Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 976

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Харилцаа холбооны зохицуулах хороо,   

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Г******* 

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Г*******ийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 0000069 дүгээр шийтгэврийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У*******, хариуцагч Д.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо шүүхэд  гаргасан  нэхэмжлэлдээ: “Харилцаа холбооны зохицуулах хороо нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 0000069 тоот шийтгэвэрийн хуудастай танилцаад доорх үндэслэлүүдээр эс хүлээн зөвшөөрч байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 

Харилцаа холбооны зохицуулах хороонд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 7/28 тоот албан шаардлага ирж байгаагүй болно. Харин 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 7/28 тоот улсын байцаагчийн дүгнэлт ирж байсан бөгөөд тухайн үед холбогдох арга хэмжээг авч тухайн дүгнэлтэд дурдсан www.nekh.mn  хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласан. Гэвч “улсын байцаагчийн шаардлагыг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан” гэж дүгнэсэн нь илт хууль бус байна. 

Сонгуулийн үед вэб сайтуудын хандалтыг хязгаарлах системд доголдол гарч байсан бөгөөд тухайн бүр Шударга өрсөдөөн, хэрэглэгчийн төлөө газарт энэ талаар мэдэгдэж, тайлбарлаж байсан. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 0000069 тоот шийтгэврийн хуудсанд Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8 дах хэсгийг үндэслэж торгуулийн арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Гэвч Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8-д “Улсын байцаагчийн шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж заасан. 

Дээр дурдсанчлан Харилцаа холбооны зохицуулах хороонд улсын байцаагчийн шаардлага ирж байгаагүй бөгөөд тус хороо нь аливаа шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж хүргүүлээгүй ямар нэгэн зөрчил огт гаргаж байгаагүй болно. Тиймээс энэхүү шийтгэврийн хуудаст заасан захиргааны шийтгэл буюу торгуулийн арга хэмжээ авч буй нь хууль тогтоомжийг илтэд зөрчсөн, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Шударга өрсөлдөөний, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 0000069 тоот шийтгэврийн хуудсанд дурдсан Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8-д аливаа байгууллага, хуулийн этгээдэд торгуулийн арга хэжээ авах зохицуулалт огт байхгүй байхад Харилцаа холбооны зохицуулах хорооны зохицуулах хороонд 960,000 төгрөгний торгуулийн шийтгэл ногдуулсан нь илт хууль зөрчсөн үйлдэл болжээ. 

Дээрх шийтгэвэрийн хуудсыг тус хороонд ирүүлэхээсээ өмнө ямар нэгэн тайлбар, тодруулга авахгүйгээр шууд торгуулийн хуудас ирүүлсэн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна.

Энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт давж заалдах гомдол гаргасан хэдий ч улсын байцаагчийн шийтгэвэрийг хэвээр үлдээсэн тул Өрсөлдөөний тухай хуулийн 26.2-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороог улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэв.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт нь заавал биелэгдэх эрх зүйн баримт бичиг тул түүнтэй хамт эсвэл түүнд дагалдуулж улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх шаардлагагүй юм. Дүгнэлтэд гарсан зөрчлийг баримтаар нотолж, холбогдох сайтын үйл ажиллагааг 6 сар түдгэлзүүлэхийг тодорхой заасан нь Харилцаа холбооны зохицуулах хорооны заавал хэрэгжүүлэх үүрэг болж байгаа юм. Чухам энэ үүрэг хэрэгжээгүйгээс захиргааны хариуцлага ногдуулах нөхцөл үүссэн.

Манай байгууллагад Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 04/1341, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 04/1340 тоот албан бичгүүдээр www.medee.mn сайтын хандалтыг хязгаарласан боловч “тус хорооны программ хангамжид доголдол үүссэн”-ээс хандалт нээгдсэн гэсэн нь улсын байцаагчийн дүгнэлт хэрэгжээгүйг гэрчилж байгаа юм. Энэ зөрчил өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа болно. Зүй нь дүгнэлтийн дагуу 6 сар буюу дүгнэлт гарсан өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хандалт нь хязгаарлагдах ёстой гэдгийг холбогдох хуулинд заасан байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос улсын байцаагчийн шийдвэртэй холбогдуулан гаргасан гомдолд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг уг шийдвэрийг хэвээр үлдээсэн тухай хариу өгсөн нь дүгнэлтийг заавал хэрэгжүүлэхийг дахин шаардсан үйлдэл юм.

Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8-д “улсын байцаагчийн шаардлагыг эсэргүүчсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэсний “албан тушаалтан” гэсэн нь ХХЗ хороог хуулийн этгээдийн хувьд нь төлөөлөх албан тушаалтныг тодорхойлсон заалт юм. Нэгэнт ХХЗХ-г тус байгууллагын дарга нь ямар ч асуудлаар төлөөлөх этгээд мөн тул шийтгэврийн хуудсыг түүний нэр дээр үйлдсэн нь хуульд бүрэн нийцэж байна.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар захиргааны хариуцлага ногдуулах асуудлыг урьдчилан мэдэгдэх тухай заалт байгаагүй болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлийг хянаад нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Г*******ийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 0000069 дүгээр шийтгэврийн хуудсыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын сонгуулийн 63 дугаар тойрогт нэр дэвшигч Т.А*******аас www.nekh.mn веб сайтад хуурамч мэдээлэл түгээж үндэслэлгүйгээр гүтгэн доромжилсон гэх гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 7/28 дугаар дүгнэлтээр www.nekh.mn веб сайтыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэж www.nekh.mn сайтын эрхийг 6 сар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Г******* Харилцаа холбооны зохицуулах хороог улсын байцаагчийн 7/28 тоот албан шаардлагыг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасныг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 0000069 дүгээр шийтгэврээр 960.000 төгрөгийн шийтгэл ногдуулжээ. 

Нэхэмжлэгчээс “Харилцаа холбоны зохицуулах хороонд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 7/28 тоот албан шаардлага ирж байгаагүй. Харин 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 7/28 тоот улсын байцаагчийн дүгнэлт ирж байсан болно. Улсын байцаагчийн шаардлагыг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь илт хууль бус байна. Шийтгэврийн хуудсанд дурдсан Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8-д аливаа байгууллага, хуулийн этгээдэд торгуулийн арга хэмжээ авах зохицуулалт огт байхгүй байхад Харилцаа холбооны зохицуулах хороонд 960.000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан нь илт хууль зөрчсөн үйлдэл болсон” гэж маргажээ. 

Хариуцагч нь маргаан бүхий шийтгэврийг гаргахдаа Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 “улсын байцаагчийн шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-д заасныг баримталсан байх бөгөөд энэхүү заалт нь улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хэрэглэх зохицуулалт байна. 

Монгол Улсын стандарт БАРИМТ БИЧИГ 1-р хэсэг: Баримт бичгийн нэр, төрөл, тодорхойлолт MNS 5140:2002 стандартын 5.2.7-д Албан шаардлага гэж хууль, тогтоомжийн заалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг даруй таслан зогсоож, зохих арга хэмжээ авахыг байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж гаргасан баримт бичиг, 5.3.6. Дүгнэлт гэж аливаа үйл ажиллагаа, ажил хэрэг, бодит байдлын явц, үр дүнг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор тодорхойлсон байна.  

Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана; Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ; 10.9.11.улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах гэж заасан зэргээс үзэхэд улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт нь эрх зүйн үр дагавар, агуулгын хувьд хоорондоо ялгаатай баримт бичиг гэж үзэхээр байна. 

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.18.”Энэ хуулийн 70.1.6-д заасныг зөрчсөн цахим хуудасны хандалтыг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж заасанаас үзэхэд www.nekh.mn сайтын хандалтыг түдгэлзүүлэх эрх нь Харилцаа холбооны зохицуулах хороонд байхаар зохицуулсан байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч дүгнэлтээрээ шууд түдгэлзүүлж байгаа нь хуульд нийцэхгүй байна. 

Иймд албан шаардлага бус дүгнэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороонд шийтгэвэр ногдуулсан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12 дах хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.11, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.18-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Г*******ийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 0000069 дүгээр шийтгэврийн хуудсыг хүчингүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороог улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай. 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        О.ОЮУНГЭРЭЛ