Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/01556

 

 

 

 

 

 

 

 

                                         Д.Жын нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01799 дугаар шийдвэртэй, Д.Жын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Бд холбогдох, Баянгол дүүрэг 20 дугаар хороо товчооны зам 25/3 дугаар байрны 3 давхрын 64 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Миний бие Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам 25 дугаар байрны 3 тоотод 2013 оноос эхлэн амьдарч байгаа бөгөөд 2015 оны 3 сараас эхлэн 2016 оны 03 сар хүртэлх хугацаанд Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, товчооны зам 25 байр 3 дугаар байрны 3 дугаар давхрын модон шалыг хуулж, цементээр хучиж паркетан шалтай болгож, өрөөнүүдийн дотор заслын ажлыг бүрэн хийж, дээвэр, гадна фасадны ажлыг гүйцэтгэсэн. Дээрх ажлыг гэрээгээр бусдаар хийж гүйцэтгүүлэн ажлын хөлсийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5027409110 тоот данснаас шилжүүлсэн бөгөөд нийт өртөг нь зах зээлийн үнэлгээгээр 8 542 500 төгрөг болж байсан. Дээрх засварын ажлыг хийж дуусгаад Казахстан улс руу ажлаар яваад ирэн очин байсан бөгөөд 2016 оноос эхлэн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, товчооны зам 25 байр 3 дугаар байрны 3 дугаар давхрын хамтран өмчлөгчөөр орох саналыг Ц.Бд тавьсан боловч уг саналыг хүлээж авахгүй бидний хооронд маргаан үүссээр өнөөдрийг хүрсэн. Ц.Б өөрийн төрсөн дүү Ц.Шаарийбууд дээрх байрыг бусдын барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэл өгснөөр Ц.Шаарийбуу 2015 оны 09 сарын 24-ний өдөр иргэн Пунцагдулам овогтой Саруул-Очиртой 32 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний барьцаанд дээрх байрыг барьцаалсан. Иргэн П.Саруул-Очир 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн шүүхэд хандаж иргэний хэрэг үүсгэн шүүхийн шийдвэр гарч уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, товчооны зам 25 байр 3 дугаар байрны 3 дугаар давхрыг дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа талаарх мэдэгдлийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн болохыг миний бие 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр өөрийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байгааг мэдсэн. Иймд иргэн Давааням овогтой Жалбаажамцыг Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, товчооны зам 25 байр 3 дугаар байрны 3 дугаар давхрын орон сууцны барилгын хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Д.Ж нь одоо амьдарч байгаа байрандаа засвар хийснийг би мэдэх боловч тухайн үед байгаагүй, нүдээр хараагүй. Д.Ж миний хүүхэд мөн. Хүүхэд маань бага залуу байна, ямар нэгэн эрсдэл гаргах вий гэдэг үүднээс хүүхдээ хамтран өмчлөгчөөр оруулдаггүй байсан гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Бд холбогдох Баянгол дүүрэг 20 дугаар хороо товчооны зам 25/3 дугаар байрны 3 дугаар давхрын 64 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Жын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01799 тоот  шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Давааням овогтой Жалбаажамц нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам 25 дугаар байрны 3 тоотод 2013 оноос эхлэн амьдарч байгаа бөгөөд тухайн үед түүний төрсөн ээж болох хариуцагч Ц.Б уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэр бүлийн гишүүн болж уг хаягт бүртгэгдэж, хүн амын тооллогоор бүртгэлд авагдсан байдаг. Нэхэмжлэгч 2015 оны 03 сараас эхлэн 2016 оны 03 сар хүртэлх хугацаанд Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, товчооны зам 25 байр 3 дугаар байрны 3 дугаар давхрын модон шалыг хуулж, цементээр хучиж паркетан шалтай болгож, ороөнүүдийн дотор заслын ажлыг бүрэн хийж, дээвэр, гадна фасадны ажлыг гүйцэтгэсэн. Дээрх ажлыг гэрээгээр бусдаар хийж гүйцэчгүүлэн ажлыи хөлсийг өөрийн эзэмшлийн ХААН банкны 5027409110 тоот данснаас шилжүүлсэн бөгөөд нийт өртөг нь зах зээлийн үнэлгээгээр 8 542 500 төгрөг болж байсан. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасны дагуу нэхэмжлэгч уг үл хөдлөх эд хөрөнгийн 3 давхрын 64 мкв талбайд их засварын ажил хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч Ц.Бд холбогдуулан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Товчооны зам 25/3 дугаар байрны 3 давхарын 64 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ уг орон сууцанд 2013 оноос хойш амьдарч байгаа, хариуцагч Ц.Бы хуваарьт хөрөнгөд засвар хийснээс уг хөрөнгийн үнэ, үнэлэмж нэмэгдсэн гэсэн агуулгаар тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Баттогтох, Н.Жамъянгарав нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, засвар үйлчилгээнд 8 542 500 төгрөгийг зарцуулсан мөнгөн дүнгийн дансны хуулгийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх25, 77-79/

         Хариуцагч Ц.Б дээрх маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд засвар үйлчилгээ хийснээр уг орон сууцны үнэ үлэмж нэмэгдсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Зохигчид гэр бүлийн гишүүд буюу хариуцагч Ц.Б нэхэмжлэгч  Д.Жын эх болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын төрөл садангийн тухай лавлагаагаар тогтоогдсон, шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаарх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 Гэрч Г.Баттогтох “ .., би Жалбаажамцын гэрт засвар хийдэг байсан. Засварыг Жалбаажамц болон түүний ээж хийлгэдэг байсан ” гэх, гэрч Н.Жамъянгаравын “ .., оюутны ажлаар энэ барилга дээр ажиллаж байсан. 3 дугаар давхарт засвар хийж байгаагүй, Жалбаажамц засвар хийлгэх санал гаргаж байгаагүй, би уг орон сууцыг баригдаж байхад нь байсан ..,” гэж мэдүүлсэн байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн ХААН банкны 5027409110 тоот данснаас 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд “ цемент үнэ, барааны үнэ, радиотар үнэ, бараа авах, ажлын хөлс шилжүүлэв, гадна шугам засварын мөнгө, төлбөр” гэх утгаар зарлага гаргасан баримтуудад үндэслэн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар тухайн хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоох боломжгүй байна.

Дээрх хуулийн зүйл хэсэгт “ гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн нөхцөлд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болохоор заасан,  хариуцагчийн хуваарьт хөрөнгөд нэхэмжлэгч 8 542 500 төгрөгийн засвар хийснээр үнэ нь үлэмж нэмэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Тухайлбал, тухайн хөрөнгө нь засвар хийхийн өмнө хичнээн төгрөгийн үнэлгээтэй байсан, засвараас хойш хэдэн төгрөгийн үнэ ханштай болж үнэлгээ нь үлэмж нэмэгдсэн талаар баримтгүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах хуулийн үндэслэлгүй болно. /хх27/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01799 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                А.МӨНХЗУЛ