| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/04136/И |
| Дугаар | 192/ШШ2025/10761 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/10761
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ***
нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** холбогдох,
183 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
нэхэмжлэгч ***,
нэхэмжлэгч ***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг тус шүүхийн нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар хариуцагчид холбогдуулан 183 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... анх ***-тай 2015 оны 4 сарын 21-ний өдөр үйлчилгээний орон сууц захиалган бариулах гэрээг ***, *** нар байгуулаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 10 давхар үйлчилгээний зориулалттай орон сууцын 9 давхрын 39.23 м.кв 805 тоот 2 өрөө байрыг захиалсан. Төлбөрөө бүрэн төлж дууссан. Иймд *** нь орон сууцыг 2018 онд ашиглалтад хүлээлгэж өгөөд оруулсан боловч гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан. Гэрчилгээгээр шаардаад байсан чинь гаргаж өгөхгүй хугацаа хойшлуулсаар байтал гэнэт 2022 оны 12 сарын 7-ны өдөр өөр компани тухайн байрны өмчлөгч нь гээд шүүхийн шийдвэр гарчихсан. Байрнаасаа нүү гэдэг асуудал гараад байрнаас нь нүүгээд, захиалгын гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулъя. Захиалгын гэрээний 3-т заасан Баянзүрх дүүрэг дэх орон сууцыг өөрчлөөд ***а гэдэг хотхонд 49,39м2 орон сууцыг өгье гэдэг ийм нөхцөлтэй гэрээ байгуулсан. Хэрвээ энэ гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй, тухайн байраа хугацаандаа өгөхгүй 160 сая төгрөгөөр байрны үнийг тооцож мөнгийг төлнө гэж гэрээн дээрээ өөрчлөлт оруулж заасан. Үүний дагуу 2024 оны 11 сарын 4-ний өдөр н.Ууганбаярт 30 хоногийн дотор 160 сая төгрөгийг өгөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч н.Ууганбаяр шилжүүлээгүй. Мөн утсаар жил гаруй хугацаанд энэ төлбөрийг шаардаж нэхэж байгаа. Энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй. н.*** хэлж байгаагаар “ямар ч байсан 2 өрөө байр өгнө, байрны чинь мөнгийг нэгэнтээ авчихсан учраас компани 2021 онд төлбөрийн тооцоо, үлдэгдэл байхгүй” гээд тооцоо нийлсэн. Нэгэнтээ байр өгнө гээд өгөх боломжгүй байгаа, өөрөө Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа орон сууц, эд хөрөнгө бүх юм нь битүүмжлэгдсэн ийм хүнд нөхцөлтэй байгаа учраас байрыг чинь өгөх боломжгүй байна гэж хугацаа их хойшлуулсан. 2025 оны 6 сараас 2 өрөө байранд түр оруулсан боловч гэрчилгээ ордерыг гаргаж өгөх боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр яалт ч үгүй бид эрх ашгаа хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Үйлчилгээний орон сууц захиалан байгуулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны 4-т зааснаар 160 сая төгрөгийг гаргуулах, мөн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй 2024 оны 12 сарын 4-ний өдрөөс эхлэн 2025 оны 4 сарын 29-ний өдөр хүртэл хугацааны нийт 145 хоногийн алдангийг нэхэмжилж байгаа. Энэ нь хоног тутам 0,1 хувиар алданги тооцоод, 23,200,000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.
3. Нэхэмжлэгч нарын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн:
Нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/
Нэхэмжлэгч ***ын иргэний үнэмлэхний хуулбар / хэргийн 5 дугаар тал/
Нэхэмжлэгч ***гийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 6 дугаар тал/
2015.04.21, Үйлчилгээтэй орон сууц захиалан бариулах гэрээ /хэргийн 7-10 дугаар тал/
2025.04.21 Хаан банкны шилжүүлэгийн баримт /хэргийн 11 дүгээр тал/
2015.04.21 Кассын орлогын ордер /хэргийн 12 дугаар тал/
2021.05.26, ***-ийн төлбөрийн тодорхойлолт /хэргийн 13 дугаар тал/
2024.07.30 Үйлчилгээний орон сууц захиалан бариулах гэрээний нэмэлт, өөрчлөлт /хэргийн 14-16 дугаар тал/
2024.11.14, ***-д гаргасан мэдэгдэл /хэргийн 17 дугаар тал/
Мэссэнжер чатны зураг /хэргийн 18 дугаар тал/
2024.06.05, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт /хэргийн 19 дүгээр тал/
2024.02.16, дугаар 101/ШШ2024/00906 Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 20-22 дугаар тал/
Нэхэмжлэгч нараас *** олгосон итгэмжлэл /хэргийн 23-дугаар тал/ зэрэг баримтууд,
4. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 39-41 дүгээр тал/
Хариуцагчаас *** олгосон итгэмжлэл /хэргийн 42 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
2.Нэхэмжлэгч нар хариуцагчид холбогдуулан ...183.200 000 төгрөг гаргуулах ... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... хариуцагч гэрээний үүрэг орон сууц хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учир орон сууцны үнэд шилжүүлсэн 160 000 000 төгрөгийг алдангийн хамт буцаан гаргуулна... гэж тайлбарлав.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар шүүхэд ямар нэг тайлбар, баримт ирүүлээгүй.
4.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2015 оны 04 сарын 21-ний өдөр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд “Үйлчилгээтэй орон сууц захиалан бариулах гэрээ” бичгээр байгуулагдаж, гүйцэтгэгч буюу хариуцагч Баянзүрх дүүрэг, 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 давхар үйлчилгээтэй орон сууцны 8 давхарт 39.23м кв талбайтай орон сууцыг 2015 оны 02 улиралд багтаан барьж ашиглалтад оруулан нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нар орон сууцны үнэ буюу хариу үүрэг 70 614 000 төгрөг төлөхөөр харилцан тохирчээ.
Нэхэмжлэгч нар гэрээний үүрэг орон сууцны үнэд 2015 оны 04 сарын 21-ний өдөр 80 00 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлжээ.
Хариуцагчаас нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх байсан дээрх гэрээний зүйл буюу 39.23м кв талбайтай орон сууц хөрөнгийг хариуцагч бусдад төлөх төлбөрт шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг бодитоор биелэгдэх боломжгүй болсон байна.
Дээрх нөхцөл байдлын улмаас талууд 2015.04.21-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хариуцагч Хан-Уул дүүрэг Яармагийн нүхтэд баригдаж байгаа “***” хотхоны А2 блокын 5 давхарт 49 39м кв талбайтай 2 өрөө орон сууц хөрөнгийг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх, уг 2 өрөө орон сууц хөрөнгийг нэхэмжлэгч нарын өмчлөлд аливаа шалтгаанаар шилжээгүй тохиолдолд 2 өрөө орон сууцны зах зээлийн үнээр тооцож 160 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгч нарт төлөхөөр 2024.07.30-ны өдрийн “Үйлчилгээний орон сууц захиалан бариулах гэрээний нэмэлт, өөрчлөлт” гэх гэрээгээр харилцан тохирсон байна.
Эдгээр нь талуудын хооронд байгуулагдсан 2015.04.21-ний өдрийн “Үйлчилгээтэй орон сууц захиалан бариулах гэрээ” 2015.04.21-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2015.04.21-ний өдрийн кассын орлогын ордер, 2021.05.26-ны өдрийн №14 тоот хариуцагч ***-ийн нэхэмжлэгч ***, *** нар хүргүүлсэн тооцооны үлдэгдэлгүй болох тухай “Төлбөрийн тодорхойлолт” баримт, 2024.07.30-ны өдрийн “үйлчилгээний орон сууц захиалан бариулах гэрээний нэмэлт, өөрчлөлт” баримт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 1-3, 7-16 дугаар тал/
5.Хариуцагчаас нэхэмжлэгч нарын өмчлөлд 2 өрөө орон сууц хөрөнгийг шилжүүлэх, нэхэмжлэгч нар хариу үүрэг буюу орон сууцны үнэд 80 000 000 төгрөгийг хариуцагчид төлөх гэрээний тохиролцоог үндэслэн нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
6. Гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй гэж үзнэ.
7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
8.Хууль болон гэрээний дагуу нэхэмжлэгч нар орон сууцны үнэ 80 000 000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч хариу үүрэг буюу орон сууц хөрөнгийг үндсэн болон нэмэлт гэрээний дагуу нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ огт биелүүлээгүй байна.
8.2024.11.14-ний өдөр нэхэмжлэгч нар хариуцагчид 2024.07.30-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн, уг мэдэгдлийг цахим шуудангаар хүргүүлсэн боловч гэрээ бодитоор биелэгдээгүй өнөөдрийг хүрсэн нь хэргийн 17, 18 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байна.
9.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.
10.Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хариуцагч үндсэн гэрээний үүргээ бодитоор биелүүлэх боломжгүй болсон нөхцөл байдлыг үндэслэн талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзах, орон сууцны үнэ шилжүүлсэн 80 000 000 төгрөгийг талуудын тохиролцоо буюу зах зээлийн үнээр тооцож тогтоосон 160 000 000 төгрөгөөр тооцож буцаан шаардах эрх үүссэн гэж үзнэ.
11. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэжээ.
12.Нэхэмжлэгч нар орон сууцны үнэ шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж байгаа нь үйлчилгээтэй орон сууц захиалан бариулах болон нэмэлт өөрчлөлт хийсэн гэрээнээс татгалзсны үр дагавар гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардаж байгаа учир гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрхгүй.
13.Иймд нэхэмжлэгч нарын шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй учир хариуцагчаас 160 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 070 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 957 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
15.Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан түүнтэй холбоотой тайлбар баримтаа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ***-аас 160 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***, *** нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 070 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 957 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ