Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/1262

 

2025             11          06                                                                             2025/ДШМ/1262

 

Р.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ундармаа,

хохирогч Ч.Д-, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа, Р.Булгамаа,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/793 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Р.О-д холбогдох эрүүгийн 2511013161114 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б- овгийн Р-ийн О-, ........../.

Холбогдсон хэргийн талаар:

Р.О- нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо ...... 2-18 тоотод Ч.Д-г гараараа цохиж, биед нь “тархи доргилт, зүүн сарвуунд шарх, зулай, чамархайн, баруун зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Р.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлсэн.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овгийн Р-ийн О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч Р.О- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Балжидмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ч.Д-гийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалан, давж заалдах шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцож байна. Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасныг зөрчсөн ба 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийлгүй, шүүгдэгч Р.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэжээ. Хавтаст хэргийн материалтай танилцахад хохирогч Ч.Д-гийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарах хохирол учирснаас гадна баримтаар 183.400 төгрөгийн бодит хохирол учирсан байна. Иймд тус шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч Ч.Д-гийн эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирлыг шүүгдэгч Р.О-иас гаргуулахаар шийдвэрлэж, тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зорилго хүний зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх ёстой. Иргэн Ч.Д-д анхан шатны шүүх хурлын тов мэдэгдээгүй, хурал болох тухай хэн нэгнээс мэдээлэл ирээгүй учир өөрөө юу болсон талаар асуухад шүүхээс “таны шүүх хурал болоод дууссан” гэж мэдэгдсэн. Хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор уршгийн хохирлыг тогтоох талаар шинжээчийн дүгнэлт гарсан учраас энэ талаарх холбогдох нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, хэзээ, хаана яаж өгөх талаар бодож явахад, шүүхээс “таны хурал болоод дууссан” гэж тайлбар өгсөн. Иймд хохирогч Ч.Д- гомдолтой байгаа учраас хууль ёсны эрх ашгийг нь хангуулах хүсэлтэй байна.” гэв. 

Хохирогч Ч.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэтгэцэд учирсан хохирол төлбөртэй холбоотой гомдлоо мөрдөгчид өгсөн, мөрдөгч прокурорт шилжүүлснээр сэтгэцэд учирсан хохирлын зэрэг хууль журмын дагуу тогтоогдсон.” гэв.

Прокурор Д.Ундармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлийн тухайд шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах талаар дурдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт танилцуулсан. Хохирогч Ч.Д- “гомдол, санал байхгүй” гэсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн учраас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр хохирогч нэхэмжлээгүй учраас бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.О- нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо ...... 2-18 тоотод Ч.Д-г гараараа цохиж, биед нь “тархи доргилт, зүүн сарвуунд шарх, зулай, чамархайн, баруун зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоолгохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хамт шүүхэд ирүүлсэн байна.

2. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна. Тодруулбал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.” гэж тус тус хуульчилжээ.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/1449 дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр товлосон байх боловч /хх 75/ хохирогч Ч.Д-д хурлын тов мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ бүлэгт заасан шүүх хуралдаанд шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч, шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.” гэж заасан байх бөгөөд шүүхийн шатанд хохирогч Ч.Д-д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйн улмаас хохирогч шүүх хуралдаанд оролцох эсэх талаарх хүсэл зоригоо илэрхийлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа гаргаж өгөх боломж нөхцлөөр хангагдаагүй, оролцогчийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх шүүх хуралдаанд оролцох эрхээр хангагдах боломжгүй болсон байна.   

Шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийн ач холбогдол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” хүний эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндэслэл болох бөгөөд энэхүү эрх дан ганц хэргээ шүүлгэж буй шүүгдэгчид олгогдсон хэмээн ойлгож болохгүй.

Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх хүн бүрт хуулиар тэгш олгогдсон учраас шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь тэгш эдлүүлэх учиртай.

Иймд дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/793 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Р.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хохирогчийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/793 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.  

2. Шүүгдэгч Р.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА

                      ШҮҮГЧ                                                              Т.АЛТАНТУЯА

          ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ