Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/60

 

  2025          11              11                                                2025/ДШМ/60                      

 

 

П.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                                   Прокурор У.Гантуяа,

                                                        Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолтой П.Ц-д холбогдох эрүүгийн 2526001820193 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, боловсролгүй, мэргэжилгүй, “***” бааранд үйлчлэгч ажилтай, ам бүл *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй *** овгийн П.Ц /РД: ***/.

П.Ц нь 2025 оны 4 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт байрлах “***” нэртэй баарны ширээн дээр байсан гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Г.Я-т 1,400,000 төгрөгийг хохирол учруулан завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос П.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн П.Ц-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-ийн зорих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Г.Я нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор У.Гантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 2025/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна. Учир нь шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овгийн П.Ц-ийг 1 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай” гэжээ. Дээрх заалтад дүгнэлт хийхэд шүүхээс шүүгдэгч П.Ц-д ямар төрлийн ял оногдуулсан болох нь тодорхойгүй шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял, эрх хасах ял гэж 5 төрлийн ялыг хуульчилсан. Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан ялаас аль нэгийг сонгон шүүгдэгчид оногдуулдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад ямар төрлийн ял оногдуулсан болох нь тодорхойгүй бөгөөд зөвхөн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг нь сонгон оногдуулахаар хуульчилсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг журамлахгүйгээр шууд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж дүгнэлээ.

Мөн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад П.Ц-ийг 1 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай гэсэн атал 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ...” гэсэн нь шийтгэх тогтоол агуулгын хувьд зөрүүтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор У.Гантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолоор П.Ц-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад шүүгдэгч П.Ц-ийг 1 сарын хугацаагаар Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг нь сонгон оногдуулахаар хуульчилсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг журамлахгүйгээр шууд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд ялын 5-н төрлийг хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид ямар төрлийн ял оногдуулсан талаараа шийтгэх тогтоолд заагаагүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Прокуророос давж заалдах шатны шүүхэд ... анхан шатны шүүх шүүгдэгч П.Ц-д ямар төрлийн ял оногдуулсан нь тодорхойгүй зөвхөн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байгаа учир шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхэд эргэлзээтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг журамлахгүйгээр шууд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Мөн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна ... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох болох тогтоох хэсэгт шүүгдэгч *** овгийн П.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож гэж шүүгдэгч П.Ц-д хуулиар тогтоосон ямар төрөл, хэмжээний ял оногдуулсан талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл болон 36.8 дугаар зүйлүүдэд заасан шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл, мөн оногдуулсан ялын төрөл, хэмжээг тусгахаар хуульчилсан байхад анхан шатны шүүх дээрх шаардлагыг хангаагүй байна.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч П.Ц нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн боловч хохирогч Г.Я нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж, танилцуулсан тухай Баримт№11-д хохирогч Г.Я-т утсаар мэдэгдэв гэсэн тэмдэглэгээ хийсэн боловч 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч Г.Я-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч суухгүй гэсэн гэж тэмдэглэсэн байна,

Хавтаст хэргийн 104 дүгээр хуудаст авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийг оролцогч нарт танилцуулсан тухай баримтад хохирогч Г.Я-т шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулсан тухай тэмдэглэгээ байхгүй, танилцуулаагүй байгаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Ц-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/210 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч П.Ц-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.НЯМДОРЖ

                                   ШҮҮГЧИД                                  Н.ЭНХМАА

                                                                                      Б.ЦЭРЭНПҮРЭВ