсэн...” гэж, нэхэмжлэгч “...гэрээ цуцалсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, Засгийн газрын 180, 71 дүгээр тогтоолуудыг зөрчсөн” гэж маргасан байхад шүүхүүд хэргийн оролцогчдын маргаж буй энэ үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл хуульд заасан захиргааны гэрээг өөрчлөх, цуцлах үндэслэл бүрдсэн эсэхэд дүгнэлт хийлгүй, анхан шатны шүүх “...нийтийн эрх ашгийн үүднээс тухайн ажлыг гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг санхүүжүүлэх, хэрхэн яаж санхүүжилтийг эргэн төлөгдөх үйл ажиллагааг эхний хагас жилд багтаан зохион байгуулахыг салбарын сайд нарт үүрэг болгосон гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, ямар нотлох баримтад үндэслэж ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Мөн хэргийн бусад оролцогчдоос нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж маргасан байхад анхан шатны шүүх энэ үндэслэлийг шалгаж,  дүгнэлт хийгээгүй нь буруу байна.    

25. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүний олонх үзсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0112 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 235 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА