Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 331

 

 

 

 

                                    

 

                                                

 

 

                                    

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Н.Нарангэрэл,

шүүгдэгч Э.М,

нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810013160390 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Э.М нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн 68 дугаар байрны гадна байсан иргэн Б.Х-ын эзэмшлийн 53-22 УНВ улсын дугаартай Хонда Фит загварын автомашиныг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                             

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.  

 

1.  Шүүгдэгч Э.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. 2015 онд Буянт-Ухаа зах дээр би хохирогчтой хамт утас засвар ажиллуулдаг байсан. 2018 оны 05 сарын 22-ны өдрийн өглөө нь би Б ахынд очоод сууж байхад Х ах орж ирээд машин угаагаад өгчих гээд 3.000 төгрөг өгсөн. Би зөвшөөрч машиныг нь угааж, гэрт нь хүргэж өгөөд түлхүүрийг нь эхнэрт нь хүлээлгэж өгсөн. Тэгээд гэртээ хариад байж байхдаа төм аймагт байдаг эмээгийндээ очмоор санагдаад, бас машин унамаар санагдаад байсан учир Х ахын гэрт очиход эхнэр байхгүй, хүүхэд нь байсан тэгээд хүүхдээс нь аавынх нь машины түлхүүрийг асууж аваад, найзынхаа хамт Төв аймаг явж, эмээгийндээ очоод буцаад шөнөдөө хотод ирж, байрных нь гадаа зогсоолд машиныг нь байрлуулсан. Би хохирогчид автомашиныг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн.

Тэр хооронд асуудал үүссэн байсан. Би жолооны үнэмлэхтэй, тухайн үед машин  баримаар санагдаад Х ахын машиныг унаад явчихсан юм. Өөр санаа зорилго байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1810 0131 60390 дугаартай хэргээс:

 

1. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-8х/,

 

2. Хохирогч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2018 оны 05 сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 53-22 УНВ улсын дугаартай Хонда Фит загварын автомашиныг өөрийн найз Б-ын ажлын гадаа буюу Нисэхийн байранд байх утас засварын гадаа үлдээсэн юм. Тэр үед би Б-ын ажил дээр хааяа ирдэг зүс таних залуу болох М байсан ба би түүнд 3000 төгрөг өгөөд ахынхаа машиныг угаагаад өг гэж хэлээд мөн угааж дуусаад гэрт түлхүүр оруулаад өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд би өөрөө ажил руу өөр машинаар явсан. Тэгээд орой 22:00 цагийн үед гэртээ ирээд эхнэрээс “машины түлхүүр хаана байна” гэж асуухад “байхгүй, өдөр намайг эзгүй байхад охиноос М ирээд аваад явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь М-ын утас луу залгахад утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд би М-ын гэрт нь очиход гэртээ байхгүй, ээж нь хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлсэн тул шууд Цагдаагийн байгууллагад хандсан. Би тээврийн хэрэгслээ олсон. М унаж явж байгаад 2018 оны 05 сарын 23-ны шөнө 03 цагийн орчим манай гэрийн гадаа миний машиныг түлхүүрийг нь дотор нь үлдээгээд орхисон байсан. Миний машины арын гуперны түгжээ салсан байсан ба М өөрөө засаад өгсөн. Одоо машинтай холбоотой санал хүсэлт байхгүй. М надад хохирлын мөнгө гэж 350.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... Би 2018 оны 05 сарын 23, 24-ний өдрүүдэд цагдаагийн байгууллагаар яваад ажлаа хийж чадаагүй ба өдрийн 160.000 төгрөгийн орлого олох байсан. Тэгээд ажлын 2 өдрийн мөнгө гэж 320.000 төгрөг, мөн бензиний мөнгө гэж 30.000 төгрөг, нийт 350.000 төгрөгийг авсан. Би шүүх хуралд суухгүй. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12х/,

 

3. Гэрч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 05 сарын 22-ны өдөр 15:00 цагийн орчим намайг гэртээ байхад зүс танидаг М гэж залуу манай нөхрийн машины түлхүүрийг авчирч өгсөн. М надад түлхүүр өгөхдөө “машиныг байрны гадаа тавьсан шүү” гэж хэлж байсан. Тэгээд би 16:00 цаг өнгөрч байхад ажил гараад гэрээсээ гарахад том охин Ц /6 нас/, хүү Ц /2 нас/ нар гэртээ үлдсэн юм. Намайг явсны дараа манай ээж гэрт ирж хүүхдүүдийг аваад гэрлүүгээ явсан байсан. Тэгээд би 19:00 цагийн орчим ээжийн гэрт очиж хүүхдүүдээ аваад гэрлүүгээ явж байхад манай охин Ц надад “аавын машины түлхүүрийг аавын найз нь аваад явчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар найз гэж асуухад өдөр гэрт түлхүүр авчирч өгсөн ах таныг явсаны дараа ирээд аавынхаа машины түлхүүрийг өгчих гээд би түлхүүр өгсөн гэж хэлсэн. Тэгээд би орой нөхөртөө “машиныг чинь хүн аваад явчихсан юм биш үү” гэж хэлэхэд “би хэнд ч машин өгөөгүй” гэж хэлээд гараад явсан.

Би М-ыг урд өмнө 3 удаа харж байсан. Манай гэрт цагаан сараар нэг удаа орж ирж байсан. Би түүнийг сайн танихгүй. М урд өмнө манай машиныг авч явж байгаагүй. Манай нөхөр машинаа хүнд хамаагүй өгдөггүй юм. Намайг гэртээ байхгүй байхад М манай 6 настай охинд худлаа яриад машин аваад явсан байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18х/,

 

4. Гэрч Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Э.М миний том хүү юм. 1997 оны 03 сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн. Хүүхэд насаа Төв аймагт өнгөрүүлсэн. Тэгээд 2005 онд Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуульд элсэж ороод 2013 онд 8 дугаар ангиа төгсөөд Төв аймгийн Барилгын коллежид элсэн орж төгссөн. Одоогоор Дөрвөн бэрх хотхонд харуулаар ажиллаж байгаа. Гэр бүлгүй надтай хамт амьдардаг. Миний хүү М суурь хүмүүжил сайтай, даруухан зантай, үг дуу цөөтэй, хүний үгэнд оромтгой, архи уудаггүй, тамхи татдаг. 2018 оны 05 сарын 22-ны өдөр намайг гэртээ байх үед 23:00 цагийн орчим Х манайд ирээд М-ыг асуусан.

Тэгэхээр нь би “М гэртээ байхгүй ирээгүй байна” гэхэд Х “миний машиныг аваад явчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд Х миний хажууд цагдаа руу залгаад, “танихгүй хүн миний машиныг хулгайлаад явчихлаа” гэж дуудлага өгөхөд нь М-ыг хүний машин аваад явчихсан талаар мэдсэн. Х нь миний хүү М-ыг танидаг юм. Тэгээд шөнө 01 цаг өнгөрч байсан байх, цагийг нь сайн мэдэхгүй байна, Х гэрт ирээд “миний машиныг байрны гадаа авчраад тавьчихсан байна” гэж хэлсэн. Тухайн өдөр М надтай огт холбоо бариагүй. Маргааш нь цагдаагийн газраас М-ыг дуудсан юм.”гэсэн мэдүүлэг /хэргийн 19х/,

 

5. Шүүгдэгч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг зөвшөөрч байна. Би ХУД-ийн 9 дүгээр хороо, 00-00 тоотод ээж Э, 3 дүүгийн хамт амьдардаг. Ээж “Дөрвөн бэрх” хотхоны СӨХ-д үйлчлэгч ажилтай, би уг хотхонд хяналтын камерийн хянагч, хамгаалагч ажилтай.

2018 оны 05 сарын 22-ны өдөр би зүс таних Х ахын 53-22 УНВ улсын дугаартай “Хонда Фит” загварын машиныг нь угааж өгчихөөд, түлхүүрийг гэрт нь эхнэрт нь аваачиж өгсөн. Тэгээд буцаад гэртээ харьж хоол идчихээд гадуур машин унаж явмаар санагдаад, мөн Төв аймагт байх эмээ Т-той уулзмаар байсан болохоор буцаж Х ахын гэрт очоод машины түлхүүрийг нь гуйхад, гэрт нь эхнэр нь байхгүй гараад явсан байсан ба Х ахын хүүхэд байсан.

Тэгэхээр нь би хүүхдээс нь “аавынх нь машины түлхүүр байгаа юу, түр өгч бай” гэж асуухад “байгаа” гэж хэлээд цаана байсан шүүгээн дээрээс машины түлхүүр авчирч өгсөн. Тэгээд би машины түлхүүрийг аваад гадаа орхисон байсан Х ахын машиныг унаад Нисэхийн 7 дугаар байранд амьдардаг найз Э, Ш нарыг дуудаж машинд суулгаад,  хамт Төв аймаг руу явж эмээгийндээ очсон. Тэгээд тэндээ байж байгаад шөнө 01:00 цагийн орчим хотод буцаж ирээд Х ахын машиныг байрных нь гадна үлдээгээд харьсан.

Би хүний машиныг зөвшөөрөлгүй авч явсандаа гэмшиж байна. Уул нь анх түлхүүрийг аваачиж өгөхөд эхнэр нь байсан ба би эхнэрээс нь түлхүүрийг нь гуйж авъя гэж бодож байсан ч эхнэр нь гэртээ байгаагүй болохоор хүүхдээс нь асууж байгаад авчихсан юм. Машинд нь 1300 төгрөг байсан. Өөр бэлэн мөнгө байгаагүй. Мөн машинд подволк байсныг огт мэдэхгүй, машины арын багаажийг нээж үзээгүй юм.

Х-ын машинаас подволк авсан асуудал байхгүй. Машин дотор байсан 1300 төгрөгийг жолооч талын нарны хаалтанд нь хавчуулаад үлдээсэн. Би Х ахад 350.000 төгрөг өгсөн ба энэ мөнгийг машиныг нь унаж явсан бензин, мөн Төв аймагт явж байхдаа арын гуперний түгжээг нь салгачихсан засуулна гэж бодоод өгсөн. Тэрнээс би подволк, бэлэн мөнгө авсан гэж өгөөгүй. Би машинд подволк байсныг огт хараагүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хурдан хэргээ шийдүүлж дуусгамаар байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 30х/, шийтгэх тогтоол /хэргийн 42-46х/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.М-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.М нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн 68 дугаар байрны гадна байсан иргэн Б.Х-ын эзэмшлийн 53-22 УНВ улсын дугаартай Хонда Фит загварын автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-8х/,

- хохирогч Б.Х-ын “...тэр үед Б-ын ажил дээр хааяа ирдэг зүс таних залуу болох М байсан ба би түүнд 3000 төгрөг өгөөд ахынхаа машиныг угаагаад өг гэж хэлээд мөн угааж дуусаад гэрт түлхүүр оруулаад өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд би өөрөө ажил руу өөр машинаар явсан. Тэгээд орой 22 цагийн үед гэртээ ирээд эхнэрээсээ машины түлхүүр хаана байгааг асуухад байхгүй, өдөр намайг эзгүй байхад охиноос М ирээд аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь М руу залгахад утас нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд би М-ын гэрт явж очиход гэртээ байхгүй байсан ба ээж нь хаана байгаа талаар мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11х/,

- гэрч С.М-гийн “...2018 оны 05 сарын 22-ны өдөр 15 цагийн орчим намайг гэртээ байхад зүс танидаг М гээд залуу манай нөхрийн машины түлхүүрийг авчирч өгсөн. ...Тэгээд намайг явсны дараа манай ээж гэрт ирж хүүхдүүдийг аваад гэрлүүгээ явсан байсан. Тэгээд би 19 цагийн орчим ээжийн гэрт очиж хүүхдүүдээ аваад гэрлүүгээ явж байхад манай охин Ц надад аавын машины түлхүүрийг аавын найз нь аваад явчихсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18х/,

- гэрч Т.Ц-ийн “...2018 оны 05 сарын 22-ны өдөр намайг гэртээ байх үед 23 цагийн орчим Х манайд ирээд М-ыг асуусан. Тэгэхээр нь би М гэртээ байхгүй ирээгүй байна гэхэд Х миний машиныг аваад явчихсан байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19х/ болон шүүгдэгч Э.М-ын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад тус тус яллагдагч шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Э.М нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Х-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох 53-22 УНВ улсын дугаартай Хонда Фит загварын автомашиныг ашиглан шамшигдуулах шунахай зорилгогүйгээр автомашиныг жолоодон Төв аймагт байх эмээгийндээ очих гэсэн санаа зорилгоор эзэмшигч, өмчлөгч Б.Х-ын зөвшөөрөлгүйгээр жолоодон авч явсан нь тогтоогдсон байна.  

 

Шүүгдэгч Э.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Э.М-ын дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тохирсон байх тул шүүгдэгч Э.М-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Б.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...М надад хохирлын мөнгө гэж 350.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... Манай эхнэр намайг ажилтай байх үед зарсан байсан ба бараа зарсан бүртгэлээ хараад тулгалт хийхэд машинаас алдагдсан фудболка байхгүй.” хэмээн мэдүүлсэн учир шүүгдэгч Э.М-аас гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.М урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 04 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 30х/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 42-46х/ тус тус хэрэгт авагдсан ба шүүгдэгчийг тэнсэж, хянан харгалзсан дээрх хугацаа нь дуусгавар болсон, нөгөөтэйгүүр  хуульд заасан үндэслэл журмын эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бцсад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Э.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. 

Шүүх,  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хохирол хор уршгийг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах нь зүйтэй.   

 

Энэ хэрэгт Э.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Х гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                         

ТОГТООХ нь:

 

1. Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М-ыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Э.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.БАЗАРХАНД