2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2026/00169

 

 

 

 

 

 

 

 

2025 12 30

192/ШШ2026/00169

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 33 байр, 43 тоот хаягт оршин суух, **** /РД:****/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ****ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ****нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

...Нэхэмжлэгч ****миний бие нь анх 1998 оны 7 дугаар сард өөрийн нөхөр болох ****тай танилцаж, улмаар 1999 оны 3 дугаар сард айлын хажуу өрөө хөлсөлж тусдаа гарч хамтран амьдарч байсан. Ингээд амьдарч байх хугацаанд бидний дундаас 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдөр том охин буюу **** 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дунд охин болох ***, 2012 оны 06 дугаар сарын 22-ны бага хүү болох **** нар тус тус хорвоод мэндэлсэн болно. Бид хоёр 2002 онд хашаа авч гэрт амьдарч байсан ба 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд одооогийн өргөдөл гаргагчийн хаяг дээр хамтран амьдарч ирсэн. **** нь хамтран амьдарч байх хугацаанд хөдөө орон нутагт ажлаар явлаа гэж олон хоногоор явдаг байсан бөгөөд энэ нь улам даамжраад сүүлдээ баяр ёслолын өдрөөр л гэртээ ирдэг болсон байдаг. Ингэж явсаар 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ирж 1 хоноод буцаад явсан ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл огт гэртээ ирээгүй, утсаар ч ярихгүй байдаг. Сураг сонсоход Дорнод аймгийн 10 жилд хамт байсан гэх нэгэн эмэгтэйтээ уулзаж, улмаар хамтран амьдарч байгаа гэдгийг мэдсэн ба 1 жилийн өмнө өөрийнхөө ээжтэй танилцуулахаар гэртээ хүртэл дагуулж ирсэнийгээ сүүлд энэ тухайгаа өөрөө ч надад хэлсэн. Тэр 10 жилийн эмэгтэйтээ хамтран амьдарч байгаа талаар ****ын төрсөн дүү Эрдэнэсувд нь хүртэл надад хэлж мэдэгдсэн байдаг. **** нь гэр бүлээс гадуур харилцаатай болоод 4 жил гаран болж байгаа юм. Иймийн учир нь ****миний бие дахин түүнтэй хамтран амьдрах ямар ч хүсэл сонирхолгүй болсон байдаг ба өнөөдрийг хүртэл хүртэл 3 хүүхдээ өөрөө өсгөн хүмүүмжүүлж байгаа бөгөөд ****ын зүгээс өөрийн санаачлагаар ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй явж ирсэн. Нэхэмжлэгч миний бие хариуцагчаас хүүхдийн тэтгэмжийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иймд хариуцагч **** хаана оршин сууж байгаа, ямар хөдөлмөр эрхэлж байгаа нь тодорхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу энэхүү хүсэлтийг гаргаж байгаа тул мөн хуулийн 155-р зүйлийн 155.3 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах захирамжийг гаргаж өгнө үү гэжээ.

 

1.    Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ****гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасан шаардлагад нийцэж байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд **** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдоно.

 

4. **** нь Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуут****тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/50997 дугаартай хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар тус тус хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл нотлогдож байна гэж үзэв.

 

5. Иймээс хариуцагч ****ын хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгаж, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасантай нийцэх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан **** /РД:*****/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ****ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ