Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/61

 

 

 

 

 

 

 

 

 2025 оны 11 сарын  11                                                2025/ДШМ/61                       

 

 

Л.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

                                                   Прокурор Б.Буяндалай,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал /цахимаар/,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат /цахимаар/,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох,

        Шүүгдэгч Л.А ,  

        Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/129 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Л.А-д холбогдох эрүүгийн 2427000500136 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Л.А

Л.А нь Өвөрхангай аймгийн Б сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Н.З-ийн шинжээч томилсон тогтоолын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж баталгаа гаргасны дараа Б.Г-ын биед шинжилгээ хийн “гэмтэл тогтоогдсонгүй” гэж 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 80 дугаар дүгнэлтийг зориуд худал гаргасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Л.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1-т заасан “шинжээч шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шор овогт Л.А-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дуустал хадгалахаар, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт түүний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдан, цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор В.Батдэлгэр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Эрүүгийн 2427000500136 дугаартай Л.А-д холбогдох хэрэгт хяналтын прокурор Д.Алимаа яллах дүгнэлт үйлдэн, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/129 дүгээр цагаатгах тогтоолоор тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Л.А-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэжээ. Цагаатгах тогтоолыг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан. Гэтэл шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ёстой байтал мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхгүйгээр, зөвхөн яллагдагч Л.А болон түүний өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд оролцсон гэрч С.Д , шинжээч эмч Б.Г  нарын шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Тухайлбал, гэрч С.Д-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс агуулгын хувьд илтэд зөрүүтэй байхад анхан шатны шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгохдоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа огт дүгнээгүй байна.

Түүнчлэн прокуророос яллах талын нотлох баримт болгож шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлахаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан /шийтгэх тогтоолын 2-4 дүгээр хуудас/ гэрч Ж.Г-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 дугаар хуу/, гэрч Э.Б-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 дүгээр хуу/, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 327 дугаартай дүгнэлт, /1-р хх-ийн 144-145 дугаар хуу/, шинжээч томилсон тогтоол /1-р хх-ийн 91-92 дугаар хуу/, шинжээч эмчийн 80 дугаартай дүгнэлт, /1-р хх-ийн 93-94 дүгээр хуу/, цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 103-111 дүгээр хуу/, Л.А-гийн албан тушаалд томилогдсон тушаал, албан тушаалын тодорхойлолт /2-р хх-ийн 51-59 дүгээр хуу/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 102-114 дүгээр хуу/, эд мөрийн баримтаар 9 минут 15 секундын бичлэг бүхий Сиди-г хэрэгт хавсаргасан талаарх баримтууд /2-р хх-ийн 165-168 дугаар хуу/ зэрэг нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй орхигдуулж зөвхөн шүүх хуралдааны явцад гэрч С.Д, шинжээч эмч Б.Г нарын өгсөн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон Хархорин сумын шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч Л.А нь дүгнэлт гаргах хугацаандаа Б.Г-ыг Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасгийн эмч Ж.Н-д үзүүлсэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн рентген техникч ажилтай Ж.Г-ээр хөлийн рентген зургийг авхуулахад Б.Г нь “зүүн хөлийн эрхий хурууны 2 дугаар үе дайрсан хугарал" гэж оношлогдсон талаар баттай сайн мэдэж байсан бөгөөд техникч Ж.Г-ээс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн [email protected] хаягаар Б.Г-ын рентген зургийг авсан, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн их эмч Э.Баасансүрэнд хандан удаа дараа "Б.Г-ын үзлэгийг хөнгөн байдлаар, гэмтэлгүй гэдэг байдлаар гаргаад өгөх боломж байна уу ...хохирогч, холбогдогч хоорондоо тохиролцсон, гэмтэлгүй гаргаад өгөх талаас нь туслах боломж байна уу" гэж хэлж, гуйсан төдийгүй эмч Э.Б-гээс мөн өөрийн и-мэйл хаягаар Б.Г-ын  рентген зургийг авсан зэрэг үйл баримт, түүнтэй холбоотой нотлох баримтууд нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, цагаатгах тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүх шийдвэр гаргахдаа дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, улсын яллагчийн дүгнэлтийн үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй орхигдуулж, яллах талын баримтуудыг үгүйсгэж няцаагаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд нотолбол зохих байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад” нотолно гэж заасан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан эдгээр нотлох баримтуудад ямар ч дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/129 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх яллагдагч Л.А-д холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүх өөрөө үйл баримтыг тогтоож гэмт хэрэг мөн, биш гэсэн дүгнэлт хийх ёстой байдаг. Мөн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд ямар үйл баримт болсон талаар дүгнэсэн дүгнэлт байхгүй. Эсрэгээрээ гэрч Г, Б, С.Д, Б.Г нарын мэдүүлэг болон 327 дугаартай дүгнэлт, яллагдагчийн 80 дугаартай дүгнэлт, цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, 15 минутын CD-ний бичлэг зэргээр зориуд худал дүгнэлт гаргасан болох нь тогтоогддог. Шүүгдэгч тал шинжээчийн 80 дугаартай дүгнэлт болон сүүлд гаргасан дүгнэлттэй маргадаггүй. Анхан шатны шүүх зориуд худал дүгнэлт гаргасан гэдэгт дүгнэлт хийгээгүй. Дээрх дурдсан баримтууд болон прокурорын эсэргүүцэлд дурдсан шүүхийн хэлэлцүүлгийн шатанд авагдсан баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нотлогдож байна. С.Д гэдэг хүний гэрчээр өгсөн мэдүүлэг худал болох нь эд мөрийн баримтаар тооцсон бичлэгээр тогтоогдож байна. Уг бичлэгт бичлэг хийж байгаа нь харагддаг. Анхан шатны шүүх үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт болох гэрч Б.Г-ын мэдүүлэг байгаа. Гэтэл үүнд дүгнэлт хийж харьцуулсан зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тухайн бичлэгийг нээж үзэж чадаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг өөрсдийн буруугаас болж шалгаж авч чадаагүй, шинжилж үзэж чадаагүй орхисон нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Гэрч Э.Б-гийн мэдүүлэгт яллагдагч над руу ярьж дүгнэлтийг хөнгөн байдлаар гаргаж өгөөч гэсэн байдаг. Гэрэл гэдэг хүн үзүүлэгчийн рентген зургийг майл хаягаар хүргүүлсэн байдаг. Үзүүлэгчийг аймагт үзүүлэхэд хөл гарын хуруу хугарсан байна гэсэн. Тухайн хүний биед гэмтэл гарсан байж болзошгүй гэсэн байна. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй үйлдэл болон бичлэгт байгаа ярианы бичлэгээр тодорхой тогтоогдож байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/129 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн бүхий л баримтыг шинжлэн судалж анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргасан. Шүүгдэгчийг зориуд худал дүгнэлт гаргаж бусдад давуу байдал олгосон гэснийг гэмт хэргийн шинжгүй гэж тогтоосон. Шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан гэдэг нь шинжээч томилсон этгээд болон шинжээчийн дүгнэлт мэдлэг чадвар зэрэг олон нөхцөл байдлаас хамаардаг тодорхой үүрэг болгосон зохицуулсан байдаг. Үзүүлэгч бүхий л баримтыг өөрөө өгөх үүрэгтэй. Үзүүлэгч энэ үүргээ биелүүлээгүй зөвхөн тогтоолоо өгөөд явсан байдаг. Шинжээч эмч үзүүлэгчийг материалаа ирүүлэхийг шаардсан. Шинжээч томилсон этгээд хохирогчийн баримтыг шинжээчид өгөх ёстой. Гэтэл Л.А эмчид шинжилгээ хийлгэхээс өмнө үзүүлэгч Гантулгын баримтыг авчирч өгөөгүй. Л.А эмч зургийг майл хаягаараа авсан үйл баримт тогтоогддог. Тэр зурагт гэмтлийн хугаралтай гэсэн дүгнэлт гарсан. Давтан шинжилгээ хийлгэсэн эмч нар хэргийн гол асуудал бол хугарлыг хэн хараад мэдэх нь өөр асуудал ба хугаралтай хугаралгүйг тогтоох боломжтой байна. Харин рентген зургийг хараад хугарал тогтоогдохгүй байна гээд СD-г явуул гэсэн байна. Ингээд СD-г харж хүнд гэмтэл гаргасан байгаа. Анхнаасаа Л.А эмч үүргээ биелүүлээгүй хэрэгт авагдсан баримтаар зориуд худал дүгнэлт гаргах сэдэл байгаагүй. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэж цагаатгах тогтоол гаргасан. Орон нутагт шүүх шинжилгээний байгууллагад рентгены шинжээч эмч байдаггүй. Орон нутагт тийм дүгнэлт гаргах бололцоо байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч Г-ийг шүүх хуралдаанд оролцуулсан. Дүгнэлтдээ тусгасан зүйл нь бичлэгийг авчирч дүрс оношилгооны дүгнэлт гаргуулсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын гол зүйл нь С.Д,  Б.Г-ын баримтыг өгөөгүй гэдгээ хэлсэн. Бусад нотлох баримттай харьцуулан үзсэн байдаг. Хэрэв Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй нөхцөл байдал байвал яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт байгаа. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны үндэслэлтэй Л.А гийн гаргасан дүгнэлт нь өөр дүгнэлттэй таарахгүй өөр байгаа нь худал дүгнэлт гэж үзэх боломжгүй юм. Дүгнэлтдээ туршлага дутаж зарим зүйлийг дутуу тусгасан нь зориуд худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/129 дугаартай цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхны шинжилгээний хариу болон давтан шинжилгээний хариу зөрдөггүй. Анхны шинжээчийн дүгнэлт буруу байна гэдэг нь санаатай дүгнэлт гаргасан гэсэн зүйл биш юм. С.Д-ын мэдүүлэг болон CD-ний бичлэгтэй холбоотой асуудлыг ярьдаг. Авлигатай тэмцэх газраас шалган тогтоосон байгаа. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/129 дугаартай цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Прокурор анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд CD-ний бичлэгийг ажиллуулж чадаагүй гэж байна. Харин прокурор өөрөө татгалзсан асуудал байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь үйлдлийг санаатайгаар үйлдээгүй гэдэг нь шинжээч эмчийн тайлбараар нотлогддог.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/129 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Л.А-д үзүүлэгчийн ямар нэгэн бичиг баримт ирээгүй. Шинжээч эмч дүгнэлтээ гаргахын тулд цагдаагийн албан хаагч З-ээс баримтыг шаардсан байдаг. Гэтэл ямар нэгэн баримт бичиг ирээгүй. Мөн С.Д ч баримт авчирч өгөөгүй. Гантулга ч гэсэн баримт авчирч өгөөгүй байгаа. Харин Л.А Гэрэл гэдэг хүнээс рентгений зургийг mail хаягаар авч дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахад гарт нь барих баримт байхгүй байсан. Иймд Л.А-г худал дүгнэлт гаргасан гэж дүгнэх боломжгүй.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/129 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Л.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зориуд худал мэдүүлэг гаргаагүй. Үзүүлэгч гэмтэлгүй юм шиг ярьж байсан. Би үзүүлэгчээс нэмэлт баримтыг шаардахад ирүүлээгүй байгаа. Өөр хэлэх зүйлгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, цагаатгах тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхэд дээд шатны прокуророос ... анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхгүйгээр, зөвхөн яллагдагч Л.А болон түүний өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд оролцсон гэрч С.Д , шинжээч эмч Б.Г  нарын шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Гэрч С.Д-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс агуулгын хувьд илтэд зөрүүтэй байхад анхан шатны шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгохдоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа огт дүгнээгүй. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.  

Давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь: Цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн, мөн прокурорын эсэргүүцэлд дурдсан гэрчийн мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад мэдүүлгийн нэгийг нь авахдаа нөгөөг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй буюу цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/129 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.А д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/129 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Л.А-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ЭНХМАА

           ШҮҮГЧИД                             Л.НЯМДОРЖ

              Б.ЦЭРЭНПҮРЭВ