| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0060/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/68 |
| Огноо | 2018-07-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2017/ШЦТ/68
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Г.Мөнхсан,
улсын яллагч Э.Нэргүй,
хохирогч Ц.Э,
шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х. овогт С Э-т холбогдох эрүүгийн 1817000990047 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 20-нд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 75 дугаар байр .......... дүгээр орц .......тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2017/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/ХМШЗ/26 дугаартай захирамжаар С.Энхбаатарын биелэгдээгүй 118 /нэг зуун арван найм/ цагийн хугацаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялыг 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар тооцож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдэлсэн гэх Х. овогт С Э /РД:............../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.Э нь согтуугаар 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Тээвэрчдийн 11 дүгээр байрны гадаа иргэн Ц.Э-тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч С.Э нь согтуугаар 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Тээвэрчдийн 11 дүгээр байрны гадаа хохирогч Ц.Э-тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Ц.Э-тай таарч хамтран амьдрагч Б-ийн гэрт очиж нэг шил архи уусан. Уусны дараа Э согтсон. Бид гараад довжооны уруу би унасан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Цохисон гэдгээ санахгүй байна гэв.
1.2. Хохирогч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр явж байгаад нэг шил 33 граммын архи аваад явж байхад С.Эр, Б нар таарч хамт явж байсан хүнээ явуулсан. Тэгээд надаас юм байна уу гэж асуухад 33 байна гэхэд манайд ууя гээд гэрт нь очиж уусан. Би нилээн халсан. Нөгөө хоёр халсан байсан. Э шорон яриад байхаар нь би надад таалагдахгүй байна явлаа гээд шоронгоо ярьдаг газраа ярь гээд жоохон маргаан болсон. Тэгээд би явлаа шоронгоо ярьдаг газраа ярьсан нь дээр гээд гарсан. Гэтэл С.Э араас зүүгдээд байсан надад бол хаалга онгойлгож өгөхгээгүй, би өөрөө хаалгыг хүчтэй өшиглөөд гарсан. Б хувцасаа өмсөх гээд хоцорсон. Бид унахад босож намайг нэг цохисон. Тэгээд би шүд цохичихлоо гэж хэлээд доошоо суусан. Б гарч ирэхэд би гүйгээд айлын хашаанд ороод У-ийг эхнэр дуудаад, цагдаа дуудаад өг гэж хэлээд гэр лүүгээ ярьсан. Тэгээд цагдаа ирсэн бид хэдийг авч явсан. Өөр зүйл болоогүй. Би шүдээ үнэлэх, мөн унадаггүй шүдээ үнэлэх юм бол нилээн хэдэн сая төгрөг орно. Би ажил төрөлгүй гэж бодоод би эргэж уулзах байх гээд нэхээгүй. Мөн өөрийн биеэр ирж уулзаагүй. Ажил хөдөлмөр маань хоёр сарын хугацаатай алдагдсан, хиймэл шүд 200 000 төгрөгөөр хийлгэсэн. Ажилгүй байсан хугацааны мөнгөө нэхэмжилсэн. Өөр хүн байсан бол их мөнгө нэхэмжлэх байх. Би эр хүн байна ирж уулзах байх гэж бодсон ирээгүй. Прокурорын гадаа нэг удаа уулзсан. Би өөрөө ажил төрөлтэй болохоор нааш цааш ирээд байдаггүй. Ажилтай байж байгаад амралтаараа би ирсэн байсан. Амралтаараа ирсэн үедээ архи хэтрүүлэн уусан... гэв.
1.3. Хохирогч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...Би хаалгаар гараад миний хувцаснаас зуурсан байсан. Э надад татагдаад хий гишгээд довжоон дээрээсээ газар унаад миний хувцаснаас барьж байсныгаа тавьсан байсан. Тэгэхээр нь би цаашаа алхаад явах гэсэн чинь Э миний хувцаснаас татахаар нь би эргээд харсан чинь миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон, тэгэхэд миний амнаас цус гараад би нүүрээ дараад доошоо тонгойсон чинь Э миний толгойн ар дагз, шилэн хүзүү хавь руу гараараа хоёр удаа цохичихоод намайг орхиод эхнэрийгээ аваад цаашаа яваад Х гэдэг айлын хашаа руу орсон. Б гэрээсээ хэзээ гарч ирсэн гэдгийг би мэдэхгүй байна. Миний амнаас цус гараад доошоо тонгойгоод сууж байхад тэр хоёр хамт явсан. Э миний нүүрэн тус газар цохиход хажууд бид хоёроос өөр хэн нэгэн хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/
1.4. Гэрч Н.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай хажуу айлын У над руу утсаар залгаад танай нөхөр Э хүнд зодуулсан бололтой нүүр ам нь аймар болсон манай хашаанд орж ирсэн байна ирж ав гэж хэлэхээр нь би гэрээс гараад ирсэн чинь манай нөхөр Ц.Э миний өөдөөс нүүр амнаас нь цус гарчихсан нүүрээ дарчихсан ганцаараа ирж байсан.
Би нөхөр дээрээ очоод чамайг хэн ингэж зодчихов гэж асуусан чинь манай нөхөр Ц.Э намайг дагуулаад манай гэрээс хойно байх С.Э гэдэг айлын гэрт дагуулж очсон чинь тэр айлын гэрийн үүдэнд манай нөхрийн малгай нь нөжирсөн цусны хажууд хэвтэж байхаар нь би малгайг нь аваад нөхөр Э-гаа дагуулаад С.Э гэх хүний гэрт ороход С.Э, эхнэр Б-ийн хамт манарсан утаан дотор гэртээ сууж байсан. Тэгэхэд манай нөхөр Ц.Э айлд ороод С.Э гэх хүнийг энэ хүн миний нүүр лүү гараараа хоёр удаа цохисон гэж хэлсэн.
Манай нөхөр Ц.Э, С.Э гэх хүнд цохиулаад үүдэн дээд талын дөрвөн шүд унасан, доод талын үүдэн хоёр шүд унахад бэлэн болсон, дээд, доод уруул нь дотор талдаа язарсан байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Би цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд манай нөхөр Ц.Э, С.Э, Б нарыг аваад цагдаа дээр ирээд согтолтыг шалгаад манай нөхөр Ц.Э-ыг надад хүлээлгэж өгөөд явуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/
1.5. Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр 13 цагийн орчим би өөрийн хамтран амьдрагч С.Э-ын хамт Төмөр замын Дэлгэрэх дэлгүүрийн орчим явж байсан чинь манай тэнд байдаг Ц.Э ах ганцаараа нилээн согтуу машинаас буугаад Энхбаатар бид хоёр дээр хүрээд ирсэн. Ц.Энхбаатар машинаас бууж ирэхдээ энгэртээ 0,33 граммын Монгол Стандарт нэртэй архи хийчихсэн байснаа энэ архийг танай гэрт очоод уучихъя гэж хэлээд бид гурав манай гэрт очсон.
Гэрт очоод тэр архийг хувааж уугаад Ц.Э ах нилээн согтсон. Тэгэхээр нь миний хамтран амьдрагч Э та одоо нилээн согтсон байна тийм болохоор та одоо харь гэж хэлээд тэр хоёр манай гэрээс түрүүлээд хамт гарцгаасан. Би гэрт үлдээд хувцасаа сольж өмсөөд араас нь удалгүй гараад ирсэн чинь Ц.Э манай гэрийн баруун урд талд байх хогийн поошигний ойролцоо доошоо харчихсан хэвтэж байсан. С.Э, Ц.Э-аас нилээн зайтай баруун талд нь зогсож байсан.
Намайг гэрээс гараад ирэхээр С.Э намайг явъя гэж хэлээд бид хоёр манай хүргэн ахынх руу явж байгаад очилгүй буцаад ирсэн. Бид хоёрыг буцаад ирсэн чинь Ц.Ээхнэрийнхээ хамт манай гэрийн гадаа ирээд удаагүй байхад цагдаагийн ахмад Б ирээд юу болсон талаар бид нарын дунд Ц.Э-аас амаар асуухад Ц.Э намайг С.Э зодсон гэж хэлж байгаа сонсогдсон. Тэгээд бид нарыг цагдаагийн машинд суулгаж ирээд согтолт шалгаад эрүүлжүүлэх байранд хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/
1.6. Гэрч Т.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 13 цаг өнгөрч байхад би гэртээ цайндаа ирчихээд ажилдаа явах гээд буцаад гарч байсан чинь манай хашааны том хаалга онгорхой байхад манай зүүн хашааны Ц.Э халамцуу нүүр амнаас нь цус гарчихсан орж ирээд намайг харснаа Уранбилэг даргаа нэг пизда цохичихлоо гээд амаа дараад хэлсэн. Яг тэр гэж нэр надад хэлээгүй би ч гэсэн чамайг хэн цохисон юм бэ гэж асуугаагүй. Надад энэ талаар нуусан хаасан зүйл байхгүй. Би тэгэхээр нь Ц.Э-т хандаад танай эхнэр С-ийн утасны дугаар нь хэд юм бэ гэж асуусан чинь надад Ц.Э эхнэрийнхээ утасны дугаарыг хэлж өгөхөөр би С рүү залгаад танай нөхөр чинь энд хүнд зодуулсан цус, нөж болсон энд манай хашаанд орж ирлээ гэж хэлсэн чинь С миний өөдөөс би гэртээ байна гэж хэлэхээр нь танай эхнэрт хэлчихлээ эхнэр чинь гэртээ байна гэж хэлсэн чинь Ц.Энхбаатар манай хашаанаас гараад хашааны урдуур тойроод гэр лүүгээ ганцаараа алхаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
1.7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 109 дугаартай дүгнэлтэд:
- Ц.Э-ын биед баруун дээд 1,2-р шүд, зүүн дээд 1,2-р шүд, баруун доод 1,2-р шүдний уналт, буйлны цус хуралт, дээд доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2018.04.11-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.2-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Баруун дээд 1,2-р шүд, зүүн дээд 1,2-р шүд, баруун доод 1,2-р шүдний уналт гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 30% тогтонги алдагдуулна
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 24 дүгээр хуудас/
1.8. Шинжээч эмч Л.Жаргалтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 04 сарын 12-нд Ц.Энхбаатарын биед үзлэг хийхэд баруун дээд 1,2-р шүд, зүүн дээд 1,2-р шүд, баруун доод 1,2-р шүдний уналт, буйлны цус хуралт, дээд доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл учирсан байсан. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун дээд 1,2-р шүд, зүүн дээд 1,2-р шүд, баруун доод 1,2-р шүдний уналт гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 30% тогтонги алдагдуулна. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан.
2018 оны 04 дүгээр сарын 12-нд Ц.Э-ыг үзэхэд дээд үүдэн 4 шүд унасан, баруун доод 1,2-р шүд сул ганхаж байсан. Бүх чиглэлд ганхаж унах нь тодорхой болсон шүдийг унасан гэж тооцдог. Иймээс 6 шүдний уналт гэж үзсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/
1.9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокуророос шүүгдэгч С.Э-ын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч С.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч С.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:
2.1. Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
С.Э нь зан байдлын хувьд даруухан, хүнтэй нээх хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Архи уухаараа зан авир нь их хартай, намайг хүмүүстэй их харддаг байсан. Архи уухаараа их агсам зантай. Цочмог ууртай юм. С.Э архи уухаараа манайхныг хэл амаар их доромжилдог. Би энэ байдлыг нь ах дүү нартаа хэлээд байдаггүй. С.Э урд нь Д Б-тай харилцан зодолдоод харилцан бие биедээ гэмтэл учруулаад шүүхээр орж 250 цагийн албадан ажил хийх ялаар шийтгүүлээд, ажил хийх цагаа дуусгалгүй шүүхээр орж баривчлах ялаар солиулаад суугаад гарсан. Энэ хэргээ намайг үйлдсэн гэж ярьж байна гэж би дуулсан. Энэ талаар Б юу болсон талаар өөрөө сайн мэдэж байгаа. Д.Б бид хоёрын дунд ямар нэгэн асуудал огт байхгүй. С.Э миний өмнөөс хэрэг даагаад /үүрээд/ ял авсан гэж гадуур ярьж байна гэж би сонссон. Яг хэнээс сонссон гэдгээ сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/
2.2. Гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Миний ах С.Э нь хүний үгээр, дуу муутай, төлөв даруу зантай. Нэг муу зан нь архи уудаг. Архи уугаад ямар нэгэн агсам согтуу авир байхгүй. Архи уугаад согтохоороо тэр газраа унтаад өгдөг зантай. С.Э ах эрхэлсэн тодорхой ажилгүй, сарын цалин орлого байхгүй. Манай ах С.Э хорих 0425 дугаар ангид 2003 оноос 2010 он хүртэл хянагчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр халагдсан.
Миний ах С.Э О.Б-тай хоёр жил орчимын өмнөөс ирэн очин хамтран амьдарч байгаа. Энэ хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа хүүхэдгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
2.3. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2017/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-43 дугаар хуудас/
2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/ХМШЗ/26 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 53-54 дүгээр хуудас/
2.5. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэлүүд /хх-ийн 7-9 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч Б.Батчимэг нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь торгох ялтай, сонгох санкцитай гэмт хэрэг юм. Иймээс шүүгдэгч С.Э-ын бие эрүүл мэнд болон хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хамжээний төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Шүүгдэгч С.Э урьд нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2017/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа биелүүлээгүй шалтгаангүйгээр ажил тасалж, улмаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/ХМШЗ/26 дугаартай захирамжаар түүний биелэгдээгүй 118 /нэг зуун арван найм/ цагийн хугацаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялыг 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар тооцож сольж байсан байна.
Мөн шүүгдэгч С.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй байгаа зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүхээс үзлээ.
Иймд шүүгдэгч С.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурьдлаа.
Хохирогч Ц.Э нь эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны төлбөр гэж нийт 1 850 000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч С.Э-аас нэхэмжилсэн байна. Хохирогч С.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан талаархи баримтаа шүүхэд ирүүлсэн бөгөөд уг баримтаар тогтоогдсон 774 563 /долоон зуун далан дөрвөн мянга таван зуун жаран гурав/ төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-аас гаргуулж хохирогч Ц.Э-т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Э-ын нэхэмжилсэн 1 850 000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгөөс 1 075 437 /нэг сая далан таван мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийн баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Хохирогч Ц.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хардал овогт С Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Энхбаатарын нэхэмжилсэн 1 850 000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгөөс 1 075 437 /нэг сая далан таван мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.- аас 774 563 /долоон зуун далан дөрвөн мянга таван зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Э-т олгосугай.
7. Хохирогч Ц.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ