Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/69

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч Г.О,

шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б. овогт А Э-д холбогдох эрүүгийн 1817001320059 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 04-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэогэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг, ..........гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Б. овогт А Э /РД: ........./

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч А.Э нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүмбэр сумын 5 дугаар баг, “Баруун-Өвөр” гэх газар иргэн Г.О-тэй малын бэлчээрээс болж маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч А.Э нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, “Баруун-Өвөр” гэх газар хохирогч Г.О-тэй маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч А.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээж байгаа учраас дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй гэв.

 

1.2. Шүүгдэгч А.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2018 оны 06 сарын 03-ны өдөр 19 цагийн үед алга болсон унага хайж яваад худаг дээр ирэхэд манай хонь дүү Э-ын хоньтой нийлчихсэн О Эр хоёр ялгаж байсан. Тэгээд бид гурав хонио ялгачихаад явах гэтэл О манай гэрийн гадуур малаа авчирлаа хойд дээр байдаг дөрвөдүүдээс айгаад малаа манай гадуур бэлчээгээд байна уу гээд хэрүүл өдөөд эхэлж надтай зууралдаад салтаа руу өшиглөхөөр нь би эргүүлээд нүүр лүү нь /жавьж, шанаа/ хавьд нь 2 удаа цохьсон. Тэгээд энгэр лүү асаад зулгаагаад тавихгүй болохоор нь би үсдээд өөрийгөө салгасан. Тэгээд би гэр лүүгээ яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэртээ ирсэн. Манай ээж 80 гаруй настай хараагүй хөгшин хүн байгаа. Тэгтэл Э-ы мал гэр дээр шавчихсан байсан. Би бэлчээрээс болоод энэ хүнтэй маргалдаагүй. Гэр дээр мал шавсан байхаар нь уурласан. Малын бэлчээр байсаар байхад манай гэрийн зүг рүү малаа явуулдаг. Мал нийлээд салж байгаа дээр уурласан зүйл байхгүй. Хамгийн гол нь мал нь гэр нураах шахсан байхаар нь уурлаад очоод хэлтэл хохь чинь муу сайн пизда нар минь яах гээд малын бэлчээр дээр буучаад шалчигнаад байгаа юм гэж хэлсэн. Би Э-ы малын бэлчээр дээр буугаагүй. Энэ нутагт манай ээж, аав 20 гаруй жил амьдарсан. Э миний хамар хэсэгт  нэг удаа цохиж, уруулны хэсэгт дахин нэг цохисон. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд хамарны мөгөөрс цуураад, хамар мурийсан байсан. Э надаас 1 сарын хугацаанд нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Хэрвээ уучлалт гуйсан бол аль аль талых нь буруу байсан. Хамаатан садан хүмүүс учраа олж болох байсан. Цагдаад өгчихөөд нөхөртэйгөө Андууд дэлгүүрийн хажуугаар явж байгаад Э-тай таарахад пизда минь чи надаас хэдэн төгрөг авах гээд байгаа юм гэж хэлсэн. Бие эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон. Тиймээс эмчилгээний зардал болох 1 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг өгчихвөл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

1.4. Хохирогч Г.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 06 сарын 03-ны өдөр 12 цагийн үед Чойроос хөдөө гэртээ иртэл манай гэрийн гадаа хадам ах Э-ы мал ирчихсэн байхаар нь малыг нь гэрийн зүг хөөчихөөд 19 цагийн үед өөрийн тасарсан малаа авахаар хорооныхоо хажууд очтол манай мал Э-ы малтай нийлсэн байхаар нь 2 тийш ялгаж байтал хадам ах Э ирээд хамт мал ялгаад дууссан. Тэгээд би Э ахад мал чинь гэр дээр овоороод гэр нураах шахлаа малаа авахад яадгийн гэтэл Э уурлаад “хохь чинь пизда минь яах гэж малын бэлчээр дээр ирж буучихаад шалчигнаад байгаа юм бэ” гэж хэлээд бид хоёр хэрэлдсэн. Би Э ахад та дөрвөдүүдээс айгаад малаа цаашаа гаргаж чадахгүй наашаа манайх руу хариулаад байгаа биз дэ гэж хэлтэл миний хамар хэсэгт гараараа цохиж, дараа нь миний үснээс зуурч байгаад толгой руу цохиод байхаар нь би тавиулах гэж гараараа дээшээ самардахдаа Э ахын нүүрийг маажсан байсан. Тэндээ би цагдаа дээр ирж болсон асуудлыг хэлж эмнэлэгт үзүүлж тариа хийлгэж, эм ууж байгаад цагдаад мэдүүлэг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

1.5. Гэрч А.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай хөдөө гэрийн гадуур манай төрсөн ах Э-ы хонь ирсэн байсан. Тэгээд түүнээс болоод манай эхнэр О манай ах Э-д малаа гэрийн гадаа авч ирлээ гэдэг шалтгааны улмаас уурласан чинь манай ах Э пизда нар чинь малын бэлчээр дээр буучихаад юу гээд байгаа юм бэ гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдсан чинь Э манай эхнэрийн хамар луу нь гараараа цохичихсон гэж надад манай эхнэр О хэлсэн. Тухайн асуудал болсон өдөр манай эхнэрийн хамар нь хөхөрч хавдсан байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Би дээрхи асуудлыг болох үед хажууд нь байгаагүй хөдөө хонио хариулаад явж байсан юм. Хөдөө манай гэрийн гэрийн гадаа ах Э болон манай эхнэр О нараас өөр хэн нэгэн хүн байгаагүй гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

 

1.6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 199 дугаартай дүгнэлтэд:

- Г.О-ийн биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 20 дугаар хуудас/

 

1.7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 208 дугаартай дүгнэлтэд:

- А.Э-ы баруун хацарт, хамрын баруун угалзанд, духанд, цээжинд зулгаралт гэмтэл учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018.06.03-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно..

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч А.Э-ы үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч А.Э нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч А.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч А.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай ах Э болон манай эхнэр О нар хоёулаа их түргэн ааштай, огцом ууртай шалтгаанаас болж дээрхи асуудал үүссэн байхаа. Энэ хоёр хүн хоёулаа архи уудаггүй. Э ах өөрийнхөө цөөхөн хэдэн бага мал болон манай том ахын малыг давхар харж малладаг... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

 

2.2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/

 

2.3. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Иймд шүүгдэгч А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

 

            Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

   Хохирогч Г.О нь шүүгдэгч А.Э-аас эмчилгээнд гарах зардал болох 1 500 000 /нэг сая таван зуу мянга/ төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

            Харин хохирогч Г.О-ийн баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал болох 131 000 /нэг зуун гучин нэгэн мянга/ төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Энхтайванаас гаргуулж хохирогч Г.О-т олгож шийдвэрлэв.

 

            Хохирогч Г.Отгончимэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин гахан овогт А Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.О-ийн нэхэмжилсэн 1 500 000 /нэг сая таван зуу мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-аас 131 000 /нэг зуун гучин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.О-т олгосугай.

 

8. Хохирогч Г.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ