Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2026/00229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: О******* аймаг, Б*******-Ө******* сум, ** дугаар баг, Б*******булаг *** тоотод оршин суух С******* овогт Я*******ын Д*******ы хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2026/00055/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч Я.Д*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Я.Д******* нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би 1966 онд төрсөн. Би 1988 оны 07 сараас 1994 оны 01 сарыг хүртэл хугацаанд Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан ба 1989 оноос хойшхи архивын баримт байхгүй тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Иймд ө******* насны тэтгэвэр тогтоолгож авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтыг үндэслэн миний Булган аймгийн Хангал сум Саруул зам нэгдэлд 1988-1994 он хүртэлх хугацаанд сүү тосны заводын мастераар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Иргэний үнэмлэхийн хуулбар,

-Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэл-ийн зөвлөлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Сургууль, ТМС төгсөж ирсэн зарим хүмүүсийг ажилд томилох тухай 98 дугаар тушаал,

-Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12/85 дугаартай албан тоотоор ирүүлсэн Я.Д*******ы анх иргэний үнэмлэх, паспорт авч байсан ХААТР-1 маягтын хуулбар,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/35 дугаар Даатгуулагч Я.Д******* нь ажилласан жил шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд Булган аймагт хамрагдаагүй байх тул О******* аймгийн нийгмийн даатгалын газарт хандана уу. Мөн Булган аймгийн Хангал сумын Саруул зам ХК-д 1995-2000 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа,

-Үндэсний төв архивын 2026 оны 02 сарын 05-ны өдрийн №03-01/1077 тоот лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Я.Д*******ы шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Хангал сум Саруул зам нэгдэлд 1988-1994 он хүртэлх хугацаанд сүү тосны заводын мастераар ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн баримт архиваас гараагүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэл-ийн зөвлөлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Сургууль, ТМС төгсөж ирсэн зарим хүмүүсийг ажилд томилох тухай 98 дугаар тушаал,

-Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарын ажлын тухай мэдээ хэсэгт: Хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрийн яамны сайдын 1988 оны 06 сарын 23-ны өдрийн Б/32 тоот тушаалаар Булган аймгийн хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн удирдах газрын мэдэлд шилжүүлэв гэх,

-Булган Хангал сум Саруул зам нэгдэлийн зөвлөлийн даргын 1988 оны 07 сарын 16-ны өдрийн 18 тоот тушаалаар Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдлийн сүү тосны заводын туслах мастераар авч ажиллуулав гэх,

-Саруул зам компанийн 1992 оны 04 сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалаар Саруул зам нэгдэл татан буугдаж, шинээр аж ахуйн нэгж зохион байгуулагдсан тул нэгдлийн заводын тасгийн эрхлэгч туслах мастерийн ажлаас чөлөөлж, компанийн заводын мастераар томилон ажиллуулав гэх,

-Компанийн захирлын 1992 оны 02 сарын 10-ны өдрийн 15 тоот тушаалаар Өөр газар шилжих болсон учир компанийн заводын мастерийн ажлаас чөлөөлж Эрдэнэт хотын харьяанд шилжүүлэв гэх,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12/85 дугаартай албан тоотоор ирүүлсэн Я.Д*******ы анх иргэний үнэмлэх, паспорт авч байсан ХААТР-1 маягтын хуулбар,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/35 дугаар Даатгуулагч Я.Д******* нь ажилласан жил шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд Булган аймагт хамрагдаагүй байх тул О******* аймгийн нийгмийн даатгалын газарт хандана уу. Мөн Булган аймгийн Хангал сумын Саруул зам ХК-д 1995-2000 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа,

-Үндэсний төв архивын 2026 оны 02 сарын 05-ны өдрийн №03-01/1077 тоот лавлагаа,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

Гэрч Х.О*******ийн Би 1988 оноос эхлэн 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Я.Д******* нь тус нэгдэлийн сүү тосны заводын мастераар ажиллаж байгаад 1994 онд Эрдэнэт хот руу амьдрахаар шилжээд ажлаасаа гарсан. Тасралтгүй ажиллаж байгаад дундуур нь цэргийн албанд явж байсан. Ажлаа сайн хийдэг байсан. Шагнал, урамшуулал авч байсан. Баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр шагнагдаж байсан гэх,

Гэрч М.П*******ын Би 1988 онд сургууль төгсөөд Булган аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газраас Булган аймгийн Хангал суманд хувиарлагдсан. Тус сумын Саруул зам нэгдэлийн сүү тосны заводын тасгийн эрхлэгчийн ажлыг авч байсан. 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Саруул зам нэгдэлийн сүү тосны заводын тасгийн эрхлэгчийн ажлаа хийж байсан. Я.Д******* нь 1988 онд надтай хамт сургууль төгсөөд тус суманд хамт хувиарлагдаад Хангал сумын Саруул зам нэгдэлийн сүү тосны заводын мастер даргаар очиж байсан. Тасралтгүй мастераар ажиллаж байгаад 1994 онд Эрдэнэт хот руу амьдрахаар шилжээд ажлаасаа гарсан. Тасралтгүй ажиллаж байсан. Жуух бичиг, баярын бичиг авдаг байсан. Бид бүгд шагнагдаж байсан гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ., 135.2.6 дэх хэсэгт хүний ажиллаж байсан байдал, 135.3 дах хэсэгт ...эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй...болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

5.Иймд хүсэлт гаргагч Я.Д*******ыг Булган аймгийн Хангал сум Саруул зам нэгдэлд 1988-1994 он хүртэлх хугацаанд сүү тосны заводын мастераар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С******* овогт Я*******ын Д*******ыг Булган аймгийн Хангал сум Саруул зам нэгдэлд 1988-1994 он хүртэлх хугацаанд сүү тосны заводын мастераар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА