| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2402005890122 |
| Дугаар | 2025/ДШМ/1261 |
| Огноо | 2025-11-06 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох /цахимаар/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/1261
2025 11 06 2025/ДШМ/1261
Х.Ч-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Тогтох /цахимаар/,
шүүгдэгч Х.Ч-ын өмгөөлөгч Г.Энхжавхлан,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2019 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжавхлангийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Х.Ч-д холбогдох эрүүгийн 2402005890122 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б- овгийн Х-ийн Ч-, ................/, урьд
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Х.Ч- нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богдхан Уулын дархан цаазат газарт орших МУ-н Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны үр, идээ болох цайруулсан самрыг 13 шуудай буюу 744.650 кг-ыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалсан, .... УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 368.229.425 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Х.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Х-ийн Ч-ыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үр, эрхтнийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ийн Ч-ыг 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Байгал орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 1009000013040 тоот дансанд 4.095.575 төгрөг төлсөн болохыг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-аас 364.133.850 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, Уур амьсгалын санд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан .... УКУ улсын дугаартай Дайхацү хаяжет трак /Daihatsui hijet truck/ загварын тээврийн хэрэгслийн үнэ 10.400.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, эд мөрийн баримтаар 719.2 кг буюу 13 шуудай /Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын агуулахад хадгалагдаж байгаа/ самрыг зориулалтын дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт .... УКУ улсын дугаартай Даяхацүй хаяжет трак //Daihatsui hijet truck/ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Х.Ч-ын хувьд гэм буруу дээрээ маргаагүй бөгөөд харин хохирол, төлбөрт 364.133.850 төгрөгийг Х.Ч-аас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцохдоо экологи, эдийн засгийн үнэлгээ 73.645.885 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 368.229.425 төгрөгийн хохирол учруулсан гэж түүнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хохирлыг давхардуулан гаргуулж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Х.Ч- нь хуш модонд ургасан самрыг өөрөө түүж, цайруулаагүй, харин бэлтгэн зарж байсан хувь хүмүүсээс 1 кг-ийг 5500 төгрөгөөр худалдан авсан экологид шууд хохирол учруулсан этгээд нь модноос самар түүсэн хүн гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Ч-ын худалдан авсан 744.650 кг самрыг үнэлгээний компаниар үнэлүүлэхэд зах зээлийн үнэлгээ нь 5.500 төгрөгөөр тооцож 4.095.575 төгрөг бөгөөд шүүхээс хохирлын хэмжээг тооцохдоо зах зээлийн үнэлгээг харгалзан үзэлгүй экологи, эдийн засгийн үнэлгээгээр буюу 368.229.425 төгрөгөөр тооцож байгаа нь хохирлыг давхардуулан оногдуулж байгаа хэлбэр юм. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2019 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж гомдлыг хангаж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Тогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Ч- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болоод хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу 5 дахин үржүүлж 368.229.425 төгрөгийн хохирол төлбөртэй холбоотой маргаж оролцож байна. Прокурорын зүгээс шүүгдэгч Х.Ч-ын хэрэгтэй танилцахад тухайн ховор ургамал болох 744.50 кг самрыг худалдаж авч хадгалж, тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Байгалийн ургамлын тухай хуульд тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх боломжгүй. Тухайн ургамлыг худалдан авсан хүнд ургамлын үнэлгээгээр 5 дахин үржүүлсэн дүнгээр 368.299.425 төгрөг төлөх үндэслэл байхгүй. Харин 73.645.850 төгрөг буюу экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцож Х.Ч-аас гаргуулах нь зөв юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг байгалийн ургамлыг бэлтгэх зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн, худалдаж авсан, хадгасан, тээвэрлэсэн гэх гэмт хэргийн бүх шинжийг хангасан нөхцөлд гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үздэг. Шүүгдэгч Х.Ч-ын тухайд ховор ургамлыг өөрөө түүж бэлтгээгүй, өөр хүний түүж бэлтгэсэн ургамлыг худалдаж авсан нөхцөл байдлын улмаас ургамлын аймагт шууд хохирол учирсан гэж дүгнэх нь хуульд нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Х.Ч-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Х.Ч- нь 2024 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богдхан Уулын дархан цаазат газарт орших МУ-н Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш модны үр, идээ болох цайруулсан самрыг 13 шуудай буюу 744.650 кг-ыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалсан, .... УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын “...Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тухай тушаал бий. Уг журмын 8.2-т Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төвлөрүүлнэ гэж заасан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгалын ургамлын тухай хуульд “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д Сибирь хуш мод багтсан, энэ ургамал Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамласан. Шүүхийн байгууллагаас байгаль орчинд учирсан хохирлыг тооцохдоо экологи, эдийн засгийн үнэлгээгээр тооцвол экологи, эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ. Харин зах зээлийн үнэлгээгээр шийдвэрлэвэл мөн адил самрын зах зээлийн үнэлгээг нэхэмжилнэ. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилнэ...” /1хх 82-84/,
иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн “....... УКУ улсын дугаартай “Дайхатсу Хайджет трак” загварын тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би уг тээврийн хэрэгслийг 2024 оны 08 дугаар сард Да хүрээ автомашины захаас 14.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б.А- надаас хөлсөөр ачаа зөөх ажил хийхгүй бол мөнгө муутай байна гэж хэлээд тухайн тээврийн хэрэгслийг ашиглахаар аваад явсан. Тэгээд хэд хоногийн дараа би хүүгээс машинаа асуухад хөлсөөр хүний самар зөөж байгаад байгаль хамгаалагчид саатуулагдсан гэсэн.т ...Миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохгүй, буруутай этгээдээс зах зээлийн үнэлгээг гаргуулахыг хүсэж байна...” /1хх 88-89/,
гэрч М.М-ын: “...Манай нөхөр Ч- 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр цайруулсан самар худалдан аваад, үнэ нэмж зарах гээд Богдхан уул руу яваад самар авчихаад Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын газрын байгаль хамгаалагч нарт баригдсан. Би 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр машинтай очиж Ч-, жолооч нь гэх А- нарыг авсан. Нөхөр бид хоёр таван хүүхэдтэй болохоор мөнгөний хэрэгцээ маш их гардаг. Тийм болохоор манай нөхөр самар хямдхан худалдан аваад бага зэрэг мөнгө нэмж зарж мөнгө олох гэж байсан. ... Идэрээгээр зуучлуулж Саруулаас уул руу гаргах өдрийг нь хүлээж байтал 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гарч болно гээд манай нөхөр Ч- тухайн орой уул руу гараад хүмүүсээс самар худалдаж авсан.” /1хх 101-103/,
гэрч Б.А-ын: “...2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын “МТ” колонкийн орчим би .... УКУ улсын дугаартай Дайхатсу Хайджет трак загварын тээврийн хэрэгсэлтэй явж байхад үл таних хүн /сүүлд мэдэхэд Ч- гэх/ гар өргөж зогсоогоод надаас хөлсөөр тээвэр хийх үү гэж асуухаар нь хаанаас ямар зүйл тээвэрлэх талаар нь асуухад Кувейтын амнаас жаахан юм ачиж буулгана, чи үнэ, хөлсөө өөрөө мэдээд хэлчих, тэрийг нь төлнө гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө уг эрэгтэйн хамт Кувейтын ам очоод засмал зам дээр намайг үлдээчихээд өөрийнхөө машинаар уул руу өгсөөд явсан. Хоёр цагийн дараа эргэж ирээд “Засмалаас ам руу өгсөөд 5 орчим км яваад 10 орчим шуудай самар ачаад Улаанбаатар хот руу оруулна” гэхээр нь би түүнд самар чинь хориотой байгаа биз дээ, товчоогоор оруулахгүй шүү дээ гэхэд “тэгвэл товчоогоор оруулахгүйгээр наана нь буулгаад авчихъя. Тэгээд 500.000 төгрөг өгье" гэхээр нь би зөвшөөрөөд түүний хамт уул руу өгсөж заасан газар нь очиход уулын гол орчим ирсэн бөгөөд намайг үлдээгээд дахин орхиж яваад 2 цаг орчмын дараа ирээд машинаар гол дагаж жаахан яваад нэг тохой дээр ирэхэд 13 шуудайнд савласан хуш модны самар байсан. Машиндаа ачиж байхдаа 13 ширхэг байгааг тоолсон бөгөөд Ч- надад хэлэхдээ самар гэж хэлсэн. Тэдгээрийг нь ачиж аваад уулнаас буугаад засмал зам руу ороод Ч-ын араас дагаад явж байтал энгийн хувцастай албаны хоёр хүн ирж үнэмлэхээ үзүүлэн шалгаад саатуулан байцаагч С- гэх хүнтэй утсаар ярьж дуудсан. С- гэх байцаагч ирээд байж байтал Ч- эргэж ирээд тэдгээр хүмүүстэй уулзаж байгаад С- гэх хүн миний машинд сууж дагуулж явсаар 1 км гаран зайд байрлах гэрийнхээ хашаанд машиныг оруулсан. ...Гурав хоногийн дараагаар дуудахаар нь очтол хоёр эрэгтэй хүн ирчихсэн надтай хамт миний машин дээр ачсан байсан самрыг шуудай бүрээр нь жинлэж үзсэн. Энэ үед 12 шуудай бүтэн, 1 тал шуудай самар байсан. С- болон тэр 2 хүн нь надад “одоо асуудал чинь прокурор руу шилжинэ” явж бай гэхээр нь явсан боловч эргэж холбогдохгүй болохоор нь 7 хоногийн дараагаас би Ч-тай холбогдож машин тэргээ авмаар байна, юу болов гэж байгаад түүний хамт С-ын гэрт очиход миний машин уг хашаанд байхгүй болсон байсан. ...Үнэ хөлсөө аваагүй, нэг сар гаруй хугацаанд машиныг маань битүүмжлүүлсэнтэй холбоотой зардал мөнгө гэж аваагүй. ...Надад ямар нэг зөвшөөрөл бичиг баримт үзүүлээгүй. Харин амаараа надад хэлэхдээ хориотой зүйл бол бишээ удахгүй хорио нь тавигдах гэж байгаа юм гэж надад хэлсэн...” /1хх 106-108/,
гэрч М.С-ын: “...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагчаар 2021 оноос хойш ажиллаж байгаа ба өмнө нь Нийслэлийн байгаль орчны газарт байгаль хамгаалагчаар 30 гаруй жил ажилласан. Одоо миний бие Богдхан уулын Түргэний ам, Өвөрзайсангийн амыг хариуцан ажиллаж байгаа ба тухайн газарт үйлдэгдэж байгаа Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчилд, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. ...2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо, Өвөрзайсангийн аманд А- нь .... УКУ улсын дугаартай Дайхатсу Хайджет трак маркийн тээврийн хэрэгсэл дээр 13 шуудай цайруулсан самар тээвэрлэн явж байгаад баригдсан ба уг асуудал дээр миний бие зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж тээврийн хэрэгсэл, цайруулсан 13 шуудай самар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг нь хураан аваад ойролцоо баригдаж байгаа хотхоны гараашинд битүүмжилсэн. ...” /1хх 115-116, 119-120/,
гэрч Г.Б-ын: “...Миний бие Богдхан уулын хамгаалалтын захиргаанд байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг ба экологич мэргэжилтэй тул самрын экологи, эдийн засгийн үнэлгээг гаргасан. 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр улсын байцаагч С-ын томилсны дагуу Түргэний аманд түүний ажлын байран дээр очиход .... УКУ улсын дугаартай Дайхатсу Хайджет трак маркийн тээврийн хэрэгсэлд 13 шуудайтай самар ачаатай байсныг буулган нэг бүрчлэн цахилгаан жин дээр тавьж хэмжин жинг шуудайн дээр бичиж 13 шуудай самрын жинг нэг бүрчлэн гаргасан. Ингээд жинг гаргасны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтын дагуу нэн ховор, ховор ургамлыг экологи, эдийн засгийн үнэлгээг тооцсон хавсралтад дурдсан сибирь хуш модны үр, идээ, самрын хуурай дүн болох 176.600 төгрөгөөр үржүүлж мөн байгаль орчинд учруулсан хохирол болох ойн санд учруулсан хохирлоор 3 дахин үржүүлж экологи, эдийн засгийн үнэлгээ гаргасан. ...Миний бие машинд ачигдан хураагдсан 13 шуудай самрыг буулган хамгийн анх жинэлсэн ба электрон жингээр жинлээд шуудайн дээр жинг нь бичиж байсан, нийтдээ 744.65 кг байна. ...” /1хх 128-129/,
яллагдагчаар Х.Ч-ын: “...2024 оны 09 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед эхнэр М-аар Богдхан уулын Кувэйтын ам руу хүргүүлээд би цааш уулын бэл рүү цайруулсан самар худалдан авахаар алхсан ба эхнэр буцаад явсан. Ингээд тэр хавиар явж байгаад 5-6 бригад болсон танихгүй хүмүүсээс 700 гаруй килограмм самрыг худалдан авсан. Мөнгөө дансаар эсвэл бэлнээр өгснөө санахгүй байна. Ямар ч байсан 1 кг самрыг 5.500 төгрөгөөр худалдан авсан. Самруудаа тэндээ бөөгнүүлээд доошоо буугаад Өлзийтийн “МТ" шатахуун түгээх станц дээр .... УКУ улсын дугаартай Дайхатсу Хайджет трак маркийн тээврийн хэрэгслийн жолооч А-тай уулзаж танилцаад уулнаас ачаа ачаад өгчих 500.000 төгрөг өгье гэж тохироод авч явсан. Ингээд очиж 13 шуудай самраа ачаад Өвөрзайсангийн амнаас гараад засмал зам руу орж яваад Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны хуулийн мэргэжилтэнд баригдсан. Тэгээд удалгүй байгаль орчны байцаагч С- гэх хүн ирээд самартай машиныг гэрийнхээ хашаанд аваачиж байрлуулаад А- бид хоёрыг явж бай гэж хэлээд явуулсан. Тэгээд 09 дүгээр сарын 10-ны өдөр дуудаад жинэлж үзээд самартай машиныг ойролцоох амралтын газрын гараашинд хийж орхисон. ...” /1хх 97-98,128-129, 2хх 46-47/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №3195 дугаартай: “...Дүгнэлт 1. Сибирь нарс /Хуш/ Pinus sibirica Du tour-ын цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. 2. Сибирь нарс /Хуш/- Pinus sibirica Du tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын Ховор ургамлын жагсаалтад орсон ургамал. 3. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс /Хуш/- Pinus sibirica Du tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. 4. Сибирь нарс /Хуш/- Pinus sibirica Du tour нь уулсын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал газар зүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тогтоох боломжгүй. 5. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 22-32 хувьтай байх тул нойтон байна. 6. Хуш модны самрыг ММ55786:2007, ММ55364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд чанар, жинд өөрчлөлт орох боломжгой. Хугацааг тогтоох боломжгүй. 7. ММ55786:2007, ММ55364:2004 Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд жин хэмжээнд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг тогтоох боломжгүй. 8. Экологи-эдийн засгийн үнэлгээ 73.349.185 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 366.745.925 төгрөг байна...” /1хх 140-141/,
мөн газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №1038 дугаартай: “...Экологи, эдийн засгийн үнэлгээ 73.645.885 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 368.229.425 төгрөг байна...” /1хх 150-151/ гэх дүгнэлтүүд,
Богдхан дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хяналт, шалгалт хуулийн мэргэжилтэн М.С-ын илтгэх хуудас /1хх 12/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх 13/, Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 14-16/, Экологи эдийн засгийн үнэлгээ /1хх 30-32/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 48-55/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 56/, Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол /1хх 58-59/, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль орчин уур амьсгалын сангийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаартай албан бичиг /1хх 74/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 159-164, 172-183/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Х.Ч- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Х.Ч-ын Сибирь хуш модны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Ч-ыг "Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .... УКУ улсын дугаартай Даяхацүй хаяжет трак //Daihatsui hijet truck/ маркийн тээврийн хэрэгсэл нь Ц.Б-ийн эзэмшлийх болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар /хх 28/-аар тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “тээврийн хэрэгсэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалгаж байгаа 719,2 кг Сибирь хуш цайруулсан самар зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого, ашигласан тээврийн хэрэгсэл мөн байх тул тус тээврийн хэрэгслийн үнэ болох 10.400.000 төгрөг болон 744.65 кг самрыг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Ч-ын өмгөөлөгч Г.Энхжавхлан “...шүүхээс хохирлын хэмжээг тооцохдоо зах зээлийн үнэлгээг харгалзан үзэлгүй экологи, эдийн засгийн үнэлгээгээр буюу 368.229.425 төгрөгөөр тооцож байгаа нь хохирлыг давхардуулан оногдуулж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хууль тогтоогч байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахдаа экологи–эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу өсгөн нэмэгдүүлж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ 744,650 кг цайруулсан самрын зах зээлийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасныг баримтлан шүүгдэгчээс 744.65 кг х 98.900 төгрөг = 73.645.885 төгрөг х 5 дахин = 368.229.425 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг бүхэлд нь хамгаалах, нөхөн сэргээх, тэдгээртэй холбогдсон цогц харилцааг зохицуулахаар Улсын Их Хурлаас 1995 онд батлан гаргасан суурь хууль юм.
Суурь хуулийн хэм хэмжээнд тулгуурлан байгалийн тодорхой төрлийн объектод хамаарах харилцааг холбогдох салбар хууль, эрх зүйн бусад актуудаар нарийвчлан зохицуулдаг онцлогтой.
Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: 1/ “байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг; 2/ “байгалийн ургамлын нөөц” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгохыг зааснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлд ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг ойлгохоор хуульчилжээ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” гэж заасан бөгөөд тус тогтоолд 2015 оны 410 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулахдаа “Нарсны төрлийн модны үр” /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулсан байна.
Харин Ойн тухай хууль нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн:
3.1.1. “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг;
3.1.2. “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг;
3.1.11. “ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг;
3.1.12. “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар ... зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэсэн хуулийн нэр томьёог тус тус хуульчилснаас үзэхэд Сибирь хушны үр идээ /самар/ нь ойн дагалт баялагт хамаарч байна.
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан хохирлыг нөхөн төлнө...”, 42.1.3 “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн;” гэж, 42.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно.” гэж тус тус нарийвчлан зохицуулсны дагуу гэмт хэргийн хохирол хор уршгийг зах зээлийн үнэлгээгээр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дүгээр талд авагдсан 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт”-д “...Сибирь хуш модны үр болох цайруулсан самар нь 1 кг нь 98.900 төгрөг байна. 98900 х 744.65 кг самрын зах зээлийн үнэлгээ 73.645.885 төгрөг байна...” гэж үнэлсэн байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 73.645.885 төгрөгөөр тооцож шийтгэх тогтоолын хохирол төлбөртэй холбоотой заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Х.Ч-ын өмгөөлөгч Г.Энхжавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2019 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х.Ч-аас 73.645.885 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ