Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/00199

 

 

 

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00199

 

 

Хххх-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20ы өдрийн 181/ШШ2018/02404 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хххх-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **********-т  холбогдох,

 

Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18/01 дүгээр тогтоолын хоёр дахь заалтын Хххххх д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Хххх-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулсан захирал, эрхлэгчийн албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтад ажилтан залуучуудын ээлжийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр оролцсон. Сонгон шалгаруулалтын сүүлийн өдрийн үнэлгээг эс зөвшөөрсөн тул уг дүнг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд дараах үндэслэлээр 2018 оны 04 дүгээр сарын 19-нд гомдол гаргасан. Тухайн сонгон шалгаруулалт явагдах зарыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд журмын 3.1-т заасны байрлуулаагүйгээс шалтгаалан зарын талаар хугацаа алдаж мэдсэн тул шалгалтад бэлдэх хугацаа бага байсан. Зааврын 3.1.3-т ярилцлагын шалгалтад хамаарах хөтөлбөр, төслийн танилцуулга хийх хугацааг тухай бүр өрсөлдөгч бүрт ижил хугацаатай байхаар тогтоож өгөх хэмээн заасан байхад хугацааг ижил тогтоогоогүй. Сонгон шалгаруулалтын үнэлгээг эс зөвшөөрсөн тул холбогдох материал болон үнэлгээтэй танилцъя гэхэд танилцуулаагүй. Гомдлыг хянан хэлэлцээд хангахгүй орхисон тул 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул давж заалдах журмаар гомдол гаргасан. Гомдлыг хянан хэлэлцэх 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд миний бие оролцож амжаагүй ба тогтоолоо 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гардан авч, хэргийн материалтай танилцахад хххх тогтоол гарсан болохыг мэдсэн.

Сонгон шалгаруулалтын үндэслэл муутай үнэлгээг баталгаажуулсан уг тогтоолыг үндэслэн намайг ажлаас чөлөөлж, Г.Т томилох нөхцөл бүрдсэн тул сонгон шалгаруулах комиссыг байгуулсан ххххх хариуцагчаар татан ажлаа чөлөөтэй сонгох эрх зөрчигдөхөөс хамгаалуулах зорилгоор Захиргааны хэргийн шүүхэд хамаарахгүй шүүхийн шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Иймд сонгон шалгаруулах комиссын 2018 оны 04 дүгээр сарын 08-ны 18/01 дүгээр тогтоолын хоёр дахь заалтын Хххххх д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт:  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай" Б/159 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хххх тус сургуулийн захирлын сул орон тоог зохих журмын дагуу нөхөх хүртэлх хугацаанд томилсон. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай А/31 дүгээр тушаалаар нийслэлийн төрийн өмчийн ерөнхий Боловсролын зарим сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг байгуулсан. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 11, цэцэрлэгийн эрхлэгчийн 23, нийт 34 ажлын байранд сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Төрийн албан зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11 -ны өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 3 дугаар хэсгийн 3.1-д заасны дагуу Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлэх тухай 01/222 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлэн цахим хуудсанд байрлуулах талаар мэдэгдэж сайтад байрлуулсан. Монгол Улсын Төрийн албан зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах зааврын 3 дугаар хэсгийн 3.1-д заасан аргуудаар сонгон шалгаруулалтыг явуулсан. Ингэхдээ 3 дугаар хэсгийн 3.1.3 -т заасны дагуу ярилцлагыг шалгалтанд хамаарах хөтөлбөр төслийн танилцуулга хийх хугацааг тухай бүр өрсөлдөгч бүрт ижил хугацаатай байхаар буюу 10 минут байхаар тогтоож оролцогч бүр ижил хугацаанд танилцуулга хийж ярилцлага хийх боломж олгосон.

Сонгон шалгаруулалтын үнэлгээг эс зөвшөөрч оролцогч нараас 1 хүн гомдол гаргасны дагуу холбогдох материал үнэлгээг үзүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Хххххх  нь ямар нэг гомдол санал гаргаагүй ба Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд өрсөлдөж 61.33 оноо авсан бөгөөд Г.Т 69,96 оноо авч тус сургуулийн захирлын албан тушаалд тэнцсэн. Монгол Улсын Төрийн албан зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын 6 дугаар хэсгийн 6.4, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ын 5 дугаар хэсгийн 5.1-д зааснаар дүнг жагсаахад нэгдүгээр байранд Г.Т , хоёрдугаар байранд Хххххх  орсон байна. Монгол Улсын Төрийн албан зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ын 6 дугаар хэсгийн 6.1-д зааснаар хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг уг албан тушаалд томилуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын хурлын Сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийг батлах тухай 18/01 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийг баталж, тайлан, дүнг **********-т  шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18/01 дүгээр тогтоолын 2 дахь заалтын Хххххх д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Хххх-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Хххххх д олгож шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн давж заалдах гомдолд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг ямар үндэслэлээр хангахаас татгалзсан талаар шүүх дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэрт ... нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг боловч нэхэмжлэгч нь өөрт байгаа баримтаа шүүхэд гаргаж өгсөн ба холбогдох материал болон үнэлгээтэй **********  танилцаагүй тул нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Хххххх  хариуцагч **********-т  холбогдуулан сонгон шалгаруулах комиссын 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18/01 дүгээр тогтоолын хоёр дахь заалтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ сонгон шалгаруулалт болох хугацааг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байрлуулаагүй, үүний улмаас шалгалтад бэлтгэх хугацаа бага байсан, ярилцлагын шалгалтын хугацааг өрсөлдөгч бүрт ижил тогтоож өгөөгүй, үнэлгээг эс зөвшөөрч холбогдох материалтай танилцах гэсэн боловч танилцуулаагүй гэж тодорхойлсон. /хх1/

Нийслэлийн засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5/159 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр нэхэмжлэгч Хххххх  томилогдон ажиллаж байсан байх ба уг албан тушаалд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 3 дугаар зүйлийг үндэслэн Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А30 дугаар тушаалаар Нийслэлийн зарим төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, уг ажлыг зохион байгуулах бүрэлдэхүүнтэй комисс байгуулжээ. /хх25-27, 30-32/

Сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулж, шалгалтыг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09.00 цагт эхлүүлж, удирдах ур чадварын түвшин тогтоох болон ярилцлагын шалгалт гэсэн байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. /хх25-26/

Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад Г.Түвшинжаргал, Хххххх  нар оролцсон нь хэргийн 33-34 дугаар талд авагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18/01 дугаар тогтоол, түүний хавсралтаар тогтоогдож байна.

2013 оны 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1.4.3-т зааснаар орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, **********  тус тус зохион байгуулна, 3.1-д салбар зөвлөл болон аймаг, **********  нь сонгон шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө тухайн албан тушаал (ажлын байр)-ын сул орон тоог хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээллэнэ гэж заасан байх бөгөөд уг журмыг хариуцагч байгууллага зөрчсөн гэх үндэслэл баримтаар тогтоогдсонгүй.

Хариуцагч **********  нь нэхэмжлэгчийн сонгосон ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах талаар болон дээрх журмын тухайн ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, бүртгэл явагдах хугацаа зэргийг тодорхой тусгасан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/222 тоот албан бичгийг хавсралтын хамт Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, уг журмын дагуу сонгон шалгаруулалтын зарыг цахим хуудсанд байрлуулахыг мэдэгдсэн, энэ талаарх баримт хэргийн 28-29 дүгээр талд авагдсан байх тул хариуцагчийг сонгон шалгаруулалт болох хугацааг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулаагүй гэж буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэл нотлогдоогүй байна.

Ярилцлагын хугацааны талаарх гомдлын тухайд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах зааврын 3.1.3-т ярилцлагыг асуулт, хариулт, эрхлэх ажил, албан тушаалтай холбоотой даалгавар өгөх, нэг ярилцагчтай ярилцах хугацаа 15 минутаас хэтрэхгүй гэж заасан байна.

Хэргийн 42 дугаар талд авагдсан сонгон шалгаруултад оролцогчдоос авах ярилцлагын хувиараас үзэхэд Багшийн хөгжлийн ордны 501а тоот байранд 10 цагаас 19 цагийн хооронд зохион байгуулагдах ярилцлагын шалгалтад оролцогч тус бүр 10 минут хамрагдах, Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд өрсөлдөж байгаа Г.Т  18.40 цагт, нэхэмжлэгч Хххххх  18.50 цагт тус тус ярилцлагад орохоор товлогдсон байна. Харин нэхэмжлэгч Хххххх гээс авсан ярилцлага 10 минут үргэлжилсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн, шалгалтын материалтай танилцах талаар хэзээ, хаана, хэнд хандсан талаарх холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй байна.

Хэргийн оролцогч нь нотлох баримтыг шүүхэд өөрөө өгөх, боломжгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хүсэлт гаргах замаар бүрдүүлдэг журамтай.

Шүүх талуудаас ирүүлсэн нотлох баримт болоод шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хэргийн оролцогчийн хүсэлтээр шаардан авсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамтай нийцсэн гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор хүсэлт гаргасан боловч ямар үндэслэлээр хангахаас татгалзсан талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй, холбогдох материал болон үнэлгээтэй **********  танилцуулаагүй учраас нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. /хх79/

Шүүх хуралдааны товыг хариуцагчид зохих журмын дагуу мэдэгдсэн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд оролцох эрхтэй. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасныг тус шүүх 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №12969 дугаар захирамжаар, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үр дагаварт хүргэнэ гэдэг үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан байна. /хх61, 67-68/

Сонгон шалгаруулалтын холбогдох баримт болон үнэлгээтэй танилцуулаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь хэргийн 37-41 дүгээр талд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын нэгдсэн үнэлгээ, сонгон шалгаруулалт зохион байгуулсан ажлын тайлан зэрэг баримтууд авагдсан байхын зэрэгцээ, бусад холбогдох материалыг шүүхэд хүсэлт гаргах журмаар хариуцагч шаардан авч болох байтал нотолгооны энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20ы өдрийн 181/ШШ2018/02404 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

А.МӨНХЗУЛ