| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/04344/И |
| Дугаар | 192/ШШ2026/00044 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2026/00044
| 2025 12 23 | 192/ШШ2026/00044 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянхонгор, 5 дугаар баг, Цагаанчулуут 13 гудамж, **** тоот хаягт оршин суух, **** /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол,**** тоот хаягт оршин суух ***** /РД:****/-т холбогдох,
Дундын өмчлөлийн орон сууцнаас ногдох хэсэг 76,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс нэр хасуулах, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн өмгөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
...****миний бие 2023 оны 5 дугаар сарын сүүлээр иргэн ****гөөс Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол ***** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн**** дугаартай, 18 м.кв, нэг өрөө орон сууцыг 56,500,000 төгрөгөөр худалдан авахаар ярилцаж тохиролцсон байсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг ****ийн хамт байгуулсан. Уг гэрээг байгуулахаас өмнө манай хүү болох ****н хамтран амьдрагч **** нь надад ... **** охин бид гурав одоо өөрийн гэсэн гэр орон байхгүй болохоор таны худалдаж авах гэж байгаа байрны мөнгөнд би тодорхой хэмжээний мөнгө нэмэрлээд, өөрийн гэсэн гэр оронтой болтлоо амьдарч байж болох уу, та намайг үл хөдлөхийн гэрчилгээ дээр нь хамтран өмчлөгчөөр оруулаад бидэнд тус болоод дэмжээд өгөөч тэгэх үү..." гээд гуйгаад байхаар нь би хүүгээ бодоод өөрөө тухайн орон сууцны үнийг 100 хувь төлж авах гэж байснаа болиод ****ээс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 13,400,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар авч улмаар 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр миний бие өөрийн данснаас 56,500,000 төгрөгийг орон сууц худалдсан хүний данс руу шилжүүлсэн буюу өөрөөс 43,100,000 төгрөгийн хувь хэмжээг оруулсан.
Дээрх гэрээг байгуулах үед уг гэрээний 3.5-д "худалдан авсан орон сууцыг ****76%, **** 24%-иар тус тус өмчилнө" гэж тохиролцсон. Ингээд миний бие тухайн үед орон сууцаа тэдэнд үлдээгээд хөдөө явсан бөгөөд ингэхдээ ****, ****д хандаж "...өөрсдийн гэсэн гэр оронтой болтлоо энэ байранд эвтэй, найртай амьдарч байгаарай..." гэж хэлсэн. Гэтэл **** нь тухайн орон сууцандаа орж амьдарсан цаг хугацаанаас хойш ****тай маргалдаж, түүнийг гэрээсээ буюу тухайн орон сууцнаас нэг бус удаа хөөж явуулсан байдаг бөгөөд хамгийн сүүлд 2025 оны 04 дүгээр сард манай хүүг мөн гэрээсээ хөөсөн, гэртээ оруулахгүй байгаа гэдгийг манай хүү **** надад хэлсэн. Тийм учраас миний бие тус шүүхэд хандахаасаа өмнө ****тэй уулзаад түүнд "...би хүүгээ бодоод та нарыг гэр оронтой болтлоо эвтэй найртай амьдарч бай гээд байраа үлдээгээд, чамайг хүртэл хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн биздээ, гэтэл чи манай хүүг яагаад гэрээсээ хөөж явуулан, гэртээ оруулахгүй байдаг юм, одоо миний байрыг суллаж өг, чиний өгсөн мөнгийг буцаагаад өгье эсвэл миний оруулсан 76 хувийг өгөөд байраа ав..." гэхэд тэрээр байрыг суллаж өгөхгүй бас миний мөнгийг өгөхгүй..." гээд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхгүй байгаа юм.
2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Unegvi.mn сайтад тухайн үл хөдлөх хөрөнгийн байршилд хамаарах Сонгинохайрхан дүүргийн 21-р хороололд 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 90-93 сая төгрөгийн үнэтэй байх тул миний бие тухайн орон сууцаа 100,000,000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд миний орон сууцыг нэгэнт өгөхгүй гэж маргаж байгаа тул өмчлөгчийн хувьд шаардах эрхээ хэрэгжүүлж энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.
Иймд дундын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол **** тоот хаягт байрлах орон сууцнаас зах зээлийн үнэлгээгээр тооцож ****миний оруулсан 76 хувь хэмжээнд ногдох хэсэг буюу 76,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, энэ 76 хувь хэмжээг төлөхгүй гэсэн татгалзсан тайлбар гаргадаг тул сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
2. Хариуцагч талаас хариу тайлбар болон сөрөг шаардлагадаа:
Би 2020 онд нөхөр ****тай танилцаад үерхэж байгаад хамтран амьдарч эхэлсэн. Бид нэг охинтой. Би ****гийн ээж болох ****гийн хашаа байшинд амьдарч байсан бөгөөд 2023 онд тусдаа гарах шийдвэр гаргаж Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 19 хороо 21 хороолол ****9 тоот хаягт байрлах 18 м.кв орон сууцыг 57,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Надад зээлээр авч зээлийг нь дуусгасан 1 автомашин байсан бөгөөд тус автомашиныг зарж байрны урьдчилгаа хийх болсон. Бид байраа зээлээр авах гэхээр бид хоёрд зээл гарах боломжгүй байсан учраас хадам ээж ****гаас мөнгө зээлж орон сууц худалдаж авахаар болсон.
Ингээд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээ байгуулахад хадам ээж ****мөнгө зээлж, та хоёр зээлээ төлж дуусахаар би нэрээ хасуулна, тэр болтол гэрчилгээн дээр нэрээ оруулж байя гээд, бид хоёрын зүгээс ч гэсэн ээж минь учраас юм бодолгүй нотариатын гэрээнд хамт оруулсан байдаг. Би өөрийн өмчлөлийн автомашиныг 13,400,000 төгрөгөөр зарж, өөрт байсан 500,000 төгрөгөө нэмж, хадам ээж ****гаас бид хоёр 43,100,000 төгрөгийг зээлсэн байдаг. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 43,100,000 төгрөг зээлснээс хойш удалгүй 09 дүгээр сард нь бид хоёр цалингийн зээл авч 20,000,000 төгрөгийг нь ээж ****гийн данс руу шилжүүлж өгсөн. Тус орон сууцанд өмнө амьдарч байсан хүмүүс нь орон сууц болон СӨХ-ны мөнгө төлөөгүй байсан учраас тус төлбөр болох 500,000 төгрөгийг суутгаж би өөрөөсөө тус мөнгийг гаргаж өмнөх төлбөрийг төлж дуусгасан байдаг. Мөн гэрчилгээний мөнгө, нотариатын мөнгө, улсын бүртгэлийн зардал гэх зэрэг зардалууд бүгд надаас гарсан байдаг.
2023 оны 09 дүгээр сард бид хоёр ээжид 20,000,000 төгрөгийг төлснөөр 23,100,000 төгрөг үлдсэн. Би ээжээс зээлсэн мөнгөний үлдэгдэл 23,100,000 төгрөгөө сар бүр 500,000 төгрөгөөр хамаагүй төлье гэж ****д маш олон удаа хэлж байсан. **** надад хэлэхдээ хоёулаа 20 сая төгрөг ээжид өгөөд одоо дахиж мөнгө өгөх шаардлагагүй болсон. Ээж бид хоёроос дахиж мөнгө авахгүй гэсэн, ээж боломж бололцоо сайтай учраас гурван хүүхдэдээ бэлэг болгоод өгье гэсэн гэж хэлээд байсан учраас бид өнөөдрийг хүртэл нэмж мөнгө өгөөгүй. Ээж ч бид хоёроос мөнгө нэхэж байгаагүй. Хэрэв ****нь тус орон сууцыг худалдаж авахад зээлсэн 43,100,000 төгрөгөөс буцааж авсан 20,000,000 төгрөгөө хасаад, үлдэгдэл 23,100,000 төгрөгөө авья гэж байгаа бол ****с зээлсэн 23,100,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ ****бид хоёрын нэр дээр байдаг. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс нэрээ хассаны дараа зээлсэн мөнгөний үлдэгдэл 23,100,000 төгрөгийг төлөх боломжтой байна.
Иймд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 хороо, 21 хороолол, 76 байр, 9 тоот хаягт байрлах 18 м.кв, 001102276 гэрчилгээний дугаартай,**** улсын бүртгэлийн дугаартай, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс ****гийн нэрийг хасаж, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг ****д даалгаж өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Худалдах, худалдан авах гэрээ, Дансны дэлгэрэнгүй хуулга,Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Цалингийн зээлийн гэрээ, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Дансны хуулга.
3.2. Хариуцагч талаас - Хариу тайлбар, Итгэмжлэл, Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Гэрэл зураг, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Оршин суугаа хаягийн тодорхойлолт, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Автомашины зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Дансны дэлгэрэнгүй хуулга, Түрээсийн гэрээ, Дансны хуулга.
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт - Дансны дэлгэрэнгүй хуулга, Шинжээчийн дүгнэлт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ****гаас хариуцагч ****т холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн орон сууцнаас ногдох хэсэг 76,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс нэр хасуулах, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нь ...****н хамтран амьдрагч ****ийн амьдарч байгаа орон сууцны өмчлөх эрхээс 76 хувийг нь би өмчлөх эрхтэй тул орон сууцны үнийн 76 хувь болох 76 сая төгрөгийг нэхэмжилж байгаа, миний оруулсан хөрөнгө буюу 43,1 сая төгрөгөөс *** мөнгө буцааж өгөөгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласныг хариуцагч тал эс зөвшөөрч ...хадам ээж ****гаас 43,1 сая төгрөг зээлж энэ орон сууцыг худалдаж авсан, түүний хүү ****тай гэр бүл болсон, бид 2 хадам ээжээс зээлсэн мөнгөнөөс цалингийн зээл авч 20,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 23,100,000 төгрөгөө авья гэж байгаа бол төлөхөд татгалзах зүйлгүй. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс ****гийн нэрийг хассаны дараа зээлсэн мөнгөний үлдэгдлийг төлнө гэх тайлбарыг болон сөрөг нэхэмжлэлийг гарган маргадаг.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
2.1. Шүүх хариуцагч ****т холбогдуулан гаргасан ****гийн нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, 5 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн.
Хариуцагч нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гардан авсан, улмаар 5 дугаар сарын 27-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч 5 дугаар сарын 28-ны өдөр гардан авсан, нэхэмжлэгч болон хариуцагч нар хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй танилцсан байна.
2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд шаардлага, татгалзлаа нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хүсэлтүүдийг талуудаас гаргасныг шүүхээс хянан шийдвэрлэсэн, нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах зэрэг шаардлага, татгалзлаа нотлох хүсэлт гаргах талуудын эрхийг хязгаарлаагүй болно.
3. Үйл баримтын талаар:
3.1. Нэхэмжлэгч ****, хариуцагч **** нар нь 2023 оны 6 сарын 2-ны өдөр иргэн ****гөөс Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 хороолол, *** тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай,**** улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг 56,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна.
Уг орон сууцны төлбөр 56,500,000 төгрөгийн 43,100,000 төгрөгийг ****гаас, 13,400,000 төгрөгийг ****ээс төлсөн, 2023 оны 6 сарын 05-ны өдөр ****, ****нар дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг.Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.
3.2. Харин 56,500,000 төгрөгөөр худалдан авсан орон сууцны одоогийн зах зээлийн үнэ 88,920,000 төгрөг /шинжээчийн дүгнэлт/ болох талаар, уг орон сууцыг худалдан авсны дараа засвар хийсэн талаар маргадаггүй хэдий ч ямар үнээр засвар хийж засан сайжруулсан тоо хэмжээн дээр, түүнчлэн тухайн орон сууцны өмчлөх эрх хэрхэн үүссэн буюу хариуцагч дангаар өмчлөх эрхтэй гэж, нэхэмжлэгч тал дундаа хамтран өмчлөх эрхтэй, ногдох хэсгээ гаргуулна гэж маргадаг.
3.3. Тодруулбал, хариуцагч тал ...43,100,000 төгрөгийг хадам ээж ****гаас зээлж орон сууцыг худалдан авсан, нэхэмжлэгчээс зээлсэн дээрх мөнгийг төлж дуусахаар нэрээ хасуулахаар тохиролцсон, нэхэмжлэгчийн хүү ****тай гэр бүл болсон, дундаасаа охинтой, бид 20,000,000 төгрөгийг төлсөн, 15,000,000 төгрөгийн засвар хийсэн, орон сууцны өмчлөх эрхийг бүрэн надад шилжүүлж, нэрээ хасуулсны дараа зээлийн үлдэх төлбөр 23,100,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэх агуулгаар,
Нэхэмжлэгч тал ...Орон сууцны өмчлөх эрхийг худалдан авсан үнийн дүнд оруулсан мөнгөний хэмжээгээр тооцоод 76%-ийг ****, 24%-ийг **** дундаа хамтран өмчлөхөөр тохиролцсон, Л.***ээс зээлийн төлбөрт 20,000,000 төгрөгийг надад өгсөн зүйл байхгүй, 15,000,000 төгрөгийн засвар хийсэн нь тогтоогдохгүй, бидний хооронд зээлийн харилцаа үүсээгүй гэх агуулгаар тус тус тайлбар гарган мэтгэлцдэг, шаардлага, татгалзлаа нотлоно гэх холбогдох бичмэл баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
3.4. Тухайлбал ****н ****...2021 оны 6 сарын 6-нд төрсөн, эцэг ****, эх *** гэх төрсний гэрчилгээ, 2023 оны 8 сарын 29-ний өдрийн Худалдаа хөгжлийн банк, **** нарын хооронд байгуулагдсан 26,500,000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээ, 2023 оны 8 сарын 30-ны өдөр 20,300,000 төгрөгийг**** шилжүүлсэн банкны дансны хуулга, **** гэрлэж байгаагүй талаарх лавлагаа болон нэхэмжлэгч ****, хариуцагч ****, гэрч **** нарын тайлбар, мэдүүлгээр ****, **** нар хамтын амьдралтай байсан, гэрлэснийг бүртгэсэн бүртгэлгүй, шүүхээр хүүхдийн тэтгэлэг, асрамжийн асуудал шийдвэрлэгдэж **** хүүхдийн тэтгэлэг төлөхөөр болсон, **** цалингийн зээлээсээ 20,300,000 төгрөгийг ****д шилжүүлсэн зэрэг үйл баримтууд тодорхой бөгөөд маргаангүй.
4. Шаардлага, татгалзал нотлогдож байгаа байдал, хууль хэрэглээ, дүгнэлтийн талаар:
4.1. Дээр дурдсан үйл баримт, бичмэл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.5 дахь заалтаар уг орон сууцны 76%-ийг ****, 24%-ийг **** өмчлөхөөр харилцан тохиролцсон, энэхүү хувь хэмжээнд ногдох дүнгээр орон сууцны үнийг төлсөн, улмаар хэн аль нь тухайн орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 хороолол, ******тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар дундаа хэсгээр өмчлөх эрхтэй ба тэдний хооронд дундын өмчлөлийн хөрөнгийн маргаан үүссэн гэж үзнэ.
4.2. Энэ хүрээнд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ****нь хэсгээр өмчлөх орон сууцны үнийн 76%-ийг шаардах, мөн хуулийн, зүйлийн 108.6-д Дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн тодорхой хэсгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй байна гэж заасны дагуу хариуцагч **** хэсгээр өмчлөгч нөгөө талын өмчлөх эрхийг авснаар түүний өмчлөх эрхийн бүртгэлийг хасуулахыг шаардах тус тус эрхтэй.
4.3. Нэхэмжлэгч талаас ...дундын өмчлөлийн орон сууцны зах зээлийн одоогийн үнийг 100,000,000 сая гэж тодорхойлж, өөрт ногдох хэсэг 76% буюу 76,000,000 төгрөгийг хариуцагчаас шаарддаг. Хариуцагч тал ...76% нь орон сууц худалдан авахад төлсөн 43,100,000 төгрөгөөр тооцогдоно, одоогийн үнэлгээ нь орон сууц худалдан авсны дараах их засвар, үйлчилгээтэй холбоотойгоор өссөн үнийн дүн гэх тайлбарыг хэлдэг.
4.4. Шүүхээс томилсон шинжээч болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас ирүүлсэн дүгнэлтэд ...СХД-ийн 19-р хороо, 21-р хороолол, **** тоот хаягт байрлах,**** улсын бүртгэлийн дугаартай, 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 2025 оны 06 сарын 10-ны өдрийн байдлаар 88,920,000 төгрөг болохыг тодорхойлов гэжээ. Эндээс үзэхэд дундаа хэсгээр өмчлөх хөрөнгийн үнэ 56,500,000 төгрөгөөс 88,920,000 төгрөг болж өссөн хэдий ч талуудын хэсгээр өмчлөх хувь хэмжээг 56,500,000 төгрөгийн хэмжээнд гэж дүгнэхгүй.
Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу маргаан шийдвэрлэх үеийн хөрөнгийн үнэ 88,920,000 төгрөгөөс хэсгээр өмчлөгч нарын тохиролцсон хувь хэмжээгээр тооцоход тухайн орон сууцнаас нэхэмжлэгчийн өмчлөх хувь 76% буюу 67,579,200 төгрөг, хариуцагчийн өмчлөх хувь 24% буюу 21,340,800 төгрөг байна. Энэ нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана гэж заасантай нийцнэ.
4.5. Хариуцагч талын татгалзлын нэг үндэслэл ...нэхэмжлэгчийн орон сууцны үнэд оруулсан 76% буюу 43,100,000 төгрөгийг түүнээс зээлж авсан, цалингийн зээл авч 20,000,000 төгрөгийг төлсөн, орон сууцны засвар үйлчилгээнд 15 сая төгрөг зарцуулснаар үнэлгээ өссөн гэх тайлбарыг гаргадаг ч нэхэмжлэгч ****, хариуцагч **** нарын хооронд, нэхэмжлэгч болон гэрч **** нарын хооронд 43,100,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн, эрх, үүрэг бий болсон үйл баримт нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан тайлбар, татгалзлаа нотлох үүргийн хүрээнд орон сууцны засвар үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө, хэмжээг хариуцагч ****ээс баримтаар нотлоогүй.
Мөн ****, **** нар хамтын амьдралтай байх хугацаанд ****н авсан цалингийн зээл буюу мөнгөн хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан гэр бүлийн дундын хөрөнгөд үл хамаарна. Өөрөөр хэлбэл тэд Гэр бүлийн тухай хуулийн 3, 7 дугаар зүйлд заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй тул гэр бүл, гэрлэгчид үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч ****руу шилжүүлсэн 20,300,000 төгрөг хариуцагч ****ийн хөрөнгө гэх агуулга бүхий хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.
Түүнчлэн хариуцагч ****ээс цалингийн зээлийг төлж байсан гэх асуудал, маргааныг нэхэмжлэгч ****д холбогдуулан шаардах үүргийн харилцаа үгүй, харилцан тооцох боломжгүй болно.
Дээрх дүгнэлтүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагч талын татгалзлыг үндэслэлгүй гэж үзлээ.
4.6. Хариуцагч талын орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээнээс ****гийн нэрийг хасах, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах гэх сөрөг шаардлагын хувьд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны ногдох хэсгийг гаргуулснаар түүний орон сууцны хэсгээр өмчлөх эрх дуусгавар болох тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл, өөрчлөлтийг тухайлан хариуцуулсан үндэслэлээр, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх аргыг тодорхой заах шаардлагын хүрээнд нэхэмжлэгч ****г Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, **** тоот хаягт байрлах,**** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасаж бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангахдах учиртай.
5. Өмнө дурдсан нотлох баримт, хэргийн үйл баримтаас дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргах үүргийн хүрээнд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар үндэслэл бүхий байх тул 76,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 67,579,200 төгрөгийг хангаж, үүнтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч ****ээс 67,579,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,420,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс нэр хасуулах, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ****ээс 67,579,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,420,800 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ****г Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, **** тоот хаягт байрлах,**** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасаж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****ээс улсын тэмдэгтийн хураамжид 495,846 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч ****гаас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537,950 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ