2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2026/00120

 

 

 

 

 

 

 

 

 

                           2025         12          25

                               192/ШШ2026/00120

              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14-р хороо, 15 дугаар байр, ****тоот хаягт оршин суух, **** /РД*****-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо,***** тоот хаягт оршин суух, ***** /РД:*****/-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн хөрөнгийн ногдох хэсэг 58,422,740 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 35,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, гэрч **** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие хань **** 2006 онд нэг гэрт орж, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл буюу 18 жил хамтран амьдарсан. Бид өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд **** нэг хүүтэй, миний бие нэг хүү, нэг охинтой байсан учраас албан ёсоор гэр бүлээ бүртгүүлээгүй. Хэдийгээр бид хоёр албан ёсоор гэр бүлээ бүртгүүлээгүй ч өвчтэй ханиа асрах, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, тэжээн тэтгэх, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдүүддээ анхаарал тавьж амьдарч ирсэн. Хамтын сайхан амьдрал минь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хань минь нас барснаар дуусгавар болж, би гэдэг хүн хамтын амьдралынхаа явцад босгож, бий болгосон эд хөрөнгө, орон гэрээ алдаж, өнөөдөр гудамжинд гарч, ирээдүйд амьдрах итгэл ч үгүй болоод явж байна.

Учир нь ханийн маань хүү **** ажил явдлын дараа 49 хоногийг нь хураагаад 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хөл дүүжилдэг ганц машиныг минь байрны гаднаас хулгайлж, хамаг мөнгөө шавхан байж өр зээлээр босгосон зуслангийн байшингийн минь цоожийг сольж, ханийнхаа хамт амьдарч байсан орон сууцнаас намайг хөөж гаргасанд би маш их гомдсон бөгөөд арай ч ийм сэтгэл гаргана гэж бодоогүй. Ханьтайгаа би түүнийхээ өмчлөлийн 2 өрөө орон сууцанд амьдарч, өвчний улмаас өөд болох хүртэл нь асарч, халамжилж байхад ганц хүү **** эцгийгээ асрах нь бүү хэл амьдралд нь өдрийн од шиг үзэгддэг байсан ч ханийн маань төрсөн ганц хүү, хууль ёсны өвлөгч мөн тул миний бие амьдарч байсан орон сууцнаасаа нүүж, чөлөөлж өгсөн. Талийгаачийн ганц хүү учир би маргах шаардлагагүйгээр орон сууцыг түүнд чөлөөлж өгсөн бөгөөд энэ нь ч зүй ёсных л гэж бодсон. Гэтэл хүү **** нь ажил явдлын дараа хөл дүүжилдэг байсан ганц машиныг минь гэрийн гаднаас хулгайлан авч явсан бөгөөд машин хань ****ийн нэр дээр байсны улмаас цагдаа миний гомдлыг шүүхийн журмаар шийдвэрлүүл гээд хэрэгсээгүй орхисон. Монгол хүний ёсоор ханийгаа нас бараад удаагүй байхад зарга хийх нь хойдын буянд нь муу гэж бодоод хэл ам хийгээгүй тодорхой хугацааг өнгөрөхийг хүлээж байтал хүү **** миний амьдарч байсан зуслангийн байшингийн цоожийг сольсноор би өөрийнхөө хөрөнгөөр барьж, бий болгосон байшиндаа ч орж чадахгүй өнөөдөр хүүхэд харах нэрээр хүргэнийдээ толгой хорогдоход хүрлээ. Хань минь нас барснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хамтран амьдрагчийн хувьд өвлөгч болох хуулийн боломжгүй ч хамтын амьдралынхаа явцад хөрөнгөө нийлүүлэн босгосон зуслангийн байшин, тэтгэмжийн мөнгөө нэмж худалдан автомашиныхаа өөрт ногдох хэсгийнхээ үнийг ч болов шаардах эрх хуулиар надад байгаа гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Зуслангийн байшингийн тухайд бид хамтран амьдрах хугацаандаа 2016 онд зуслангийн байшинтай болохоор ярилцаж тохироод хурааж хуримтлуулсан мөнгө байхгүй болохоор тус тусдаа цалингийн зээл авахаар болсон. Тухайн үед цалингийн зээл авахаас өмнө **** миний бие Эх Хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвийн төрөхийн эрчимт эмчилгээний тасагт сувилагчаар, харин*** Тсургагч багшаар ажилладаг байсан. Тэр үед бид 2 нэг нь хүүхдийн сургалтын төлбөр төлдөг, хань машины зээл төлдөг байсан /охин АШУҮИС-д 1-р курст сурч байсан, манайх 2014 оны сүүлээр Nissan Х-Тегга машин авсан үе байсан/. Би 2016 оны 8-р сард 8,000,000 төгрөгийн зээл авсан нөхөр бас 10,000,000 ч билүү сайн санахгүй байна, ямар ч байсан зээл авсан. Тэгээд худтай /охины хадам/ ярьж байшингаа бариулахаар болж, барилгын бригад гэх гурван хүнтэй ирээд 6,000,000 төгрөгөөр бариулахаар тохиролцож, барьж эхэлсэн бид өөрсдөө ч хамт байсан. Улмаар байшингаа барих явцад мөнгө их орж бидний зээлсэн мөнгө дууссан тул шаардлагатай байсан барилгын материалыг худын лангуунаас /Гермес худалдааны төвд барилгын материалын худалдаа эрхэлдэг байсан/ зээлж байшингийн гадна талыг дуусгаж байсан. Ингээд байшингийн дотор тал нь яагаа ч үгүй зөндөө юм дутуу байсан болохоор бид 2 ирэх жил үлдсэнээ дуусгая гэж ярьж байтал миний ээж та 2 миний тэтгэврийн зээлийг аваад байшингаа жоохон ч гэсэн явуул гээд 4,000,000 төгрөгийг авч өгсөн. Дээр нь бид 2 цалингуудаа нэмж байгаад дотор талаа дуусгасан. Бид 2-т ажилчдын байшин барьсан хөлс 6,000,000 төгрөг, худ буюу охины хадмуудаас авсан материалын үнэ 8,000,000 төгрөг, ээжийн тэтгэвэр 4,000,000 төгрөг гээд их хэмжээний өр үлдсэн. Эхний удаа ажлын хөлсөө өгөөд дараа нь та 2-ын мөнгийг өгье гэсэн зөвшөөрсөн тул бусад өрөө төлж эхэлсэн. /би 2 дүүгээсээ тус бүр 1,500,000 төгрөгийг мөн зээлсэн байсан/ Хань үлдэгдэл 3,000,000 төгрөгийг цалингаасаа төлсөн. 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр миний бие дахин 12,100,000 төгрөгийн цалингийн зээл авч зээлсэн мөнгөө эргүүлэн төлж, харин нөхөр*** гадна дотор талын зарим нэг дутуу зүйлээ гүйцээсэн. Зуслангийн байшин барихад хэрэглэсэн материал, материалын үнэ, ажлын хөлс нийлээд 42,422,000 төгрөг болсон ба үүний 14,000,000 төгрөг нь хань ****оос гарсан билээ.

Бид ярилцаж байгаад зуслангийн байшингаа 8х8 харьцаатай зургийг гаргаж, тухайн газар намаг ихтэй өвөл болохоор цэвдэгтэй болдог тул сууриа маш сайн хийх шаардлагатай болсон ба гаргасан зардал нэг бүрийн задаргааг нарийвчлан тусгавал:

а) Байшингийн суурь: суурийг 70 см экскаватораар ухуулж, шороог тээвэрлэхэд гаргасан зардал 1,800,000 төгpөг, хундаманд орсон уулын хайрга дайрга тээвэрлэсэн гурван хово машины зардал 1,050,000 төгрөг, сууринд орсон 2,5 тонн арматурын төмрийн зардал 3,500,000 төгрөг /1 тонн- 1,400,000 төгрөг/, сууринд цемент 5 тонн зардал 1,400,000 төгрөг /1 тонн-280,000 төгрөг/, нийт 7,750,000 төгрөг

b) Байшингийн хана: хана дүүргэлтийн цагаан блок 20м³ зардал 3,000,000 төгрөг, цемент 5тонн, гадна дотор шавар шалны өнгөлгөөний зардал 1,400,000 төгрөг, багана, цонх, хаалга, таазанд арматур З тонн зардал 3,600,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг.

с) Байшингийн дээвэр: дээврийн дулаалгад шилэн хөвөн, хөөс, хар цаасны зардал 750,000 төгрөг, дээврийн төмөр 68 м.кв зардал 1,200,000 төгрөг, дээврийн цутгалт 12 м³ зуурмагт зардал 2,760,000 төгрөг, дээврийн мод 5 м3 зардал 1,000,000 төгрөг, нийт 5,710,000 төгрөг

d) Бусад зардалд хадаас, шрүп – 120,000 төгрөг, төмөр утас 5 боодол 75,000 төгрөг, дотор ханын өрлөг /унтлагын өрөө, нойлын өрөө тоосго 1500 шоо-450,000 төгрөг, дотор хаалга 2ш-700,000 төгрөг, цонх 4ш -1,000,000 төгрөг, гадна хаалга /өргөн, чанартай/ -1,050,000 төгрөг, хөөсөн тааз 2,560,000 төгрөг, обой, цавуу - 390,000 төгрөг, цагаан, хар замаск тус бүр 10 уут - 950,000 төгрөг, шал тэгшлэгч 15 уут 225,000 төгрөг, паркетан шал 64 м.кв 1,152,000 төгрөг, шалны хүрээ 30ш 150,000 төгрөг, цонхны тавцан, амалгаа, булан, тор төмөр 200,000 төгрөг, шалны хаалт 30 м.кв 1,800,000 төгрөг, цахилгааны утас "ПВЗ" марктай 1,4н дотор монтажны кабель 200м 240,000 төгрөг /1м 1200 төгрөг/, гадна кабель 380вольт 4,6н кабель 80м 800,000 төгрөг /1м 10,000 төгрөг/, цахилгааны тоолуур 380вольт- 280,000 төгрөг, ажлын хөлс 6,000,000 төгрөг, тээврийн зардал 2,000,000 төгрөг, элс 1 машин-250,000 төгрөг, хайрга 1 машин 350,000 төгрer, пускатель цахилгааны самбарын тоноглол 1фаз 16 ампер 3ш, 1 фаз 25 ампер Зш, Зфаз 63 ампер 1ш зам бусад 180,000 төгрөг, разетка, унтраалга 40,000 төгрөг, нийт-20,962,000 төгрөг, зуслангийн байшингийн нийт зардалд 42,422,000 төгрөг болсон билээ. Гаргасан зардалтайгаа харьцуулж үзэхэд зуслангийн байшингийн 67%-ийг би, 33%-ийг талийгаач өмчлөх эрхтэй бөгөөд би өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Зуслангийн байшинг барихаас өмнө гэр бүлийн 4 найзууд нийлж, 4 айлын газрыг хашаалсан байсан. Бусад найзууд нь бүгд байшингуудаа барьсан байсан ба хамгийн сүүлд л бид 2 байшингаа барьсан. З айл маань газар эзэмших эрхээ өөрсдийн нэр дээр авсан, харин бид 2 хүсэлтээ гаргая гэж ярьсан ч амжаагүй байтал хань минь өнгөрсөн. Үүний улмаас байшингийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулаагүй ч зуслангийн байшиндаа зун болгон амьдарсаар 6 жилийг үдсэн байсан. Ханийгаа нас барсны дараа сэтгэл санаа үймэрсэн хүнд үед хүү ****г зуслангийн байшингийн доорх газрын эзэмшлийг өөрийн нэр дээр гаргуулахаар хөөцөлдөж байгааг мэдсэн ба миний хувьд газрын албанд өөрийн учир байдлыг тайлбарласнаар газар эзэмших эрх олгох асуудал түр түдгэлзсэн байгаа гэж ойлгож байна. Гэхдээ ханийн бичиг баримт хүүд нь байгаа болохоор өөрийн нэр дээрээ гаргаад авсан ч байж магадгүй.

 

Автомашины тухайд бид 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр **** маркийн автомашиныг 42 саяас яриад 40,000,000 төгрөгөөр Уранган авто машины захаас худалдан авсан. Автомашин худалдан авсан төлбөрийг **** миний бие өөрийн эзэмшдэг Хаан банкны **** тоот данснаас 15,000,000 төгрөгийг, мөн 25,000,000 төгрөгийг нөхрийн данснаас шилжүүлсэн. Тухайн үед нөхрийн данснаас шилжүүлсэн 25,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөгийг би автомашин худалдаж авахаар хуримтлуулж байсан нөхрийн дансан дахь мөнгөн дээр нэмж хийсэн байсан. Үүнээс гадна нөхрийн дансанд байсан мөнгөний 9,800,000 төгрөг нь миний Toyota prius 20 маркийн **** улсын дугаартай автомашиныг зарсан мөнгө байсан /Хаан банкны ****тоот данснаас нөхрийн хаан банкны ***тooт данс руу шилжүүлсэн байсан/. Ийнхүү машин худалдан авсан 40,000,000 төгрөгийн 30,000,000 төгрөг нь надаас, 10,000,000 төгрөг нь талийгаачаас гарсан билээ. Машинаа худалдан авах үед талийгаач минь цус харвасан байсан, бие нь ерөнхийдөө тааруу байдаг ч машин аваад маш их баярлаж байсан учир эзэмшигчээр*** гэж бүртгүүлснээр улам их баярлуулсан гэж би боддог. /Уранганы гадаа байдаг авто тээврийн үндэсний төвөөс **** гэсэн улсын дугаар авсан/ Хэдийгээр эзэмшигч нь талийгаач боловч уг автомашиныг миний бие унаж амьдрал ахуй, ажил төрлөө зохицуулдаг байсан. Гэвч 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, ****байрны гадна автомашины зогсоолд байрлуулсан Toyota Subaru XV маркийн автомашинаа алдсан, энэ талаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст дуудлага өгч шалгуулахад хүү **** нь автомашиныг надад мэдэгдэхгүйгээр авч явсан төдийгүй өөрийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байсныг мэдсэн. Талийгаачаас хойш хүү **** нь нөхөр бид хоёрын хамтын амьдралын хугацаанд, хамтын хөдөлмөрөөр бий болгосон зуслангийн байшин, автомашин зэргийг зөвхөн нөхрийн буюу ****ийн өмч, өөртөө өвлөгдөх эд хөрөнгө мэтээр дураараа загнаж, автомашины өмчлөх эрхийг шилжүүлж аваад зогсохгүй зуслангийн байшинд хүртэл амьдарч, өөрийн өмч мэтээр эзэмшиж, ашиглаж байгаа нь **** намайг өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж чадахгүйд хүргээд байна. Энэхүү нөхцөл байдлын талаар хүү ****д удаа дараа хэлж, ярьж, ойлгуулах гэсэн боловч өнөөдрийг хүртэл миний өмчлөл, эзэмшилд өгөхгүй байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний хувьд талийгаачийнхаа хүүтэй элдэв зарга үүсгэх хүсэлгүй боловч тэтгэврийн би өнөөдөр орох оронгүй, унах унаагүй болж хохироод үлдэх нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

****д зуслангийн байшин, машин нь биетээрээ хэрэгтэй байгаа бол би ногдох хэсгийнхээ үнийг гаргуулмаар байна. **** миний бие зуслангийн байшингийн 67%, автомашины 75%-ийг өмчлөх эрхийг өөрийн хөрөнгөөр, хуулийн дагуу олж авсан, харин үлдэх хэсэг нь ханийн хөрөнгөөр бий болсон тул **** нь зуслангийн байшингийн 33%, автомашины 25%-ийг өвлөх эрхтэй гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар **** би зуслангийн байшингийн өөрт ногдох хэсгийн үнэд 28,422,740 төгрөг, автомашины өөрт ногдох хэсгийн үнэд 30,000,000 төгрөг буюу бүгд 58,422,740 төгрөгийг ****гоос шаардах эрхтэй тул хариуцагч ****гоос уг мөнгийг гаргуулж, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү.

 

…****гийн сөрөг нэхэмжлэлийн хариуд доорхи тайлбарыг хийж байна. **** нь намайг 2022 оны 12 сараас хойш ааваасаа тусдаа амьдарсан мэт ярьж байгаа нь үнэнд нийцэхгүй, өнгөрөх үед эхнэрийн хамт асарч байсан гэдэгтэй ч санал нийлэхгүй байна. Би 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хөдөө явах ажил гарсан тул гэрээсээ гарч **** явж 2 хоноод 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хотод ирээд шууд охиныдоо очсон. Учир нь миний охин нөхрийн хамт гадаад руу аялалаар явсан, 2 нас гарантай охиныг нь харах байсан тул, энэ талаар нөхөр ч мэдэж байсан энд ирээд 1 хоноод маргааш нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нөхөр маань нас барсан. Миний бие 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр **** руу яриад аавтайгаа яриарай би хөдөө явсан шүү гэж сануулж хэлсэн, аль эсвэл аав нь дуудсан байх тэгээд л энэ хүмүүс очсон, тэрнээс энэ хүмүүс ийм хурдан ирэх хүмүүс биш яаж ч өвдөж байсан хэзээ ч ирж байгаагүй бүх өвдөх явцад талийгаачийн дүү нар би л хамт байдаг байсан нэг ч удаа аавыгаа сахиж байгаагүй 1ш эм ч авч өгч байгаагүй (2010 онд маш хүнд өвдсөн бараг л үхэж байсан элэгний хурц дутагдалаар эмч нар уулзах хүн байвал ирж уулз гэхэд энэ хүүхэд л ирээгүй) Элэгний цироз оноштойгоор маш олон жил өвдсөн үүний дараа хөл нь бас маш удаан өвдөж явсаар 2018 он билүү сайн санахгүй байна. Өвдөгний үе солиулах хагалгаанд орсон энэ үед хоёр дүү нь бид гурав л байсан энэ үед ч бас бараг ирээгүй. 2020 онд ажлын байран дээрээ тархинд нь цус харваж ажлынхаа машинаар эмнэлэг хүргүүлж 10 гаруй хоног хэвтсэн би өөрөө сахисан 7 хоног орчим намайг ч танихгүй орон гаран байсан энэ үед ч **** 1-2 удаа бараагаа харуулсан ийм байдалтай эцэгтээ хандчихаад асарсан харсан гэж худлаа яриад яахав энэ бүх байдлыг талийгаачийн ах дүү нар, манай ах дүү нар, хүүхдүүд гээд гэрчлэх хүмүүс олон байгаа. 2023 оны 6 сард ч биш 2023 оны 7дугаар сарын 10-ны өдөр энэ хүүд хөөгдөж аргаа бараад гэр доторхи зүйлээ авсан. Учир нь гэрээс гараад охиныдоо 1 хоноод ирэх хооронд 7 дугаар сарын 09-ний өдөр гэрийн хаалганы цоожны гол сольсон байсан ирээд гэртээ орж чадахгүй ****руу ярьтал одоо очлоо гэж бүтэн 2,3 цаг болсны дараа очиж амжихаа больлоо маргааш яваад ир гэхээр нь за гээд явсан. Маргааш нь 7 дугаар сарын 10-ны өглөө иртэл эхнэрийн хамт ирчихсэн та одоо хэрэгтэй юмаа аваад яв гэсэн, таныг өөрөө явчих байх гэж харсан гэтэл та явсангүй ингэж явуулахаас өөр арга алга гэсэн тэхээр нь би эгчийгээ 7 хоног л байлгачих баяр наадам ч болох гэж байна юмаа чирээд эгч нь хаачихав дээ ядаж баярын дараа нүүе дээ гэсэн чинь үгүй та одоо ингээд яв харин ч удлаа гэсэн тэгээд би хөдөөнөөс 2 дүүгээ, хотод байдаг нэг дүү, бэр, ач охиноо дуудаад гэр доторхи бүх зүйлээ аваад нүүсэн. Гэрт байгаа бүх эд хогшил бид хоёрын 20-иод жилийн хүч хөдөлмөр шингэсэн эд хогшил шүү дээ. Бид 2 энэ хүүхдээс нэг ч төгрөг аваагүй өөрсдөө бүгдийг бий болгож бүтээсэн энэ хүний юм гэж юу ч байгаагүй. Намайг эднийд ирэхэд байсан гэрийн эд хогшил бусад зүйлсийг тухайн үед бүгдийг нь хүүд нь өгсөн өөрөө ч мэдэж байгаа байх. Тиймээс энэ нэхэмжилсэн мөнгийг өгч чадахгүй 20-иод жил ашиглаж хэрэглэсэн эд зүйлс 8,9 сая төгрөг хүрэхгүй гэж бодож байна. Энэ хүмүүс энэ эд хөрөнгийн үнэлгээг яаж хийлгэсэн юм үнэндээ мэдэхгүй байна. 7 дугаар сарын 10-ны өдөр бүх зүйлийг би авч явсан байхад энэ үнэлгээний газар эд хөрөнгийн үнэлгээг энэ хүмүүсийн авсан зургаар хийсэн байх. **** эхнэр **** 2 аав нь өнгөрчихсөн байхад буяны ажлын үеэр гэрийн бүх зургийг авсан нь тодорхой зурган дээр буяны ажилд хэрэглэж байсан хайрцаг савтай эд зүйлс ч харагдаж байсан. Энэ олон жил хэрэглэсэн эд зүйлсээс авах юм тун ховор одоо ч хийх газар олдохгүй айлын гадаа хураалттай байгаа. (зургийг хавсарт-1-д хавсаргав). Цахилгаан бараа /хөргөгч, хөлдөөгч/ гэх мэт эдгээрийг би өөрөө ажил хийж байхдаа цалингийн зээлээр авч байсан. Талийгаачийн эзэмшлийн ХААН банкан дахь /***** тоот данс, мөн долларын дансан дахь мөнгийг авсан энэ бүх мөнгийг талийгаачийн буяны болон 49 хоног хураах зан үйлд хэрэглэсэн. Мен түрээс, байрны мөнгө, зэрэгт зарцуулсан өөртөө нэг ч төгрөг зараагүй. Талийгаачийн маань өнгөрөөд 2 цаг ч болоогүй байхад хэргэлэж байсан гар утас, түрийвчтэй бүх банкны картуудыг нь хүү **** нь авчихаад өгөхгүй ах дүү нарт нь хэлж байж картыг нь авсан учир нь надад мөнгө байхгүй тэтгэвэр буугаад удсан байсан тул буяны ажилд талийгаачийн данснаас мөнгө авахаас өөр арга байгаагүй. Учир нь тэр мөнгө бид хоёрын хамтран бий болгосон хөрөнгө мөнгө, талийгаач маань тэтгэвэр авах нас нь хүрээгүй учраас ганцхан миний тэтгэвэр, үйл ажиллагаа явуулдаг компанийн мөнгөөр амьдардаг байсан.

БГД 12-р хороо, 4-р хороолол 9-р байрны **** тоотод орших 16.2 м.квт авто зогсоолыг эхлээд бид 2 түрээслэж байгаад иргэн Нямжаргал зогсоолоо зарна гэхээр нь худалдаж авсан. Худалдаж авахдаа хоёр хувааж төлбөрийг нь өгсөн. Худалдаж авсан энэ мөнгө бол бид 2-ийн автомашины оношилгооны багаж хэрэгсэл зарсан мөнгө бид 2-ийн дундын өмч байсан хамтдаа энэ үйл ажиллагааг явуулдаг байсан. Тиймээс ч миний нөхөр амьд сэрүүн үедээ миний хань нэг ч болов өмчтөй бол гэж инээж байгаад энэ авто зогсоолын үл хөдлөхийн ***** дугаартай гэрчилгээг 2022 оны 11 сарын 09-ний өдөр миний нэр дээр гаргуулж өгсөн байдаг. Иймээс энэ авто зогсоол ****д огт хамааралгүй болно. Сөрөг шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.

 

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

“…...*** овогтой **** миний бие 1987 оны 8 дугаар сарын 12-ны өдөр **** овогтой**** нарын ганц хүү болж Ч****мэндэлсэн. 1994-2004 онд Хөгжим бүжгийн коллежид Морин хийл мэргэжилээр суралцсан. /2002-2004 онд Улсын филармоний оркестрт туслах хөгжимчин/ 2004-2005 онд Хятад улсын Баодинг хотод хэлний бэлтгэлээр суралцсан. 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдөр миний ээж ***** нас барсан. 2005-2009 онд Өвөрмонголын Их сургуульд засгийн газрын тэтгэлэгээр суралцаж, 2009-2010 онд Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК болон Монгол-Солонгосын Техникийн коллежийг Хүнд машин механизмын засварын техникч мэргэжилээр тэтгэлэгтэй сурч төгссөн. 2009 оноос хойш Хүнд машин механизмын засвар, төлөвлөлт болон инженерчлэл, удирдлага менежмент чиглэлээр уул уурхай, зам тээврийн салбарт одоог хүртэл ажиллаж байна. Одоо эхнэр, 3 хүүхдийн хамт ам бүл 5-уулаа аж төрж байна. Ээжийг нас барснаас хойш 18 жилийн дараа буюу 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр эцэг*** минь нас барсан. Миний хувьд ээжийгээ нас барснаас хойш ааваасаа аль болох сургалтын төлбөр, хэрэглээний мөнгө зэргийг гаргуулахгүй байж аль болох санхүүгийн болон бие сэтгэлийн дарамтанд оруулахгүй байхыг маш их хичээж ирсэн. **** гэдэг хүнтэй миний аав ямар нэгэн гэрлэлтийн баталгаа болон дундын үр хүүхэдгүй бөгөөд аавыг нас бархаас сүүлийн 2 сарын хугацаанд тусдаа амьдарч байсан. Нас барах үед нь огт байгаагүй. Аав минь нас бархын өмнөх өдөр эхнэр бид хоёрыг гэртээ ирэхийг хүссэн. Тэр өдөр аав минь "энэ **** гэж хүн тун айхтар байна. Аав нь өөрийн гэх бүх зүйлсээ хүү рүүгээ шилжүүлмээр байна" гэж хэлж байсан. "Миний хувьд одоо аав минь үхэл хагацал яриад яахав. Битгий муухай зүйл ярь ааваа" гэж хэлж байсан боловч маргааш орой нь аав минь нас барсан. Яг ийм яриаг өмнө нь хэд хэдэн удаа болж байсан. Жишээ нь аав минь 2020 оны үед мөн адил намайг уурхай дээр ажиллаж байхад "Миний хүү яаралтай Улаанбаатарт хүрээд ир. Аав нь хүү рүүгээ бүх зүйлээ шилжүүлэхгүй бол **** бүх зүйлийг чинь авна даа гээд сүрдүүлж байна" гэж хэлж байсан. Миний хувьд ээлжийн ажилтай байсан тул тухайн үед яаралтай очиж чадаагүй өнгөрсөн. Нэхэмжлэл дээр аавтайгаа уулздаггүй гэж дурдаж байсан. ****г ээлжийн ажилтай эсвэл баяр ёслолын үеэр тогтмол өөрийн хүүхдүүд, ач нартайгаа уулздаг байсан. Биднийг хамт байх үед **** удаа дараа хэрүүл хийж, бидэнд төвөг учруулдаг байсан. Мөн аавыг минь хөдөө хээр ах дүү, өөрийн хүүхдүүд гэр бүлтэйгээ нийлж машинаар дайрах гэж оролдож, хавиргыг нь хүртэл хугалж байсан гэдгийг би ааваасаа хожим сонссон. Миний аав намайг хүмүүстэй муудалцаж хэрэгт орохвий гэж сэрэмжилээд гэмтсэн, дарамтлуулсан зэргээ надад хэлэлгүй нуудаг байсан юм байна лээ. **** гэж хүнтэй тийм ч тааламжтай харилцаатай биш байсныг хөршүүд болон аавын нагац эгч нар сайн мэднэ. Миний хувьд*** болон **** нарын ганц хүүхэд бөгөөд аавынхаа эд хөрөнгийг өв залгамжлах эрхийнхээ хүрээнд хуульд зааснаар өвлөж авсан. Гэтэл нэхэмжлэгч **** нь зуслангийн байшинг дундын өмчлөлийн хөрөнгө гэж үндэслэлгүй зүйл бичиж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь 2001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 390 дугаартай Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу зуслангийн зориулалттай газрыг*** буюу аавын минь нэр дээр эзэмшихээр олгогдсон байдаг. Энэ нь манай ээжийг нас бархаас өмнө уг газрыг эзэмшиж эхэлсэн. Нэхэмжлэгч **** нь 2016 оны 8 сард, 2017 оны 8 сард тус бүр зээл авч хөрөнгө оруулсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд харин эцэг минь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрөө банкнаас зээл авч байшинг барьж эхэлсэн бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр зуслангийн байшингийн ажил бүрэн дууссан. Энэ байшин би болон миний гэр бүл, эцэг бид зундаа амарч зуслангийн зориулалтаар ашиглаж ирсэн. Үүнтэй холбоотой фото зургууд байгаа болно.

Харин ****гийн авсан гэх зээл нь өөрийнхөө хувийн хэрэгцээнд болон өөрийн охин ***ын оюутны төлбөрт төлөх байдлаар ашигласан гэдэг. Тээврийн хэрэгслийн тухайд гэвэл, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Toyota Subaru XV маркийн тээврийн хэрэгслийг эцэг*** минь өөрийн хөрөнгөөр худалдаж авсан. /ямар нэгэн хамтран эзэмшигч байхгүй./ 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр аав минь "***** өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулсан бөгөөд автын оношилгооны багаж, тоног төхөөрөмжийн худалдааны үндсэн үйл ажиллагаа явуулдаг байсан. Компанийг манай гэрийн хаяг дээр үүсгэн байгуулсан бөгөөд харин **** өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. /6303285 регистрийн дугаартай компаний мэдээлэл opendata дээр 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шинэчилэгдсэн байсан ба аавын бүртгэлийг хасуулсан байх магадлалтай./ Энэ компанийн тооллогын мэдээгээр борлуулах 160'932'000 төгрөгийн багаж, тоног төхөөрөмж тоологдсон. Багаж, тоног төхөөрөмжийг Хятад улсаас худалдан авахад зориулж нийтдээ 378'588'500 төгрөгөөр захиалга хийсэн. Уг бараа материалын борлуулалтын орлогыг аавын болон ****гийн хувийн дансаар ихэвчлэн хүлээн авч байсан. Зөвхөн 2021 онд гэхэд 149'971'000 төгрөгийг багаж, тоног төхөөрөмж худалдан авахад аав минь зарцуулсан. ****гийн хөрөнгө оруулсан гэх 6'000'000 төгрөг, 9'800'000 төгрөг нь шууд багаж, тоног төхөөрөмжийн захиалганд зарцуулагдсан байдаг. ****гийн өөрийн гэгдэж байгаа Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгслийг ч аавын хөрөнгөөр худалдаж авсан байх магадлалтай. Зөвхөн ****д л гэхэд 105'675'000 төгрөгийг аав минь өөрийн данснаасаа өгсөн байдаг. Мөн хөрөнгө оруулсан гэх 15'000'000 төгрөг нь аавын минь үйл ажиллагааг нь явуулж байсан компаний орлогоноос бүрэн хамааралтай юм. Дээрх эх үүсвэрүүдийг үндэслээд **** тээврийн хэрэгсэлд хөрөнгө оруулсан байх ямар ч боломжгүй юм. Мөн тээврийн хэрэгсэл дээр зөвхөн ***** овогтой**** гэж хууль ёсны ганцхан эзэмшигч байсан. Миний бие өв залгамжлах эрхийнхээ дагуу хүлээж авсан. Миний аав албаны цалин, хувийн компанийн орлого гэх орлогын тогтмол эх үүсвэрүүдтэй байсан. Миний бие өөрийн биеэ болон гэр бүл, үр хүүхдүүдээ ямар нэгэн тусламжгүйгээр аваад явчихдаг байсан болохоор аавдаа санхүүгийн ачаалал өгөхгүй өөртөө зарцуулаасай гэж хүсдэг байсан. Гэвч аав минь ****гийн хүү ***ийг өөрийн ажиллаж байсан Трансвест Монголиа ХХК-д ажилд оруулж өгсөн. Охин *** болон охинынх нь хүүхдүүдийг тогтмол санхүүгээр дэмжиж ирсэн. Мөн энэ тээврийн хэрэгслээс өмнө өөрийн эзэмшилд байсан Nissan Xterra маркийн тээврийн хэрэгслийг ****гийн төрсөн дүү ****шилжүүлж өгсөн. Аавын үүсгэн байгуулсан *** /160'000'000 орчим төгрөгийн хөрөнгөтэй/ болон түүний бүх тоног төхөөрөмж, аавын өөрийн машиндаа худалдаж авсан дулаан граж /20'000'000 сая төгрөгөөр аавын дансаар гүйлгээ хийж, худалдаж авсан/, мен БГД 14 хороо 15-40 тоот буюу аав, ээж **** нарын минь амьдарч байсан орон сууцан доторх бүх зүйлс, зуслангийн байшинд байсан доторх /үнэт эдлэл, мөнгөн аяга, цахилгаан хэрэгсэлүүд, үнэ бүхий макетууд, хэрэгсэл/ бүх тавилга, эд хөрөнгүүдийг **** нь аавыг минь нас барсны дараа хаман авч явсан байдаг. Аавын минь хэдэн хуучин хувцаснуудыг л үлдээсэн. /зураг хавсаргав. Энэ бүхэнд миний бие тухайн үед ямар ч маргаан үүсгээгүй бөгөөд ядаж аавын минь хэрэглэж байсан аягыг ч болтугай өгсөнгүй гэж гомдох төдий өнгөрөөсөн. Гэвч үүгээр зогсохгүй аавыг минь нас барсны дараа огт холбоогүй байж байгаад гэнэт надаас мөнгө авна гэж нэхэмжлэл гаргасанд туйлын гомдож байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн дээрх **** болон Дулаан граж, Гэрийн болон Зуслангийн бүх эд хэрэгсэл, аавын Хаан банкны төгрөгийн болон долларын данснаас нь нас барсны дараах гаргасан бүх бэлэн мөнгийг ****гээс нэхэмжлэх болно. Аавын минь үлдээсэн багахан хөрөнгө нь 3 ач хүүхдүүдэд нь нэмэр болох болов уу гэж үзэж миний бие бүрэн хамгаалах болно. Нэхэмжлэгч нь нэхэмжилж байгаа зүйлдээ хөрөнгө, мөнгө гаргасан гэдгээ нотлоогүй бөгөөд өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг байтал түүнийг өмчлөх эрхтэй гэж үзэхгүй юм. Хуульд зааснаар гэр бүлийн гишүүн, гэрлэгчид гэж холбогдох бүртгэлийг төрийн захиргааны байгууллагад хийлгэсэн албан ёсны бүртгэлтэй хүмүүсийг хэлэх бөгөөд нэхэмжлэгч нь хууль ёсны өмчлөгч биш ба эцгийн минь хөрөнгөөс ямар хуульд зааснаар эсхүл ямар гэрээтэй гэж үзэж хамтран өмчлөхийг шаардаж байгаа нь тодорхойгүй нотлогдохгүй байна. Иймд ****гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч **** нь 2022 оны 12 дугаар сараас хойш ****оос тусдаа амьдарч байсан боловч түүнийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нас барьснаас хойш тухайн оны 6 дугаар сард ирэн талийгаач ****ийн гэрийн бүхий л тавилга эд хогшлыг ах дүүсийн хамт авч явсан байдаг. Гэвч талийгаач ****ийн хууль ёсны өв хүлээн авагч нь түүнийг нас барах үед нь өөрийн эхнэрийн хамт асарч байсан хүн нь түүний хүү **** байдаг. Иймд хариуцагч ****гийн зүгээс хууль бусаар өөрт авсан ****гийн хуулийн дагуу өвлөн авсан БГД 14-р хороо, 3-р хороолол **** тоот орон сууцны хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болох 8,920,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Мөн хариуцагч нь ****ийн эзэмшлийн Хаан банкан дахь*** тоот данснаас 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2,800,000 төгрөг, 3 дугаар сарын 31-ний өдөр 3,890,000 төгрөг, 4 дүгээр сарын 30-ны өдөр 140,000 төгрөгийг түүний виза картыг ашиглан өөртөө авсныг ****ийн хууль ёсны өв хүлээн авагч буцаан гаргуулах хүсэлттэй байна.

Мөн Талийгаач*** нь 2022 онд Нийслэлийн БГД 12-р хороо, 4-р хороолол 9***тоотод орших 16.2 м.кв автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн ***аас 20,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ***тоот данснаас ***ын эзэмшлийн *** тоот дансны төлбөрийг бүрэн төлж худалдан авсан боловч тухайн үед хариуцагч ****гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн**** дугаартай гэрчилгээг гаргуулж авсан байдаг. Иймд ****ийн хууль ёсны өв хүлээн авч нь хариуцагч ****гээс дундын эд хөрөнгийн өөрт оногдох хувь болох 20,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Иймд хариуцагч ****гээс 35,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас - Улсын тэмдэгтийн хураамж 450,064 төгрөг төлсөн баримт, Дансны дэлгэрэнгүй хуулга, Оршин суугаа хаягийн тодорхойлолт, Гэрэл зургууд, Тайлбар.

 

3.2. Хариуцагч талаас - Хариу тайлбар, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Засаг даргын захирамж, Гэрэл зургууд, Зарсан барааны жагсаалт, Дансны дэлгэрэнгүй хуулга, Хохирлын үнэлгээ.

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт - Тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, Гомдол дуудлагын талаарх албан бичиг, Зуслангийн газрын эзэмшил ашиглалтын талаарх баримтууд, Өрхийн бүртгэл, Авто зогсоолын лавлагаа, Дансны дэлгэрэнгүй хуулга.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ****гээс хариуцагч З.****д холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн хөрөнгийн ногдох хэсэг 58,422,740 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан 35,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас мөн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь ...талийгаач***той 18 жил хамт амьдарсан, хамтран бий болгосон хөрөнгө болох зуслангийн байшин, автомашинаас өөрт ногдох хэсэг буюу оруулсан өөрийн хөрөнгийг гаргуулна, гэрт байсан бид 2-ын амин хувийн хэрэгцээнд хэрэглэж байсан, цалингийн зээлээр авч байсан эд хогшилийг би авч явсан, автозогсоолыг миний өмчлөлд өгсөн, бидний бизнесийн орлогын мөнгөөр авч байсан, картанд байсан бэлэн мөнгийг талийгаачийн эгч дүүсийн зөвшөөрлөөр авч ажил явдалд хэрэглэсэн гэж, хариуцагч тал нь ...Талийгаачийн хөрөнгийг өв залгамжлан авах эрхтэйн хувьд гэрт байсан эд хогшилын үнийг, дансанд нь байсан бэлэн мөнгийг, автозогсоолын үнийг гаргуулна, өөрийн шаардсан болон бидний шаардсан хөрөнгүүдэд нэхэмжлэгчээс хөрөнгө оруулсан гэдэг ч үүнийгээ баримтаар нотлоогүй гэж тус тус тайлбарлан үндсэн болон сөрөг нэхэмжлэл гарган маргадаг.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар:

2.1. Шүүх хариуцагч З.****д холбогдуулан гаргасан ****гийн нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч болон нэхэмжлэгч нар үндсэн ба сөрөг шаардлагыг хүлээн авч, хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй танилцсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд шаардлага, татгалзлаа нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах зэрэг шаардлага, татгалзлаа нотлох хүсэлт гаргах талуудын эрхийг шүүхээс хязгаарлаагүй болно.

 

2.2. Нэхэмжлэгч **** нь талийгаач***той 2006 оноос нас барах хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсан үйл баримт тогтоогддог бөгөөд хариуцагч талаас маргадаггүй. Харин хамтран амьдрах хугацаандаа бий болгосон хөрөнгүүдийн ногдох хэсгийн талаар маргана.

Тухайлбал, *** улсын дугаартай Toyota Subaru XV маркийн автомашин, зуслангийн байшин, гэрийн эд хогшлууд, автозогсоол, дансан дахь бэлэн мөнгө зэрэг хөрөнгийн хувьд маргадаг бөгөөд бусад хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн талаар маргаан үүсээгүй.

 

2.3. Талийгаач***, нэхэмжлэгч **** нар хамтын амьдралтай байсан хэдий ч гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлээгүй, хариуцагч З.**** талийгаачийн өв залгамлагч буюу талийгаачийн хөрөнгийн өвлөх эрхтэй, *** улсын дугаартай Toyota Subaru XV маркийн автомашин болон зуслангийн газар эзэмших эрх ****ийн эзэмшилд байсан, автозогсоол ****гийн эзэмшилд байсан, бэлэн мөнгө 6,830,000 төгрөг ****ийн дансанд байсан, эд хогшил талийгаачийн гэрт байсан үйл баримт нотлогдоно, талууд маргадаггүй.

Тухайн хөрөнгүүд хэрхэн бий болсон, дундын өмч мөн эсэх, ногдох хэсгийг шаардах эрхтэй эсэх талаар талууд тайлбар болон баримт гарган мэтгэлцдэг.   

 

3. Хууль хэрэглээ, нотолгоо, шаардлага, татгалзал нотлогдож буй талаар:

3.1. Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч **** нь***той хамтын амьдралтай байх хугацаандаа автомашин авсан, зуслангийн байшин барьсан үйл баримтын хүрээнд, З.**** ****ийн төрсөн хүүхэд бөгөөд өв залгамжлах эрхийн хүрээнд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно”, 108.8-д “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу тус тус шаардах эрхтэй.

 

3.2. Нэхэмжлэгч ****гийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нотлогдож байгаа талаар:

3.2.1. Зуслангийн байшин барихад тус тусдаа цалингийн зээл авч барилгад хөрөнгө оруулсан, барилгын материал, материалын үнэ, ажлын хөлс төлж байсан, нийт зардал нь 42,422,000 төгрөг болсон, гаргасан зардалтайгаа харьцуулж үзэхэд зуслангийн байшингийн 67%-ийг би, 33%-ийг талийгаач өмчлөх эрхтэй гэх тайлбараа нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоогдоогүй, цалингийн зээл дээрх барилгад зарцуулагдсан эсэхийг нотлоогүй бөгөөд зөвхөн гэрчийн мэдүүлгээр тухайн барилгад ****гийн оруулсан хөрөнгийн хэмжээ тогтоогдохгүй болно.

 

3.2.2. Автомашиныг бид 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Toyota Subaru XV маркийн автомашиныг 40,000,000 төгрөгөөр худалдан авсан. Автомашин худалдан авсан төлбөрийг **** миний бие өөрийн эзэмшдэг Хаан банкны *** тоот данснаас 15,000,000 төгрөгийг, мөн 25,000,000 төгрөгийг нөхрийн данснаас шилжүүлсэн. Тухайн үед нөхрийн данснаас шилжүүлсэн 25,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөгийг би автомашин худалдаж авахаар хуримтлуулж байсан нөхрийн дансан дахь мөнгөн дээр нэмж хийсэн байсан. Үүнээс гадна нөхрийн дансанд байсан мөнгөний 9,800,000 төгрөг нь миний Toyota prius 20 маркийн **** улсын дугаартай автомашиныг зарсан мөнгө байсан. Машин худалдан авсан 40,000,000 төгрөгийн 30,000,000 төгрөг нь надаас, 10,000,000 төгрөг нь талийгаачаас гарсан. Автомашины 75%-ийг өмчлөх эрхийг өөрийн хөрөнгөөр, хуулийн дагуу олж авсан гэх тайлбарыг гаргадаг.

 

3.2.3. Хэрэгт авагдсан баримт болох банкны дансны хуулгаас үзэхэд **** нь 2022 оны 2 сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 2022 оны 3 сарын 23-ны өдөр 9,800,000 төгрөгийг ****ийн дансруу шилжүүлсэн, машин худалдсан гэх ****данс руу 15,000,000 төгрөгийг ****гийн данснаас, 25,000,000 төгрөгийг ****ийн данснаас 2022 оны 3 сарын 23-ны өдөр тус тус шилжүүлсэн болох нь нотлогдоно.

 

Худалдан авсан гэх Toyota Subaru XV маркийн автомашины төлбөр 2022 оны 3 сарын 23-ны өдөр хийгдсэн үйл баримтаас үзэхэд ****гийн***д шилжүүлсэн 9,800,000 төгрөг автомашины төлбөрт шилжсэн буюу ****ийн шилжүүлсэн 25,000,000 төгрөгт багтаж байна гэж үзлээ. Харин 2 сарын 28-ны өдөр шилжүүлсэн 6,000,000 төгрөг нь 3 сарын 23-ны өдрийн автомашины төлбөрт орсон эсэх нь эргэлзээтэй байх тул ****гээс дээрх автомашины төлбөрт өөрийн шилжүүлсэн 15,000,000 төгрөг, ****ийн данснаас шилжсэн 9,800,000 төгрөг, нийт 24,800,000 төгрөгийн хөрөнгийг автомашинд оруулсан гэж үзэв.    

 

3.2.4. Энэхүү баримтаар нотлогдож байгаа хэсэг болох автомашин худалдан авсан үнийн дүнгээс 24,800,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг 5,200,000 төгрөг болон зуслангийн байшинд оруулсан хөрөнгө гэх 28,422,740 төгрөг, нийт 33,622,740 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Тодруулбал, нэхэмжлэгч **** нь Toyota Subaru XV маркийн автомашинд оруулсан хөрөнгө болох 24,800,000 төгрөгийн хэмжээнд талийгаач***той тухайн хөрөнгийг хэсгээр өмчлөх эрхтэй болох нь тогтоогдож байх тул хариуцагч ногдох хэсгийг биетээр, эсхүл мөнгийг буцаан шилжүүлэх үүрэг үүснэ.

 

3.3. Хариуцагч З.****гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нотлогдож байгаа талаар:

3.3.1. Хариуцагч **** хууль бусаар өөртөө авсан, хуулийн дагуу өвлөн авсан БГД 14-р хороо, 3-р хороолол ****оот орон сууцанд байсан гэрийн тавилга, эд хогшил болох хөрөнгийн үнэлгээ болох 8,920,000 төгрөгийг гаргуулна гэх тайлбараа буюу талийгаач ****ийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгө болохыг баримтаар нотлоогүй тул,

Мөн БГД 12-р хороо, 4-р хороолол 9 байрны ****тоотод орших 16.2 м.кв автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг*** худалдан авсан, мөнгийг төлсөн гэх хэдий ч тухайн үл хөдлөх эд хөрөнгө ****гийн өмчлөлд бүртгэлтэй, түүний өмчлөх эрх хууль бус болохыг нотлоогүй тул сөрөг шаардлагын энэ хэсгийг буюу автозогсоолын үнэ 20,000,000 төгрөг, гэрийн эд хогшлын үнэ 8,920,000 төгрөг, нийт 28,920,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

3.3.2. Харин ****ийн эзэмшлийн Хаан банкны ***тоот данснаас 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2,800,000 төгрөг, 3 дугаар сарын 31-ний өдөр 3,890,000 төгрөг, 4 дүгээр сарын 30-ны өдөр 140,000 төгрөг, нийт 6,830,000 төгрөгийг нэхэмжлэгч дур мэдэн өөртөө авч ашигласан тул ****ийн хууль ёсны өв хүлээн авагчийн хувьд буцаан гаргуулна гэх шаардлагыг хангах нь зүйтэй.

Учир нь нэхэмжлэгч тал ...талийгаачийн эгч дүүсийн зөвшөөрлөөр банкны картыг ашиглан данснаас нь мөнгө авч талийгаачийн ажил явдалд хэрэглэсэн гэх татгалзсан тайлбараа баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзлээ.

 

4. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч З.****гоос 24,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,622,740 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ****гээс 6,830,000 төгрөгийг гаргуулан хариуцагч З.****д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 28,920,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэлээ.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч З.****гоос 24,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,622,740 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч ****гээс 6,830,000 төгрөгийг гаргуулан хариуцагч З.****д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 28,920,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.****гоос улсын тэмдэгтийн хураамжид 281,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч ****гээс 124,230 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,064 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,700 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ