Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0361

 

2018 оны 6 сарын 20 өдөр    

Дугаар 221/МА2018/0361

                    Улаанбаатар хот

Б.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0223 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Д-ын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0223 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтыг тус тус баримтлан Д.Д-ын нэхэмжлэлийн шаардлагаас “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, эрүүл мэнд,нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нэгдүгээрт: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Х-ы гаргасан 128/ШШ2018/0223 шийдвэрийн тогтоох нь гэсэн хэсгийн 1 ба 2 дугаар заалтыг хүчингүй болгож, төрийн хуулийн заалт, агуулга болон шударга ёс, хүн чанарын хэм хэмжүүрт нийцүүлэн шийдвэрлэх.

Хоёрдугаарт: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ц-ийн 2016.09.16-ны өдөр гаргасан Б/226 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг урьд нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохоор тогтоож, хууль бусаар гэнэт халагдаж, ажилгүй байсан бүх хугацааны цалин буюу тэрхүү цалинтай тэнцэх хэмжээний олговрыг нөхөн гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх.

Гуравдугаарт: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ц-ийн 2016.09.16-ны өдөр гаргасан Б/227 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоох.

Нэхэмжлэл, гомдлын агуулга:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0223 тоот шийдвэрийг 2018.04.27-ны өдөр гардан авч танилцлаа.

Шүүгч Д.Х энэхүү шийдвэртээ, Тогтоох нь:

1. ... Б.Д-ын нэхэмжлэлийн шаардлагаас мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, ... шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай гэж заажээ. би, шүүгч Д.Халиуны гаргасан энэхүү шийдвэрийг хууль бус, буруу шийдвэр гэж үзэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Яагаад хууль бус, буруу шийдвэр гэж үзсэн тухай тайлбар: (сайтар танилцахыг хичээнгүйлэн хүсье ээ)

Н.Ц-ийн, төрийн хууль зөрчин байж, яаран сандран, нэг өдөр гаргасан дээрх хоёр тушаал (Б/226, Б/227 дугаар тушаал) нь одоо ч хүчинтэй хэвээр, эрх зүйн үйлчлэл нөлөө үзүүлсээр байгаа, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж хохироосоор байгаа, хууль бус захиргааны акт юм.

Иймээс би нэхэмжлэлдээ, дээрх 2 тушаалыг хууль бус тул хүчингүй болгох шаардлага тавьсан билээ. Хууль бус болохыг тогтоож биш, хууль бус тул хүчингүй болгох юм шүү.

Нэгдүгээр зүйл. Миний нэхэмжлэлийн шаардлагаас Б/226 дугаар тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой хүсэлтийг “хэрэгсэхгүй болгох”-ын тулд, шүүгч Д.Халиуны гаргасан үндэслэл, хийсэн дүгнэлтийн талаар: Шүүгч Д.Халиуны 128/ШШ2018/0223 тоот шийдвэрийнхээ үндэслэх нь гэсэн хэсэгт бичсэн дүгнэлтээс танилцуулвал:

Ийнхүү нэхэмжлэгчийг хууль тогтоомж зөрчин төрийн албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон байсан тул Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.6-д “... шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа албан үүргийг эргүүлэн хүлээн авна” гэж зааснаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаалаар түүний албан үүрэг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

Тэрээр төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар томилогдож ажиллаагүй тул “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа эрх нь зөрчигдөх этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй” гэх үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүйн дээр, түүнд мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй, чөлөөлөгдөхгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгаа хамаарагдахгүй юм.

Иймд мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна. учир нь ... түүний албан үүрэг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосноос биш түүнийг ажлаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн байна гэж шүүх үзээгүй болно. Иймд түүнийг Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоох үндэслэлгүй, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж бичжээ.

Шүүгч Д.Х чухам яагаад ийм буруу дүгнэлт хийх болов оо ... тэр яагаад, хариуцагчийн алдааг зөвтгөж, нэхэмжлэгчийн шаардлагыг хангахгүй гэж хуудуутай шийдвэр гаргахдаа, хууль, журмын заалтыг оновчгүй сонгон авч эрх зүйн үндэслэл байгаа мэтээр мэдэн будлих болов.

Шүүгч Д.Х-ы хийсэн дээрх үндэслэл, дүгнэлтийг задлан шинжилж, “гол санаа”-г нь тоймлон үзвэл дараах 5 шалтгаанаар нэхэмжлэгч талыг буруутгаж, хариуцагч талыг зөвтгөсөн байна. Үүнд:

1.         Нэхэмжлэгч буюу Б.Д-ыг хууль тогтоомж зөрчин төрийн албанд томилсон байсан гэх,

2. ... түр орлон гүйцэтгэх журмын 4.6-д “... шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа албан үүргийг эргүүлэн хүлээн авна” гэж зааснаар мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаалаар түүний албан үүрэг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй байна гэх,

3. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар томилогдож ажиллаагүй тул сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа эрх нь зөрчигдөх этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, гэх үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй гэх,

4. ... мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй, чөлөөлөгдөхгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгаа хамаарагдахгүй гэх,

5. ... түүний албан үүрэг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосноос биш түүнийг ажлаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн байна гэж шүүх үзээгүй гэх одоо шүүгч Д.Х-ы бичсэн “үндэслэл” гэх дээрх 5 зүйлийн тухайд.

Дарааллаар нь тайлбар хийе ээ.

Нэг: Намайг, хууль тогтоомж зөрчиж төрийн албанд анх томилоогүй юм. “Төрийн албаны тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно”, 21.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан байгаа билээ.

Хуулийн дээрх заалтад “болно” гэсэн нь “заавал” эсвэл “зайлшгүй” гэх утгыг илэрхийлэхгүй. иймээс эзгүй байгаа албан хаагчийн үүргийг “заавал” ажлаа хийж байгаа албан хаагчаар давхар (эсвэл хавсруулан) гүйцэтгүүлэх ёстой гэж хатуу ойлгож болохгүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц боловсон хүчинтэй ч тохиролцон уг үүргийг түр гүйцэтгүүлэх эрх нь дээрх хуульд заасан эрх бүхий албан тушаалтанд хадгалагдаж байгаа хэрэг.

Монгол улсын Засгийн газрын 2011.03.02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын дөрөвдүгээр зүйлийн 4.1-д “албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана. шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацааг заана” гэж заасан байдаг.

Иймээс дээрх хууль, журмын дагуу, тухайн үед мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, монгол улсын гавьяат хуульч Ц.Ш 2016.04.07-ны өдөр б/89 дүгээр тушаал гаргаж, “удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан явуулах хүртэл хугацаанд Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг Б-ын Д-р 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгүүлсүгэй” гэж заасан юм. Ийм шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь Ц.Ш дарга мөн.

Б.Д миний тухайд өмнөх социалист тогтолцооны үед буюу 1980-1990 оны хооронд тэр үеийн хүнс, хөдөө аж хуй, хөнгөн үйлдвэрийн яаманд тасралтгүй 10 жил ажилласан юм. хожим шинэ тогтолцооны үед ч тус яаманд ажиллаж байлаа.

Тэрхүү төвлөрсөн төлөвлөгөөт удирдлагын үеийн ХХААХҮЯ нь тус салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулахын зэрэгцээ тус салбарт мөрдөж байсан хууль тогтоомж, дүрэм журам, норм стандартын хэрэгжилтийг хянан шалгах чиг үүрэгтэй төрийн захиргааны төв байгууллага байсан юм. тэр үеийн аль ч яаманд ажиллаж байсан бүх мэргэжилтнүүд өөрийн хариуцсан чиглэлээрээ олон төрлийн хяналт шалгалт хийдэг байсан. Миний анкет, намтраас гадна монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаар албан бичигт “... Б овогтой Д таныг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцох боломжтой гэж үзэж байна” гэж тодорхойлсныг Ц.Ш дарга бас харгалзан үзсэн байх аа.

Гэтэл Н.Ц Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдмогцоо 2016.09.16-ны өдөр яаран сандран хоёр тушаал (Б/226, Б/227) гаргаж, намайг гэнэт халж, Ц.М гэх залууг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Сонгон шалгаруулалт зарлаагүй байхад намайг гэнэт халж, дахин үүрэг гүйцэтгэгч томилж байгаа нь ямар ч утгагүй бөгөөд олон хууль, хуулийн заалтуудыг илт зөрчсөн бохир, бүдүүлэг үйлдэл болсон билээ.

Энд нэгэн зүйлийг сөхөн дурдахад, намайг ажлаас халагдаад бараг бүтэн жил өнгөрсний дараа, аймгийн МХГазрын ажилтан Д.Д 2017.03.09-ний өдөр нэхэмжлэл гаргаж, намайг хууль бусаар ажилд томилогдон ажиллаж байсан гэж тогтоолгохоор 3 шатны шүүхээр дамжин заргалдаж бүтэн жил чирэгдүүлэн хохироов.

Эцэст нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.17-ны өдрийн 221/ма2017/0595 дугаар магадлал, улмаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017.11.06-ны өдрийн 440 дүгээр тогтоол гарч, намайг уг ажилд томилсон, МХЕГ-ын даргын 2016.04.07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалыг хууль бус гэж тогтоогоогүй юм.

Аймгийн мэргэжлийн хяналтын газрын ажилтан Д.Д бараг бүтэн жилийн дараа, гэнэт ухаан орсон юм шиг, сонин нэхэмжлэл гаргасан явдлыг би бодохдоо, МХЕГ-ын дарга Н.Ц-ийн шахалт, захиалгаар хийсэн аргагүй үйлдэл байсан болов уу гэж харддагаа нуух юун.

Д.Д ямар нэхэмжлэл гаргасан, тэрнийг нь шүүх хэрхэн шийдвэрлэснийг шүүгч Д.Х сайн мэдэж байгаа. хавтаст хэрэгт ч байгаа.

Гэтэл шүүгч Д.Х, шийдвэр гаргахдаа, нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Н.Ц гэсэн маргалдагч 2 субъектэд ялгаатай хандаж, нэгийг нь зориуд салган авч, нэхэмжлэгч Б.Д нь хууль бусаар томилогдон ажиллаж байсан гэж дүгнэсэн атлаа (тэр тусмаа дээд шатны шүүхээр хянаад, тогтоогоогүй асуудлаар), хариуцагч Н.Ц-г хууль тогтоомжийн дагуу төрийн албанд томилогдсон эсэх талаар яагаад дүгнэлт өгөлгүй орхив ... ямар учиртай юм бол оо.

Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүхээр хянагдаад, хууль бусаар томилсон гэдгийг нь тогтоогоогүйг мэдсээр байж, дээд шатны шүүхийн шийдвэрээс эсрэг дүгнэлт бичдэг анхан шатны шүүхийн шүүгч байж болох уу. шүүгчийн ёс зүйд нийцэх үү. Ийм утгагүй үндэслэл гарган бичиж, нэхэмжлэгчийг буруутгаж, хариуцагчийг зөвтгөх ямар шаардлага байсан хэрэг вэ. Үүнийг би, миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ямар ч үндэслэл биш гэж үзэж, няцааж байна.

Хоёр: Монгол улсын Засгийн газрын 2011.03.02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.6-д “эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсны дараа албан үүрэг түр орлон гүйцэтгэх албан хаагчид тухайн ажилтны ажлыг нь хүлээлгэн өгч, шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа эргүүлэн хүлээн авна” гэж заажээ. Мөн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн б/89 дүгээр тушаалд “Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан явуулах хүртэл хугацаанд” Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг Б-ын Д-р 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгүүлсүгэй” гэж заасан билээ.

Намайг ажилд томилохдоо “удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан явуулах хүртэл хугацаанд” гэж хугацааг нь тодорхой заасан байгаа биз. Иймээс мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан явуулж”, хэрвээ би тэнцвэл уг ажлаа үргэлжлүүлэн хийж, өөр боловсон хүчин тэнцвэл би тэр хүнд нь ажлаа хүлээлгэн өгөх ёстой байлаа. Өөрөөр хэлбэл, миний хувьд ... шийдвэрт заасан хугацаа дуусаагүй байв.

Гэтэл Н.Ц Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч-ээр томилогдмогцоо, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан явуулаагүй байхад, надад огт мэдэгдэлгүйгээр, гэнэт, хууль бусаар халж, хохироосон билээ. Төрийн хууль, журамд ийм тодорхой заасан байхад шүүгч Д.Х дээрх журмын 4.6-д “... шийдвэрт заасан хугацаа дууссаны дараа албан үүргийг эргүүлэн хүлээн авна” гэж зааснаар Б/226 дугаар тушаалаар түүний албан үүрэг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үнэхээр гайхшрал төрүүлнэ.

Засгийн газрын журмын энэхүү заалтаас үзвэл, намайг ажлаас нь гэнэт халсан Н.Ц-ийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэхийн оронд, харин ч эсрэгээрээ буруутгах үндэслэлтэй байна гэж дүгнэмээр юм биш үү. Ийнхүү түр орлон гүйцэтгэгчээр дөнгөж томилогдсон Н.Ц маань түр орлон гүйцэтгэгч Б.Д-ыг өөрт нь огт мэдэгдэлгүй, хууль бусаар гэнэт халж, яаран сандран Ц.М-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ойлгомжгүй явдлыг шүүгч Д.Х зөв гэж үзсэн нь туйлын хачирхалтай.

Ингэж бурууг зөвтгөж, зөвийг буруутгаж болох уу, яагаад ингэв?

Би үүнийг, Шүүгч Д.Х-ы дүгнэсэн шиг, миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, эсвэл татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Б.Д би халагдаж байх үедээ, улс орондоо 36 жил ажил хөдөлмөр эрхэлсэн, мэдлэг боловсрол, ажил амьдралын зохих туршлагатай, нэр цэвэр ахмад ажилтан байсан бөгөөд жилийн дараа л өндөр насны тэтгэвэрт гарахаар төлөвлөж байснаа энд дурдах нь зүйтэй гэж бодож байна.

Гурав: Шүүгч Д.Х үндэслэлдээ: “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар томилогдож ажиллаагүй тул сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа эрх нь зөрчигдөх этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй” гэж бичсэн байгаа билээ.

Ийм утга авцалдаагүй үндэслэл гэснийг бичиж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийн заалтыг оновчгүй, буруу хэрэглэж байгаагийн нэг жишээ мөн бөгөөд хатуухан хэлбэл хууль завхруулж байгаа хэрэг юм. “Захиргааны ерөнхий хууль”-ийн 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчим баримтална” гээд, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан байдаг. Оролцоог нь хангахдаа мөн хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох ажиллагаа явуулдаг хуультай.

Миний тухайд “Төрийн албаны тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн заалтыг үндэслэн гаргасан, Засгийн газрын 62 дугаар тогтоолоор баталсан “төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын дагуу томилогдсон тухайгаа энэхүү тайлбарынхаа “нэг” дэх хэсэгт тодорхой бичсэн билээ. Удирдах ажилтны сонгон шалгаруулалт хүртэл хугацаанд дээрх журмын дагуу түр орлон гүйцэтгэгч-ээр ажиллаад, сонгон шалгаруулалтад тэргүүн байр эзэлсэн хүн нь уг албан тушаалд жинхлээд ажилладаг шүү дээ.

Энэ талаар шүүгч Д.Х-д удаа дараа тайлбар мэдүүлэг өгсөөр байхад төрийн алба хашиж байгаа хүн бүхэн гагцхүү”, “заавал” тус хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу томилогдсон байх ёстой юм шиг, хэрвээ энэ зүйлд заасны дагуу томилогдоогүй бол төрийн албан хаагч гэж огт тооцдоггүй юм шиг зориуд мушгин гуйвуулаад байгаа нь ямар учиртай үйлдэл вэ ... бас л хачирхалтай ...?

Тэгсэн атлаа Н.Ц яаран сандран хууль бус шийдвэр гаргахдаа “Захиргааны ерөнхий хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасныг, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.4, 27.5, 27.6, 27.7-д заасныг огт хайхралгүй бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг шүүгч Д.Х чухам яагаад хянаж үзэлгүй орхиж байгаа хэрэг вэ ... бас сонин.

“Захиргааны ерөнхий хууль”-иар зохицуулсан, захиргааны акт гаргахад тавих шаардлага нь “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн дагуу томилогдон ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргахад ч тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн байдаг шүү дээ. жишээлбэл: захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагч (жолооч, үйлчлэгч г.м)-ийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн аливаа акт (тушаал, захирамж г.м) гаргахдаа тэдэнд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх хуультай.

Үүнээс гадна, мөн хуулийн 37.5-д “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно”, 37.6-д “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заахын зэрэгцээ 40.4-д “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасныг ч шүүгч шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй байна.

“Захиргааны ерөнхий хууль”-ийн дээрх заалтуудыг, гагцхүү “Төрийн албаны тухай хууль”-ийн 17 дугаар зүйлд зааснаар томилогдсон хүмүүст хэрэглэх буюу эсвэл зөвхөн тэр хүмүүсийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдолд хэрэглэдэг юм шигээр шүүгч Д.Х явцууруулан ойлгож, хэрэглэж байгаа нь буруу юм.

Иймээс би шүүгч Д.Х-ы шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон 3 дахь шалтгааныг зөвшөөрөхгүй, няцааж байна.

Дөрөв: Шүүгч Д.Х үндэслэлдээ: ... мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй, чөлөөлөгдөхгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгаа хамаарагдахгүй” юм гэж бичжээ.

Энэ нь үндэслэлгүй дүгнэлт байх тул тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгч Д.Х хуулийн дээрх заалтын учир уялдааг сайн ойлгоогүй бололтой. эсвэл зориуд төөрөлдүүлэхийг санаархсан байж болзошгүй юм. би эргэлзэж байна. “Төрийн албаны тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.2-т “төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана” гээд 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасан байдаг. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална” гээд 25.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 25.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, 25.1.3-д “Монгол Улсын харьяатаас гарсан”, 26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл дээрх заалтуудад зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байхыг нэмэлт баталгаа гэж хуульчилжээ. “Төрийн албаны тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж заасан байдаг.

иймээс би нэгэнт төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг гүйцэтгэж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө, төрөөс т-9-3 зэрэглэлээр цалин хөлс авч, ажиллах бусад нөхцөлөөр хангагдан ажиллаж байсан болохоор “түр орлон гүйцэтгэгч” гэдэг нэр томъёоноос үл хамааран, намайг “төрийн албан хаагч” гэж үзэх ёстой. тийм ч хуультай.

Тэгвэл нэгэнт хууль, журмын дагуу томилогдоод, төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг гүйцэтгэж байгаа хүнийг, өө чи төрийн өмнө үүрэг гүйцэтгэж байгаа учраас, чамд төрийн хуульд заасан нэмэлт баталгаа хамаарахгүй гэдэг ёс байх уу, тийм хууль байна уу. Дээр заасан хуулиар нэмэлт баталгаа гэж томъёолж, хуульчилсан зүйл нь чин үнэндээ, тийм ч “аугаа их”, “аймаар сүрдмээр”, “амьдралын баталгаа”, “дархан эрх” биш юмаа гэдгийг жирийн албан хаагч бүхэн л ойлгож байгаа билээ.

Гэтэл шүүгч Д.Х үүнийг их л сүр бадруулан, төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэлт баталгаа хамаарагдахгүй гэж гадуурхсан өнгө аястай дүгнэжээ. Энэ тохиолдолд “эдлэх” гэдэг үгийг тодотгол болгож, жирийн албан хаагчийг “эрх ямбатан”-ы зиндаанд том баталгаатай байдаг мэт үнэлсэн нь ч зохисонгүй. Шүүгч Д.Х-аар ойлговол төрийн алба гүйцэтгэж байгаад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүнийг хамгаалдаг хууль дүрэмгүй мэт хайхран үзэлгүй орхидог хэрэг үү. Зөвхөн дээрх 27 дугаар зүйлийг заачхаад чамд баталгаа байхгүй гээд хаях уу. ийм бүдүүлэг төр байж болох уу.

Тэгвэл, эсрэг тохиолдолд, төрийн алба гүйцэтгэж байгаад алдаа завхрал гаргаж гэмт хэрэг үйлдсэн байвал бас л хууль дүрэмгүй мэт хайхран үзэлгүй тэр нөхөр хариуцлага хүлээхгүй, зөвхөн бүрэн эрх түр эдэлж байсан юм хөөрхий гээд зүгээр орхих уу. Эргэцүүлээд нэг бодьё.

Төрийн албан хаагч төдийгүй ажил олгогч ямар ч байгууллагад ажиллаж байгаа хэн ч байсан үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээж, тэр хэмжээгээр ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдаж байдгийг эрхэм шүүгч маань мэдмээр юм. Энэ бүхэн нэг биш олон хуулиар хамгаалагдсан байдаг шүү дээ. Хуулиа сайн судлаач, учир утгыг нь сайн ухаж ойлгооч, хуулийн гүн ухаан, энэрэнгүй чанарыг практиктай хослуулаач гэж шүүгч Д.Х-д багш нар нь зааж, захидаг л байсан байх.

Тав: Шүүгч Д.Х үндэслэл, дүгнэлтдээ: “... түүний албан үүрэг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосноос биш түүнийг ажлаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн байна гэж шүүх үзээгүй болно” гэж бичжээ. Шүүгчийн энэхүү сонирхолтой хачин дүгнэлт бас л үндэслэлгүй бөгөөд ихээхэн эргэлзээ төрүүлж байна. Шүүх үзээгүй юм уу эсвэл шүүгч Д.Х үзээгүй хэрэг үү. үгүй ядаж үүнийгээ зааглаж дүгнэлтээ бичихгүй яав даа ... иймээс бяцхан түүх сөхөе өө.

Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс 2016.11.09-ний өдрийн 1153 тоот бичгээрээ надад дараах хариу ирүүлсэн юм. Төрийн албаны зөвлөлд таны гаргасан өргөдөл болон холбогдох бусад материалуудыг судлан үзлээ. Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг улсын их хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “ төрийн байгууллага болон төрийн жинхэнэ алба хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын дагуу хянан шийдвэрлэх хууль, эрх зүйн зохицуулалттай бөгөөд уг хуулийн 21 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхтэй холбогдон гарсан маргаан хамаардаггүй болно.

Иймд та “албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгох тухай” мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ц-ийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаалд холбогдох асуудлаар шүүхийн байгууллагад хандаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах болон бусад асуудлуудыг эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ. Энэхүү хариу бичигт дараах үндсэн хоёр агуулга байгааг хэн ч ойлгох билээ.

Нэгдүгээрт: Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх хууль, эрх зүйн зохицуулалттай бөгөөд харин уг хуулийн 21 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхтэй холбогдон гарсан маргаан хамаардаггүй болохыг нотолсон.

Хоёрдугаарт: Н.Ц-ийн Б/226 дугаар тушаалд холбогдох асуудлаар шүүхийн байгууллагад хандаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах болон бусад асуудлуудыг эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг надад зөвлөсөн. өөрөөр хэлбэл Н.Ц-ийн гаргасан тушаал хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч, үүний улмаас намайг хохирч байгааг ойлгон өрөвдөж байгаа боловч өөрөө шийдвэрлэх эрх зүйн боломж байхгүйгээ илэрхийлж, шүүхэд хандаж асуудлаа эцэслэн шийдвэрлүүлж, хохирлоо нөхүүлж аваасай гэж зөвлөхийн зэрэгцээ миний зовлонг төрийн шүүхэд найдан даатгажээ.

Ингэснээрээ Б.Д-ын “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох ёстой” гэдгийг Төрийн албаны зөвлөл хүлээн зөвшөөрсөн утгатай хариу юм. Ер нь, шүүгч Д.Х чухам яагаад ийм хачин сонин дүгнэлт бичих болов гэдэгт, учир шалтгааны талаас нь зохих тайлбар өгөх нь зүйтэй гэж бодлоо.

хариуцагч тал буюу МХЕГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О-аас 2017.01.02-ны өдөр шүүгч Д.Х-д хүргүүлсэн тайлбартаа Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг дурдаж түүнийгээ шүүгч Д.Х-д ойлгуулахын тулд өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хууль тогтоомжоор хамгаалагдсан төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөөгүй, гагцхүү түр эдлүүлэхээр шилжүүлсэн бүрэн эрхийн хугацааг МХЕГ-ын зүгээс дуусгавар болгосон” гэж бичсэн байдаг.

Энэ бичгийн гол утга санааг задлан шинжилбэл: Нэгдүгээрт: Нэхэмжлэгч нь хуулиар хамгаалагдаагүй хүн шүү.

Хоёрдугаарт: Гагцхүү, эрх эдэлж байсан болохоос үүрэг гүйцэтгэж байгаагүй хүн шүү.

Гуравдугаарт: Ажлаас нь чөлөөлөөгүй, халаагүй, харин дуусгавар болгосон юм шүү.

Дөрөвдүгээрт: Дуусгавар болгохдоо Н.Ц биш МХЕГ-ын зүгээс (баруун хойноос салхилав гэдэг шиг, эзэн нэргүй ...) юм шүү гэж ойлгуулахыг ихэд хичээсэн байдаг.

МХЕГ-аас шүүхэд ийм увайгүй, ухуулгын бичиг хүргүүлсэн нь хөөрхий намайгаа доромжлон тохуурхсан хэрэг байлаа. эрх зүйт төрийн байгууллага албан хаагчдаа ингэж хандаж болох уу. Үүнд ёс суртахуун байна уу.

Цаашдаа хэдэн хүний амьдралыг ингэж дуусгавар болгох бол. Тийнхүү дуусгавар болгох бүрд нь Д.Х шиг шүүгч зөвшөөрөөд, зөвтгөөд сууж байх болж байна уу. хохирогч бөгөөд нэхэмжлэгч би монгол улсын төрийн хоёр том байгууллагын явуулсан дээрх 2 албан бичгийн агуулгад өөрийнхөөрөө дүн шинжилгээ хийвэл:

Төрийн албаны зөвлөл намайг хохирч байгааг ойлгож, өрөвдөн төрийн шүүхдээ найдан даатгажээ. Харин миний ажиллаж байсан салбарын дээд байгууллага, МХЕГазар намайгаа хуулийн хамгаалалтгүй гэдгийг тодорхойлж, гомдлыг нь хэрэгсэж үзэхгүй байхыг төрийн шүүхээс хичээнгүйлэн хүсжээ.

Эрх зүйт төртэй, хүмүүнлэг энэрэнгүй нийгэмд иймэрхүү үйлдлийг төрийн шүүх шударгаар тунгаан ялгаж, хянан шийдвэрлэх нь дамжиггүй гзж бодож байна.

шүүгч Д.Х, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн б-89 дүгээр тушаалд “удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан явуулах хүртэл хугацаанд Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг Б-ын Д-аар 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгүүлсүгэй” гэж заасныг олж уншсан баймаар.

Энэ тушаалд заахдаа Б.Д-д бүрэн эрх ... эдлүүлсүгэй гэж бичээгүй, харин үүргийг ... гүйцэтгүүлсүгэй гэж бичсэн байгаа биз дээ. Ер нь “үүрэг хариуцлага, бүрэн эрх” гэдэг нь салшгүй уялдаатай, ямагт хамтад нь авч үздэг, эрх зүйн нэгдмэл ойлголт бөгөөд хаашаа ч бултах ёсгүй зарчмын асуудал билээ.

Хэдий ийм боловч шүүгч Д.Х маань МХЕГ-ын төлөөлөгч, хуульч Ё.О-ын тайлбарласнаар “үүрэг гүйцэтгэдэггүй, бас хариуцлага ч хүлээдэггүй, гагцхүү бүрэн эрх эдэлж байсан, тэгсэн атлаа хуулиар хамгаалагдаагүй нэг нөхөр байсны эрхийг дуусгавар болгосон учраас түүний гомдлыг хэрэгсэхгүй хаях ёстой юм байна” гэж ойлгосон бололтой.

Ингэхдээ баруун хойноос салхилаад хийсгэлээ гэдэг шиг, МХЕГ-ын зүгээс дуусгавар болгосон юм чинь яадаг юм (цаашаа юу болох нь хамаагүй) гэж Д.Х шүүгч маань шийдээд, миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бололтой.

Төрийн албаны хуульд заагдаагүй, дуусгавар болгосон гэдэг үгийг хаанаас ч юм олж бичээд, түүгээрээ гул барьж, төрийн хуулийг гууль болгож болох уу. Хариуцагч талын ятгалга, нөлөөнд автаж, түүнийг ажлаас нь чөлөөлөөгүй, халаагүй харин дуусгавар болгосон байхгүй юу гэж гөрддөг шүүгч байж болох уу. Ингэхдээ өөрийнхөө дутуу ойлгосон асуудлаа “шүүх үзээгүй болно” гэж бичдэг шүүгч байж боломгүй. нөлөөнд автсан нэг шүүгчийн буруугаас шүүхийн нэр хүнд унах аюултай.

Иймээс хохирогч бөгөөд нэхэмжлэгчийн хувьд би, шүүгч Д.Х-ы дээрх үндэслэл, дүгнэлтийг хууль бус гэж үзэж байна.

Хоёрдугаар зүйл: Миний нэхэмжлэлийн шаардлагаас Б/227 дугаар тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтийг хүлээн авахаас “татгалзах”-ын тулд, шүүгч Д.Халиуны гаргасан үндэслэл, хийсэн дүгнэлтийн талаар шүүгч Д.Х үндэслэл, дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч Б.Д нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар томилогдож ажиллаагүй, ... тул ... Ц.М-ыг ... түр орлон гүйцэтгэгчээр томилсон ... түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргах эрхгүй байна.

Иймд ... Б/227 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ” гэжээ.

Шүүгч Д.Х-ы энэхүү дүгнэлт, шийдвэр нь хуулийн үндэслэлгүй гэдэгт тайлбар хийе ээ. Б.Д би, “Төрийн албаны тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн заалтыг үндэслэн гаргасан, Засгийн газрын 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын дагуу, тухайн үед мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Ш-ийн гаргасан, 2016.04.07-ны өдрийн б/89 дүгээр тушаалаар томилогдон ажиллаж байсан тухайгаа энэхүү тайлбарынхаа “нэгдүгээр зүйл”-ийн “нэг” дэх хэсэгт дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн билээ.

Намайг, “хууль бусаар томилогдон ажиллаж байсан гэж” шүүхээс тогтоогоогүй. Үүнээс гадна Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар томилогдож ажиллаагүй хүн маргах эрхгүй гэж ямар хуульд заасан юм вэ? “Захиргааны ерөнхий хууль”-ийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.5, 37.6 болон 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг үндэслэн дүгнэлт хийж үзвэл: Н.Ц-ийн, нэг өдөр яаран сандран гаргасан Б/226, Б/227 тушаалууд нь хоёулаа, сөрөг нөлөөлөл бүхий, хууль бус захиргааны акт юм.

Н.Ц, өөрөө түр орлон гүйцэтгэгч атлаа ямар ч бодит шаардлага, нөхцөл байдал үүсээгүй байхад албан үүргээ хэвийн гүйцэтгэж байсан албан хаагчдаа огт мэдэгдэлгүй, гэв гэнэт халсан нь хууль зөрчсөн, бүдүүлэг хэрэг юм. ийм ёс, тийм хууль хаана ч байхгүй билээ.

“Төрийн албаны тухай хууль”-д, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны талаар дараах чухал зүйл, заалт байдаг. Тухайлбал:

• 24 дүгээр зүйлд заасны дагуу төрийн албанаас чөлөөлөх

• 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн албанаас халах

• 26 дугаар зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах Н.Ц хуулийн эдгээр зүйл, заалтын алиныг нь үндэслэл болгох шалтгаан Б.Дд байгаагүй тул зүгээр л муйхар хар ухаанаараа “дуусгавар болгосон”-ыг нь шүүгч Д.Х зөвтгөж байгаа хэрэг юм.

Гэтэл, хуулийн дээрх зүйл, заалтад дуусгавар болгох тухай үг үсэг, ойлголт байхгүй билээ. Н.Ц-ийн 2016.09.16-ны өдөр яаран сандран гаргасан дээрх Б/226, Б/227 тушаалууд нь нягт уялдаа холбоотой бөгөөд Б.Д гэдэг хүнийг хууль бусаар халж, оронд нь Ц.М гэдэг залууг хууль бусаар томилсон, ийм л үйлдэл юм. Ц.М нь уг албан тушаалд томилогдоход хуулиар заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй, сонгон шалгаруулах шалгалтад орох болзолд тэнцээгүй учраас түүнийг томилсон Б/227 дугаар тушаал нь мэдээж хууль бус болно. Харин шүүгч Д.Х дээрх хууль бус хоёр тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ илт ялгаатай хандаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй, хариуцагч болон гуравдагч этгээдийн нөлөөнд автсан байж болзошгүй гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгааг нуух юун. Эрхэм шүүгч маань

• Б.Д-ыг гэнэт халсан Б/226 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон

• Ц.М-ыг гэнэт томилсон Б/227 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь шударга бус явдал юм.

Шүүгч Д.Х шийдвэртээ: “нэхэмжлэгч Б.Д нь ... Ц.М-ыг ... түр орлон гүйцэтгэгчээр томилсон ... түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргах эрхгүй байна” гэж ичгүүргүйгээр бичжээ.

Тэгвэл монгол улсын “Захиргааны ерөнхий хууль”-ийн 92 дугаар зүйлийн 92.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж заажээ.

Үүнээс гадна “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасныг шүүгч Д.Х маань уншаагүй гэж үү. Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхтэй шүүгч Д.Х маань юу л хийгээд байна даа ... өргөсөн тангаргаа, ёс зүйн дүрмээ дахин уншаасай.

Гуравдугаар зүйл. Төгсгөлд нь өөрийн сэтгэгдэл, дүгнэлт ба хүсэлтээ илэрхийлье ээ.

Иргэн Б.Д би, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэл-гомдлоо анх 2016.12.05-ны өдөр гаргасан бөгөөд тэр цагаас өдийг хүртэл 510 хоног болж байна. Энэ хэрэг дээр шүүгч Д.Х анхнаас ажилласан болно. Эцэст нь миний нэхэмжлэлийн шаардлагаас, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаал нь хууль бус тул хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин буюу түүнтэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаар тушаалыг хууль бус тул хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай гэж шийдвэрлэлээ.

Энд зориуд онцлон тэмдэглэхэд шүүгч Д.Х маань ... үүрэг гүйцэтгэгч Н.Ц нь ... үүрэг гүйцэтгэгч Б.Д-ыг өөрт нь мэдэгдэлгүй гэнэт халж ... үүрэг гүйцэтгэгч Ц.М-ыг хууль бусаар, яаран сандран томилох болсны хууль, эрх зүйн үндэслэл, бодит шаардлага байсан эсэхийг шударга ёсны зарчмаар, ул суурьтай нягтлан хянаж, учир зүйг нь олж, үнэнээр шийдвэрлэж чадав уу. Түүний гаргасан шийдвэр төрийн хууль тогтоомж, шударга ёсонд нийцэв үү. Би үүнийг, үнэнээр шийдвэрлэж чадаагүй, хууль тогтоомж, шударга ёсонд нийцээгүй гэж бодож байна. түүгээр ч зогсохгүй бусдын нөлөөнд автаж, шүүгчийн тангараг, ёс зүйн дүрмээ зөрчлөө гэж хардаж байна.

Шүүгч Д.Х чухам яагаад ийм буруу шийдвэр гаргах болов. энэ талаар нэхэмжлэгч би, дараах дүгнэлт хийж байна. шүүгч Д.Х нь:

• Төрийн хууль, тогтоомж болон тэдгээрийн заалтуудын уялдаа холбоог дутмаг ойлгож, буруу хэрэглэсэн. (өмнөх тайлбаруудад бичсэнчлэн)

• Маргаан дагуулсан захиргааны акт (Б/226, Б/227 дугаар тушаал)-ыг гаргах болсон шалтгаан, бодит шаардлага, үндэслэл, түүний заалтуудын утга агуулга, логик уялдаа холбоог нягтлан хяналгүй буруу дүгнэлт хийсэн.

• Хохирогч миний гаргасан нэхэмжлэл болон удаа дараагийн тайлбар, баримттай нягт нямбай танилцаагүй буюу хайхран үзээгүй.

• Хариуцагч талын, хууль бус үйлдлээ хаацайлан зөвтгөх гэсэн үндэслэлгүй тайлбар, нөлөөнд автаж, хэт нэг талыг барьсан• шударга ёс, хүн чанарын хэм хэмжүүр, шүүгчийн болон хүний эрх, энэрэнгүй ёсны зохист харьцааг алдагдуулсан.

• Төр ба иргэний, эсвэл хариуцагч ба нэхэмжлэгчийн хооронд үүссэн гомдол, маргааныг энгийн ухамсрын түвшинд эргэцүүлж сайн бодоогүй.

• Энэ хэрэг нь эрүүгийн хэрэг биш, нэхэмжлэгч буюу хохирогч нь гэмт хэрэгтэн биш, хариуцагч буюу МХЕГазар нь нийтийн эрх ашгийн төлөө төрийн хяналт, шалгалт хийх чиг үүрэгтэй, тэр тусмаа хөдөлмөрийн харилцааны зөрчлийг ч шалгадаг байгууллага гэдгийг сайтар ялгаж, салгаж ойлгосон эсэх нь эргэлзээтэй

дээр дурдсан байдлуудаас үзэхэд хэргийн баримт материал, объектив болон субъетив хүчин зүйлд шүүгч Д.Х даацтай дүн шинжилгээ хийж дөнгөөгүй, мадаггүй зөв дүгнэлт гаргаж чадаагүй байна.

Ийнхүү шүүгч Д.Х буруу дүгнэлт хийснээрээ бас буруу шийдвэр гаргахад хүрчээ. иймээс шүүгч Д.Х-ы гаргасан 128/ШШ2018/0223 тоот шийдвэр нь хууль бус буруу шийдвэр юм.

Иймээс: Нэгдүгээрт: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуны гаргасан 128/ШШ2018/0223 шийдвэрийн тогтоох нь гэсэн хэсгийн 1 ба 2 дугаар заалтыг хүчингүй болгож, төрийн хуулийн заалт, агуулга болон шударга ёс, хүн чанарын хэм хэмжүүрт нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү.

Хоёрдугаарт: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ц-ийн 2016.09.16-ны өдөр гаргасан Б/226 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг урьд нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохоор тогтоож, хууль бусаар гэнэт халагдаж, ажилгүй байсан бүх хугацааны цалин буюу тэрхүү цалинтай тэнцэх хэмжээний олговрыг нөхөн гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

Гуравдугаарт: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ц-ийн 2016.09.16-ны өдөр гаргасан Б/227 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.Д-аас “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226, Б/227 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Б.Д-ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/59 дүгээр тушаалаар Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг тус газрын Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хэлтсийн дарга Д.Д-аар түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон байснаа 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар дээрх албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Б.Дыг томилжээ. Улмаар тус газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/226 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмын 4.6 дахь заалтыг тус тус үндэслэн Б.Д-ын Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгчээс Мэргэжлийн  хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар “удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлан явуулах хүртэл хугацаагаар томилсон” тул албан үүргийг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно”, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.3-д “Энэхүү журмын 3.3-т заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан үүргийг дараах журмаар түр орлон гүйцэтгүүлнэ” 4.3.2-т “дэд дарга, орлогчгүй байгууллагын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар”, 5.4-д “Эзгүй байгаа албан хаагчийн болон сул орон тоо гарсан албан тушаалын албан үүргийг энэ журамд зааснаас бусад этгээдээр түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн албан үүрэг түр орлон гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосон маргаан бүхий Б/226 дугаар тушаал нь түүний төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах, хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй, тушаал нь нэхэмжлэгчийг түр хугацаанд томилж буй талаар уг шийдвэрт тусгасан тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар уг тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй. Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцох боломжтой талаар мэдэгдсэн нь түүнийг Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилсон гэсэн утга биш, нөөцөд байгаа этгээд нь төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баталгаагаар хангахдах учиртай.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргээс Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу чөлөөлөгдөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдон ажиллаагүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/227 дугаар тушаалтай холбогдуулан Төрийн албаны тухай хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасантай нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, шаардлагын холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзсан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0223 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Д-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ