Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/01557

 

 

 

 

 

 

 

 

                                   М ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/01686 дугаар шийдвэртэй,М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г ХХК, Б.Цнарт холбогдох, 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ, хариуцагч Г ХХК-ийн төлөөлөгч Н.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  "Монкаротаж" ХХК гео физикийн хайгуулын судалгаа хийдэг байгууллага бөгөөд 1994 оноос хойш үйл ажиллагаагаа эрхэлж байгаа. 2000 он гарсны дараа ажлаа өргөтгөх зорилгоор барилгын тусгай зөвшөөрөл авч барилгын үйл ажиллагаа эрхлэх болсон. 2015 оны зун нэг танил хүнээр дамжуулж н.Гэрэлт-Од гэх эмэгтэй цэцэрлэгийн байшин нураах ажил олж өгнө гэж 60 000 000 төгрөг аваад алга болсон байдаг. Ингээд түүнийг хайж байх үед түүний найз гэх н.Цэцэгпүрэв гэдэг эмэгтэй ажил олж өгвөл н.Гэрэлт-Одод холбогдуулан гаргасан гомдлоо татаж авах уу гэхэд нь болох юм гэж хэлсэн байдаг. Ингээд н.Цэцэгпүрэв нь "Геоландер констракшн" ХХК нэртэй компани, түүний захирал гэх Б.Ц гэдэг хүнтэй танилцуулсан. Б.Ц нь тендерээр 4 багц ажил авсан, түүнийхээ нэгийг нь өгнө гэж хэлээд танайх тендерт бэлдэж материалуудаа өг гэсэн байдаг. Ингээд материалуудаа бэлдэж өгсөн. Гэтэл зургийн мөнгө хэрэгтэй байна гэсэн учраас "Геоландер констракшн" ХХК-ийн данс руу 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн Голомт банкны дансаар "Геоландер констракшн" ХХК-ийн 5000855146 гэсэн Хас банкны данс руу нь шилжүүлсэн. Ингээд 2016 оны 02 сард мөнгөний хэрэг байна гэсэн учраас Б.Цт 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Тендерт оруулж, ажил олж авч өгнө гэсэн Б.Ц нь 2016 оны 3 сар хүртэл ямар нэгэн сураггүй болсон. Тендер болсон эсэхийг Боловсролын яаманд хандаж асуухад 2016 оны 01 сарын 06-ны өдрөөр бүх материалуудаа аваад дуусчихсан танай "Монкаротаж" ХХК-аас ямар нэгэн бичиг баримт ирүүлээгүй гэж хэлсэн байдаг. Ингээд хуурч мэхлэгдсэн гэдгээ мэдээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан боловч хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа 6 сар өнгөрсөн учраас эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэдэг үндэслэлээр гомдлыг хүлээж авахаас татгалзсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Ц нь "Геоландер констракшн" ХХК-ийн захирал биш гэдэг нь тогтоогдсон учраас иргэн Б.Цаас 1 000 000 төгрөг, "Геоландер констракшн" ХХК-аас 5 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч "Геоландер констракшн" ХХК-ийн тайлбарт: "... Би хариуцагч Б.Ц гэдэг хүнтэй 2014 онд хамтарч ажиллахаар танилцсан. Цэцэрлэгийн байшин нураах ажлын газар шорооны ажилд хамтарч ажиллахаар компанийнхаа бүх бичиг баримтыг канондож Б.Цт өгсөн юм. Би "Монкаротаж" ХХК-ийг огт мэдэхгүй, түүний захирлыг ч танихгүй. Ямар үйл ажиллагаа явуулдаг талаар ч мэдэхгүй. 2015 онд манай компанийн данс руу яах аргагүй "Монкаротаж" ХХК-аас зургийн мөнгө гэж 5 000 000 төгрөг шилжүүлсэн байсан. Б.Ц данс руу чинь миний танил мөнгө хийсэн байгаа, яаралтай аваад өг гэсэн. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр 5 000 000 төгрөгийг би Б.Цт бэлнээр авч өгсөн. Энэ мөнгийг хэрхэн яаж зарцуулсан талаар огт мэдэхгүй. "Геоландер констракшн" ХХК нь миний компани бөгөөд Б.Ц гэдэг ажилтантай байгаагүй. Уг тендерт манай компани туслан гүйцэтгэгчээр л орох гэж байсан. Манай компани барилга барьж үзээгүй, зөвхөн газар шорооны ажил хийх гэж байсан. Б.Ц нь "Монкаротаж" ХХК мөн өөр хоёр компанийн нийт 15 000 000 төгрөгийг Боловсролын яаманд өгчихсөн гэж тайлбарлаад байгаа боловч өгсөн эсэхийг нь би мэдэхгүй. Компанийн дансаар мөнгө оруулж гаргасан нь миний алдаа болсон. 5 000 000 төгрөг нэмж авсан гэх 1 000 000 төгрөгийг бүгдийг нь хариуцагч Б.Ц захиран зарцуулсан. Тиймээс манай компаниас шаардаж байгаа 5 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Геоландер констракшн" ХХК-аас 5 000 000 төгрөг, хариуцагч Б.Цаас 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "Монкаротаж" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Геоландер констракшн" ХХК-аас 94 950 төгрөг, хариуцагч Б.Цаас 16 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч "Монкаротаж" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Цын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Энэ иргэний хэргийн хариуцагч Г ХХК-ийн захирал Н.Бат-Өлзий, Б.Ц нар нь Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас 2015 оны 02 дугаар сард зарласан сургууль цэцэрлэгийн барилгыг барих тендерийн ажилд оролцохоор барилга зураг төслийн материалыг бүрдүүлэн Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамд тушаасан.М ХХК-ийн санхүүгийн баримт дутуу байсан учраас  тендерээс хасагдсан. Тендерийн материалыг яамны архиваас авах хүсэлт гаргасан боловч  хариу өгөхгүй хүлээгдсээр шүүх хурал болсон. Бид яамнаас гарах архивын лавлагааг хүлээж байгаад шүүх хурлаас 10 минут хоцорсон учраас хуралд оролцуулаагүй. Шүүх 1.0 сая төгрөг төлөх шийдвэр гарсан нь үндэслэлгүй.М ХХК нь Б.Цт 1.0 сая төгрөг өгсөн ямар ч баримт байхгүй. Г ХХК нь 5.0 сая төгрөг дансаар хүлээн авсан боловч юунд зарцуулсан нь тодорхойгүй нотолгоо байхгүй. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас лавлагаа авч тооцоог нотлох ёстой байсан. Уг төслийн асуудал 2015 оны 02 дугаар сард болж өнгөрсөн. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусч 4 жил өнгөрөөд байхад иргэний хэргийн анхан шатны шүүх энэ заалтыг харалгүй шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчсөн шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Би 5 000 000 төгрөгийг захиран зарцуулаагүй. Дээрхи мөнгийг Б.Ц гэх хүнд бэлнээр гаргаж өгсөн. Б.Цтай 2014-2015 онд барилга буулгах газар шорооны ажил олж өгнө гэж танилцаж, "100 айлын барилга буулгах ажил авч өгнө" гэснээр манай компани танилцуулга болон албан бичиг баримтаа хуулбарлаж хувилж өгсөн. Б.Ц манай компанид ажилладаггүй. Би "Монкаротаж" ХХК-ийн захирал болон ямар нэгэн албан тушаалтныг танихгүй, огт уулзаж байгаагүй, ажил төрлийн хамтран ажиллах санал тавьж байгаагүй, албан ёсны гэрээ хийгээгүй. Б.Ц гэх хүн манай 2 компанид ажил өгч хамтран ажиллах талаар ярьж байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргаан бүхий үйл баримтад хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

           НэхэмжлэгчМ ХХК нь хариуцагч Г ХХК-аас 5 000 000 төгрөг, хариуцагч Б.Цаас 1 000 000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг  хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Г ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагч Г ХХК-ийн Хас банкны 5000855146 тоот дансанд “барилгын зураг болон төсвийн үнэ” гэх утгаар 5 000 000 төгрөг шилжүүлсэн баримт хэргийн 4 дүгээр талд авагдсан байх ба шүүх зохигчдын тайлбар болон төлбөрийн баримтыг харьцуулан дүгнэж талуудын хооронд үүрэг үүсээгүй, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч Г ХХК “Б.Ц гэдэг хүнтэй 2015 онд 100 айлын барилга буулгах ажил авч өгнө гэснээр танилцаж барилга нураалтын тендерт оролцоход шаардлагатай компанийн бичиг баримтыг хувилж тендерт бэлэн болгосон. Энэ явцадМ ХХК-аас 5 000 000 төгрөг манай компанийн дансанд орсныг Б.Цт бэлнээр авч өгсөн” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Хариуцагч Б.Цт холбогдох нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов. 

  Нэхэмжлэгчийн “захирал Цогоо нь түр мөнгөний хэрэг гараад байна ажил бүтэхээр өгье гээд бэлнээр 1 000 000 төгрөг авсан” гэх тайлбараар талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн байж болох боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан. Хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчид уг мөнгөн дүнг хүлээлгэн өгсөн, шилжүүлсэн баримтгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй.

Нэхэмжлэгч тухайн маргаантай асуудлаар Цагдаагийн байгууллагад хандаж байсан нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3375 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолоор нотлогдож байх тул хөөн хэлэлцэх хугацааны  талаар гаргасан гомдол үндэслэлгүй, хариуцагч Г ХХК нь тухайн хөрөнгийг шилжүүлсэн гэх этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэ магадлал саад болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/01686 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г ХХК-аас 5 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчМ ХХК-д олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Цт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

2 дахь заалтыг “хариуцагч Г ХХК-аас 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчМ ХХК-д олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Цын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                А.МӨНХЗУЛ