| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 134/2018/0068/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/72 |
| Огноо | 2018-08-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/72
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга М.Н,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Тын Бт холбогдох эрүүгийн 1817001410064 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш. овогт Тын Б, 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин найруулагч мэргэжилтэй, Дуу бүжгийн Боржигон чуулгад ерөнхий найруулагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Баянбулагийн ......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
-2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Регистрийн ...............дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.Б нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Уулзварын гол гэх газарт зохион байгуулагдсан өдөрлөгийн үеэр иргэн С.Уыг /заамдаж эргүүлэх, түлхэж унагах, өшиглөх гэх мэтээр/ зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 22 цагийн үед Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Уулзварын гол гэх газарт зохион байгуулагдсан өдөрлөгийн үеэр иргэн С.Уыг /заамдаж эргүүлэх, түлхэж унагах, өшиглөх гэх мэтээр/ зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хөдөө орон нутгийн иргэдэд урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахаар Боржигон чуулгын уран бүтээлчид, боловсролын дарга, номын сангийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр очсон. Арга хэмжээний хүрээнд орой нь эх үрсийн баярын шоу болсон, 22 цагийн үед нэлээн орой болсон байна сүүлийн 3 дуугаа дуулаад явна шүү гэж ажилчдадаа хэлээд байшингийн үүдэн дээр очиход эхнэр маань над руу дайраад байхаар нь үсдээд доошоо дарсан чинь цаанаас У хүрээд ирэхээр нь Уыг заамдаад цааш нь түлхчихсэн. У буцаж босож ирэхээр нь бөгс рүү нь өшиглөчихсөн. Чи яах гэж дандаа гэр бүлийн хүмүүсийн дундуур орж янз бүрийн юм ярьж байдаг юм бэ? гэж хэлчхээд автобус руугаа очоод би түрүүлээд явлаа шүү хүмүүсээ аваад яваарай гээд жолоочдоо хэлчхээд явах гэсэн чинь араас ирээд явуулахгүй гээд хөлнөөс нь зуураад байхаар нь хөлөөрөө тийрчхээд яваад өгсөн....” гэх мэдүүлэг.
Хохирогч С.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Боржигон чуулгын ажилчид 2018 оны 06 сарын 05-ны өдөр Сүмбэр сумын 5-р багийн өдөрлөгөөр Уулзварын гол багийн төв дээр очиж тоглолт хийсэн. Бид 11-үүлээ явсан. Биднийг найруулагч Б хариуцаж явж байсан. Орой нь үдэшлэг эхлээд 22 цагийн үед манай дуучин Н, найруулагч Б эхнэртэйгээ маргалдаад байна гэхээр нь би байшингийн ард талд яваад очиход Б эхнэр Мээ үснээс чирээд хажууд нь бүжигчин А Мийг салгаж авч чадахгүй чирэгдээд явж байхад нь би явж очоод Б ах боль гээд Мийн гараас нь бариад салгах гэтэл Б ах эхнэрийнхээ үсийг тавьчхаад намайг хоёр гараараа заамдаж аваад эргүүлж эргүүлж байгаад газар шидсэн. Миний унасан газар шил тоосго байсан ба би баруун гараараа долоовор, дунд, ядам хуруугаа шилэнд зүссэн. Мөн намайг газар унахад Б араас ирж нуруу хавьд дэвссэн. Тэгэхээр нь би хөлнөөс нь зуурч байгаа босоход дахиж намайг авч шидээд би газар унасан. Энэ үеэр Бийг манайхан цаашаа авч явсан. Намайг А босгоод машинд суулгасан. Миний бие хоёр сар гарантай жирэмсэн учир доошоо цус нөж гарч, шууд тэндээсээ эмнэлэгт ирж ураг тогтоох тариа болон лаа хэрэглээд эмнэлэгт хоносон. Намайг Б зодоход миний хажууд А байсан. Өөр хүн байгаагүй. Б бид хоёрт урьдын ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй. Миний баруун гарын долоовор, дунд, ядам хуруу шилэнд зүсэгдсэн. Баруун хөлийн шилбэ хавдаж хөхөрсөн. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ. Эмчилгээний зардалд 200000 төгрөг Б өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р тал/,
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 05 сарын 06-ны өдөр Сүмбэр сумын 5-р багийн өдөрлөгт Уулзварын гол гэх газар Боржигон чуулгын ажилчдын хамт очсон. Тэнд Боржигон чуулгын уран бүтээлчид тоглолт хийгээд бүжиг зохион байгуулсан. Тэгтэл шөнө болсон хойно Б найруулагч энхэр Мтэй муудалцаад М эгчийн үснээс нь зулгаасан ба У эгч очоод салгасан чинь Б ах Уыг заамдаж аваад эргүүлээд газар шидээд унагасан. Тэгээд У эгч босоод ирсэн чинь Б ах У эгчийн бөгс рүү нэг удаа өшиглөсөн. У эгч Б ахыг хараагаад шороо цацахад Б ах цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,
Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай чуулгын ажилчид 2018 оны 06 сарын 05-ны өдөр Сүмбэр сумын 5-р багийн өдөрлөг дээр ажиллахаар Уулзварын гол гэх газар очсон. Үйл ажиллагаа нь 15 цаг гэж эхлээд 18 цаг гэж дуусаад орой нь үдэшлэг зохион байгуулсан. Үдэшлэг дээр ч гэсэн манайхан ая дуу өргөж үйл ажиллагаанд оролцсон. Би дуугаа дуулчхаад Мтэй хамт байшингаас гартал үүдний гэрлийн доор найруулагч Б тамхи татсан зогсож байсан. Тэгээд М нөхөр Бийг хаагуур яваад байгаа юм бэ гээд уурлахад найруулагч Б олон хүмүүс байсан учир Мийг хувцаснаас нь зуураад цаашаа хүнгүй газар луу явах үед миний хажууд А гараад ирчихсэн байсан. Тэгээд А Б, М хоёр байгаа газар луу явсан. Би автобусны урд зогсож байсан У дээр очоод М эгч нөхөртэйгөө муудаад байна авч ирээч гэхэд У яагаад муудалцаад байгаа юм бэ гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Б найруулагч М, У нарыг зодсоныг бол хараагүй. М эгч нэлээн согтсон байсан. Б ах уусан байсан тэгтлээ их согтуу харагдаагүй. Эмэгтэйчүүдээс У, Да, А, би, эрэгтэйчүүдээс У., Ба, жолооч Л ах архи уугаагүй, найруулагч Б, дуучин М, манай нөхөр С болон хамт явсан номын сан, музейн ажилчид уусан байсан. Өдөрлөг зохион байгуулж байсан Энхжаргалын эхнэр нь гээд нэг эгч тэр хавьд байсан хүмүүст болон манайханд архи шахаад байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,
Гэрч З.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Бтэй 2011 онд Боржигон чуулгад нь ажилд ороход нь анх танилцсан. Амьдрал дээр миний хуурай ах гэж явдаг. Хүнтэй нөхөрсөг харьцдаг. Ямар нэгэн элдвийн зан ааш байхгүй. Хүнд амьдралын талаар зөвлөж, сургаж харилцан ярьж байдаг. Ажил дээрээ хариуцлагатай ханддаг. Олон хүн удирдан ажилдаг. Хүмүүсийг тайзан дээр биеэ зөв авч явахыг зааж, зөвлөж өгдөг. Архи хааяа уудаг. Архи уухаараа яриа нь хөгжилтэй болчихдог. Элдвийн ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-р тал/,
Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 05 сарын 06-ны өдөр Сүмбэр сумын 5-р багийн өдөрлөгт Уулзварын гол гэх газар Боржигон чуулгын ажилчдын хамт очсон. Тэгээд 16 цагийн үед тоглолт эхэлсэн. Тэгээд тоглолт 20 цаг орчим дуусаад багийн хурлын зааланд цайллага хийсэн. Манай хамт олон уг цайллагад орсон.Тэгээд багийн иргэд бүжиглээд манай Боржигон чуулга хөгжим тавьж байгаад нэлээн орой болсон. Би тухайн үед нэлээн согтсон юу болсон алаар сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд автобусанд орсон байсан. Миний ухаан орж гараад байсан. Маргааш нь ажил дээрээ байж байхад У надад чи нөхөртэйгөө маргалдсан, Т.Б чиний үснээс зулгаасан гэж хэлсэн. Тухайн үед миний биед ямар нэгэн бэртэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Би Бтэй хамт амьдраад 8 жил болж байна. Б бид хоёр албан ёсны гэр бүл, дундаасаа хоёр хүүхэдтэй. Б нь дуу цөөтэй, өөрт оногдсон ажлаа сайн хийдэг. Ажил дээрээ нэр хүнд сайтай, гэртээ айлын эцэг шиг байдаг...” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-р тал/,
Шинжээч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...үзлэгээр тухайн завдаж буй зулбалтын шалтгаан бүрэн тодорхойгүй. Эмэгтэйчүүдийн үзлэгээр доошоо цус болон бусад ялгадас гараагүй. Дүгнэлт гарах хугацааны туршид хяналт тавихад ургийн зүрхний цохилт хэвийн байсан учраас гэмтлийн зэрэгт хамааруулж авч үзээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 207 дугаартай дүгнэлтэд:
- С.Уы биед баруун гарын 2,3,4-р хурууны дотор хэсгийн урагдсан шарх, хэвлийн доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой.
- Баруун гарын 2,3,4-р хурууны дотор хэсгийн урагдсан шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Хэвлийн доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 17-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Т.Б нь урьд ял шийтгүүлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40, 43-45-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь учруулсан хохирлоо төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1817001410064 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, урьд ижил төрлийн гэмт хэрэгт холбогдож шийтгүүлж байсан, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Тын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бийг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ