| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 2527000940085 |
| Дугаар | 2025/ДШМ/64 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/64
2025 11 12 2025/ДШМ/64
Д.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Пүрэвдорж /цахимаар/,
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/,
Яллагдагч Д.Д,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/445 дугаар шүүгчийн захирамжтай Д.Д-д холбогдох эрүүгийн 2527000940085 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** аймгийн *** сумын *** багт оршин суух хаягтай, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, *** овгийн Д.Д /РД: ***/.
Д.Д нь 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн *** тоотод байрлах Л.Ц-ийн байшингийн цонхыг хагалан, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нэвтэрч хохирогч Ц.Ц-д 3,024,200 төгрөгийн хохирол,
2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** багийн *** тоотод байрлах монгол гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нэвтрэн эрэгтэй хүний гоёлын бүс нэг ширхэг, бэлнээр 20,000 төгрөг, эрэгтэй хүний бор өнгийн түрийвчийг хулгайлж хохирогч Б.Х-т 197,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Д-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *** овгийн Д.Д-д холбогдох 2527000940085 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Д.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Пүрэвдорж давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/445 дугаар захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн буюу яллагдагч Д.Д-ы сэтгэцийн эрүүл мэндийн онош зөрүүтэй байгааг арилгах, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан талаарх баримтуудыг хэрэгт хавсаргах, яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэлтэй буюу мөрдөн байцаалтын шатанд хүсэлтээ шүүхэд гаргах боломжтой байсан атал энэ талаар ажиллагаа хийгээгүй буюу яллагдагчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.
Уг шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, хуулийн шаардлага хангаагүй байна гэж дүгнэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд шинжилгээ хийлгэх тохиолдлыг хуульчилж өгсөн бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд гэж мөрдөгч, прокурор, шүүгч, шүүх, арбитр болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийг ойлгохоор тус тус хуульчилжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд уг хэрэгт яллагдагч Д.Д-ы сэтгэцийн байдлыг тогтоолгохоор шүүхийн шатанд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хуулийн зохицуулалттай байхад уг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана ... гэж заасан байна. Тодруулбал Д.Д-д холбогдох эрүүгийн 2527000940085 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад түүний сэтгэцэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, яллагдагчийн хувийн байдлыг тогтооход Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь тогтоогдсон.
Харин түүний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн талаар эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.3-т гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох зорилгоор шинжилгээг заавал хийхээр хуульчилсан боловч яллагдагч Д.Д-ы тухайд хийж байгаа үйлдэлдээ хандах хандлага, ухамсарлах чадвар, болж өнгөрсөн болон тухайн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврын талаар ойлгон мэдэх чадварын тухайд үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна. Мөн хуулийн 19.2 дугаар зүйлийн 1.2-т прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох, 2 дахь хэсэгт энэ зүйлийн 1.2-т заасан тохиолдолд прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь хүсэлтээ шүүхэд гаргах бөгөөд шүүх үндэслэлтэй гэж үзвэл шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана гэж тус тус хуульчилсан бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндийн байдалд үндэслэл бүхий эргэлзээ байгаа тохиолдолд тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулах тохиолдолд уг шийдвэрийг шүүгч гаргахаар хуульчилжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт тогтоогдсон нөхцөл байдал болон мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ... прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дүгнэлт хийхэд яллагдагч Д.Д нь 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг, *** тоотод байрлах н.Ц-ийн байшингийн цонхыг хагалан, хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр нэвтэрч, хохирогч Ц.Ц-д 3,024,200 төгрөгийн хохирол,
2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** баг, *** тоотод байрлах монгол гэрийн цоожийг эвдэн, хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр эрэгтэй хүний гоёлын бүс нэг ширхэг, бэлнээр 20,000 төгрөг, эрэгтэй хүний бор өнгийн түрийвч хулгайлж, хохирогч Б.Х-т 197,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэргийг үйлдэхдээ шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр дээрх хууль бус үйлдлүүдийг хийж гүйцэтгэхдээ өмчлөгчид нь мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүйгээр хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ нь яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхэд сэтгэцийн эрүүл мэндийн байдалд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй болохыг нотолж байгаа хэрэг бөгөөд цаашлаад гэмт хэрэг мөн болохыг бүрэн ухамсарлаж байсан болох нь нотолж байгаа юм.
Яллагдагчийн тухайд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд өөрийн илэрхийлэх чадваргүй, аливааг бодитоор хүлээн авах чадваргүй болох нь илэрхий мэдэгдэж байсан тохиолдолд мөрдөгчийн зүгээс яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагаа хийгдэх боломжгүй байсан болохыг энд дурдах нь зүйтэй байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/445 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Ц.Пүрэвдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шинжилгээ хийлгэх тохиолдлыг хуульчилсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдүүдийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл шүүх, прокурор, мөрдөгч, арбитр, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаал шинжилгээ хийлгэх эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Д.Д-ы сэтгэцийн байдлыг тогтоолгохоор шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлт гаргуулах хуулийн зохицуулалт байгаа. Мөн дээрээс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдахаар заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Д-ыг сэтгэцийн байдалд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон ч сэтгэцийн хувьд асуудалтай гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй. Яллах дүгнэлт үйлдсэний дараа яллагдагч Д.Д-ы хэргийг нь шүүхэд шилжүүлэх гэхэд хаа байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Мөрдөгч *** аймгийн *** сумаас авчирсан. Мөн Хархорин сум дотор гадуур явж байхад нь олж ирсэн тохиолдлууд байгаа. Яллах дүгнэлт үйлдсэний дараа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдэг зүйлийг ар гэрийнх нь ярьсан. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар бичгийг надад үзүүлсэн тохиолдол байгаа.
Д.Д-ы хувьд өмнө нь 3, 4-н удаа ял шийтгэгдэж байсан тохиолдол байгаа. Тэгэхээр өмнө нь ял шийтгүүлж байсныг үзэхэд дандаа хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 1.2-т прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох, 2 дахь хэсэгт энэ зүйлийн 1.2-т заасан тохиолдолд прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь хүсэлтээ шүүхэд гаргах бөгөөд шүүх үндэслэлтэй гэж үзвэл шинжилгээ хийх шийдвэр гаргана гэж хуульчилсан. Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс яллагдагчийн сэтгэцийн байдлыг тогтоолгох байр суурьтай байгаа байх гэж бодож байна. Хэрэв тийм бол энэ талаарх хүсэлтээ шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалт байна.
Яллагдагч Д.Д-ы хувьд хийж байгаа үйлдлээ ойлгож, ухамсарлаж байсан, нийгмийн аюулын хор нөлөөг тооцоолж байсан учраас тухайн гэмт хэргийг нууц, далд аргаар, хохирогчид мэдэгдэлгүйгээр үйлдсэн нь тогтоогдож байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/445 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/445 дугаар захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн сэтгэцийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал байхад түүнийг шалгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.4-т прокуророос энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах үүрэгтэй байхаар хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулаагүй буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй.
Яллагдагч Д.Д-ы хувьд 2025 оны 6 дугаар сараас эхлээд эмнэлгээр явсан талаарх баримтуудыг гаргаж өгсөн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн болон Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчийн тодорхойлолтууд байгаа. Тэгэхээр шүүгдэгчийг алга болсон гэдэг шалтгаанаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Анхнаасаа ямар нэгэн байдлаар шинжээч томилуулах, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өвчний түүх, эмчилгээний түүх гаргуулах зэрэг шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийгээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж байсан бичгийг нь гаргаж өгөөд байхад шүүхээр сэтгэцийн шинжээчийг нь томилуулаагүй нь дутуу ажиллагаа хийгдсэн гэж харагдахаар болж байна.
Яллагдагчийн хувьд 2, 3 төрлийн оноштой. Хөнгөн сэтгэл хөөрөл зонхилсон, сэтгэл зүйн эмгэг буюу нян судлалаар батлагдаагүй сөрөг уушгины сүрьеэ гэдэг кодтой байгаа. Дээр нь гэмтлийн шалтгаант бөөр болон мэс заслын дараах байдал гэсэн оноштой, байнга эмчийн хяналтад байдаг. Энэ талаарх баримтаа мөрдөн шалгах ажиллагаанд шатанд гаргаж өгсөөр байтал шинжээч томилоогүй. Мөн өвчний түүхээ гаргуулаагүй нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Яллагдагч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Прокуророос давж заалдах шатны шүүхэд ... Анхан шатны шүүхийн шүүгчийн яллагдагч Д.Д-ы сэтгэцийн байдлыг тогтоолгох ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлгүй. Яллагдагч нь хийж байгаа үйлдэлдээ хандах хандлага, ухамсарлах чадвар, болж өнгөрсөн болон тухайн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврын талаар ойлгож мэдэх эсэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй. Яллагдагч Д.Д нь дээрх хууль бус үйлдлүүдийг хийж гүйцэтгэхдээ өмчлөгчид нь мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүйгээр хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ нь яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй, гэмт хэрэг мөн болохыг бүрэн ухамсарлаж байсан болох нь нотлогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.
Анхан шатны шүүхээс яллагдагч Д.Д-д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу яллагдагчийн сэтгэцийн байдлыг тогтоолгох мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.
Учир нь: Яллагдагч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтуудыг мөрдөгчид гарган өгч, прокурорт харуулсан гэдгийг прокуророос үгүйсгээгүй, дээрх баримтуудтай танилцсан талаараа давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчийн сэтгэцийн байдлыг тогтоолгох нь түүний хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоох, мөн хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлнө гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/445 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/445 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
л.нямдорж