Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/70

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга О.М,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт Цийн Эд холбогдох эрүүгийн 1817001360063 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х. овогт Цийн Э, 1977 оны 11 дүгээр сарын 28-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 5 дугаар баг ........ гэх газарт оршин суух, Монгол Улсын сайн малчин, аймгийн алдарт уяач ял шийтгэлгүй, Регистрийн ........ дугаартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ц.Э нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Уулзварын гол гэх газар зохион байгуулагдсан өдөрлөгийн үеэр иргэн Г.Мтэй мотор унтраалаа гэх асуудлаас болж маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Э нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Уулзварын гол гэх газар зохион байгуулагдсан өдөрлөгийн үеэр иргэн Г.Мтэй мотор унтраалаа гэх асуудлаас болж маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тэр өдөр Мг хүмүүсээс хамгаалж автобусанд оруулсан. Тэр архи уусан, мөн газар нүүрээрээ унасан байсан. тэгээд намайг автобусанд оруулж өгөхөд согтуурхаад миний эхнэрийг хэл амаар доромжилж гичий гэхээр нь цохисон нь үнэн. Миний буруу, би Мтэй гар барьж эвлэрсэн. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөр байна...” гэх мэдүүлэг.

 

            Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай байгууллага Сүмбэр сумын 5 дугаар багийн өдөрлөгт Уулзварын голд очиж тоглолт хийсэн. Орой нь үдэшлэг зохион байгуулсан. Би автобуснаас буугаад найруулагч Т.Б-ийг хайгаад байшингийн баруун хойд талаар явж байгаад ололгүй буцаад автобусандаа сууж байтал тус багийн иргэн Э /Сг/ ирээд чи мотор санаатай унтраалаа гээд тэр хавийн залуус над руу дайраад байсан. Тэгээд Этай маргалдах үед Эын эхнэр нь гэх хүүхэн мөн над руу мотор унтраадаг чи хэн юм гэх мэтээр дайраад байхаар нь би халамцуу байсан учир чамд хамаагүй гичий минь гээд хэлчихсэн юм. тэгтэл Э автобусанд орж ирээд миний зүүн нүд рүү гараараа цохиж зүүн нүдний доод зовхи сэтэлсэн. Бөгж нь таараад миний нүд хөхөрч улайсан байсан. Тэгээд автобусанд байсан Мө Эыг түлхэж буулгасан. Маргааш нь би эмнэлэгт үзүүлсэн юм. Уг нь би цагдаа шүүх гээд яах вэ Эыг уучлал гуйгаад утсаар ярьчих болов уу гэж бодтол эхнэр нь утсаар хохь нь гэсэнд би гомдолтой байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р тал/,

 

Гэрч З.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сүмбэр сумын 5-р багийн өдөрлөгт оролцохоор Боржигон чуулгын автобустай ажлынхаа 10 гаран хүмүүстэй Уулзварын гол гэх газар очсон. Тэгээд үйл ажиллагаа нь 13 цагийн орчим эхэлсэн. Тэгээд орой хүлээн авалт хийгээд бүжиг явуулсан. Тэгээд шөнийн 23 цагийн орчим тарахаар болоод байж байтал хөгжмийн асааж байсан мотор унтарсан ба бүжиг болж байсан байшингийн баруун талд хүмүүс бужигналдсан. Тэгээд би автобусандаа ороход I жолооч Л, Мө нар байсан.Өөр ямар хүмүүс байсныг мэдэхгүй байна.1 Мө нэлээн согтуу байсан.тэгээд байж байхад гаднаас М нэлээн халамцуу зүүн талын шанаа, дух орчим нь халцарсан байдалтай орж ирсэн. Тэгтэл удалгүй хөдөөний 2 залуу согтуу орж ирсэн. Тэгээд Э гэж өдөрлөг зохион байгуулж байсан залуу Мг мотор унтраалаа гээд хоорондоо маргалдаж байхад Мө тэр хоёрын дундуур орж ирээд салгаж байхад Э Мөийн дээгүүр гараа давуулаад Мгийн зүүн нүдэнд нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Э гэдэг залууг автобуснаас түлхэж гаргасан. Тэгээд автобус хөдлөөд Чойр явсан.Номын сангийн ажилчид автобусны үүдэнд байж байгаад сууцгаагаад автобус хөдлөөд явсан. Зарим хүмүүс нь автобусанд суусан байсныг мэдэхгүй байна. Номын сан, музейн нэлээн олон ажилчид байсан. Мгийн зүүн нүд хавдсан, доод хэсгээрээ язарсан байсан. Автобуснаас орж ирэхдээ зүүн талын шанаа, дух орчим нь халцарсан байсан. Мө нэлээн согтуу байсан. Жолооч Лх суудал дээрээ байсан. Номын сангийн хүмүүс автобусны үүдэнд гадаа зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

 

            Гэрч Ю.Мө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 05-р сарын 06-ны өдөр Сүмбэр сумын 5-р багийн өдөрлӨгт Уулзварын гол гэх газар Боржигон чуулгын ажилчдын хамт очсон. Тэгээд 16 цагийн үед тоглолт эхэлсэн. Тэгээд тоглолт 20 цагийн орчим дуусаад багийн хурлын зааланд цайллага хийсэн. Манай хамт олон уг цайллагад орсон. Тэгээд багийн иргэд бүжиглээд манай Боржигон чуулга хөгжим тавьж байгаад нэлээн орой болоод бид нар тарахаар болоод явъя гэсэн чинь багийн иргэд бүжиг үүрийн 04 цаг хүртэл явах ёстой гээд хүмүүс бид нарыг явуулахгүй байсан. Тэгээд түүнээс болж маргаан эхэлсэн. Тэгээд мотор унтраад хүмүүс хоорондоо маргалдсан ба би автобусан дотроо ороод байж байхад М гаднаас түлхэгдээд орж ирсэн. Намайг харахад Мгийн зүүн нүдний дээд талд язраад цус гарсан байсан. Цагаан эрээн будволктой залуу Мгийн араас орж ирээд тэр хоёр зууралдсан ба М тэр ахыг та намайг цохичихлоо гээд байсан. Тэгэхээр нь би тэр цагаан будволктой ахыг салгаад түлхсэн чинь тэр ах хаалганаас зүүгдээд байсан. Мөн автобусан дотор байсан Номын санд ажилдаг хүмүүс боль гэж байсан. Тэгээд бид нар тэр хүмүүсийг бөөнөөрөө автобуснаас буулгаад автобусаа асаагаад явсан. Манай ажилчид автобусанд орж ирээд суусан байсан. Би автобусанд цохисныг нь хараагүй. Ямар ч байсан гаднаас М тэр цагаан будволктой ахтай зууралцаад орж ирсэн ба тэр ахыг М та минь нүд рүү цохичихлоо гэж байсан. Би бол Мгийн нүдийг автобусан до|: цохисон уу гадаа цохисныг нь хараагүй.Тэр цагаан будволктой ахын нэрийг мэдэхгүй Би тэр ахыг харвал танина. Багийн өдөрлөгийг зохион байгуулж байсан хүний нэг Н1 байсан. М архи уух нь уусан байсан. Хэр согтуу байсныг мэдэхгүй байна Цагаан будволктой залуу архи уусан байсан. Хэр зэрэг согтуу байсныг мэдэхгүй байна. Сүүлд сонсоход М мотор унтраагаад бүжиг дуусгаснаас болж маргаан үүссэн гэж сонссон.Тэнд байсан багийн иргэд нэлээн халамцуу байсан.:Манай байгууллагаас манай нөхөр Б, М, У А, Н, Ц.Н, Д, У нар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

 

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Эыг хөдөө малчин болсноос хойш мэднэ. Намайг нэг багийн 3 малчин. Багийн ажилд их идэвхтэй оролцдог. Найз нөхдийн хүрээнд нийтэч, ажил  хэрэгч. Манай багийн иргэдийн нийтийн хурлын дарга ажилтай. Баяр ёслолын үеэр  архи амсах нь амсдаг. Архи уухаараа ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй. Тамхи татдаггүй. Манай аймгийн Улсын сайн малчин, аймгийн алдарт уяач хүн байгаа юм. Манай багаас сонгогдсон Сүмбэр сумын иргэдийн хурлын төлөөлөгч хүн байгаа юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-р тал/,

 

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...5-р багийн малчин Э нь олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог. Малчид дундаа нэр хүндтэй.Улсын сайн малчин, аймгийн алдарт уяач. Сумын иргэдийн хурлын төлөөлөгч, 5-р багийн иргэдийн нийтийн хурлын дарга ажил хийдэг.Архи дарс хаяа найз нөхдийн дунд хэрэглэдэг. Би сүүлийн 10 гаран жиг ажиллаж байна ямар нэгэн агсан тавьж, элдэв ааш гаргаж байгаагүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-р тал/,

 

Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 204 дугаартай дүгнэлтэд:

- Э.Мгийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, духны зүүн тал, зүүн чамархай, шанаагаар зулгаралт гэмтэл учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018 оны 06 дугаар сарын 05-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Духны зүүн тал, зүүн чамархай, шанаагаар зулгаралт гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 16-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Ц.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р тал/-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 1817001360063 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, засаг даргын тодорхойлолт, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Цийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эыг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ