Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2026/00228

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б******* аймаг, Б*******-******* сум, Х******* багт оршин суух Ш******* овогт П*******гийн Н*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2026/00119/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч П.Н*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч П.Н******* нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Булган аймгийн Нийгмийн даатгалын газарт тэтгэвэрт гарах гээд материалаа өгсөн чинь 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1995 оныг дуустал хугацааг тогтоох боломжгүй байна. Тийм учраас шүүхээр орж ажилласан жилээ тогтоолгочихоод ир гэж хэлсэн. Тэгээд шүүхэд хандсан. 1993 оны 07 дугаар сард би төрсөн. Төрсөн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, төлдөггүй гэж 2 хувилбартай байсан гэж хэлсэн. Төлдөг нь байсан төлдөггүй байсан уу гэдгийг архиваас шүүгээд өгсөн. 1993 оны 04 дугаар сарын 27-ны өдөр, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүүхэд төрүүлсэн. 1993 оны декритний амралтаа наадам өнгөрөөгөөд авсан. 1995 онд 8 сард авч байсан. 1995 онд төрчихөөд ажилдаа орох гээд очсон чиний ажлын байр цомотхогдсон чамайг үйлчлэгчээр авч ажиллуулна гээд би шүүхээр орж эргэж ажилдаа орж байсан. Цэвэрлэгчээр ажилласан. 1995 онд тасралтгүй ажилласан. Архиваас цалингийн тодорхойлолтыг авсан гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Иргэний үнэмлэхийн хуулбар,

-Булган аймгийн Б*******-******* сумын Засаг даргын Тамгын газрын П.Н*******ын цалингийн тодорхойлолт,

-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

-хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-цалингийн дансны хуулбар,

-эмнэлгийн хуудас зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч П.Н*******ын шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Б*******-******* сумын Засаг даргын тамгын газарт 1991 оноос 1995 оныг дуустал бичээчээр ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа гараагүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Б*******-******* сумын Засаг даргын Тамгын газрын П.Н*******ын цалингийн тодорхойлолтод Булган аймгийн Б*******-******* сумын Засаг даргын тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байгаа П******* овогтой Н*******ын 1991-1995 онудыг Засаг даргын Тамгын газрын цалинг архиваас түүвэрлэв гээд 1991 оны 2, 3, 5, 6, 7, 10-12 сар, 1992 оны 1, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 1993 оны 2, 4,5, 10, 1994 оны 1-6, 1995 оны 10-11 саруудад цалин олгосон тухай бичилт,

-П*******гийн Н*******т 1995 онд 02 сарын 09-ний өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: 1995 оны 3, 5-7, 10-12 сар,

-П*******гийн Н*******т 1991 оны 04 сарын 04-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарын ажлын тухай мэдээ хэсэгт:

-Сумын АХГЗ-ны 1991 оны 01 сарын 16-ны өдрийн 04 тоот захирамжаар Сумын АХГЗ-нд бичээч бичиг хэргийн эрхлэгчээр авч ажиллуулав,

-Сумын Засаг даргын 1995 оны 03 сарын 31-ний өдрийн 16 тоот захирамжаар Сумын бичээч бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг цомхотгосон тул ажлаас чөлөөлөв,

-Сумын Засаг даргын 1995 оны 03 сарын 31-ний өдрийн 16 тоот захирамжаар Сумын Засаг даргын Тамгын газрын цэвэрлэгчээр авч ажиллуулав,

-Булган аймгийн Б*******-******* сумын Нийгмийн даатгалын байцаагч Л.Пүрэвсүрэнгийн улсад 4 жил ажилласан 357003 тоот Нийгмийн даатгалын дэвтэр олгов. гэх бичилт хийгдсэн,

-Цалингийн дансны хуулбар: 1991 оны 02 сард 600 төгрөгний цалин, 1991 оны 03 сард 600 төгрөгний цалин, 1991 оны 05 сард 600 төгрөгний цалин, 1991 оны 06 сард 600 төгрөгний цалин, 1991 оны 07 сард 600 төгрөгний цалин, 1991 оны 10 сард 600 төгрөгний цалин, 1991 оны 12 сард 600 төгрөгний цалин, 1991 оны 11 сард 117 төгрөгний цалин, 1992 оны 01 сард 600 төгрөгийн цалин, 1992 оны 04 сард 900 төгрөгийн цалин, 1992 оны 05 сард цалин олгосон тухай цэс, 1992 оны 06 сард 900 төгрөгийн цалин, 1992 оны 07 сард 900 төгрөгийн цалин, 1992 оны 08 сард 900 төгрөгийн цалин, 1992 оны 09 сард 213 төгрөгийн цалин, 1992 оны 10 сард 1350 төгрөгийн цалин, 1992 оны 12 сард 1350 төгрөгийн цалин, 1993 оны 02 сард 264 төгрөгийн цалин, 1993 оны 04 сард 2700 төгрөгийн цалин, 1993 оны 05 сард 2700 төгрөгийн цалин, 1993 оны 10 сард 165 төгрөгийн цалин, 1994 оны 01 сард 161 төгрөгийн цалин, 1994 оны 02 сард 1360 төгрөгийн цалин, 1994 оны 03 сард 1360 төгрөгийн цалин, 1994 оны 4,5,6 саруудад 4080 төгрөгийн цалин олгосон тухай мэдээлэл авагдсан.

-Эмнэлгийн хуудаст: Пэйрлэйн Н*******, 24 настай, Тамгын газарт цэвэрлэгч, амаржсан, 1995 оны 10 сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл, Ерөнхий эмч Л.Амарсанаа, эмчлэгч эмч Х.Тамир,

-Ажил байгууллагын тодорхойлолт хэсэгт: П.Н******* улсад тасралтгүй 4 жил ажилласан гэх бичилт хийгдсэн гэжээ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ., 135.2.6 дэх хэсэгт хүний ажиллаж байсан байдал, 135.3 дах хэсэгт ...эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй...болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

5.Иймд хүсэлт гаргагч П.Н*******ыг Булган аймгийн Б*******-******* сумын Засаг даргын тамгын газарт 1991 оноос 1995 оныг дуустал бичээчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш******* овогт П*******гийн Н*******ыг Булган аймгийн Б*******-******* сумын Засаг даргын тамгын газарт 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүртэл бичээч, 1995 оны 04 дүгээр сарын 01-нээс 1995 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА