Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 330

 

 

 

 

 

 

                                                

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

 улсын яллагч Б.Баярхүү,

 шүүгдэгч С.Н,

 нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810 0141 60389 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.Н нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20:30 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос-Өргөө” хотхоны 29Б байрны 12 давхараас “унтуулсангүй” гэх шалтгаанаар архины шил шидэж, уг байрны гадна байсан “И А” компанийн эзэмшлийн 39-25 УНУ улсын дугаартай Кран машины шилийг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх, шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1.  Шүүгдэгч С.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Надад хэргийн үйл баримт болон гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би “М-И” ХХК-д ажилдаг, сарын 1.000.000 төгрөгийн цалинтай. Би гэртээ ганцаараа амьдардаг. Хэрэг 6 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед болсон. Манай гэрийн хажууд барилгын ажил явагдаад чимээ шуугиан их гараад амраахгүй байхаар нь барилгын ажлыг эсэргүүцэж архины шил шидсэн. Миний шидсэн архи шил манай гэрт байсан. Би хэрэг болсноос 10 хоногийн дараа хохирогчид 840.000 төгрөг төлсөн. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул торгох ялын доод хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг төлөх боломжит хугацаа тогтоож өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

Эрүүгийн 1810 0141 60389 дугаартай хэргээс:

 

           1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 9-14х/,      

2. “И А” ХХК-ийг төлөөлж Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн:

“...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр намайг гадуур ажилтай явж байхад манай ажлын газрын Б залгаад “барилга дээр ажил хийж байсан Краны шил хагалчихлаа” гэж хэлэхээр нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Х-Ө хотхоны баруун талд баригдаж байгаа барилгын гадна очиход манай байгууллагын 39-25 УНУ улсын дугаартай автокраны урд салхины шил рүү хажуу талын байрны 12 давхараас архины шил шидэж хагалсан байсан.

Тухайн үед барилга дээр өрлөг хийж байсан залуу 12 давхараас шил шидсэнийг харсан байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдээд цагдаа нарыг ирэхээр нь 29Б байрны 12 давхарын 79 тоот руу хамт ороход 50 гаруй насны эрэгтэй хүн гэртээ ганцаараа, нилээн согтуу байдалтай унтаж байсан. Цагдаа нар тэр хүнтэй уулзаж ярилцахад “унтах гэсэн чинь унтуулахгүй, гадаа барилгын ажил хийгээд машин дугараад байхаар нь архины шил шидсэн” гэдгээ хэлж байсан. Тэгээд цагдаа нар тэр хүнийг дагуулаад явсан.

Манай байгууллагын автокраны сэлбэг захиалгын хамтарч ажилладаг байгууллага дээр очиж уулзахад “салхины шил нь бэлэн байхгүй БНХАУ-аас захиалгаар авч ирнэ, автокраны урд салхины шилний үндсэн үнэ нь 900.000 төгрөг ба суурилуулж өгөх ажлын хөлс 150.000 төгрөг нийт 1.050.000 төгрөг” гэж байсан.

Үнэлгээний газраар үнэлүүлэхэд шилийг 720.000 төгрөг, ажлын хөлсийг 120.000 төгрөг нийт 840.000 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан байна. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулаад авчихвал ямар нэг санал гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/,

 

3. Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20:00 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Хос-Өргөө хотхоны баруун талд баригдаж байгаа орон сууцны барилгын хашаанд өөрийн ажилладаг “И А” ХХК-ийн байгаа эзэмшлийн 39-25 УНУ улсын дугаартай автокранаар ажлаа хийж байхад хамт ажиллаж байсан хүн “машины чинь салхины шилэн дээр архины шил унаад хагалчихлаа” гэхээр нь очоод харахад 0,5 граммын Ерөөл архины шил газар хэвтэж байсан.

Миний машины салхины шилний баруун дээд хэсэгт хагараад цуурчихсан байсан. Надад хэлэхдээ “Хос-Өргөө хотхоны 12 давхараас цээж нүцгэн эрэгтэй хүн тагтан дээрээсээ архины шил шидсэн” гэсэн. Мөн “гараа зангидаж байгаад юм хэлээд байсан” гээд  гээд шил шидсэн тагтыг зааж өгсөн юм. Тэр даруй цагдаад дуудлага өгч цагдаа нарыг ирэхэд нь тагт байрлах тоотыг зааж өгөөд,  манай байгууллагын менежер Х хамт ороод согтуу байсан хүнийг цагдаа нар авч явсан гэсэн. Тэр хүн архины шил шидсэн гэдгээ хэлсэн гэсэн.

Барилгын өрлөгийн бригадын хүн харсан байсан. Тэр хүмүүс ажлаа хийгээд дуусгачихсан болохоор одоо ажиллахгүй байгаа. Тэр хүний нэр, утасны дугаарыг мэдэхгүй байна. Манай байгууллага архины шил шидсэн хүнээс учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32х/,

 

4. Гэрч Г.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийн хооронд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүний мөрдөгчөөр 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Г овогтой Х-аас гаргасан “2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 20:30 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос-Өргөө хотхоны баруун талын баригдаж байгаа барилга дээр байсан авто кран дээр Хос-Өргөө хотхоны 29б байрны 12 давхарын дунд талын тагтан дээрээс архины шил шидэж, авто краны салхины шил хагалсан” гэх дуудлагын дагуу хэрэг учрал болсон гэх газарт очиж үзлэг хийсэн.

Үзлэг хийхэд тухайн барилга дээр ажиллаж байсан дуудлага өгсөн гэх ажилчин Х нь гэрийнх нь үүдэнд очоод гарах нь уу, үгүй юу гэдгийг нь хараад зогсож байгаа гэсний дагуу Хос-Өргөө хотхоны 29б байрны урд талын орцоор орж 12 давхарт гараад 79 тоотын хаалгыг тогшиход “өөрийгөө Н” гэж хэлсэн 60 орчим насны эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан.

Та яагаад шил тагтаараа шидэж байгаа юм бэ гэхэд “энэ барилгын ажил чинь хүн унтуулахгүй байна, би ядраад байна” гэхээр нь “та холбогдох байгууллагад хандахгүй, архины шил шидэж байгаад хүний дээр унавал яах юм бэ” гэхэд “хүн алчихаагүй бол болоо” гэсэн. Согтолтын зэрэг 0.76 хувь байсан тул Арцат-120 буюу эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан болно. Тухайн хүнийг архины шил шидэхийг барилга дээр ажиллаж байсан өрлөгийн ажилчин харсан байсан. Тэр хүн ... өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/,

 

            5. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд:

   “И А” ХХК-ийн эзэмшлийн Zoomlion JQZ20H маркийн 39-25 УНУ улсын дугаартай автомашины эвдэрсэн эд анги, зардлын нэр ...урд салхины шил хагарсан, техникийн эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон шууд зардлын дүн 720.000 төгрөг, шууд бус зардлын дүн 120.000 төгрөг, нийт дүн 840.000 төгрөг” гэсэн үнэлгээний дүгнэлт /хэргийн 18х/,

 

6. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримт /хэргийн 23х/,

 

7. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан “Ерөөл” 0.5 гр архины шилийг Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 24х/,

           

8. Шүүгдэгч С.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Асуух зүйл байхгүй. Би 1959 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, одоо 59 настай, бага насаа таван шард байрлах цэцэрлэгээр хүмүүжиж 1968 онд Ханын материалын үйлдвэрийн тэнд байрлах 9 дүгээр дунд сургуульд элсэн орж суралцаад 8 дугаар ангиа төгсөж, бүрэн бус дунд боловсрол эзэмшиж үргэлжлүүлэн 62 дугаар сургуульд суралцаад 1978 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Улмаар хуучнаар ЗХУ-ын Иркутски хотын Политехникийн сургуульд 1 жилийн хэлний бэлтгэлд суралцаад, 1979-1985 оны хооронд Киевт механик инженерийн мэргэжил эзэмшээд, 1985-1994 оны хооронд Түлш эрчим хүнчий яамны Эрчим хүчний засварын газарт засварчин, мастер, зохион бүтээгч инженер, Зохион бүтээх технологийн газрын даргаар, 1994-1995 оны хооронд ДЦС-4-т засвар зохицуулалтын албанд зуухны засварын инженерээр, 1995-1999 он хүртэл Эрчим хүний удирдах газрын дулааны албанд зохион бүтээгч-инженерээр томилогдон ажиллаж байгаад 1999-2003 оны хооронд “МЭС” ХХК-д зохион бүтээгч инженерээр, 2011-2013 оны хооронд “Амора интернэйшнл” ХХК-д утаагүй түлшний үйлдвэрийн зохион бүтээгчээр, 2013-2015 оны хооронд “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнд” төслийн инженерээр, 2015-2017 онд “Эрчим дөл” ХХК-д инженерээр ажиллаж байсан. 2017 оны 10 дугаар сараас хойш “М И” ХХК-д зохион бүтээгч инженерээр одоог хүртэл ажиллаж байна.

Би гэр бүлийн хувьд Т гэдэг хүнтэй 1989 онд гэр бүл болж дундаасаа 1990 онд Н гэдэг охинтой болсон. Одоо тус тусдаа амьдарч байгаа. Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос-Өргөө хотхоны 29б байр 79 тоотод ганцаараа амьдардаг.

Би 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байхад 18:00 цагийн үед манай хажуу талын орцонд байдаг Б гэж залуу гаднаас найзтайгаа орж ирэхдээ нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй архи авч орж ирсэн. Тэгээд бид гурвуулаа архиа хувааж уугаад бууз жигнэж идсэн. Би архи уугаад согтоод унтаад өгсөн байсан болохоор тэр хоёрыг хэзээ гарч явсаныг мэдээгүй. Тэгээд унтаж байхад гадаа их чимээ гараад, барилгын ажил явагдаад байсан болохоор олигтой унтаж чадахгүй сэрээд, тагтан дээр гарч тамхи татаад зогсож байхад доор автокран барилгын ажил хийгээд байж байхаар нь өдөр уусан архины шил тагтан дээр байсныг авч барилгын шороо руу шидчихээд буцаж ороод унтахаар хэвтсэн. Тэгтэл удалгүй хаалга тогшиход нь онгойлгоход цагдаа нар ирчихсэн “намайг архины шил шидэж, автокраны урд салхины шил хагалчихлаа” гэж хэлээд авч явсан.

Би тухайн үед архины шил шидсэнээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр машиныг онож гэмтэл учруулья гэж бодож шидээгүй, баригдаж байсан барилгын хажуу талын сул газар руу шидсэн боловч тэр машины шилийг оносон байна. Барилгын ажил явагдаад чимээ шуугиан их гараад амраахгүй байхаар нь барилгын ажлыг эсэргүүцэж архины шил шидсэн. Миний шидсэн архины шилнээс болж бусдын эд хөрөнгө гэмтсэн гэдгийг ойлгож ухамсарлаж байна. Би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Уг хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 45х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Н-н гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Н нь “чимээ шуугиан гаргаад унтуулсангүй” гэх шалтгаанаар 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20:30 цагийн үед өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Х-Ө” хотхоны 29Б байрны 12 дугаар давхар 79 тоотын тагтнаас архины шил шидсэнээс уг шил нь тус байрны гадна талд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байсан “И А” компанийн эзэмшлийн 39-25 УНУ улсын дугаартай автокраны урд салхины шилийг онож, хагалж гэмтээсэн болох нь:  

           - хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Х-ын: “...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр намайг гадуур ажилтай явж байхад манай ажлын газрын Б залгаад барилга дээр ажил хийж байсан Краны шил хагалчихлаа гэж хэлэхээр нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Х-Ө хотхоны баруун талд баригдаж байгаа барилгын гадна очиход манай байгууллагын 39-25 УНУ улсын дугаартай автокраны урд салхины шил рүү хажуу талын байрны 12 давхараас архины шил шидэж хагалсан байсан.

Тухайн үед барилга дээр өрлөг хийж байсан залуу 12 давхараас шил шидсэнийг харсан байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдээд, цагдаа нарыг ирэхээр нь 29Б байрны 12 давхарын 79 тоот руу хамт ороход 50 гаруй насны эрэгтэй хүн гэртээ ганцаараа нилээн согтуу байдалтай унтаж байсан. Тэгээд цагдаа нар тэр хүнтэй уулзаж ярилцахад “унтах гэсэн чинь унтуулахгүй гадаа барилгын ажил хийгээд машин дугараад байхаар нь архины шил шидсэн” гэдгээ хэлж байсан.” гэсэн мэдүүлэг,

- гэрч Т.Б-ын: “...хамт ажиллаж байсан хүн машины чинь шилэн дээр архины шил унаад хагалчихлаа гэхээр нь очоод харахад 0,5 граммын Ерөөл архины шил газар хэвтэж байсан. Миний машины салхины шилний баруун дээд хэсэгт хагараад цуурчихсан байсан. Надад хэлэхдээ Х-Ө хотхоны 12 давхараас цээж нүцгэн эрэгтэй хүн тагтан дээрээсээ архины шил шидсэн гэсэн. Гараа зангидаж байгаад юм хэлээд байсан гээд шил шидсэн тагтыг заасан. ... Цагдаа нар ирээд гэрт нь ороход тэр хүн архины шил шидсэн гэдгээ хэлж байсан. Манай байгууллага архины шил шидсэн хүнээс учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан.” гэсэн мэдүүлэг,

- гэрч Г.З-ын: “...хаалгыг тогшиход өөрийгөө Н гэж хэлсэн 60 орчим насны эрэгтэй согтуу хүн байсан. Та яагаад шил шидэж байгаа юм гэхэд энэ барилгын ажил чинь хүн унтуулахгүй байна, би ядраад байна гэхээр нь “та холбогдох байгууллагад хэлэхгүй, хүний дээр унавал яана” гэхэд “хүн алчихаагүй бол болоо” гэж байсан. Согтолтын зэрэг 0.76 хувь байсан” гэсэн мэдүүлэг,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 9-14х/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 24х/,

- "А Б” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлт /хэргийн 18х/,

- шүүгдэгч С.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 20:30 цагийн үед шүүгдэгч нь “унтуулж, амраасангүй” гэснээр шалтаглан өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо,  “Х-Ө” хотхоны 29Б байрны 12 дугаар давхар 79 тоотын тагтнаас архины шил шидсэнээс тус байрны гадна талд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байсан “И А” компанийн эзэмшлийн 39-25 УНУ улсын дугаартай автокраны урд салхины шилийг  хагалж гэмтээн бусдын эд хөрөнгөд 720.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлд Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.

 

Гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх болоцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг.   

 

Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдэгсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч С.Н-н гэмт үйлдлийн улмаас хохирогч “И А” компанийн эзэмшлийн 39-25 УНУ улсын дугаартай автокраны урд салхины шил хагарч гэмтсэн, уг хагарсан салхины шилийг 720.000 төгрөгөөр үнэлгээтэй болох нь хэрэгт авагдсан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг тогтоосон эрх бүхий мэргэшсэн үнэлгээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба “720.000” төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохиролд хамаарч байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж, мөн энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байа” гэж мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааж тодорхойлсон байна.  

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч С.Н-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.      

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх,  гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.  

 

 Шүүгдэгч С.Н-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч “И А” ХХК-д учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсан нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан “И А” ХХК-ийн тодорхойлолт болон хохирогчийн төлөөлөгч Г.Х-ын “...салхины шилийг хагалсан С.Н нь хохирлын 840.000 төгрөгийг барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй.” гэсэн хүсэлт /хэргийн 22х, 48х/ баримтаар тус тус нотлогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч С.Н-гээс гаргуулах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөргүй гэж дүгнэв.    

 

Шүүгдэгч С.Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 45х/ тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч С.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.

  

Шүүх, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ялын төрөл, хэмжээний дотор С.Н-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.     

 

Эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн төлөөлөгч Г.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шил 1 ширхэгийг зохих журмын дагуу устгахаар шийдвэрлэв.          

       

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. С.Н-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

 

5. Энэ хэрэгт С.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Х нь хохирол нөхөн төлөгдсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан С.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД