| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/01262/И |
| Дугаар | 192/ШШ2026/01052 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2026/01052
| 2026 01 22 | 192/ШШ2026/01052 | |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярсүрэн, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Хаан тауэр, *****тоот хаягт байрлах, **** /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, **** цогцолбор, ******тоот хаягт байрлах,**** /РД:****/-д холбогдох
Гэм хорын хохиролд 105,694,997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...**** нь Зайсан толгойн зүүн урд **** дэлгүүрт бэлэн хувцас борлуулах үйл ажиллагааг явуулдаг ба манай дэлгүүрийн агуулах тус барилгын доод давхарт В1 тоотод байдаг. 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр дээд давхрын ***ын эзэмшлийн газраас ус алдан манай агуулах руу нэвтэрч их хэмжээний хохирол учруулсан болно.
Хариуцагч талтай холбогдоход эхэндээ хохирлыг төлж барагдуулна гэж хэлэн хүлээлгэж байсан боловч өнөөг хүртэл хохироосоор байна. Мөн ус алдахад СӨХ-ын зүгээс манай агуулахын хаалгыг эвдэн орсон ба бидэнтэй холбоо барих ямар нэгэн арга хэмжээ аваагүй билээ. ****-ийн зүгээс хариуцагчид эвдэрсэн, хэрэглэгдэхгүй болсон хувцас бараа материал, тоног төхөөрөмжийн талаар мэдэгдэж, анхааруулсан боловч төлбөр тооцооны тал дээр төлбөр буцаан төлөх оролдлого хийгээгүй ба ямар нэгэн үр дүн гарахгүй байна.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар устаж, эвдэрсэн бараа материалын тооцоог үзэхэд 105,694,997 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагчаас уг хохиролыг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч *** тайлбартаа:
“...Маргаан бүхий үйл баримт нь нэхэмжлэгчийн шаардлага дээр 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр болсон гэдэг боловч хариуцагч болон гэрчийн мэдүүлэг дээр ус алдсан гээд байгаа үйл явдал нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болсон байдаг гэдгийг тайлбарлаж хэлмээр байна. Мөн дээрээс нь энэхүү ус алдсан хэсэг нь ****-ийн В1 давхарт байрлах агуулахад гэдэг. *** буюу ***ын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын шал хананаас ус нэвтэрсэн зүйл байдаггүй. Яриад байгаа ус алдсан хэсэг гэдэг нь В1 давхарт байдаг ****-ийн өөрийнх нь эзэмшлийн агуулахын талбай дээр ил харагддаг нийтийн дундын өмчлөлийн шугамаас ус алдсан байдаг, манай талбай дотор байдаг өмчлөлийн ашигладаг шугам сүлжээнээс ус алдаагүй.
Харин бид нар тэнд үйл ажиллагаа явуулдаг учраас контор болон СӨХ-ын байгууллагад удаа дараа мэдэгдэж ус алдаад байна, манай нойлд ус бөглөрөөд байгаа, энэ шугамыг янзалж өгөөч гэж мэдээлэл, дуудлага өгсөн байдаг. Энэ нь гэрчийн мэдүүлгүүдээр нотлогддог. Иймд бид нарын хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болоод, эсвэл буруу үйл ажиллагаанаас болоод доошоо ус алдаад, ****-ийн эд хөрөнгөд хохирол учруулсан зүйл байхгүй. Тухайн үед гарсан үйл явдлыг нь дахин дурдаж хэлэх юм бол 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай ***ны нойлын ус ерөөсөө цаашаа явахгүй болоод, бүүр болохоо байгаад, хальж гарч ирэх гээд байсан учраас тухайн контор руу яаралтай мэдэгдээд, контор нь тэнд мэдээлээд, хэд хэдэн удаагийн шалгалт, үзлэг хийснээр В1 давхар дээр шугам сүлжээний холбоос зэрэг бүгдийг нь шалгаж үзсэн. В1 давхарт ****-ийн дундын өмчлөлийн холбоосыг нэгтгэсэн хэсэг байдаг. Тэнд бөглөрөл үүссэнтэй холбоотойгоор нойлын ус, шугам сүлжээ хэвийн ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан.
В1 давхар руу очоод үзэхээр дандаа цоожтой байдаг. Ямар хүн, ямар байгууллага ашигладаг гэдэг нь ерөөсөө тогтоогдоогүй. Контор нь СӨХ руу холбогдоод “ямар байгууллага байдаг билээ” гэж асууж тодруулсан боловч мэддэггүй, ямар ч бүртгэлгүй байгууллага байдаг. СӨХ-нд хэлж байгаад хаалган дээр нь наалт тавиад “...ямар байгууллага байдаг вэ, хотхоны шугам сүлжээн дээр асуудал гараад байгаа учраас үзлэг шалгалт хийлгэх хэрэгтэй байна, яаралтай холбогдоно уу” гэсэн мэдэгдэх хуудас тавьсан. Хэсэг хугацаа өнгөрсөн байдаг. **** холбоо бариагүй. Уг байгууллага байдгийг тэнд байгаа хүмүүсийн хэн ч мэдэхгүй байсан. Тиймээс холбогдож чадаагүй. СӨХ, конторын тайлбар байдаг. СӨХ, контороос 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай В1 давхарт байгаа ***ын нойл болохгүй байна гээд, наашаа ус хальж гарч ирэх гээд байна гэж мэдэгдэхээр нь В1 давхар руу бууж очоод бичлэг хийж байгаад агуулахын хаалга хүчээр онгойлгохоос өөр аргагүй болсон. Гарцаагүй байдлын улмаас хүчээр онгойлгоод үзэхэд ил харагддаг шугамын холбоосоос ус алдаж байсан. Түүнийг шууд янзлаад, тухайн үедээ цаашаагаа гарааш дотор байгаа бусад хэрэглэгч нар, автомашин эзэмшигч нарт хохирол учруулахаас сэргийлэх арга хэмжээг контор авсан байдаг.
Үйл баримтын хувьд, цаг хугацааны хувьд нэхэмжлэгч буруу тайлбар хэлээд байсан. Мөн дээрээс нь агуулах дотор юу байсныг хэн ч мэддэггүй, нотлох баримтаар нотлогддоггүй. Зөвхөн **** 105,000,000 төгрөгийн бараа материал хадгалж байсан гэж ярьдаг боловч тэр нь хуучин бараа материал юм уу, шинэ юм уу, худалдаалах гэж байсан ч юм уу, үгүй юм уу, худалдан авсан үнэ, зардал нь ч нотлогддоггүй. Тийм нотлох баримт ч байдаггүй. Тиймээс нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна” гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас гаргасан баримт - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, нэхэмжлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хохирол барагдуулах тухай албан бичиг, гэрэл зургууд.
3.2. Хариуцагч талаас гаргасан баримт - Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, цэвэр бохир усны ажлын зураг, гэрэл зургууд.
3.3. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт - ***нарын гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ****-иас хариуцагч ***-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 105,694,997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч талаас ...дээд давхрын ***ын эзэмшлийн газраас ус алдан манай агуулах руу нэвтэрч их хэмжээний хохирол учруулсан. Устаж, эвдэрсэн, ашиглах боломжгүй болсон бараа материалын тооцоог гаргасан, уг хохирлыг нэхэмжилж байна гэж, хариуцагч талаас “...ус алдсан хэсэг нь В1 давхарт байрладаг нэхэмжлэгчийн өөрийнх нь эзэмшлийн агуулахын талбайн дээгүүр явж байгаа ил харагддаг дундын өмчлөлийн шугамаас ус алдсан. Манай ариун цэврийн өрөө бөглөрч байсан ч доошоо ус алдаагүй, 105,000,000 төгрөгийн бараа материал хадгалж байсан гэдэгч баримтаар нотлоогүй, зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар:
3.1. Хариуцагч *** ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ****-ийн нэхэмжлэлийн шүүх 2024 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч тал 5 сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардан авсан, хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлсэн, хэргийн оролцогчид эрх үүрэг, нөлөөлийн мэдүүлэг, хэргийн материалтай танилцаж байсан байна. Энэ хугацаанд шүүхээс 7 удаа шүүх хуралдаан товлоход нэхэмжлэгч талаас 1 удаа шүүх хуралдаанд оролцож байсан, бусад хуралдаанд шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтүүдийг өгч байсан бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байна.
3.2. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд болон дээрх нөхцөл байдлын хүрээнд нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхээр тогтсон ба энэ талаарх хариуцагч талын хүсэлтийг шүүх хангасан болно.
Түүнчлэн иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагч талаас иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр тогтов.
3.3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараас үзэхэд 2023 оны 10 сарын 28-ны өдөр /11 сарын 06-ны өдөр/ В1 давхарт байрлах ****-ийн агуулахын дээрээс ус алдсан болох нь тогтоогддог. Энэ үйл баримтын талаар маргадаггүй.
Харин тухайн ус хаанаас, хэний буруугаас алдсан, агуулахад байсан ямар эд зүйл устсан, эвдсэн, хохирол учирсан талаар талууд маргадаг бөгөөд нэхэмжлэгч талаас ...Дээд давхрын ***-аас доошоо ус алдсаны улмаас манай агуулах руу нэвтэрч 105,694,997 төгрөгийн хувцас норж ашиглагдахгүй болсон, хохирлоо шаардаж байна гэх нэхэмжлэл гаргасан. Тухайн эд хөрөнгөнд шүүхээс үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байдаг.
3.4. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзсан тайлбараа нотлохоор холбогдох баримтыг ирүүлсэн, гэрчийг асуулгасан.
3.4.1. ***-ийн 2023 оны 12 сарын 08-ны 23/19 дугаартай “****-д хариу хүргүүлэх тухай, Танай байгууллагын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 46 тоот албан бичигтэй танилцан дараах хариуг хүргүүлж байна. ...*** ХХК нь **** хотхоны 805-р байрны 1 давхарт байрлах өөрийн өмчлөлийн *** рестораны үйл ажиллагааг эрхэлдэг. 2023 оны 10 сарын 28-ны өдөр рестораны ариун цэврийн өрөөнй усны түвшин дээшлэн гарч хэвийн ашиглах боломжгүй болсон тул тус өдөр ***-д дуудлага өгсөн. Тус дуудлагын дагуу барилгын конторын үйл ажиллагааг хариуцдаг тус компанийн ажилтан талбайд үзлэг хийж, барилгын доод давхрын буюу В1 давхарт байрлах танай агуулахад байрлах шугам сүлжээний холбоост бөглөрөл үүссэнийг илрүүлж, яаралтай арга хэмжээ авсан. Тус барилгын В1 давхрын №6 агуулахад буй шугам сүлжээ нь манай компанийн өмчлөлийн хувий шугам сүлжээ биш бөгөөд сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө гэж үзэж байна.
Ус алдалт нь манай байгууллагын буруу үйл ажиллагаа эсхүл манай эзэмшлийн талбайгаас үүсээгүй бөгөөд барилгын үндсэн буюу нийтийн ашигладаг шугам сүлжээний холбоосны доголдлын улмаас үүссэн тул манай байгууллага хариуцлага хүлээн боломжгүй” гэх албан бичиг,
3.4.2. **** хотхоны 805-р байрны В1 давхар, 1 давхрын цэвэр бохир усны шугамын ерөнхий байгуулалтын инженерийн зургууд,
3.4.3. Гэрч **** СӨХ-ны дарга, **** “...В1 давхрын тухайн агуулахын эзэмшигчийг мэдэхгүй, манай СӨХ-ны гишүүн биш. Агуулахыг эзнийг тодруулах зорилгоор ус алдахаас өмнө зар тавьж байсан, хүн ирж уулзаагүй. ***-ын дээгүүр явж байгаа бохирын шугам нийтийн эзэмшлийнх” гэх мэдүүлэг,
Гэрч ****ХХК-ийн менежер, **** “...**** цогцолборыг ашиглалтад орсноос хойш эзэмшиж байгаа. **** В1 давхрыг ямар нэг түрээсийн гэрээгүйгээр түх хугацаанд ашиглаад жил гарангийн хугацаа өнгөрч байгаа. Түр хугацаанд ашиглах үед юу хадгалж байсныг мэдэхгүй. Ус алдсан талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг,
Гэрч ***К-ийн /контор/ инженерийн албаны дарга, ***** “…Манайх 2016 оноос **** хотхоны ашиглалт, үйлчилгээг хариуцаж байгаа. Ус алдсан талаар мэдэж байгаа. 2023 оны 7 сард энэ *** рестораны эрэгтэй 00 өрөөний шугам бөглөрсөн гэх дуудлага анх гарсан, дараа сард энэ дуудлага давтагдсан. Удаа дараа дуудлага ирсэн, бид үйлчилгээ үзүүлээд явсан. Давтамжтай бөглөрөөд байсан тул В1 тоотод явж байгаа ерөнхий, салбар шугамуудад үзлэг хийх шаардлага үүссэн. Тэгээд ***-ын доорх харалдаа агуулахын өрөө цоожтой байсан. СӨХ-д олж өгөхийг хүссэн. СӨХ хайсан байдаг. Агуулахын эзнийг олж амжаагүй байтал 2023 оны 10 сарын 28-ны өдөр дахин ***аас дуудлага өгсөн. Удаан хугацаанд шугам сүлжээнд устай байснаас үзлэг үйлчилгээ хийж чадаагүйгээс 100 мм диаметртэй бохир усны шугамын булан мултарч ус алдсан байсан. Тухайн үед сэлбэгийг нь СӨХ-өөс аваад засаж өгсөн. В1 тоотын дээгүүр явж байгаа бохирын шугам хоолой нь нийтийн эзэмшлийнх байдаг. Төв шугам бөглөрсөн учраас ***-ын 00 өрөө бөглөрч байсан, В1 тоотын шугамыг шалгаж чадаагүйгээс болж ус алдсан, СӨХ эзэмшигчийг нь олж өгч чадаагүй тул аргаа бараад СӨХ-оос хаалгыг эвдэж ороод үйлчилгээ үзүүлсэн” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байна.
3.5. Хариуцагч талын гаргасан татгалзал, татгалзлаа нотлосон дээрх баримтуудыг нэхэмжлэгч талаас үгүйсгэсэн нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримт бүрдүүлэх цуглуулах үүргээ биелүүлээгүй бөгөөд шүүхээс гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах, эрх зүйн туслалцаа авах, шинжээч томилуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хүсэлт гарган шийдвэрлүүлэх талуудын эрхийг хязгаарлаагүй болохыг тэмдэглэж байна.
4. Хууль хэрэглээ болон дүгнэлтийн талаар:
4.1. Дээр дурдсан үйл баримтууд, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч тал нь ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа талуудын хооронд үүссэн, улмаар учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардсан, хариуцагч тал нь ...гэм хор учруулаагүй, шалтгаант холбоо байхгүй гэсэн агуулгаар эс зөвшөөрдөг. Энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн заалтад нийцэх ба үүний дагуу шаардах эрх зохицуулагдана.
Тодруулбал, хуулийн дээрх зүйл заалтаас үзэхэд гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон эсэх, гэм буруу нь учирсан гэм хор, хохиролтой шалтгаант холбоотой эсэхийг тогтоох, хохирлын хэмжээ үндэслэлтэй эсэх, гэм хор учруулагч бүрэн хариуцах эсэхийг тодорхойлох шаардлагатай ба эдгээр нөхцлүүд бүрдэж шалтгаант холбоо, хохирол баримтаар тогтоогдсоноор гэм хорын хохирлыг хариуцагч арилгах үүрэг хүлээнэ.
4.2. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...дундын өмчлөлийн шугамаас ус алдсан, улмаар холбогдох зардлууд гарсан, манайд хамааралгүй гэж тайлбарлах ба тухайн үндэслэл нь дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, **** цогцолборын В1, 1 давхрын цэвэр бохир усны шугам сүлжээний зураг зэргээр нотлогдож байх тул хариуцагч талын гаргасан тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргах үүргийн хүрээнд нийцсэн байна.
4.3. Тодруулбал, хэрэгт авагдсан **** СӨХ-ны дарга ***, контор буюу **** ХХК-ийн инженерийн албаны дарга **** нарыг гэрчээр асуусан тэмдэглэлд ...****-ийн агуулахын дээгүүр явдаг шугам сүлжээнээс ус алдсан, ***-аас ус алдсан асуудал үгүй, ус алдсан шугам нь дундын өмчлөлийн зүйл, үзлэг, үйлчилгээ хийлгээгүйгээс ус алдсан байх, хэд хэдэн удаагийн дуудлагын дагуу үзлэг хийх гэтэл эзэмшигч нь олдоогүй гэх агуулга тусгагдсан.
4.4. Гэрчүүд болон хариуцагч талын тайлбар, мэдүүлгээс үзэхэд Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т ”Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна”,
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна” гэж тус тус заасны дагуу тухайн ус алдсан шугам хоолой нь дундын өмчлөлийн эд хөрөнгө гэсэн агуулгыг илэрхийлдэг.
4.5. Дүгнэвээс В1 давхрын ус алдсан гэх бохирын шугам хоолой нь дангаар өмчлөх өмчлөлийн зүйл бус байх бөгөөд нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1, 142.4-т заасан дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болохыг, дундын өмчлөлийн эд хөрөнгө бус болохыг баримтаар нотолж чадаагүй болно.
5. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шугам хоолойноос ус алдсан үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгч тал ус алдсаны улмаас учирсан гэх хохиролыг шаардах эрхгүй. Нэхэмжлэгчид учирсан хохирол болон хариуцагчийн үйлдэл, эс үйлдэл 2-ын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд ***-ийн гэм буруутай үйлдлээс ****-ийн эд хөрөнгөд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ****-ийн гэм хорын хохиролд 105,694,997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686,425 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН
А.САРАНТУЯА