Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 650

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

            Шүүгдэгч Ж.Ү,

            Хохирогч Б.Тайванбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н.Мөнгөнсүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Тайж овогт Жадамбын Үад  холбогдох эрүүгийн 1809021060586 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ж.Ү нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт хохирогч Б.Тайванбаатартай маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогчид шүд янзлуулахад 700.000 төгрөг өгсөн...” гэв.

Хохирогч Б.Тайванбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай ангийнхан зугаалгаар явсан. Тэгээд амралтын гэрт нь байж байтал Ү 2

найзтайгаа орж ирсэн. Сууж байгаад 1 найзтайгаа маргалдаж эхэлсэн. Удалгүй надтай маргалдсан. Тэгээд намайг тонгойгоод сууж байхад нүүр рүү өшиглөсөн. Миний шүд хугарч эмчилгээ хийлгэж байгаа. 25 нас хүртэл имплант шүд хийлгэж болохгүй гээд 1.800.000 төгрөгөөр түр шүд хийлгэх гэж байгаа. Эмчилгээний зардалд 700.000 төгрөг өгсөн. Одоо 1.100.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд хохирогчийн мэдүүлэг, 18 дугаар хуудсанд гэрч Анхтулгын мэдүүлэг, 21 дүгээр хуудсанд шинжээчийн дүгнэлт, 30 дугаар хуудсанд Ж.Үын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

Шүүгдэгч, хохирогч нар шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Ү нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт хохирогч Б.Тайванбаатартай маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Б.Тайванбаатарын “...2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манай ангийнхан Санзай амралтын газарт амарч байсан. Тэгсэн чинь манай ангийн Солонго гэж охины найз залуу Ү гэх залуутай хамт ирсэн согтуу залуу надтай муудалцаж  бид хоёр маргалдсан. Тэгсэн чинь Ү найзыгаа өмөөрч намайг сууж байхад миний нүүр лүү өшиглөж миний үүдэн 1 шүдийг хугалж 1 шүдийг хөдөлгөөнтэй болгож намайг зодсон...” гэх мэдүүлэг /хх-13/

Гэрч Б.Анхтулгын “...2018 оны 04 дүгэр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00:00 цагийн үед манай дүү Тайванбаатар миний утас руу залгаад “Би шүдээ хуга цохиулчихлаа” гээд уйлаад байхаар нь би “яасан чи, архи уучихсан байгаа юм уу” гэж асуухад “би архи уучихсан байна танихгүй хүүхэд миний шүдийг хуга цохичихсон” гэж хэлэхээр нь би тэр Тайванбаатарын шүдийг хуга цохисон гэх залуутай утсаар ярихад “би танай дүүгийн шүдийг хуга цохисон юм, та ирээд миний шүдийг адилхан болгочих /хуга цохичих/ битгий цагдаад хэлээрэй” гээд байсан. Тэгээд би дүү Тайванбаатарын байгаа амралтын газар очсон. Намайг орж ирэхэд тэнд байсан хүүхдүүд нь бололтой хүүхдүүд орон дээр суучихсан манай дүү Тайванбаатарын нүүр нь хавдчихсан орон дээр унтаж байсан...” гэх мэдүүлэг /хх-18/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээч эмч №5560 тоот дүгнэлт:

  1. Б.Тайванбаатарын биед тархины доргилт, үүдэн 2 шүдний хугарал, дээд уруулын зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлдчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдуулна...” гэх дүгнэлт /хх-21/  зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Ж.Үын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ж.Ү улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт хохирогч Б.Тайванбаатар нь “эмчилгээний зардалд 700.000 төгрөг өгсөн. Одоо 1.100.000 хохирол нэхэмжилнэ” гэсэн ба хохирогчийн нэхэмжилж буй 1.100.000 төгрөгийн хохирлын талаар нотлох баримт байхгүй тул хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтын шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг,

Шүүгдэгч нь “Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Ү нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс улсын яллагчийн гаргасан санал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1809021060586 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Үад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Тайж овогт Жадамбын Үыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Үыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар Ж.Ү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

4. Хохирогч Б.Тайванбаатар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ учирсан гэм хорын хохирлын талаарх шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ж.Ү  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР