| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/01595/И |
| Дугаар | 192/ШШ2026/01056 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2026/01056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд амарын гудамж, Соёлын төв өргөө, **** хаягт байрлах, **** /РД:2577739/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Скай гарден хотхон, 7***тоот хаят оршин суух, **** /РД:****/-д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав 103 дугаар байр, ****хаягт оршин суух, *** /РД:Ч***/
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***, түүний өмгөөлөгч *****, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлдээ:
“...*** болон иргэн **** нар 2019 оны 08-р сард харилцан тохиролцож аман байдлаар иргэн ****ы эзэмшлийн компанийн 50 хувийн хувьцаа, мөн Хөвсгөл аймагт байрлалтай аялал жуулчлалын зориулалттай, амралтын газар байгуулах боломжтой, байрлал сайтай, 1 га газраас доошгүй хэмжээтэй газрыг 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Тухайн тохиролцооны дагуу иргэн **** өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг компанийн 50 хувийн хувьцааг *** болон тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч *** уруу шилжүүлэх, мөн Хөвсгөл аймагт байрлалтай аялал жуулчлалын зориулалттай, амралтын газар байгуулах боломжтой, байрлал сайтай, 1 га газраас доошгүй хэмжээтэй газрыг *** болон түүний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч ***ын нэр дээр шилжүүлэн өгөх, ***-ийн зүгээс хувьцаа болон газрын үнэнд 100,000,000 төгрөгийг иргэн ****ы харилцах дансанд шилжүүлэх үүрэг тус тус хүлээсэн байдаг.
Манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж 2019 оны 08-р сарын 22-ны өдөр иргэн ****ы **** **** тоот харилцах дансанд 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Гэтэл иргэн **** гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба тухайлбал Хөвсгөл аймагт байрлалтай аялал жуулчлалын зориулалттай, амралтын газар байгуулах боломжтой, байрлал сайтай газрыг өнөөдрийг хүртэл шилжүүлэн өгөөгүй. Манай компанийн зүгээс иргэн ****ыг гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг удаа дараа тавьсан бөгөөд нэмэлт хугацаа олгосоор байтал үр дүн гарахгүй болсон нь нэгэнт тодорхой болсон тул талуудын хооронд хийсэн тохиролцоог цуцалж гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн төлбөрийг буцаан гаргуулахаар энэхүү шаардлагыг гаргаж байна.
Иргэний хуулийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан байдаг ба манай компанийн зүгээс газрыг шилжүүлэн өгөх шаардлагыг ****д гаргаж байсан төдийгүй газрыг шилжүүлэн өгөх боломжгүй тохиолдолд манайхаас авсан 100,000,000 төгрөгийг буцаан өгөхийг удаа дараа шаардсан байдаг. Дээрх байдлаас шалтгаалан манай компанийн зүгээс Иргэний хуулийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээг цуцалж, гэрээ цуцалсантай холбоотойгоор гэрээний үүрэгт манай компаниас шилжүүлсэн 100,000,000 төгрөгөө буцаан нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, манай компаниас иргэн ****ы дансанд шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг гаргуулан манай компанид олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:
“...Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус заасны дагуу нэг этгээд гэрээ байгуулах санал гаргаж, нөгөө этгээд саналыг хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулагдсанд тооцдог. Гэвч **** болон ****-ийн хувьцаа эзэмшигч *** болон **** нарын хооронд нэхэмжлэлд дурдсан асуудлаар аливаа хэлцэл хийж байгаагүй, ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл нэхэмжлэгчийн гаргасан саналыг **** нь хүлээн авсан буюу зөвшөөрсөн зэрэг үйл явдал болоогүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, газрыг шилжүүлэх гэрээ нь Иргэний хуульд заасны дагуу бичгээр хийх хэлцэл байхаар, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах, эсхүл гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн гарын үсэг зурсан захидал, албан бичгийг гэрээний санал гаргасан тал хүлээн авсан тохиолдолд гэрээг байгуулсанд тооцох учиртай байна. Харин нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд нэхэмжлэлд дурдсан үйл явдал, аман тохиролцоо буюу амаар гэрээ байгуулсан үйл явдал огт болоогүй бөгөөд хэрэв нэхэмжлэгчээс компанийн хувьцааг худалдан авах байсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэлд ядаж ямар оноосон нэртэй компани гэдэг талаараа тодорхой тусгах байсан. Тиймээс нэгэнт нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд аливаа хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй, аливаа үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлд дурдсан амаар байгуулагдсан гэх гэрээг цуцлах боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:
“...2019 онд ***-ийн хувьцаа эзэмшигч болох миний төрсөн ах *** хүнээс компани, газар авахаар болсон би тул чи очоод нөгөө хүн дээр явж очоод компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан өөрийн нэр дээрээ шилжүүлээд авчих би төлбөрийг нь төлчихсөн байгаа гэдэг байдлаар надад хандаж уулзах хүний нэр, утасны дугаарыг явуулсан ба үүний дагуу нөгөө хүнтэй нь уулзаж компанийн хувьцааг шилжүүлэн авсан байдаг.
Тухайн үед газрын эрх шилжүүлэх гэрээ хийгээгүй бөгөөд энэ талаар ахад хэлээд өнгөрч байсан. *** нь өөрийн хамаарал бүхий компаниудаараа Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймгуудад үйл ажиллагаагаа өргөтгөх зорилготой байсан бөгөөд зөвхөн шатахуун түгээх станц буюу нефтийн бүтээгдэхүүний худалдаанаас гадна кино театр, аялал жуулчлал, хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан ба энэ хүрээнд Хөвсгөл аймагт аялал жуулчлалын зориулалттай газар худалдан авах сонирхолтой байсан. Миний хувьд өөрөө бие даан **** гэх хүнээс компанийн хувьцааг 100,000,000 төгрөгөөр худалдан авсан зүйлгүй бөгөөд өөрийн ахын өгсөн даалгаврын хүрээнд компанийн хувьцаа болон газрын эрх шилжүүлэн авахаар очиж нотариат дээр гэрээ байгуулсан. Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээг нотариатаар батлуулж улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангах хүрээнд тухайн гэрээг байгуулсан бөгөөд миний зүгээс төлбөр төлсөн, компанийн хувь эзэмшлийг тодорхойлсон зүйл байхгүй. Хожим ахын компанийнхан ****ыг төлбөрөө авчхаад газрыг шилжүүлэн өгөхгүй байгаа талаар ярьж байсан ба анх миний шилжүүлэн авах ёстой байсан газрыг өнөөдрийг хүртэл шилжүүлэн өгөөгүй болохыг шүүхэд өгсөн нэхэмжлэлийг хараад мэдсэн.
Иймд компанийн хувьцаа, аялал жуулчлалын зориулалттай газар шилжүүлэн өгөх ёстой байснаас газраа шилжүүлэн өгөхгүй байгаа нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохыг харуулж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Миний хувьд шүүхээс нэхэмжлэлийг хангаж өгсөн гэрээний дагуу төлсөн төлбөрийг нэхэмжлэгчид буцаан олгох шийдвэр гаргасан тохиолдолд ****аас шилжүүлэн авсан *** ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт - Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай албан бичиг, Төлбөрийн даалгавар, Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Шуудангийн баримтууд, Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, Эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр, Лавлагаа, Дүрэм.
4.2. Хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримт - Хариу тайлбар, Итгэмжлэл, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Гэрчилгээ, Кадастрын зураг, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Дүрэм.
4.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ирүүлсэн нотлох баримт- Тайлбар.
4.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт - Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын албан бичиг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын албан бичиг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны албан бичиг болон газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаал, хавсралтууд, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаал.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ****-иас хариуцагч ****д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа “...2019 оны 8 сард ****тай харилцан тохиролцож түүний эзэмшлийн компанийн 50 хувь хувьцааг, Хөвсгөл аймагт байрлалтай аялал жуулчлалын зориулалттай 1 га газраас доошгүй хэмжээтэй газрыг худалдан авахаар болсон хэдий ч худалдагч тал үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа өгсөн ч цаашид биелүүлэх боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж төлбөрт шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулна” гэж тодорхойлон тайлбарлах ба уг шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч “...**** болон **** нарын хооронд нэхэмжлэлд дурдсан асуудлаар аливаа хэлцэл хийж байгаагүй, ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл нэхэмжлэгчийн гаргасан саналыг **** нь хүлээн авсан буюу зөвшөөрсөн зэрэг үйл явдал болоогүй, нэхэмжлэл үндэслэлгүй” гэх тайлбар гарган маргадаг. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж “...нэхэмжлэгчид буцаан олгох шийдвэр гаргасан тохиолдолд ****аас шилжүүлэн авсан *** ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй, *** ХХК-ийн даалгавраар уг гэрээг байгуулсан” гэх тайлбарыг гаргадаг.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар:
3.1. Хариуцагч ****д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2025 оны 02 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч тал нэхэмжлэлийг 3 сарын 21-ний өдөр хүлээн авч хариу тайлбарыг ирүүлсэн, тэдэнд хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүргийг, хэргийн материалыг танилцуулсан байдаг.
Шүүхээс талуудын нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлэх болон гэрч асуулгах, шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах, өмгөөлөгч авах гэх зэрэг хэргийн оролцогчийн эдлэх эрхийг хязгаарлаагүй.
3.2. Тус шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн хэдий ч “Гадаад руу явж байгаа, холбогдох баримт нислэгийн тийзийг хүргүүлэв” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд ирээгүй байдаг. Түүний хүсэлт, хүсэлтийн үндэслэл баримттай байгаа ч шүүх хуралдаанд ирэхгүй байх хүндэтгэн шалтгаан гэж үзээгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгч талын “шүүх хуралдаан үргэлжлүүлэх” хүсэлт үндэслэл бүхий байх тул хэрэгт авагдсан баримт, тайлбарын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой болно.
3.3. Нэхэмжлэгч талаас “...худалдах, худалдан авах гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг *** ХХК шилжүүлсэн” гэх тайлбар нь төлбөрийн даалгавар баримтаар нотлогдох бөгөөд ...2019 оны 8 сарын 22-ны өдөр ****ы дансанд 100,000,000 төгрөгийг хувьцаа ба газрын үнэ *** гэсэн утгатайгаар *** ХХК-иас шилжүүлсэн байна.
3.4. 2019 оны 10 сарын 10-ны өдөр ****, *** нарын хооронд Тодцэг консалтинг ХХК-ийн хувьцааны 50 хувийг 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдах авах тухай гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу *** компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй.
3.5. Харин нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ****тай гэрээ байгуулсан тул гэрээний үүргээ шаардаж байсан, одоо гэрээнээс татгалзаж байгаа гэж, хариуцагч тал бидний хооронд гэрээ байгуулагдаагүй, үүрэг хүлээгээгүй гэж маргана.
3.6. Дээрх үйл баримт буюу нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбаруудаас үзэхэд “***” ХХК-ийн газар эзэмших, ашиглах эрхийг худалдан авах зорилгоор хэлцэл байгуулсан. Хэлцлийн дагуу төлбөр 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Харин тухайн шилжүүлгийн мөнгийг хүлээн авсан ****аас шаардах эрхтэй эсэх, тэдний хооронд хэлцэл байгуулагдсан эсэх, эсхүл үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болох учиртай.
4. Хэрэгт авагдсан баримт нотолгоо, хууль хэрэглээ дүгнэлтийн талаар:
4.1. Нэхэмжлэлд дурдсанчлан нэхэмжлэгч ****, хариуцагч **** нарын хооронд худалдах худалдан авах хэлцэл байгуулагдсан бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаа үүснэ. Улмаар уг гэрээний үүргийг шаардах, эсхүл гэрээнээс татгалзах, хохирлоо шаардах эрхтэй болно.
4.2. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс “...Газар авахаар амаар харилцан тохиролцож 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн, энэ тохиролцооны дараа хариуцагчтай гуравдагч этгээдээр дамжуулан харилцаж гэрээг бичгээр байгуулсан” гэдэг. Хариуцагч талаас “...хариуцагч нь нэхэмжлэгчтэй уулзаж хэлэлцэн тохиролцсон асуудал байхгүй” гэх тайлбарыг гаргадаг. Дээрх тайлбарууд нь доорх баримтуудаар нотлогдоно, мөн үгүйсгэгдэнэ.
4.2.1. Гуравдагч этгээдийн ...**** буюу *** нь өөрийн дүү ***д даалгавар өгч компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэх тайлбар, нэхэмжлэгч талын ...Үүрэг гүйцэтгүүлэгчийг үүрэг гүйцэтгэгч нь тодорхойлох эрхтэй гэх тайлбар тус тус баримтаар нотлогдоогүй.
4.2.2. Нэхэмжлэгч талын газар, газрын эрх авах, компанийн хувьцааг авах хүсэл зоригоо ****д хандаж илэрхийлсэн, **** өөрийн компанийн хувьцаа, газрын эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх хүсэл зоригийг илэрхийлсэн, аман хэлбэрээр хэлцэл байгуулагдсан үйл баримт мөн нотлогдоогүй.
4.2.3. Түүнчлэн нэхэмжлэгч талын ...**** тухайн үеийн “****” ХК-ийн захирал н.***ын эхнэр юм. *** захирал манай ажил дээр ирээд *** захиралтай уулзаад, харилцан тохиролцоод “манай эхнэрийн нэр дээр ийм газар байгаа, дээрээс нь компанийн 50 хувьцаа өгье, нэгээс доошгүй га газар өгье, үнэ нь 100,000,000 төгрөг, хамтарч ажиллая” гэж тохиролцсон. Тэр 2 тохиролцоод “*** групп” ХК-иас эхнэрийнх нь данс руу мөнгө хийгээд, н.*** нь эхнэр лүүгээ яриад “н.***д шилжүүлээд өгье, захирал дүү рүүгээ яриад очоод тэрийг нь шилжүүлээд авчих” гэсэн зүйл л болсон. **** өөрөө энэ тохиролцоог сайн мэдэх эсэхийг нь мэдэхгүй. *** захирал *** захирал 2 харилцан тохирсон. Тэр уулзалтад **** байгаагүй. Захирлууд 60,000,000 төгрөг дээр эвлэрэхээр тохиролцож байсан гэх тайлбараар нэхэмжлэгч **** болон хариуцагч **** нарын хооронд газар, газрын эрх шилжүүлэх, хувьцаа худалдах худалдан авах хэлцэл байгуулагдсан гэх үйл баримт үгүйсгэгдэж байна гэж үзэв.
4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасанчлан хэргийн оролцогчийн бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргах үүргийн хүрээнд гаргасан хариуцагч талын “...нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хэлцэл байгуулагдаагүй” гэх тайлбар үндэслэл бүхий байна.
4.4. Иймд нэхэмжлэгч ****, хариуцагч **** нарын хооронд хэлцэл байгуулагдаагүй, үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 100,000,000 төгрөгийг шаардах эрхгүй болно. Тодруулбал, газар, газрын эрх шилжүүлэн авах, хувьцаа худалдах худалдан авах гэрээнээс татгалзах, шилжүүлсэн төлбөрөө буцаан гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагаа аман хэлцэл байгуулсан гэх эрх бүхий этгээдээс шаардах нь хуульд нийцнэ.
5. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд нэхэмжлэгч ****-иас хариуцагч ****д холбогдуулан гаргасан 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ****д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ****-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ