| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0267/Э |
| Дугаар | 323 |
| Огноо | 2018-07-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж
улсын яллагч Б.Соёлмаа,
хохирогч Т.С, Д.Я, С.Т,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч В.Батжаргал,
нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2017 2603 0322 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь:
1. 2016 оны 02 дугаар сард Т.С-г “Барилгын ажил хийнэ, зардалд нь мөнгө хэрэг боллоо” хэмээн хуурч, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 2.000.000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 200.000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2.500.000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1.500.000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 300.000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 100.000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөгийг, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 4.000.000 төгрөгийг, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөгийг, нийт 15.900.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5015179019 тоот дансруу шилжүүлэн авч залилсан,
- Мөн 2016 оны 03 дугаар сард Т.С-г “бөөгийн зан үйл хийнэ, юм уншаад буцааж өгнө” хэмээн сүсэг бишрэлийг нь далимдуулан хуурч, 1.700.000 төгрөгний үнэлгээтэй алтан ээмэг, гинжийг нь авч залилсан,
2. 2016 оны 09 дүгээр сард Д.Я-г “Япон Монголын хамтарсан төрийн бус байгууллагын захирал У гэдэг хүн байна, танай компанитай хамтарч барилгын ажил гүйцэтгүүлэх шийд гарсан, баталгаа болгоход мөнгө өгөх хэрэгтэй байна” хэмээн хуурч, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 3.700.000 төгрөгийг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөгийг, нийт 5.700.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5015179019 тоот дансруу шилжүүлэн авч залилсан,
3. 2016 оны 10 дугаар сард Б.Т-ыг “саажилттай хүүхдийг чинь бариа хийж эдгээж өгнө” хэмээн хуурч, сүсэг бишрэлийг нь далимдуулан, 1.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 3 дугаар байрны 218 тоотод залилж авсан,
- 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.Т-ыг “ОХУ-аас вино, дарс оруулж ирж их ашиг олно” хэмээн хуурч, 2.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5015179019 тоот дансруу Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн үйлчилгээний төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаар шилжүүлэн авч залилсан,
- 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б.Т-ыг “Солонгос улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, 600.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүр авч залилсан,
- 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Т-ыг “ОХУ-аас вино, дарс оруулж ирж их ашиг олно” хэмээн хуурч, 400.000 төгрөгийг Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 3 дугаар байрны 218 тоотод залилан авсан,
4. 2016 оны 11 дүгээр сард О.З-г “виноны бизнес хамтарч хийнэ, мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна” хэмээн хуурч, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 500.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 500.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3.000.000 төгрөгийг, нийт 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5015179019 тоот дансруу шилжүүлэн авч залилсан,
5. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр С.Т-ыг “Австрали улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, 10.000.000 төгрөгийг нь өөрийн Хаан банкны 5015179019 тоот дансруу шилжүүлэн авч залилсан,
- мөн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр С.Т-ыг “Виз чинь гарах гээд байна, бичиг баримтын асуудал байна, мөнгө шилжүүл” хэмээн хуурч, 250.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5015179019 тоот дансруу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222 хорооллын 117 дугаар байрны 902 тоотоос шилжүүлэн авч залилсан,
6. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ө.У-ыг “ОХУ-аас вино, дарс оруулж ирж Хятад улс руу гаргаж зараад их ашиг олно” хэмээн хуурч, 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5015179019 тоот дансруу шилжүүлэн авч залилан нийт бусдад 44.050.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Миний бие мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар тодорхой ярьсан байгаа. Яллах дүгнэлтэд бичигдсэн хэргээс 2016 оны 10 дугаар сард хохирогч Б.Т-аас хүүхдийг нь эмчилж өгнө гэж 1.0 сая төгрөг аваагүй. Энэ үйлдэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, ийм асуудал огт болоогүй. Харин бусад хохирогч С, Я, С.Т, О.З, Б.Т, Ө.У нарын эд хөрөнгө мөнгийг залилан авч 43.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй ээ.
Би хохирогч Б.Т-аас 3.500.000 төгрөг авсан байхад надаас 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Виноны үйлдвэрийн хөрөнгө оруулалтанд 2.500.000 төгрөг, виз гаргаж өгнө гээд 600.000 төгрөг, 400.000 төгрөг тус тус авсан. Хүүхэд эмчилж өгнө гээд 1.000.000 төгрөг аваагүй. Өөрөөр маргах зүйл байхгүй.
Би хохирогч Б.Т-ын гэрт нэг удаа хүүхдийг нь барих гэж очсон, гэхдээ мөнгө аваагүй. Хүүхэд нь эдгэрээгүй. Би хохирогч нарт Солонгос, Австрали Улсын виза гаргаж өгнө гэж худлаа хэлж мөнгө авсан нь үнэн. Надад виза гаргаж өгөх бодит бололцоо байгаагүй. Би тухайн үед мөнгө авах гэж ингэж хэлсэн. Надад ОХУ-аас вино оруулж ирэх бодитой боломж байсан боловч би хийж чадаагүй. Япон, Монгол Улсын хамтарсан төрийн бус байгууллага гэж байхгүй, энэ талаар худлаа ярьснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нараас авсан мөнгөнөөс тухайн үед хамт амьдарч байсан Н.Б-д 30.0-аад сая төгрөгийг нь зарцуулж, өөртөө 15.0 орчим сая төгрөгийг ашигласан. Мөнгийг яаж зарцуулсан талаар тооцоо баримт байхгүй. Миний хувьд ямар ч байсан хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулна, өөрийн биеэр ял хариуцлагаа хүлээнэ. Би хохирогч нарыг залилж мөнгө авсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Намайг ажлаар хангавал би ажиллаж чадна. Би ял хүлээхэд бэлэн байна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Т.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Манайх нефтийн бүтээгдэхүүний бизнес хийдэг байсан ба энэ шугамаараа би Н-тэй танилцаж, Н нь надад Б-ыг анх танилцуулсан юм. Б-ыг юм үзэж хардаг сайн хүн гэж байсан ба тухайн үед манай нөхрийн бие нь муу байсан тул Н “сайн хүнтэй танилцуулж өгье” гээд Д.Б-ыг уулзуулсан, би түүнд үзүүлж харуулаад итгэдэг байсан.
Б-ын надаас авсан мөнгөний тоо хэмжээ бүгд баримттай байгаа ба прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн он, сар, өдөр, цаг хугацаа, учирсан хохирлын хэмжээ үнэн зөв байна. 2016 оны 02 дугаар сараас 07 сарын хооронд нийт 15.900.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Бөөгийн зан үйлд хийнэ гэж миний зүүж байсан алтан гинж, ээмэг авсны үнэ 1.700.000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Нийт Б-аас 17.600.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг,
3. Хохирогч Д.Я-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би Д.Б-ыг найз Т.С-аар дамжуулж харьцсан. Миний бие Дархан Есөн ундраа гэдэг ХХК-ийн захирал ажилтай. С бид олон жил найз нөхөд байж, бизнесийн хамтын ажиллагаатай байсан. 2016 оны намар Япон Улсын элчин сайдын дэмжлэгтэйгээр, Монгол улсад цэцэрлэг сургуулийн барилга санхүүжүүлэх хөтөлбөр 2 жилийн хугацаатай хэрэгжинэ, Японы хөрөнгө оруулалттай “Сакура” ТББ-ын байгууллагын тэргүүн У байна гэж яриад, мэдээлэл авая гэсэн юм. Тэгээд утсаар харилцаад үйл ажиллагааны баталгаа болгож 2.0 сая төгрөг шилжүүл гээд дансны дугаар өгөхөд нь 2016 оны 09 сарын 13-нд 3.700.000 төгрөг шилжүүлэхэд Б гээд хувь хүний данс байсан. Дараа тэр У гэгч над руу яриад танай компани төслийн шалгаруулалтад тэнцсэн, барьцаа болгож 2.0 сая төгрөг шилжүүлээрэй гэхэд нь 2016 оны 10 сарын 06-нд 2.0 сая төгрөг шилжүүлсэн. Гэтэл У болон Б нар нэг хүн болохыг мэдэж зальдуулснаа мэдсэн. Гомдолтой байна, Б-аас 5.700.000 төгрөгөө нэхэмжилнэ. Хохиролгүй болгож өгнө үү” гэсэн мэдүүлэг,
4. Хохирогч С.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Б нь бөө тэнгэртэй хүн гэж хүний итгэлийг авсан байсан. 2016 оны 11 сард Австрали улсын виз 10.0 сая төгрөг, бичиг баримтын 250.000 төгрөг, нийт 10.250.000 төгрөг авсан. Би нөхөр болон хүүхдүүдийнхээ бүх бичиг баримтыг өгсөн байсныг арай гэж олж авсан. Би уг мөнгийг дүүгийнхээ найзаас зээлж авч өгсөн учир давхар зээл хүү төлөлт гэж их хэмжээгээр хохирсон. Б нь мөнгө нэхэхдээ зогсоо зайгүй нэхдэг байсан. Надад маш их сэтгэл санааны болоод эдийн хохирол учирсан. Манай нөхөр бид 2 хүлээгээд ирэхгүй байхаар нь Д.Б-ын аав, ээж дээр нь хүртэл очиж уулзахад тэд өөрийн хүүхдээ худалч гэдгийг хэлж байсан. Тэгээд нөхрийх нь дугаарыг нь аваад ярихад би юу ч мэдэхгүй, мөнгө аваагүй гэж байсан. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 2017 2603 0322 дугаартай хэргээс:
2. Хохирогч Т.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би Б гэж хүнийг 2015 оны 05-р сараас хойш таних болсон. Б нь бөө, удган гээд манай нөхрийн бие өвддөг байсан үед, түүнд үзүүлж харуулах зэргээр ирж очиж байгаад нилээн дотно танилцсан.
...2016 оны 02-р сард Б надтай утсаар яриад “би Орос буриадуудтай хамтарч ажилладаг юмаа, Сэлэнгэ аймгийн Номгон суманд газар авсан, тэнд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд жижиг байшингууд барина, бас Сэлэнгийн Алтанбулагт ажлын байр байрлах барилгын ажил хийнэ гэнэ, танай компани орох уу, бичиг баримтаа надруу явуулчихаа” гэж хэлэхэд нь ...би компанийхаа бичиг баримтыг канондоод Сэлэнгэ явдаг таксигаар Б-д өгч явуулсан.
Маргааш, нөгөөдөр нь Б надтай утсаар яриад “нөгөө орос буриадуудтай уулзчихлаа, танай компани тэнцсэн, та дахиад зураг хийгээд явуулаач” гэхээр нь би бас зураг хийгээд өгч явуулсан. Тэгээд 2016 оны 02-р сарын 19-ний өдөр “бичиг баримтыг нь янзалж орос хэл дээр болгоход 2,000,000 төгрөг төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь би Б-ын 5015179019 дугаартай Хаан банкны дансанд нь уг мөнгийг хийсэн. Мөн “юм хийж байсан чинь мөнгө дутчихлаа” гээд 200,000 төгрөг, дараа нь 2016 оны 03 сарын 10-ны өдөр “зураг хийлгэнэ” гэж 1,000,000 сая төгрөг, 2016 оны 03 сарын 25-ны өдөр “материалын зардалд 1,000.000 төгрөг хэрэгтэй гэхэд нь мөн данс руу нь шилжүүлсэн.
2016 оны 04 сарын 13-ны өдөр нь 2.500.000 төгрөгийг “Улаанбаатар хотод явж байна, том оврын Хово машин хүнээс худалдан авч байгаа, хилээр гаргах гэсэн чадаагүй бичиг баримтыг нь янзлах гэсэн юм, танд мөнгө байвал зээлээч, болохгүй бол машины бичиг баримтыг нь таны нэр дээр шилжүүлнэ” гээд яриад байхаар Б руу шилжүүлсэн.
Дараа нь 2016 оны 04 сарын 25-ны өдөр 130,000 төгрөг, 70,000 төгрөг, “ажилчидынхаа зургийг явуулаа 4-5 хүн Орос руу гаргаж компанитай нь уулзуулна, гаргах зөвшөөрлийг нь авах хэрэгтэй, мөнгө төгрөг хэрэгтэй” гэхэд нь мөн л ажил маань бүтчих юм боловуу гэж бодоод 2016 оны 04 сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед барилгын ажил олдохгүй, хүнд байсан учраас ямар ч байсан ажилтай болчихвол учир нь олдоно гэж бодоод мөнгө шилжүүлээд байдаг байсан.
2016 оны 05 сарын 24-ний өдөр “материалын зардал гээд 1.500.000 төгрөг хэрэгтэй байна, яаралтай явуул” гэхэд нь би өөрөө хөдөө явж байсан учир найз Р руу утсаар яриад шилжүүлээд өгчих гэж хэлээд 1.500.000 төгрөгийг Б-ын данс руу хийлгэсэн. Дансны хуулгаа харахаар 2016 оны 06 сарын 09-ний өдөр 300.000 төгрөг, 2016 оны 06 сарын 13-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 06 сарын 27-ны өдөр 100,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна. Тухай бүрдээ “мөнгөний хэрэг гарчихлаа, яаралтай явуулаатах, аль эсхүл түр өгчих маргааш, нөгөөдөр буцаагаад өгнө” гэж хэлээд л авдаг байсан. Одоо нэг бүрчлэн сайн санахгүй байна.
Дараа нь 2016 оны 07 сарын 20-ны өдөр “цэцэрлэгийн барилгын гэрээ хийх гээд байна, одоо яг бүтэх гээд байна, энэ мөнгийг одоо хийгээдэх” гэхэд нь итгээд 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2016 оны 07 сарын 22-ны өдөр бас л одоо бүтэх гээд гэрээ байгуулах гээд байна гэж нэхсээр байгаад л 2.000.000 төгрөг авсан.
Б надаас буриадуудын барилгын ажил, Япон сангийн цэцэрлэгийн барилгын ажил байна гээд олон удаа надаас, мөнгө бас хувиараа зээлээч мөнгө төгрөг хэрэг болчихлоо гэж ч зөндөө мөнгө надаас зээлсэн. Харин надад буцааж өгсөн мөнгө бол юу ч байхгүй.
Ингээд надад баримттай нь өгсөн мөнгө нь 15,900,000 төгрөг болж байна. ...Б би танд хэзээ ч худлаа хэлэхгүй гэж л хэлдэг. Бас Б нь бөөгийн зан үйл хийнэ гээд миний алтан ээмэг, гинжийг 2016 оны 3-р сард аваад “юм уншаад, ногоо зухуйх үед буцааж өгнө” гэж аваад өгөөгүй. Монгол алтаар хийлгэж байсан. Одоо бол алтан ээмэг 1 сая төгрөг, алтан гинж нь 500,000 төгрөг болох байх би бол хэдэн граммтай ээмэг бөгж байсаньг бол санахгүй байна. Миний Б руу шилжүүлсэн мөнгө баримттай нь нийтдээ 15,900,000 төгрөг шилжүүлсэн. Өөрийгөө удган бөө гэж айлгана гэж боддог юм шиг байгаа юм.
Би найз Я-тайгаа хамтарч ажилладаг бөгөөд бид хоёр нэг удаа Улаанбаатар хотод ажлаар хамт явж байхад Б утсаар яриад “өөр барилгын ажил сонирхох хүн байна уу” гэж асуухад нь хамт явж байсан Я-д хэлж байсан. Тэгээд Б-д Я-гийн утасны дугаарыг өгсөн. Удалгүй Я руу У гэж хүний нэрээр “барилгын ажил байна” гэж яриад нийтдээ 5,7 сая төгрөг авсан байсан.
Миний хохирлыг төлж барагдуулаагүй байна. Миний Б-д өгсөн алтан ээмэгийг 1.000.000 тегрөгөөр, алтан гинжийг нь 700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ гарсан. Иймд өмнөх бэлнээр шилжүүлсэн 15.900.000 төгрөг дээр 1.700.000 төгрөгийг нэмж, хохирол нийт 17.600.000 төгрөгийг Б-аас нэхэмжилнэ. Гомдолтой байна. Би хохирлоо хурдан барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 28-31х/,
3. Хохирогч Д.Я-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...2016 оны эхээр Чуулгат ХХК-ийн С найз маань надад “Японы хөрөнгө оруулалтаар барилгын ажил орж ирж магадгүй байна, нэг хүн тийм санал тавьлаа” гэж хэлсэн. С, бид хоёр олон жил хамтран ажилласан, бие биедээ тусалдаг учир тухайн үед нь би “батлагдвал, надад хэлээрэй хамтарч ажиллана шүү” гэж хэлээд л өнгөрсөн. Тэгээд С “хааяа нөгөө хүнтэйгээ ярьж байгаа, цэцэрлэг сургуулийн жижиг барилгын өргөтгөл хийх ажил байгаа гэнэ, одоохондоо хөрөнгө оруулалт нь орж ирээгүй байгаа гэж байна, одоо цөөхөн хэдэн төгрөг шилжүүлэх хэрэгтэй гэж байна” гэж ярьж байсан боловч надад нэг их хамааралгүй байсан учраас би анхаарал хандуулаагүй сонсоод л өнгөрч байсан.
Тэр үед С-гийн нөхрийн бие нь өвдөөд “унаад байна гэж байгаад Сэлэнгэ аймаг Алтанбулагт нэг хүнд үзүүлж, засал ном хийлгэж байгаа” гэж ярьж байсан тэр хүн нь одоо энэ Б байсан гэдгийг хожим мэдсэн. Тэгж байтал 2016 оны хавар ажил төрөл идэвхижээд бид нар ажил төрөл хайгаад байж байхад С-тай холбогдоод барилгын ажил олж өгнө гээд үйл ажиллагааны зардал гээд хэдэн төгрөг шилжүүлсэн хөрөнгө оруулалт нь арай орж ирээгүй байгаа гэж ярьж байсан.
Тэр үеэр С-гийн Чуулгант ХХК-ын материалтай хамт би өөрийнхөө Дархан-Есөн Ундраа ХХК-ийн танилцуулга материалыг явуулсан юм. Тэгсэн 2016 оны 09-р сард над руу дугаараас “Япон Монголын хамтарсан төрийн бус байгууллагын захирал У гэдэг хүн байна, Чуулгант ХХК, танай компанитай хамтарч барилгын ажил гүйцэтгүүлэх шийд гарч байна, 50 хүүхэдтэй цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 120 хүүхдийн сургуулийн барилгын өргөтгөл гэсэн ажил хийлгэнэ, таниас мэдээлэл авах хэрэгтэй байна С захиралтай бол бүх юмаа яриад тохирчихсон, манай төрийн бус байгууллага нь баян тэтгэвэрийн насны япончуудаас хандив цуглуулдаг, энэ нь Монголд их хэрэг болдог, олон ч төсөл хэрэгжүүлдэг” гэж ярьсан. Тэгэхээр нь би “танай байгууллагын нэрийг юу гэдэг бэ” гэхэд “Сакура” гэж хэлсэн. Тэгээд би Сакура гэдэг төрийн бус байгууллага интэрнетээс хайгаад олоогүй харин Сакура гэдэг сургалтын төсөл байсан, ...мэйл хаяг, вэб хуудас энэ тэрийг нь асуухаар хэлэхгүй байсан. Тэгтэл У “үйл ажиллагааны зардал, баталгаа болгоод 2.0 сая төгрөг шилжүүлээтэх” гэхээр нь 2016 оны 09 сарын 13-ны өдөр 3,700,000 төгрөгийг манай нөхөр Д нь Д.Б гэсэн хувь хүний 5015179019 дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн үедээ “яагаад Д.Б гэдэг хувь хүний данс руу шилжүүлж байгаа юм бэ” гэхэд Б гэдэг нь Япон нэр байгаа юм гэж хэлж байсан.
У нь надад хэлэхдээ “би 70 гаран насны хөгшин япон хүнтэй суусан, нэг хүүтэй би хүүгээ Сэлэнгэ аймаг Алтанбулагт байдаг Б гэдэг хүнд үзүүлж байгаа, надад их тусалж байсан гэж хэлдэг байсан. Тэгээд сүүлдээ С нь Б-ын барилгын ажил олж өгөх худлаа болсон, Б-аас өгсөн мөнгө төгрөгөө нэхээд цагдаад өгнө гэж ярьсан байсан. Тэгтэл У нь надруу утсаар яриад С захирал “Б-ыг дарамтлаад байна” гэж яриад “С-г болиулаад өгөөч” гэхээр нь би “Б-ыг танихгүй, С ч бас тэгж хүн айлгаж дарамтлах хүн бишээ” гэж хэлж байсан. Тэгээд С надад Б-ын барилгын ажил энэ тэр бол худлаа залилсан байна У гэдэг хүн чамаас мөнгө төгрөг явуул гэвэл дахиж нэг төгрөг ч битгий өгөөрэй гэж хэлсэн. Би өөрийн эрхгүй тэр У-д итгэсэн. Дараа нь У надруу яриад “танай компани төсөлд шалгарсан тухай японоос мэйлээ хүлээж авлаа, одоо буцаагаад юмаа факсаар явуулж байна, танайх төсөлд шалгарсан учраас барьцаа болгож 2 сая төгрөг явуулаачээ” гээд Б-ын дансыг өгсөн. Тэгэхэд нь би энэ дансанд мөнгө хиймээргүй байна өөр данс байна уу гэхэд энэ хүний дансыг бид нар ажилдаа ашиглаж байгаа, та битгий санаа зовоо би 100 хувь арыг нь даана гэж хэлэхээр нь би 2016 оны 10 сарын 06-ны өдөр дахин 2.000.000 төгрөг шилжүүлсэн юм.
С-г бас ”баталгаа болгож хэдэн төгрөг өгөөч гэж хэлээрэй” гээд надруу дахин дахин утсаар яриад байхаар нь би С-д хэлэхэд “худлаа наадах чинь худлаа ярьж байгаа юм” гээд “намайг яах гэж мөнгө шилжүүлсэн юм бэ” гэж загнасан. Дараа нь С, бид хоёр уулзаад би С-гийн хажууд У руу залгаад ярьсан чинь С нь У-ын хоолойг нь сонсоод наадах чинь Б байна ш дээ гээд бид хоёр “У, Б хоёр нэг хүн байна” гэдгийг мэдсэн. Б-д өгсөн 5,7 сая төгрөгөө нэхэмжилнэ. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 33-34х/,
4. Гэрч Х.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Манай эхнэр Я нь “Дархан-Есөн Ундраа” ХХК-ийн захирлаар ажилладаг юм. Манай эхнэр Я-тай С гэж бас барилгын компанитай олон жил хамтарч ажиллаж байгаа юм. Тэгсэн С нь “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байдаг нэг эмэгтэйтэй танилцсан, барилгын ажил олж өгнө гэж байна, Японы өндөр настнуудын хуримтлалын мөнгөөр Монголд цэцэрлэг, сургуулийн барилга санхүүжүүлж барьдаг” гэсэн мэдээлэл өгсөн байсан. Тэгсэн 2016 оны 08-р сард буюу намраас “Японы хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллагын захирал У гэж эмэгтэй байна, танай компани бичиг материалаа явуул” гэж яриад хэлсэнийх нь дагуу бичиг баримт материалаа явуулсан.
Тэгсэн барьцаа болгож 3.700.000 төгрөг шилжүүл гээд Хаан банкны 5015179019 гэсэн дансны дугаар өгсөн. Тэгээд би банк орж мөнгө шилжүүлэх гээд очсон чинь энэ данс нь Б гэсэн хувь хүний данс байхаар нь би гайхаад У гэж яриад байдаг утасруу залгаад “энэ чинь байгууллагын данс биш, хувь хүний данс байна ш дээ” гэж хэлэхэд “санаа зоволтгүй наад дансандаа мөнгөө хий” гэхээр нь 2016 оны 09 сарын 13 ны өдөр 3.700.000 төгрөгөө шилжүүлсэн.
Нэг удаа Я бид 2 Улаанбаатар хотод очоод У-тай утсаар яриад, “нүүр нүүрээ харж уулзъя” гэхэр тэр У “Төв аймагт төслийн хүмүүс ирэх гээд ажил ихтэй байна” гэж хэлээд уулзаагүй. Мөн удаагүй “танай компаний бичиг баримтыг чинь Япон руу явуулсан танай компани шалгарсан, би мэйлээр хариугаа аваад ажил дээрээ байна, үйл ажиллагааны зардал барьцаа гээд 2.0 сая төгрөг шилжүүл” гэхэд нь бид нар хэлсэнийх нь дагуу 2016 оны 10 сарын 06-ны өдөр нөгөө Д.Б гэсэн дансруу 2.0 сая төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш уулзана, очино гээд огт уулзаагүй, бүр нэг удаа “Японы төслийн хүмүүсийг Улаанбаатар хотоос аваад очиж байна, Дарханаар дайраад Сэлэнгэ явна, хар кофе аваад байж бай” гэхээр нь Я бид хоёр дэлгүүрээр хайж, хайж Номингоос хамгийн чанартай гэсэн хар кофе аваад, өдөржингөө ажил дээрээ юм аа бэлдээд, хүлээгээд байсан чинь нөгөө У чинь “замаараа ажил төрөл үзээд явж байна” гэснээ орой болсон чинь “ирж чадахгүй болчихлоо, буцаад Улаанбаатар хотруу явуулчихлаа” гэсэн. Тэгээд бид нар гайхаад Япон болон гадаадын хүмүүс ажил хэргийг яг товлосон цагтаа явуулдаг, хэзээ ч тэгж ирж байна гээд больдоггүй, тийм хүмүүс байдаг, бид нар өмнө нь ганц хоёр удаа япон, солонгосын компанитай хамтарч ажиллаж байсан учраас мэдэх тул “ер нь худлаа яриад байна” гэж бодоод сэжиглээд С-д хэлээд, уулзаж байгаад Сэлэнгэ Алтанбулагт байдаг Б гэдэг хүүхэнтэй утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад ярьсан чинь нөгөө У яг мөн байсан. Тэгж бид нар У, Б хоёр нэг хүн байна гэж мэдсэн. Миний ойлгосноор Я-тай У гэж яриад, С-тай бол Б гэж эмэгтэй яриад байсан байна лээ. Тэгээд бид нар худлаа ярьж залилж байгааг нь мэдээд С Цагдаагийн байгууллагад өргөдөд бичиж өгсөн.
У гэсэн дугаараас ярьдаг байсан. Би Д.Б-ын Хаан банкны 5015179019 дансруу 2016 оны 09 сарын 13-ны өдөр 3.700.000 төгрөг, дараа нь би билүү Я 2.0 сая төгрөг шилжүүлсэн. Нийт 5.7 сая төгрөг шилжүүлсэн. Банкны шилжүүлсэн баримт нь байгаа. Я бид хоёр У болон Б-тай огт уулзаж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 36х/,
5. Гэрч Ч.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Д.Б гэж хүнийг танихгүй. Зүс бол харсан, С-тай хамт явж байгаад нэг удаа харж байсан. Өөр холбоо харилцаа байхгүй. С бид хоёр найзууд, олон жил хамтарч ажилласан юм. 2016 оны хавар сар, өдрийг нь санахгүй байна. С надтай уулзаад “Сэлэнгэ аймаг Номгон сум, Алтанбулагт Буриадуудтай хамтарч барилга барих ажил байна, надад зураг төслийг нь хийж өгөөч” гэхээр нь би зураг төслийг нь хийж өгсөн. Тэгсэн нэг өдөр С надруу утсаар яриад “өөрөө хөдөө яваад боломж байдаггүй, нөгөө барилгын ажлын урьдчилгаа явуулах хэрэгтэй байна, мөнгө байвал шилжүүлчих” гэхээр нь би Хаан банкны 5015179019 дугаарын дансруу 2016 оны 05 сарын 24-ний өдөр 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Мөн бас л мөнгө байвал шилжүүлээч гэхээр нь тэр Д.Б гэсэн дансруу 2016.03.10-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь бас 2016.04.25-ны өдөр 130,000 төгрөг шилжүүлсэн.
Ингээд би С-гийн хэлсэнээр Д.Б-ын Хаан банкны 501579019 дугаарын дансруу 2.630.000 төгрөг шилжүүлж өгсөн. Энэ 2.630.000 төгрөгийг С надад тухайн үед буцаагаад өгчихсөн, одоо өглөг авлага байхгүй. С бид хоёр олон жил хамтарч ажиллаа, мөнгө төгрөг өгч аваад сурчихсан учир би тухайн үедээ “юун мөнгө яах гэж байгаа юм” гэж асуугаад байдаггүй.
...Дараа нь би 2016 оны 09-р сард С-гаас “нөгөө барилгын ажил төсөл чинь юу болсон бэ” гэж асуухад “тэр ажил бүтэхгүй байгаа худлаа болсон юм шиг байна” гэж хэлж байсан. Банкаар шилжүүлсэн баримт нь С-д байгаа. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 40х/,
6. Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтэд:
“...иргэн Т.С-гийн эзэмшлийн алтан ээмэг /10гр/ 1 хос, эмэгтэй хүний алтан өргөн гинж /7гр/ 1 ш зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны байдлаар 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 44-45х/,
7. Шүүгдэгч Д.Б-ын Хаан банк дахь 5015179019 тоот дансны дэлгэрэнгүй хуулга баримт /хэргийн 1-р хавтас 72-81х/, 143х, 2-р хавтас 162-165/,
8. Хохирогч О.З-той мессежээр харилцаж байсан талаарх хуулбарууд /хэргийн 1-р хавтас 120-123х/,
9. Хохирогч О.З-гийн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 1-р хавтас 119х/,
10. Хохирогч О.З-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би Б гэх энэ эмэгтэйтэй 2016 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотын “Вabу” нэртэй хүүхдийн сувилалд хүүхдээ авч хэвтэн сувилуулж байгаад танилцаж байсан юм. Б нь тухайн үед мөн л хүүхдээ сувилуулж байсан бөгөөд Алтанбулаг сумын төвд амьдардаг гэж байсан. Өөрийгөө У гэдэг гээд “бөө удган” гэж танилцуулж байсан юм.
Тэрнээс хойш хааяа чатаар харилцаж байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны үед фэйсбүүкээр чатлаж байгаад надад хандаж, “би чамд тусламаар байна, адилхан хүүхэдтэй хүмүүс, би дарсны бизнес хийдэг юм, ОХУ-аас вино дараад БНХАУ-руу гаргаж зардаг, би өөрөө Монгол талын захирал байгаа юм, чи надад бага хэмжээгээр хөрөнгө оруулаад ашгаас нь хүртэх үү гээд 14 хоногийн дотор ашгаа авна, адилхан хүүхэдтэй, адилхан зовлонтой хүмүүс гээд л хэлж байна” гээд байхаар нь итгээд Б-ын ХААН банкны 5015179019 дугаарын дансанд 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 500.000 төгрөг, 13-ны өдөр 500.000 төгрөг, 14-ний өдөр 1 сая төгрөг, нийтдээ 2.0 сая төгрөг шилжүүлсэн.
Тэгээд Б “15 хоногийн дараа мөнгө орж ирэхээр ашгийг чинь өгнө, 2 сая төгрөгийг 4 сая төгрөг болгож өгнө” гээд байсан. Тэгээд байж байтал 11 сарын 15-ны өдөр Б надруу яриад “3.500.000 төгрөг хэрэгтэй байна, виногоо хилээр гаргах гэсэн чинь татвар өсчихсөн байна, вино ачсан машинуудаа хил яаралтай гаргах хэрэгтэй байна, чи яаж ийж байгаад 3.500.000 төгрөг олоод өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би “мөнгө байхгүй” гэхэд яаж ийж байгаад олоодохоо, машин тэргээ барьцаанд тавьчих, би найдвартай, санаа зоволтгүй ээ, энэ мөнгө чинь бас өсөөд орноо” гээд байхаар нь итгээд найзаасаа 3.000.000 төгрөг олоод Б руу яриад “3.0 сая төгрөг оллоо” гэхэд “зүгээрээ 5.000.000 төгрөгийг нь би өөрөөсөө төлчихье” гэхээр нь би Б-ын ХААН банкны 5015179019 дугаарын дансанд 16-ны өдөр 3 хувааж хийсэн юм. Тэгээд л ойр ойрхон яриад, чатлаад “яаж байна юу болж байна” гэхэд “удахгүй, одоохон” гэдэг байсан.
Нэг ярихад “БНХАУ-д түншүүдтэйгээ явж байна” гэсэн. Дараа нь ярихад “хүргэн ах нас барчихлаа” гэж байсан. Дараа нь бас ярихад бас л “хүүхэд сэхээнд ороод, сахиж байна” гэж ярьсаар байгаад өдийг хүрсэн. Нэг удаа бүүр “мөнгийг чинь шилжүүлчихлээ” гэхээр шалгаад үзтэл байхгүй байхаар нь эргээд ярихад “Оросоос шилжүүлгэ хийсэн, олон улсын гүйлгээ 3 хоног болдог юм” гэсэн. Тэрийг нь хүлээгээд мөнгө орж ирэхгүй байхаар нь дахиад холбогдтол “буруу дансруу андуураад шилжүүлчихсэн байна” гэх зэргээр цаг хожоод л байлгаад байсан тул Цагдаад хандсан юм. Бид гэрээ хэлцэл хийсэн юм байхгүй. Чатаар ярилцаж байгаад л өгчихсөн юм. Гомдолтой байна. ...Б надаас “өндөр ашигтай виноны бизнест оруулж өгнө, ашгаа хурдан өгдөг” гэж хэлж нийт 5.0 сая төгрөг авсан. Миний хувьд хохирлоо барагдуулж авмаар байна. Энэ хүн ингээд хүний хохирол барагдуулж өгөхгүй яваад байгаад гомдолтой байна. Миний ярьсан бүхэн үнэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 132-133х/,
11. Хохирогч С.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Миний танил эмэгтэй Т надад “Австрали улсын виз гаргаж өгч чадах нэг эмэгтэй хүн байгаа” гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 11-р сарын 20-ны орой Т-тай утсаар ярих үедээ Австрали улсын визны асуудлыг асуухад надад Б гэх хүний утсыг өгсөн.
Би Т-аас утсыг нь аваад шууд Б-тай утсаар ярихад Б надад “одоо Австрали улсын виз гаргаж өгөх гэж байгаа хүн байгаа юм, уг виз гаргаж өгөх хүн нь манай гэр бүлд урилга ирүүлэх гэж байсан, би өөрөө бөө мөргөлтэй учир гэр бүлээрээ явж болохгүй байна, мөн урилга явуулах гэж байгаа хүн нь УИХ-ын гишүүн, түүний эхнэр нь Бээжинд Гадаад явдлын яаманд ажилдаг, тэр хоёр хүний дүү нар нь Австрали улсад амьдардаг, Австрали хүнтэй суусан хүмүүс байгаа юм, урилга нь тус улсад барилга болон ресторанд ажиллах урилга, найдвартай ямар нэгэн асуудал байхгүй” гэх зэргээр ярьсан. Мөн Б нь “УИХ-ийн гишүүний 5 настай саажилттай хүүхдийг нь эмчилж өгсөн учир надад тус болж байгаа юм, та санаа зоволтгүй Австрали улсад очихоор байр болон бусад зүйл дээр чинь тус болж өгнө, явна гэвэл маш хурдан 10.000.000 төгрөг шилжүүлээд, нэрээ өгөх хэрэгтэй байна, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг нь виз гарсан үед өгөөрэй” гэж хэлсэн учир 2016 оны 11-р сарын 22-ны өдөр ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн танхимийн Хаан банкны салбараас 5015179010 данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш удаа дараа визны асуудлыг асуухад “2016 оны 12-р сард багтаж гарна” гэж хэлсээр байгаад 12 сарыг үзсэн. 2017 оны 01-р сарын 05-ны өдөр Б надтай утсаар яриад, “хүүхдийн бичиг баримтын жаахан асуудал байна, 250.000 төгрөг шилжүүлчих” гэхээр 250.000 төгрөг мобайл банкаар 5015179019 дугаарын дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш Австрали улсын виз гаргаж өгнө гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүрч байна.
Би анх Англи хэлний курст явж байх үедээ Т-тай танилцаж байсан. 2016 оны 12-р сарын эхээр Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах Хангуг ресторанд Б-тай визны асуудал ярилцах гэж уулзсан. ХУД-ийн 2-р хороо, 19-ийн үйлчилгээний төвийн урд байрлах нотариат орж, манай гэр бүлийн хүмүүсийг Австрали улсад ажиллах виз гаргаж өгнө гэсэн гэрээ Б-тай байгуулсан.
Би Б-ын аав, ээжтэй уулзсан. Би өөрийн танил Т-ийн хамт Б-ын аав Д гэх хүнтэй уулзахад “та 2 яасан гэнэн хүмүүс вэ, Б-ын хэлсэн үг болгон худал хэлж байдаг юм, та 2 яах гэж мөнгө өгсөн юм бэ, цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй” гэсэн. ...Т-ын хүүхдийг эмчилж өгнө гэж хэлээд мөнгө өгсөн гэж надад хэлж байсан. Т, Б гэх хүнд мөнгө яг хэдэн төгрөг өгсөн талаар өгсөн талаар би сайн мэдэхгүй байна. ...Б манай нөхрийг виз чинь гарсан ажлаасаа гарч болно гэсэн учир манай нөхөр ажлаасаа хүртэл гарч орлогын их үүсвэрээ алдсан, нөхөр маань сарын 5.000.000 төгрөгийн цалинтай байсан. Мөн эдийн засгаар хохирсон. Одоо байрны лизингийн мөнгийг өгч чадахгүй байраа хураалгах дээрээ тулж байраа түрээслэн өөрөө айлын хажуу өрөөнд амьдарч байгаа учир маш гомдолтой байна. 10.250.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 121-123х, хэргийн 2-р хавтас 201-202х/,
11. Хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Миний хүү Ц нь Өсвөрийн зохион бүтээгчдийн лабортори ахлах сургуулийн 9б ангид сурдаг бөгөөд Ц-ийн ангийн найз Т гэх хүүхдийн ээж Б гэдэг хүн нь юм үзэж харж, хүн эмчилдэг гэхээр нь Т-өөр дамжуулан 2016 оны 10-р сарын эхээр Б гэх хүнтэй танилцсан. Тэгээд Б нь өөрийгөө Бөө тэнгэр шүтээнтэй, бариач хүн гэж надад хэлсэн. Би Б-д “өөрийнхөө саажилтай хүү Э-ыг эмчлүүлэх хүсэлтэй байна” гэж хэлэхэд Б хүүг маань үзээд “100 хувь эдгээж чадна” гэж надад хэлсэн.
Тэгээд Б нь манай гэрт хоёр удаа ирж хүүхдийг маань харж байж байгаад, “гэртээ харьж зан үйлээ хийнэ” гэж хэлээд 1.0 сая төгрөг авсан. Нэг сая төгрөгийг 500.000 мянгаар хоёр удаа салгаж Б-д өгсөн. Дараа нь Б нь “виноны бизнест хөрөнгө оруулт хийж өгөх юм бол 1.000.000 төгрөгийг 3.000.000 төгрөг, 1.500.000 төгрөгийг 3.500.000 төгрөг болгож 1 сарын дотор өгдөг” гэж надаас 2.500.000 төгрөг, мөн би өөрийн болон нөхрийн ээмэг, бөгж, төгөлдөр хуур зэргийг 19 дүгээр үйлчилгээний төвд дотор байрлах “Ёсөн даваа” нэртэй ломбарданд 2.500.000 төгрөгөнд тавиад Б гэх хүнд өгсөн. Б-ын Хаан банкны 5015179019 тоот дансанд шилжүүлэн өгсөн.
Түүний дараа 12 сард Б намайг мөн хуурч “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж 600.000 төгрөг залилаж авсан. Мөн “виноны бизнес жаахан хүлээгдээд байна, дахин хөрөнгө оруулалт хийж өгөөч гэхэд нь 2016 оны 12-р сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөг өгсөн. 2.000.000 төгрөгийг Б-ын 5015179019 тоот дансанд 1.000.000 төгрөгийг миний хуурай дүү У шилжүүлсэн, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг нь Б гэрээс ирээд бэлнээр аваад явсан. Б нь надаас нийт хүүхдийн эмчилгээний мөнгө гэх 1.000.000 төгрөгийг хасаад 5.100.000 төгрөг залилаж авсан учраас Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Надад ломбард, Хаан банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө шилжүүлэх үеийн баримт. Хаан банкнаас мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нийт 4.100.000 төгрөгийн баримт байгаа. Би 5.100.000 төгрөгөө олж авах хүсэлттэй байна. Маш их гомдолтой байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.
Би А, Т хоёрыг таньдаг. А-ын эхнэр Т-тай найзууд юм. Т-тай 2016 оны 10 дугаар сард Англи хэлний сургалтанд явж байх үедээ танилцаж найзалсан. Надад Б нь хүү Т-ийн сурдаг сургуулийн захирлын хүүхдийг нь Австрали улс руу явуулж өгсөн. Мөн Б “өөрийн нөхрийн эмэгтэй дүүг Өсвөрийн зохион бүтээгчдийн лобартори ахлах сургуульд нарийн бичгээр оруулж өгч, дараа нь гэр бүлээр нь Австрали улс руу явуулж өгсөн” гэж хэлэхээр нь Т найздаа сонирхуулж хэлсэн.
Надад ямар нэгэн нэр хэлээгүй, харин нөхөрийнхөө дүүг онгод тэнгэртэй бөө хүүхэд байдаг гэж хэлсэн. Б нь УИХ-ын гишүүний тархины саажилтай хүүхдийг эмчилж хөл дээр нь явдаг болгож өгсөн. Мөн Улаан-Үүдийн бөө нартай хамтарч буриад хүмүүсийг барьж эмчилдэг гэж надад хэлсэн. Би Б-ыг Австрила улсын виз гаргаж өгнө гэж 100 хувь бодоогүй зүгээр гаргадаг хүн юм байна гэж бодоод Т найздаа сонирхуулж хэлсэн.
Би Т-д “яг виз гаргаж өгдөг хүн” гэж танилцуулаагүй, Б-ын ярьсан зүйлийг Т найздаа хэлсэн. Надад Т нь Австрила улсын виз гаргаж өгдөг хүн байвал хэлээрэй гэж хэлээгүй, зүгээр гадагшаа явмаар байна. Судалж үзэхэд “Австрали явахад зүгээр юм байна” гэж хэлж байсан. Би Б-ыг Т, А хоёроос 10.000.000 төгрөг залилан мэхэлж авах гэж байсныг мэдээгүй. Би Б-д 5.000.000 төгрөг өгсөн. Би өөрийн хүү Э-ыг эмчлүүлэх гэж 1.000.000 төгрөг, виноны бизнест хөрөнгө оруулалт хийгээч гэхээр нь 2.500.000 төгрөг, Солонгос улсын виз гаргуулна гэж 600.000 төгрөг. Дараа нь виноны ажилд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 2.000.000 төгрөг өгсөн. Намайг гэрт зүгээр суухаар мөнгө олох хэрэгтэй гэж хэлсэн. Чамайг бодож чамд тусалмаар байна. Би Оросын холбооны улсын нэг компанитай хамтарч Хятад улс руу вино зөөдөг юм. Дээрх виноны бизнест 1.500.000 төгрөг өгвөл 1 сарын дараа 3.500.000 төгрөг болгож өгдөг 1 сая төгрөг өгвөл 1 сарын дараа 3 сая төгрөг болгож өгдөг гэж надад итгүүлсэн болохоор Би эхлээд 500.000 төгрөг, дараа нь дахиж 500.000 төгрөг засал хийж өгсөнд баярлалаа гэж хэлээд өгсөн. Надад Б нь засал хийж өгсний хөлс гэж нэг алтан юмбүү гэж хэлсэн ба нэг алтан Юмбүү нь 1 сая төгрөгтэй тэнцдэг гэхээр 2 тасдаж 1 сая төгрөг өгсөн. Дээрх 1.000.000 төгрөгийг би нэхэмжлээгүй, харин дараа нь худал хэлж 5.0 сая төгрөг авсанд гомдолтой байна. Би дүү У-тай нийлж 2.000.000 төгрөг гаргаж Б-д өгсөн юм. Манай дүү У 1 сая төгрөг гаргаж өгсөн. У нь миний хуурай дүү. ...Нэг удаа Б манай саажилттай хүүхдийг үзнэ гээд манай гэрт ирчихсэн байхад нь У ирж таараад өөрийгөө үзүүлье гэсэн. Хэзээ байсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед Б нь виноны бизнес жаахан удааширчихсан байна дахиад 1.400.000 төгрөг нэмээд хийчих гэж байсан юм. Тэр үед У манай гэрт байж таараад мөнгө өгөхөөр болоод 1.000.000 төгрөг өгсөн. Би Б гэх хүнд маш их гомдолтой байна. ... Би ломбарданд нөхрийнхөө бөгжийг, өөрийнхөө бөгжний хамт тавьж 2.900.000 төгрөгийг авч өгсөн болохоор 240.000 төгрөгийн хүүг “Есөн даваа” ломбарданд төлж байгаа юм. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах хүртлээ би 600.000 төгрөгний хүү төлсөн юм. Тэр хүүгээ нэмж мэдүүлэгтээ 5.100.000 төгрөг нэхэмжилж байгаа тухайгаа хэлсэн юм. Д.Бад яг хүлээлгэж өгсөн мөнгө 4.500.000 төгрөг юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 125-126х, 128-129х, 203-205х, 238-239х/, /,
12. Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Д.Б-ыг танина. Манай эхнэр Т надад “Б гэх нэртэй маш сайн юм үзэж харж, эмчилдэг хүн байна, УИХ-ын гишүүний хүүхдийг эмчилж өгсөн учраас УИХ-ын гишүүн Австрали улсын виз гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгээд “хоёулаа виз гаргуулах уу “гэж надаас асууж бид хоёр Б гэх хүнээр виз гаргуулах гэж таньдаг болж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Худалдаа Аж үйлдвэрийн танхимын тэнд байрлах Хаан банкнаас эхлээд 10.0 сая төгрөг шилжүүлсэн.
Би Б-тай 2017 оны 12 дугаар сарын эхээр нэг удаа уулзсан. Б надад тодорхой зүйл хэлээгүй, “одоо удахгүй Бээжин явж УИХ-ын гишүүний хүүхдийн эмчилгээг хийж өгөх гэж байгаа, ирэх үедээ визны ямар ангиллаар явуулах гэж байгаа, ямар ажил дээр очих гэж байгаа талаар мэдээд зургийг нь дараад ирнэ” гэж хэлсэн. Манай эхнэр Т надад “Быг УИХ-ын гишүүний хүүхдийг эмчилсэн, тэр гишүүнийх нь эхнэр У нь Бээжинд байрлах Австрали улсын элчин сайдын яаманд ажилладаг, өмнө 2 хүнийг Австрали руу явуулсан” гэж хэлж байсан. Тэгээд дээрхи нөхцөл байдалд нь тулгуурлан итгэж виз гаргуулах гэж 10.000.000 төгрөг өгсөн. Мөн Б нь “виз гаргахад хүүхдийн бичиг баримтанд асуудал гараад байна 250.000 төгрөг өгөх хэрэгтэй” гэхээр нь мобайл банкаар Б-ын данс руу 250.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Одоо 10.000.000 төгрөгөө олж авах хүсэлттэй байна. Т гэх хүнийг мэднэ, манай эхнэр танилцуулж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 131-132х/,
13. Д.Б-ын Хаан банкны 5015179019 тоот данс руу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч С.Т-ын нөхөр Д.А-аас 10.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 2-р хавтас 159х/,
14. Н.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
“...Б-тай 2010 оноос эхлэн хамтран амьдрах болсон. А, Т, Т гэх хүмүүсийг би сайн танихгүй, нэг нүдний шилтэй саажилттай хүүхэдтэй эмэгтэй Б дээр нэг удаа очиж Б үйл хийсэн юм. Тэр эмэгтэйн нэрийг мэдэхгүй байна. Б-тай хамт нүдний шилтэй саажилтай хүүхэдтэй эмэгтэйн гэрт очиж үйл хийлгэх үед мөнгө төгрөг өгч, авч байхыг би хараагүй. Б нь А, Т гэх хоёр хүнээс “Австрали улсын виз гаргаж өгнө” гэж 10.000.000 төгрөг авсан талаар мэдээгүй байж байгаад 1 дүгээр сарын сүүл үеэр хадам аав Д нь утсаар яриад “ Баас 10.000.000 төгрөг авах ёстой гэж хоёр хүн ирээд байна” гэж хэлэхэд нь мэдсэн.
Тэгээд Б-аас 10.000.000 төгрөгний талаар асуухад “би хүнээс 10.000.000 төгрөг виз гаргаж өгнө” гэж хэлээд авсан гэж надад хэлсэн нарийн асуудлыг нь би сайн мэдэхгүй байна. Хамтран амьдрагч Б нь Оросын холбооны улсын нэг компанитай хамтарч виноны бизнес эрхэлдэг талаар би сайн мэдэхгүй байна. Б-ыг Т гэдэг хүнээс нийт 5.000.000 төгрөг авсныг мөн мэдэхгүй. Миний хамтран амьдрагч Б нь тэнгэр шүтээнээ буулгаад үйл хийж, хүний заяа төөрөг, бие, эрүүл мэндийг нь үздэг. Б-ыг залилан мэхлэх гэмт хэргийн улмаас шүүхээс ял авч байсныг би мэдэхгүй. Би Б-ыг виз гаргаж өгдөг талаар мэдэхгүй. Би А гэх хүнтэй утсаар ярьж “Б-ын авсан 10.000.000 төгрөгийн хохирлыг боломжоороо олж өгч барагдуулна” гэж хэлж байсан. Өмнө манай дүү М-г Өсврийн зохион бүтээгчдийн сургуульд нарийн бичгийн даргаар ажилд оруулж өгч байсан, одоо манай дүү Бээжинд сургуульд сурч байгаа.
Б нь А-аас авсан 10.000.000 төгрөгөөр юу хийсэн талаараа надад ямар нэгэн зүйл хэлж яриагүй ээ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 170-171х/,
15. Б.Т-аас Д.Б-ын Хаан банкны 5015179019 тоот дансанд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг шилжүүлсэн талаархи Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 2-р хавтас 172х/,
16. С.Т-аас Д.Б-д 10.0 сая төгрөг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай 2016 оны 11 сарын 24-ний өдрийн хэлцэл баримт /хэргийн 2-р хавтас 176-178х/,
17. Шүүгдэгч Д.Б нь хохирогч С.Т, түүний нөхөр Д.А нартай утасны мессежээр /У У хаяг/ харилцаж байсан баримтууд /хэргийн 2-р хавтас 180-193х/,
18. Хохирогч Ө.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би Т гэж хүнтэй хуурай эгч дүүсийн харилцаатай, бараг найзууд байгаа юм. Би Т эгчийн гэрээр нь орж гардаг. Т эгчийн 4 настай хүүхэд Э нь саажилт өвчтэй юм. 2016 оны 12 дугаар сарын эхээр нэг удаа Т эгчийн гэрээр нь орсон чинь гэрт нь Б гээд нэг бөө эмэгтэй ирчихсэн байсан. Тэгэхээр нь би тухайн үед тогоочийн тэмцээнд орох гэж байсан болохоор тэмцээнийхээ талаар Б гэж бөөгөөр үзүүлсэн ба мөнгө өгөөгүй, намайг үнэ төлбөргүй үзэж өгсөн юм. Т эгч өмнө нь “Б гэж хүнтэй танилцсан, ОХУ-аас вино, архи оруулж ирээд Хятад улс руу гаргаж зардаг бизнес хийдэг хүн байна лээ, хөрөнгө мөнгө оруулахад хоёр дахин нугалж авдаг” гэж ярьж байсан. Тэгээд би тухайн өдөр Б гэх хүнтэй Т эгчийн гэрт нь таарч, Б нь бизнесийнхээ талаар “их ашигтай бизнес байгаа юм алдах юм байхгүй, өгсөн мөнгөө хоёр дахин нугалж авдаг, одоо маш хурдан мөнгөө оруулчихвал 7 хоногийн дараа мөнгөө эргүүлээд нугалаад авчихна” гэж яриад “та хоёр нийлээд 2.500.000 төгрөг хийчих” гэж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа Б нь над руу мессеж бичээд, “одоохон мөнгөө хий, бүтэх гээд байна” гэхээр нь би өөрт байсан 1.000.000 төгрөгийг Б-ын 5015179019 тоот дансанд Нарны хорооллын Хаан банкны салбар дээр очиж шилжүүлсэн. Тэрнээс хойш утсаа авахгүй, болоод таг болчихсон. Арай гэж нэг удаа Б-тай холбогдоход намайг танихгүй царайлж яриад байсан. Тэгэхээр нь би залилуулсан байна гэдгээ мэдсэн. Б нь надаас мөнгө аваагүй гэж хэлээд байгаа юм.
Т эгч намайг уг виноны бизнес ашигтай, мөнгө оруул гэх зэргээр ятгасан зүйл байхгүй. Би өөрөө бөө хүн гэхээр нь итгээд, хүнийг хуурахгүй байлгүйдээ гэж бодоод мөнгөө өгсөн. Би Б-д өгсөн 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Тэр виноны бизнес энэ тэр нь бүгд худлаа зүйл байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 200х/,
19. Хохирогч Ө.У-аас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч Д.Б-ын Хаан банкны 5015179019 тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын мэдүүлэг баримт /хэргийн 2-р хавтас 174х/,
20. Гэрч О.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...С.Т, Д.Б нарыг танихгүй. Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 10-01 тоотод нотариатчийн үйл ажиллагаагаа эрхэлдэг юм. 2016 оны 11-р сарын 24-ний өдөр С.Т, Д.Б гэж хүмүүс ирээд С.Т нь Д.Б-ын Хаан банкны 5015179019 тоот данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн байсан тул “баримт болгох үүднээс та нарыг хэлцлийг батлаж өгье” гээд Мөнгө хүлээлцсэн хэлцлийг нотариатаар баталгаажуулж өгсөн. Тухайн үед Т, Б нар нь аль хэдийн тохиролцсон гэдгээ хэлж байсан. Д.Б нь Т-д “Австрали улсын виз гаргаж өгнө, хэрэв визыг гаргаагүй тохиолдолд мөнгийг буцаан олгох тухай хэлцэл” байсан. Ингээд албан ёсоор бүртгэж, тамга тэдгээр баталгаажуулсан юм. Мөн бүртгэлийн дэвтэр дээр бүртгэж авсан. Энэ тухай баримтыг 3 хуудас материалыг хэрэгт гаргаж өгч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 224х/,
21. Гэрч О.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хохирогч С.Т, шүүгдэгч Д.Б нарын Мөнгө хүлээлцсэн хэлцлийн талаарх баримтууд /хэргийн 2-р хавтас 232-235х/,
22. Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
“...Би С эгчийг 2015 оноос хойш танидаг болоод байнгын утсаар холбоотой, хааяа уулздаг байсан. 2016 оны 02-р сард би С-д “буриадуудтай хамтарч хийх барилгын ажил байна, та орох уу барилгын ажил олж өгье” гээд 2.0 сая төгрөг өөрийнхөө дансаар шилжүүлж авсан. Мөн 3-р сарын эхээр над руу 200.000 төгрөг шижлүүлээд, “зан үйл хийлгэнэ, идээ будаа аваарай” гэж хувиасаа өгсөн. 2016 оны 03-р сард С эгч барилгын материалын мөнгө гэж 1.0 сая төгрөг миний данс руу шилжүүлсэн. Мөн би үйл хийж өгсөн чинь нэг ах эвдэрсэн том Хово машинаа засаад ав гэж хэлэхэд нь ... би тэрийг нь С эгчид “2,5 сая төгрөгөөр зарна” гэж хэлээд мөнгийг нь аваад машиныг нь өгөөгүй. Тэр машиныг нь задалж сэлбэг болгож зараад дууссан.
Би С эгчээс бага, багаар барилгын ажлын мөнгө байна уу гэж 1.0 сая төгрөгөөр, 1.500.000 төгрөгөөр мөнгө авч байсан. Японы төслийн ажил авч өгнө гэж 2016 оны 07 дугаар сард 4.0 сая төгрөг, 2.0 сая төгрөг тус тус авсан. ... 2016 оны 05 сарын 24-ний өдөр С-гийн найз Р-гаас Оросоос бараа оруулж ирэх гэж байна 1.5 сая төгрөг, 2016 оны 06 сарын 09-ний өдөр 300.000 төгрөг авсан юу гэж хэлж авснаа санахгүй байна. 2016 оны 06 сарын 13, 2016 оны 06 сарын 27-ны өдрүүдэд Оросын хил дээр байна мөнгө байвал зээлээч гэж 100.000 төгрөг, нийт 200.000 төгрөг авч байсан.
2016 оны 07 сарын 20-ны өдөр барилгын материал арматур гэж 4.000.000 төгрөг авсан. Мөнгийг дандаа дансаар шилжүүлж авдаг байсан. Ингээд нийтдээ С-гаас баримттай 15.900.000 төгрөгийг барилгын ажил олж өгнө, бараа материал авна гэж хэлж авсан. Бэлнээр бол мөнгө авч байгаагүй.
С эгч “манай найз Я-д ажил олж өгөөрэй” гэж хэлж байсан. Японы барилга барих төсөл байна, ажил хийх үү гэж С эгчид хэлж байсан чинь С эгч “би найзыгаа оруулъя” гээд ... над руу “Дархан-Ундраа” ХХК гэсэн барилгын компаниас барьцаа хөрөнгө гэж эхлээд 3.700.000 төгрөг, ... дараа нь 2016 оны 10-р сарын сүүлээр 2.0 сая төгрөгийг “тусламжийн хүүхдийн сургуулийн барилгын ажилд хэрэглэнэ” гэж өөрийнхөө дансаар авсан. Ингээд нийтдээ Я-гаас би 5.700.000 төгрөг авсан.
...У гэж хүн бол байхгүй, би У гэж хүний нэрээр Я-тай утсаар ярьж байсан ... гэсэн дугаар нь миний утасны дугаар байгаа юм. ... С, Я нараас 21.600.000 төгрөг авсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө барагдуулна.
...Мөн 2016 оны 05-р сард Ваbу хүүхдийн сувилалын газарт хэвтэж байхдаа З-той танилцаж, түүнээс хойш байнгын харилцаатай байж байгаад 2016 оны 11-р сард З-д “өндөр ашигтай виноны бизнес байна оруулж өгье” гэж хэлээд 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 500.000 төгрөг, 2016 оны 11 сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, дараа нь дахиад “мөнгө дутчихлаа, яаралтай мөнгө шилжүүлээтэхээч” гэж 2016 оны 11 сарын 14-ний өдөр 1.0 сая төгрөг, 2016 оны 11 сарын 16-ны өдөр 3.0 сая төгрөг, нийтдээ 5.0 сая төгрөг З-гоос авсан байгаа. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад, З-д “ашигтай виноны бизнес” гэж худлаа хэлж 5.0 сая төгрөг авсан нь үнэн.
...С, Я, З нараас нийт 26.600.000 төгрөг дансаар худлаа хэлж, хуурч залилж авсан нь үнэн. ...Надад сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хүмүүсээс авсан 26.600.000 төгрөгийг би яг үнэндээ тийм зарцуулсан гээд хэлчих зүйл байхгүй байна. Ямар ч байсан тухайн үед жижиг өр ширээ дарсан байх, хэн хэний өр ширийг хэдэн төгрөгөөр дарсанаа ч санахгүй байна. Надад бичиж тэмдэглэсэн зүйл байхгүй, миний мэдэхийн 1.6 сая төгрөгийг цусны өвчтэй хүүхдэд хандив гэж өргөсөн, 6.0 сая төгрөгийг хашаа байшин авахдаа нэмэрлэсэн. Өөр бусад мөнгийг нь юунд хэрэглэсэнээ хэлж мэдэхгүй байна. Хүнээс орж ирсэн мөнгийг бага багаар нь аваад хэрэглэсээр байгаад л дуусдаг байсан. Миний ингэж мөнгө, төгрөг бусдаас авч байгааг нөхөр Б үнэхээр мэдээгүй.
Би бөө гээд хүмүүсийн засал ном хийдэг гээд хүмүүс мөнгө төгрөг өгдөг, бас ганц хоёр юм зараад хэрэглээний мөнгөтэй байдаг байсан учир манай нөхөр анзаараагүй, мэдээгүй байсан. Сая намайг цагдаад шалгагдаж эхлэхэд мэдээд үнэхээр гайхаж шоконд орсон.
Би С-гаас засал хийж өгнө гэж алтан ээмэг авсан. Тухайн үед өөрөө ирж үзүүлээд, тэнгэр бөө сахиус буугаад С миний сахиусанд үзүүлээд тэр алтан ээмэг гинжээр нь засал үйл хийлгэх хэрэгтэй гээд авч үйл заслыг нь хийсэн. Одоо тэр алтан ээмэг гинж нь байхгүй. Үнэлгээгээр гарсан 1.700.000 төгрөгийг нь төлөхөд хэцүү байна. Учир нь С өөрөө үзүүлээд өөрөө засал үйл хийлгэнэ гээд өгсөн учраас төлөх хэцүү байна, харин түүнээс дансаар авсан мөнгөө төлнө. Хохирлыг 100 хувь барагдуулна гэсэн бодол байгаа. Би энэ хүмүүсээс мөнгийг нь авсан нь үнэн юм чинь төлнө.
...Хохирогч нараас авсан мөнгөөрөө хашаа байшин авахдаа 6.000.000 төгрөг зарцуулсан гэж худал мэдүүлсэн, ...худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна, миний буруу.
....Би 2016 оны 10 дугаар сард Т гэж хүнтэй танилцсан юм. Миний том хүү Т нь Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг юм. Ангийнх нь Ц гэж хүүхэд манай хүүтэй найзууд байсан юм. Манай хүү Ц гэж хүүхдийн гэрт нь очиж байж байхдаа миний тухай ярьсан юм шиг байна лээ. Тэгээд над руу Т гэж Ц-ийн ээж нь өөрөө залгаад “юм асууя, надад үзүүлж харуулья” гээд танилцсан. Ингээд танилцаад намайг гэртээ уриад, би гэрт нь очиж тэдний гэр бүлийн заяа төөргийг нь үзэж харж өгсөн. Ингээд гэрт байж байхдаа хуурч мэхлэн мөнгө авах санаа төрөөд “ОХУ-аас вино оруулж, Хятад улс руу гаргаж зарж, мөнгөө хоёр дахин нэмэгдүүлж олдог юм, орон тоо одоо цөөхөн байгаа болохоор орвол мөнгөө хурдан хийгээрэй” гэж хэлэхэд Т “тэгье, би оролцож мөнгө өгье” гэсэн. Ингээд миний Хаан банкны 5015179019 тоот данс руу 3 хувааж 1.000.000 төгрөгөөр 2 удаа, 500.000 төгрөгөөр нэг удаа Т өөрийнхөө Хаан банкны 5233033784 тоот данснаас над руу мөнгө шилжүүлсэн.
Би Т-ын гэрт нь үйл хийж өгөхөд 400.000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ мөнгийг би аваад өөрийн хэрэгцээнд хэрэглээд дуусгасан. Мөн Тын “саажилттай хүүхдийг барьж өгнө” гээд 1.000.000 төгрөг авсан.
Ингээд Т-ын гэрт нь виноны бизнесийн талаар худлаа ярьж байхдаа Ө.У гээд Т-ын хуурай дүүтэй нь танилцсан. Мөн түүнд виноны бизнесийн талаар ярихад, зөвшөөрөөд надтай уулзсан өдрөөсөө хойш 7 хоногийн дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний Хаан банкны 5015179019 тоот данс руу АТМ-ээс 1.0 сая төгрөг шилжүүлэн өгсөн. Уг мөнгийг мөн адил өөрийн хэрэгцээндээ хэрэглээд дуусгасан юм.
Мөн би Т-д “аль нэг улсын гадаадын виз гаргаж өгнө, УИХ-ын гишүүнийг таньдаг, тэр хүн саажилттай хүүхэдтэй болохоор би эмчилж өгөөд хариуд нь надад гадаадын виз гаргаж өгнө гэж амалсан, би явах боломжгүй болохоор өөр хүн явуулна” гэж хэлсэн. Тэгэхэд Т “Солонгосын виз гаргаад өг” гээд 600.000 төгрөгийг бэлнээр нь өгөхөд нь авсан юм.
Бас Т өөрийн найз Т-д миний тухай яриад, Т гэж хүнийг танилцуулсан. Тэр хүн Австрали руу гэр бүлээрээ явах сонирхолтой байгаа учраас түүнийг ашиглаж “УИХ-ын гишүүнийг таньдаг, тэр хүн саажилттай хүүхэдтэй болохоор би эмчилж өгөөд хариуд нь надад гадаадын виз гаргаж өгнө гэж надад амласан, би явах боломжгүй болохоор өөр хүн явуулна” гэж мөн л худал үгээ Т-д хэлээд түүнээс 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5015179019 тоот дансанд шилжүүлэн авсан. Өмнөх 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн сэжигтний байцаалтандаа би хүнд өрөндөө энэ мөнгийг өгсөн гэж худлаа хэлсэн. Уг мөнгөөр “бизнес хийе” гэж бодоод Хятадаас бараа авах гээд Б гэж Монгол нэртэй хятад хүнд 4.000.000 төгрөгийг өгөөд 7 хоногийн дараа 2.000.000 төгрөгийг буцаан аваад үрээд дуусгасан.
Мөн И гэж хүнээс 3.700.000 төгрөг зээлчихсэн байсан болохоор буцааж өрөө дарсан. Ийм байдлаар Т-аас авсан 10.000.000 төгрөгийг өөрийн хэрэгцээндээ хэрэглээд үрээд дууссан.
Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Т-ын нөхөр А-т “Австралийн виз чинь гарчихсан, одоо хүүхдийн чинь визинд асуудал гараад байна, 250.000 төгрөг хэрэгтэй” гэхэд миний дансруу 250.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би Т-аас нийт 10.250.000 төгрөгийг хуурч мэхлэн залилж авсан. Би Б.Т, Т, У нараас нийт 15.750.000 төгрөгийг хуурч мэхлэн авсан нь үнэн. Энэ миний буруу, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад мөнгөний шаардлага гарсан болохоор худал хэлж энэ хүмүүсээс мөнгө авсан юм. Би энэ хүмүүсийн хохирлыг заавал барагдуулах болно. ...Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /, хэргийн 1-р хавтас 55-57х, 58-61х, 2-р хавтас 208-210х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Н.Б, П.Н, Б.Б нарын мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 37-41х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 64х/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 1-р хавтас 66-68/, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 83х/, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Б нь “барилгын ажил хийнэ, зардалд нь мөнгө хэрэгтэй байна, автомашин зарна, бөөгийн засал хийгээд буцааж өгнө, Японы санхүүжилттэй цэцэрлэг сургуулийн барилгын өргөтгөлийн ажил хийлгэнэ” гэх зэргээр хохирогч Т.С-гаас нийт 14 удаагийн үйлдлээр 15.900.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5015179019 тоот дансаар, мөн 1.700.000 төгрөгөөр үнэлэгдсэн алтан ээмэг, гинжийг тус тус шилжүүлэн авсан,
- Мөн хохирогч Д.Я-д өөрийгөө “Япон-Монголын хамтарсан “Сакура” сангийн захирал У гэгч байна, танай компанитай хамтарч барилгын ажил гүйцэтгүүлэх шийдвэр гарлаа, баталгаа, барьцааны мөнгө хэрэгтэй” гэж 2016 оны 09 дүгээр сарын 13-наас 2016 оны 10 сарын 06-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр нийт 5.700.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5015179019 тоот дансанд шилжүүлэн авсан,
- 2016 оны 10 дугаар сард хохирогч Б.Т-ын “саажилттай хүүхдийг чинь бариа хийж эдгээж өгнө, ОХУ-аас вино, дарс оруулж ирж, Хятад улс руу дамжуулан зарж хэмжээний ашиг олдог, хөрөнгө оруулсан мөнгийг нь хоёр дахин өсгөж өгнө, Солонгос улсын виз гаргаж өгнө” гэх зэргээр хуурч 4 удаагийн үйлдлээр нийт 4.500.000 төгрөгийг бэлнээр буюу дансаар өөртөө шилжүүлэн авсан,
- 2016 оны 11 дүгээр сард хохирогч О.З-г “виноны бизнес хамтарч хийнэ, мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна” гэж хуурч 4 удаагийн үйлдлээр нийт 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5015179019 тоот харилцах дансаар шилжүүлэн авсан,
- Хохирогч Ө.У-д “ОХУ-аас вино, дарс оруулж ирж Хятад улс руу гаргаж зараад их ашиг олно” гэж 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэмээн хуурч, 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5015179019 тоот дансруу шилжүүлэн авсан,
- Хохирогч С.Т-ыг “Австрали улсын виз гаргаж өгнө, Виз чинь гарах гээд байна, бичиг баримтын асуудал байна, мөнгө шилжүүл” гэж 2 удаагийн үйлдлээр нийт 10.250.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5015179019 тоот харилцах дансаар шилжүүлэн авсан, улмаар нэр бүхий дээрх хохирогчдоос авсан мөнгийг өөрийн хувийн хэрэглээнд захиран зарцуулж ашигласан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Т.С, Д.Я, О.З, С.Т, Б.Т, Ө.У нарын мэдүүлэг, гэрч Х.Д, Ч.Р, Д.А, О.Ц нарын мэдүүлэг, Д.Б-ын Хаан банкны 5015179019 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, орлогын баримт, Мөнгө хүлээлцсэн хэлцэл, “Капитал зууч” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, шүүгдэгч Д.Б-аас хэргийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь шууд санаатай, шунахай сэдлээр нэр бүхий 6 хохирогчийн эд хөрөнгө буюу мөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж аван, бусдад нийт 44.050.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангасан байна.
Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох хуулийн зохицуулалтай /ЭХЕА-ийн 1.8 дугаар зүйл/ хэдий ч шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж дагаж мөрдөх болсноор “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх, ...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” байх хууль зүйн үр дагавар үүссэн.
Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн шууд санаатай, шунахай сэдлээр нэр бүхий 6 хохирогчийг залилан мэхэлж, нийт 44.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, сүсэг бишрэлийг нь далимдуулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах” буюу “Залилах” гэмт хэргийн шинжид нийцсэн байна.
Мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад “..тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээий төгрөг, түүнээс дээш хэмжээг их хэмжээний, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг үлэмж хэмжээний хохирол” гэж тодорхойлсон ба энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” хэмээн мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааж хуульчилсан тул шүүгдэгч Д.Б-ын бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас учруулсан 44.050.000 төгрөгийн хохирол нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “үлэмж хэмжээний хохирол”-д тооцогдох юм.
Шүүгдэгч Д.Б-ын тухайд тодорхой давтамжтай олон удаагийн үйлдлээр хохирогчдыг хуурч, эд хөрөнгө буюу мөнгийг нь шилжүүлэн авч, улмаар өөрийн хувийн хэрэгцээнд захиран зарцуулж буй үйлдэл нь өөр, өөр цаг хугацаанд үргэлжлэн үйлдэгдсэн байгаа нь “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох” Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх зүйн зохицуулалтын үйлчлэлд хамаарч байна.
Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял нь “...эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан бол Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр зааж оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байна.
Иймд прокуророос шүүгдэгч Д.Б-ын шууд санаатай, шунахай сэдлээр нэр бүхий 6 хохирогчдыг залилан мэхэлж, нийт 44.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдлийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, сүсэг бишрэлийг нь далимдуулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргээр зүйлчилж ирүүлснийг хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэлээ.
Тухайн хэргийн хувьд нотолбол зохих байдлууд шалгагдан тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Д.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зорудаар бий болгож, сүсэг бишрэлийг нь далимдуулан бусдын эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан тул шүүгдэгч Д.Б-аас гэмт хэргийн улмаас нэр бүхий 6 хохирогчид учирсан эд хөрөнгийн хохиролд тооцож нийт 44.050.000 төгрөгийг гаргуулж,
- хохирогч Т.С-д 17.600.000 /арван долоон сая зургаан зуун мянга/ төгрөг,
- хохирогч Д.Я-д 5.700.000 /таван сая долоон зуун мянга/ төгрөг,
- хохирогч Б.Т-д 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг,
- хохирогч О.З-д 5.000.000 /таван сая/ төгрөг,
- хохирогч С.Т-д 10.250.000 /арван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг,
- хохирогч Ө.У-д 1.000.000 /нэг сая/ төгрөг тус тус нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 64х/ баримтаар тогтоогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно.
Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, шүүгдэгчийн хуюийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн гаргасан санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б нь иргэний үнэмлэхийн лавлагаа баримтаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р баг Бүргэдэй, Булаг 2 тоот хаягт оршин суух хаягийн бүртгэлтэй /хэргийн 2-р хавтас 212х/ хэдий ч, тэрээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25-р гудамжны 18 тоотод эцэг П.Д, эх Д.Я, 3-15 насны 4 хүүхдийн хамт амьдарч байсан, түүний насанд хүрээгүй хүүхдүүд нь одоо шүүгдэгч Д.Б-ын эцэг, эхийн асрамжид хамт амьдардаг байдлыг тодорхойлсон тус хорооны Засаг даргын тодорхойлолт баримт хэрэг авагдсан ба шаардлагатай гэж үзвэл шүүгдэгчийн 18 насанд насанд хүрээгүй хүүхдэд /2008 оны 06 сарын 03-нд төрсөн охин Б.Н, 2012 оны 12 сарын 06-нд төрсөн охин Б.У, 2015 оны 06 сарын 05-нд төрсөн охин Б.У, 2002 оны 07 сарын 22-нд төрсөн хүү П.Т нарт/ Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох эсэх асуудлыг зохих шатны Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 05 сарын 26-наас 2018 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр тус тус цагдан хоригдсон /хэргийн 1-р хавтас 248-250х, 2-р хавтас 1-4х, хэргийн 3-р хавтас 139-140, 147-148х/ нийт 373 /гурван зуун далан гурав/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий HUAWEI VNS-L21 Gold маркийн гар утас битүүмжилсэн гэх боловч уг эд зүйлс нь хэрэгт хураагдаж ирээгүй тул /хэргийн 1р хавтас 23-25х/ хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Б-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, сүсэг бишрэлийг нь далимдуулан бусдын эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ыг 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ын цагдан хоригдсон нийт 373 /гурван зуун далан гурав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Д.Б-аас 44.050.000 /дөчин дөрвөн сая тавин мянга/ төгрөг гаргуулж,
- хохирогч Т.С-д 17.600.000 /арван долоон сая зургаан зуун мянга/ төгрөг,
- хохирогч Д.Я-д 5.700.000 /таван сая долоон зуун мянга/ төгрөг,
- хохирогч Б.Т-д 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг,
- хохирогч О.З-д 5.000.000 /таван сая/ төгрөг,
- хохирогч С.Т-д 10.250.000 /арван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг,
- хохирогч Ө.У-д 1.000.000 /нэг сая/ төгрөг тус тус олгосугай.
6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Б-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, HUAWEI VNS-L21 Gold маркийн 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий гар утас битүүмжлэгдсэн болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД