| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2505 00000 1127 |
| Дугаар | 2025/ДШМ/1279 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/1279
2025 11 12 2025/ДШМ/1279
Ж.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Билгүүн,
яллагдагч Ж.Б-,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/5823 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Б-ий бичсэн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ж.Б-д холбогдох 2505 00000 1127 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
У- овгийн Ж-айн Б-, ........., /РД: ........../;
Яллагдагч Ж.Б- нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчимд хохирогч Д.Б-д “А.Ө-гийн зээлсэн мөнгийг хүүгийн хамт бүгдийг нь шилжүүлчих, “Саnon 5D Магк 4” маркийн гэрэл зургийн аппаратыг чинь олоод өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар түүнээс 1.710.000 төгрөгийг өөрийн Голомт банкны нэр дээрх бүртгэлтэй ....... дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллагдагч Ж.Б-д холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Б- гэгч нь Алтангэрэлийн Ө- гэгчийн нагац эгч байх бөгөөд гэмт хэргийн шинжтэй гэх үйлдлийг бий болгох үндэслэлийг А.Ө- нь бүрдүүлжээ. Тодруулбал, залилах гэмт хэргийн сэдэл, санаа зорилгыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэт шалгаж тогтоох нь чухал юм. Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, ... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “нотолбол зохих байдал”-д хамаарах бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” хэргийг прокурорт буцаахаар заасан. Дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, яллагдагч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Б- бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Яллагдагч Ж.Б- нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчимд хохирогч Д.Б-д “А.Ө-гийн зээлсэн мөнгийг хүүгийн хамт бүгдийг нь шилжүүлчих, “Саnon 5D Магк 4” маркийн гэрэл зургийн аппаратыг чинь олоод өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар түүнээс 1.710.000 төгрөгийг өөрийн Голомт банкны нэр дээрх бүртгэлтэй ....... дугаартай дансаар шилжүүлэн залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоох зорилгоор мөрдөн, шалгах бүхий л ажиллагааг явуулсан болно. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тус тус бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоосон байна. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дурдсан асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хүсэлт шийдвэрлэх ажиллагаа бус, харин нотлох баримтын үнэлгээтэй холбоотой асуудал байна. Нотлох баримтын үнэлгээтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт заасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад хэлэлцэж, шийдвэрлэх зохицуулалттай байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гэм буруутай эсэх, түүнийг нотолсон нотлох баримтын үнэлгээтэй холбоотой шийдвэр гаргасан хууль зөрчсөн байна. Мөн хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн бөгөөд яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад үндэслэлгүй, бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээнэ” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг тус тус зөрчсөн байна. Түүнчлэн, шүүхийн шийдвэрт хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгэх талаар тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болохыг дурдаж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/5823 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч Ж.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд хэргийн бодит байдлыг буруу дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь, зөвхөн намайг буруутай мэтээр мөрдөгч мэдүүлэг авсан. Д.Б- тухайн аппаратын өмчлөгч гэдэг нь тодорхойгүй, А.Ө- бид хоёрын хувьд олон удаа ломбардад барьцаанд эд зүйлээ тавиад хугацаандаа авдаг байсан. Миний хувьд хариуцлагатайгаар аппарат зарагдах гэж байгаа гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа эгч нь буюу өмчлөгч гэх хүн гомдол гаргасан. Тэрээр над руу “чи надад бэлэн 6.000.000 төгрөг аваад ир, тэгвэл би гомдлоо буцаана, үгүй бол чамайг яллагдагчаар татуулна” гэх мэт мессеж бичдэг байсан. Надаас мэдүүлэг авсан мөрдөгч намайг эрүүдэн шүүх хэлбэрээр буруутгаж явсаар байгаад ийм байдалд хүргэж байгаа юм. Үүнийг би шалгуулах хүсэлтэй байгаа. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх Ж.Б-д холбогдох хэргийг “... хохирогчоор тогтоогдсон Д.Б- нь А.Ө- гэгчийн нагац эгч байх бөгөөд гэмт хэргийн шинжтэй гэх үйлдлийг бий болгох үндэслэлийг А.Ө- нь бүрдүүлсэн тул залилах гэмт хэргийн сэдэл, санаа зорилгыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэт шалгаж тогтоох ...” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь учир дутагдалтай болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ..., хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” -д оршдог.
Яллагдагч Ж.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Ж.Б-ий гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Үүнээс гадна, шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ бөгөөд уг хуулийн зохицуулалтын хүрээнд шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж дээрх ажиллагааг хийлгэхээр прокурорт даалгах боломжтойг дурдаж байна.
Иймд прокурор Э.Б-ий бичсэн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/5823 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/5823 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР