| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2509009940984 |
| Дугаар | 2025/ДШМ/1255 |
| Огноо | 2025-11-05 |
| Зүйл хэсэг | 16.7.2., |
| Улсын яллагч | Л.Төвхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/1255
2025 11 05 2025/ДШМ/1255
Б.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Төвхүү,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Болд,
шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Я.Батханд,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1993 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батхандын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн 2509009940984 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х- овгийн Б-ын А-, ........../;
Холбогдсон хэргийн талаар:
Б.А- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо .... байрны 18 тоотод тусгай хэрэгцээт хүүхдэд зориулагдсан зан үйл заслын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг “...............” төрийн бус байгууллагын Ава-терапи сургалтад 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хамрагдан суралцаж байсан Аутизмын хүрээний эмгэг F84 оноштой бага насны буюу 5 настай Ж.Ү-тэй тус төвийн терафист багшийн хичээл зааж, сурган хүмүүжүүлэх явцдаа 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 02 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр суулгах гэж хүчээр бие рүү нь дарах, өвдөглөж газар дарах, гараараа дарах, хана руу шахах, усны саваар гэдэс рүү цохих, гар далайж айлгах зэргээр биед нь халдаж хүүхэдтэй хэрцгий харьцсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Б-ын А-г “Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэмт хэргийг багш хүн үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.А- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.000.000 төгрөг төлсөн, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гаас сэтгэцэд учирсан хохиролд 7.288.080 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н- нь цаашид сэтгэл заслын эмчилгээ болон энэ хэрэгтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.....Миний үйлчлүүлэгч Б.А- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, .... байрны 1 тоотод тусгай хэрэгцээт хүүхдэд зориулагдсан зан үйл заслын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг “...............” төрийн бус байгууллагын Ава-терапи сургалтад 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хамрагдан суралцаж байсан Аутизмын хүрээний эмгэг Р84 оноштой бага насны буюу 5 настай Ж.Ү-т хичээл зааж, сурган хүмүүжүүлэх явцдаа биед нь халдаж хүүхэдтэй хэрцгий харьцсан үйлдэлдээ мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд маргадаггүй ба үйлдсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж хохирогч болон түүний ар гэр, эцэг, эхээс уучлал гуйсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэл санааны хохиролд 3.000.000 төгрөг төлсөн ба анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хохиролд 7.288.080 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг хохирол төлбөрийг цалингаасаа төлөхөө илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн гэж дүгнэн Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн төрөл, хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй буюу Б.А-гийн үйлдсэн үйлдэлд ял нь хүндэдсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан миний үйлчлүүлэгчийн ар гэрийн болон хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү..” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Болд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн эцэг нь Олон улсын хүний эрхийн комисст ажилладаг. Хохирогч Ж.Ү- гадаад улсад өссөн учраас Монгол улсад аутизмын эмгэгтэй хүүхэддээ хэл, яриа сургах үүднээс сургалтад бүртгүүлсэн. Сургалтад хамрагдсан хүүхдэд нь ахиц дэвшил гарахгүй нөхцөл байдал үүссэн учраас анхаарал хандуулж үзэхэд түүний багш Б.А- нь хохирогч Ж.Ү-тэй хэрцгий харьцаж байсан нь камерын бичлэг, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Энэ асуудлаас үүдэж хохирогчийн эцэг, эх нь сэтгэл зүйн гүн цочролд орсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Прокурор Л.Төвхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд давж заалдах гомдолдоо шүүгдэгч Б.А-гийн ял хүндэдсэн учраас ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.
1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
2. Шүүгдэгч Б.А- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо .... байрны 18 тоотод тусгай хэрэгцээт хүүхдэд зориулагдсан зан үйл заслын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг “...............” төрийн бус байгууллагын Ава-терапи сургалтад 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хамрагдан суралцаж байсан Аутизмын хүрээний эмгэг F84 оноштой бага насны буюу 5 настай Ж.Ү-тэй тус төвийн терафист багшийн хичээл зааж, сурган хүмүүжүүлэх явцдаа 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 02 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр суулгах гэж хүчээр бие рүү нь дарах, өвдөглөж газар дарах, гараараа дарах, хана руу шахах, усны саваар гэдэс рүү цохих, гар далайж айлгах зэргээр биед нь халдаж хүүхэдтэй хэрцгий харьцсан болох нь:
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх28-41/,
“...............” ТББ-ын Ава-Терапи сургалтанд хамруулахаар Ж.Ү-ийн сургалтын төлбөр төлсөн Н.Н-ийн дансны хуулга /хх47-51/,
“...............” ТББ-ын захирлын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдийн 2/14-2 дугаартай Б.А-г ажлаас чөлөөлсөн тухай тушаал /хх43-46/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0725/3358 дугаартай шинжээчийн “...Цээжний дунд дээд хэсэгт 2.4x0.Зсм, 1х.03см, 0.4x0.2см баруун гарын алганы ар хэсэгт 2x0.Зсм, 0.1х0.1см, 0.3х2см, зүүн эгэмийн дунд 0.5х0.2см, 0.5х0.3см, зүүн гарын бугалгын гадна дунд 3.2х3см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Ж.Ү-ийн биед цээж, баруун гарын сарвуу, зүүн эгэм, зүүн бугалгад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх /хх24-25/ гэх,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1013 дугаартай шинжээчийн “...Ж.Ү-ийн сэтгэцэд 2025 оны 02 дугаар сарын 11-13-ны өдрийн хооронд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх /хх74-75/ гэх дүгнэлтүүд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-ийн “...Хүүхдийн хувьд 2 наснаасаа эхэлж 3 жил Автсри улсын Вена хотын улсын цэцэрлэгт хамрагдаж байсан ба цэцэрлэгийнхээ хажуугаар Ава-терапи сургалтын төвд давхар суралцдаг байсан. Уг сургалтын төв нь хүүхдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэх сургалт явуулдаг. Эмнэлгийн байгууллагаас ямар нэгэн эм, эмчилгээ зөвлөөгүй бөгөөд одоог хүртэл эм уудаггүй юм. Манай гэр бүл 2024 оны 08 дугаар сарын сүүлээр хүүхдээ Монгол хэлээр хэлд оруулах зорилгоор 2 хүүхдээ аваад ирсэн. Харин нөхөр Австри улсдаа ажиллаж байгаа. Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн Хан-Уул дүүргийн 218 дугаар цэцэрлэгт хүүхдээ өгсөн бөгөөд уг цэцэрлэгийн хажуугаар хүүхдээ хэлд оруулах, хөгжүүлэх зорилгоор 09 дүгээр сарын 01-ний өдрөөс “...............” төвд өдөр бүр 13 цаг 30 минутаас 15 цагийн хооронд 1 цаг 30 минутын сургалтанд явуулж эхэлсэн. Уг сургалтын төлбөр нь 1 сарын 2.420.000 төгрөгийн үнэтэй. 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минутад хүүхдээ сургалтад нь өгөөд 15 цагт ангиас нь аваад гарах гэтэл гаранд нь хумсны шарх үүссэн байсан. Тэгэхээр нь би энэ талаар багшаас нь тодруулж асуухад “хүүхдийг суулгаж сургах гэхэд гараа ширээн дээр тавихгүй гээд байхаар нь гарыг нь ширээн дээр тавих гэж байгаад хумсаараа шарх үүсгэчихлээ” гэж хэлсэн. Тэгээд хүүгээ аваад гэртээ очоод шалгатал гар, хуруу цээж хэсэгт хумсны шархтай, мөн зүүн гарын булчин хэсэг улайж хөхөрсөн байхаар нь би уг сургалтын төвийн захирал руу залгаад “багш хүүхдийг зодсон” талаар хэлтэл “би одоо ажил дээр очоод камерын бичлэгийг нь шүүж үзээд маргааш танд хэлье” гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө захирал нь өөрөө надтай холбогдоод “багш А- нь танай хүүхдийг хүчирхийлж байгаа бичлэгийг үзсэн, та өөрөө үзээд хэрэггүй таны сэтгэл хямрах байх” гэхээр нь “би бичлэгийг нь өөрөө очиж үзмээр байна” гэж хэлээд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр очиж 02 дугаар сарын 12, 13-ны өдрийн бичлэгийг гүйлгэж үзтэл манай хүүхдийг цохиж зодож байгаа талаар бичлэг харагдсан. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Түүнээс хойш 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нөхөр Жавхлан Монгол улсад ирж, 02 дугаар сарын 24-ний өдөр дээрх төв дээр очиж уулзахад тухайн төвийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 13-ны өдрийн хоорондох бичлэгийг үзэхэд 01 дүгээр сарын 06, 02 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд хүүхэдтэй харгис хэрцгий харьцаж байгаа бичлэгүүд байсан. Тухайн 4 өдрийн бичлэгийг сургалтын төв нь хадгалж авсан, цагдаагийн байгууллагаас авах талаар албан тоот хүргүүлэхэд өгнө гэж нөхөрт хэлсэн байсан. Миний хувьд дээрх 4 өдөр хүүхэдтэй маань харгис хэрцгий хандсанд гомдолтой байна” /хх13-15, 64-65/,
гэрч Ж.О-гийн “...Б.А- нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тус байгууллагад Терафист /зан үйл засалч/ багшаар ажилд орсон. Түүний хувьд сэтгэл зүйч мэргэжилтэй болохоор Турк улсаас багш нарт багшлах лицензтэй багш ирж сургалт зааж сертификат олгосон учраас зан үйл засалч чиглэлээр ажиллаж эхэлсэн. Б.А-гийн хувьд өдрийн 6 цагаар 4 хүүхдэд 1 цаг 30 минутаар хичээл ордог байсан. Ж.Ү-ийн хувьд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн манай сургалтанд явж эхэлсэн бөгөөд ажлын өдөр бүр 13 цаг 30 минутаас 15 цагийн хооронд явдаг байсан. Б.А-гаас өөр багш хичээл орж байгаагүй. Түүний ээж нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны орой манай захирал О- рүү залгаж хүүхэд маань хичээлээс ирэхдээ “гаран дээрээ хумсны сорвитой байсан, гэртээ ирээд усанд оруулах гэтэл цээж, хүзүү хэсэгт нь зөндөө их сорви байна, камерын бичлэг үзмээр байна” гэж хэлсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өглөө Ж.Ү- гэх хүүхдийн ээж, захирал бид гурав 02 дугаар сарын 12, 13-ны өдрийн камерын бичлэгийг үзэхэд Б.А- багш Ж.Ү-ийг суулгах гээд хүчээр дарсан, унасан байхад нь өвдөглөж дарсан, усны саваар гар руу нь цохих зэрэг үйлдлүүдийг 2 өдөр 7-10 минутын зайтайгаар Ж.Ү-ийг тайвширтал үргэлжилж байсан. Тэгээд захирал бид 2 түүний ээжээс нь уучлалт гуйсан ба ээж нь гар утсан дээрээ бичлэг хийж аваад цагдаагийн байгууллагад хандахаар явсан. Түүнээс хойш 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ж.Ү-ийн аав нь гэх хүн манай төв дээр ирж бид 2 хяналтын камерт хадгалагдсан бүх өдрийн бичлэгийг үзэхээр болж 2025 оны 01 дүгээр сарын 02-ноос өмнөх өдрүүдийн бичлэг устсан байсан болохоор 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх бүх өдрүүдийн бичлэгийг үзсэн. Тэгэхэд Б.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 06, 02 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Ж.Ү-тэй зүй бусаар харьцаж байгаа бичлэгүүд байсан. Тэгэхээр нь би түүний аавтай нь ярилцаж байгаад 1, 2 дугаар сарын камерын бичлэгт хадгалагдсан бүх бичлэгийг хуулбарлан авч өөрийн компьютер дээр хадгалсан байгаа. 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн бичлэгийг үзээд түүнийг хүүхэдтэй зүй бусаар харьцсан гэх шалтгаанаар ажлаас нь халсан.” /хх16-19, 67-68/,
гэрч П.О-ийн “...Би 2022 оны 11 дүгээр сард “...............” нэртэй ТББ-г байгуулсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сараас эхлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, .... байрны 18 тоотод тусгай хэрэгцээт хүүхдэд зориулагдсан, зан үйл заслын чиглэлээр сургалтын үйл ажиллагааг албан ёсны зөвшөөрөлтэй одоог хүртэл явуулж байна. ...Ж.Ү- нь мөн 2024 оны 09 дүгээр сараас эхлэн өдөр бүр 13 цаг 30 минутаас 15 цагийн хооронд сургалтад хамрагддаг, түүнд зөвхөн Б.А- сургалт ордог байсан. 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр санагдаж байна намайг гадуур явж байтал Ж.Ү-ийн ээж нь гэх хүн залгаад “өнөөдөр манай хүүхэд сургалтын төвөөсөө гарч ирэхдээ их уйлсан байдалтай тавгүй байсан. Тэгээд гэртээ ирээд хүүхдийнхээ хувцсыг нь тайлтал биеийнх нь зарим хэсгээр хумсны урсан мөр гарсан байна” гэхээр нь би түүнд “манай багш нар хүүхдийг цохиж зодох ёсгүй, маргааш хяналтын камер шүүж үзье” гэж хэлээд утсаа салгасан. Маргааш өглөө нь би сургалт хариуцсан эрхлэгч О-, Дөлгөөн нарын хамт камер шүүтэл 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүүхдийг хүчээр дарсан, өвдөглөж газар дарж байсан, гараараа дарсан, хана руу шахах, усны саваар гэдэс рүү нь цохих, гар далайж айлгах зэрэг үйлдэл хийж байсан. Уг нь А- багшийн хувьд тусгай хэрэгцээт хүүхдийг тайвшруулах, уурлаж бухимдсан үед нь өөрийгөө болон хүүхдийг бэртэхээс хамгаалах ёстой боловч тэгэлгүйгээр хүч хэрэглээд байсан. Тухайн бичлэгийг ээжид нь үзүүлж, Б.А- багшийг шууд ажлаас нь халсан. Тэгээд тухайн хүүхдийн ээж нь хуулийн байгууллагад хандсан ба харин аав нь 02 дугаар сарын 24-ний өдөр ирж 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойшхи бүх өдрийн камерын бичлэгийг шүүж үзэхэд А- нь сүүлийн 1 сар орчим хичээл огт заагаагүй, мөн 3, 4 өдрийн бичлэг дээр хүүхэдтэй зүй бус харьцаж байсан. Түүний зүй бус харьцсан өдрүүдийн бичлэгийг хуулбарлаж авсан байгаа.” /хх70/ гэх мэдүүлэгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-г “Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн гэмт хэргийг багш хүн үйлдсэн” гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батхандын гаргасан “...Б.А-гийн үйлдсэн үйлдэлд ял нь хүндэдсэн. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Тухайлбал, шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Шүүх шүүгдэгч Б.А-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цагийн хугацаагаар оногдуулсан нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон ял оногдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл, шүүх шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон оногдуулснаар түүнд ажил хөдөлмөр эрхэлж, хохирогчийн хохирол төлбөрийг төлөх боломжийг хаасан нөхцөл байдал биш бөгөөд тухайн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх зорилготой бөгөөд ял шийтгэл оногдуулахдаа тухайн хүний хүсэл сонирхолд нийцүүлэх шаардлагагүй тул Б.А-д дээрх зорилгыг хангасан ял шийтгэлийг оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батхандын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1993 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1993 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батхандын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ