Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/73

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга М.Нандинзаяа,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овгийн Б –Э-д холбогдох эрүүгийн 1817000380043   дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, дүү, хүргэний хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Малчны .............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ялаар,

Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 97 дугаартай шүүгчийн захирамжаар /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялтан Б.Э-н нийт эдэлсэн 2 жил 09 сар 12 хоногийг хасч, үлдэх 2 жил 02 сар18 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 172 дугаартай шүүгчийн захирамжаар шинэчлэн найруулсан /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаас чөлөөлж сулласан гэх Б. овгийн Б Э /РД:.................../

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Э нь 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө Сүмбэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч бэлэн 350.000 төгрөг, 202.500 төгрөгний Мобикомын нэгжийн карт, угсардаг хүүхдийн тоглоом зэрэг хүүхдийн тоглоом хулгайлж 593.700 төгрөгний хохирол учруулсан,

Мөн Б.Э нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Сүмбэр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгис баарны хашаанд байх иргэн Ц.Э-ийн гэрт хууль бусаар нэвтэрч бэлэн 30000 төгрөг, Эдин нэртэй  0,75 гр архи, шар өнгийн түрүүвч зэрэг эд зүйл хулгайлж нийт 70000 төгрөгний хохирол, 2 удаагийн үргэлжилсэн хулгайн үйлдлээр бусдад нийт 663.700 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Э. нь 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч бэлэн 350 000 төгрөг, 202 500 төгрөгний Мобикомын нэгжийн карт, 30 000 төгрөгний үнэтэй хүүхдийн угсардаг тоглоом зэрэг хүүхдийн тоглоом хулгайлж хохирогч Э.Ц-д 593.700 төгрөгний хохирол учруулсан,

 мөн шүүгдэгч Б.Э нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгис баарны хашаанд байх хохирогч Ц.Э-ийн гэрт хууль бусаар нэвтэрч бэлэн 30 000 төгрөг, 25 000 төгрөгний үнэтэй Эдин нэртэй  0,75 гр архи, 15000 төгрөгний үнэтэй шар өнгийн түрүүвч зэрэг эд зүйл хулгайлж нийт 70 000 төгрөгний хохирол, 2 удаагийн хулгайн үйлдлээр бусдад нийт 663 700 төгрөгний хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр цагаан сараар гэртээ архи уусан. Тэгээд нилээн орой болсон байсан. Миний бодож байгаагаар 00 цагийн үед байхаа. Би ганцаараа вокзал явж байгаад замдаа хуучин “Тэнгис” баарны хашаанд байх ганц гэр лүү орсон. Тэр хашаа ногоон өнгийн хаалгатай байсан. Хаалга нь нээлттэй байхаар нь би хашаа руу орсон. Уг хашаанд ганц эзгүй гэр байсан. Хаалга нь гадна талаасаа төмөр даралтаар дараад ил цоожтой байсан. Тэгээд хаалгыг нь татахад дарж байсан төмөр даруулга нь мултраад хаалга нь нээгдсэн. Тэгээд би ганцаараа дотогшоо ороод хойд бурханы өмнө байсан 30.000 төгрөг, гэрийн баруун хойд шүүгээнээс шаргал өнгийн түрийвч авсан. Түрийвчинд байсан бичиг баримтуудыг нь гаргаад шүүгээн дээр нь үлдээсэн. Тэгээд зуухны хойно идээ засчихсан ширээн дээр байсан Эдин нэртэй 0,75 литрийн архи авсан. Тэгээд гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 105-107 дугаар хуудас/

...Би архи уучихсан ганцаараа явж байгаад 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө “Чандмань” дэлгүүрийн цонхны хамгаалах сараалжин төмрийг трубагаар хөшөөд дээд хэсэгт нь байх вакум порчикоор орж касснаас нь бэлэн мөнгө 10.000 төгрөг 2 ширхэг, 5000 төгрөг 4 ширхэг, 1000 төгрөг 20 ширхэг, 500 төгрөг 20 ширхэг нийт 70.000 төгрөгийг, Мобикомын нийт 37.500 төгрөгийн нэгжийн картууд, лангуун дээрээс нь хүүхдийн эвлүүлээд угсардаг хуванцар тоглоом зэргийг хулгайлаад цонхоор нь буцаж гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 113-115 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Намайг эзгүй Улаанбаатар хотод явж байхад 2018 оны 02 сарын 10-ны өглөө манай “Чандмань” дэлгүүрт хулгай орсон талаар цагдаагаас хэлсэн. Тэгээд би тухайн үедээ худалдагч Д-д энэ талаар хэлсэн. Би өөрөө хотоос 2018 оны 02 сарын 12-ны өдөр Чойрт ирсэн. Тэгээд цагдаагийн Т-тай уулзаж хохирогчоор мэдүүлэг өгсөн.

Манай дэлгүүр зааландаа нийт 4 камертай бөгөөд баруун заал руу тусгалтай нь шөнийн камер байгаа юм. Харин бусад нь өдрийн бичлэг хийдэг болохоор мэдэгдэхгүй байсан. Баруун заал руу харсан камераа шүүж үзэхэд тухайн нэвтэрсэн хүн нь согтуу байгаа бололтой гуйвж дайвсан байдалтай, баруун заалны урд талын тоглоомын лангуунаас тоглоом авч байгаа, архины лангуунаас архи аваад буцаж тавьж байсан бичлэг бичигдсэн байсан. Өөр бараа материал авч байгаа бичлэг байхгүй учраас хулгай орсны дараа дэлгүүрийн бараагаа тоолоогүй.

Харин кассын машин руу харсан камерын бичлэг нь бүдэг бичигддэг учир бэлэн мөнгө, нэгж алга болсон талаар дараах байдлаар тооцоо гаргасан. Үүнд:

Манай дэлгүүрт ер нь өдөрт дунджаар бэлнээр 2 сая гаруй төгрөг, дансаар /карт уншуулж/ 1 сая гаруй төгрөгийн орлого ордог бөгөөд уг орлогоо өдөр өдөрт нь миний данс руу тушааж, орой бүр 350 000 төгрөг бэлнээр бэлдэж үлдээгээд маргааш нь хүргэлтээр ирэх ундаа, ус, талх, боорцог, бууз, банш, хэрчсэн гурил гэх мэт хүнсний бүтээгдэхүүн авдаг юм. Тэр мөнгийг кассны шургуулганд бөөнд нь хийж үлдээдэг юм. Тэр үлдээсэн мөнгийг хулгайч авсан байсан. Мөн цагаан сар болох гэж байсан болохоор Мобикомын нэгжний бэлгийн карт 2018 оны 02 сарын 05-ны өдөр 1000 төгрөгний нэгж 200 ширхэг, 2018 оны 02 сарын 09-ний өдөр 2500 төгрөгний нэгж 30 ширхэгийг тус тус авсан байсан. Үүнээс 72.500 төгрөгний нэгж зарагдаж 202.500 төгрөгний нэгж үлдсэн гэж тооцоо хийсэн байсан. Уг үлдэгдэл нэгжээ Д өөрөө тоолоод нэг багц болгоод резинээр боочихдог юм. Бид нар гар утасны нэгжээс ашиг нээх их ашиг хараад байдаггүй. Нийт Мобикомоос худалдаж авсан нэгжний үнийг 4 хувь л хямдруулж авдаг юм. Хүмүүсийн хэрэглээ болохоор авахаас өөр аргагүй байдаг юм. Жишээ нь: 200.000 төгрөгний нэгж авахад 8000 төгрөг хямдруулж 192.000 төгрөгөөр худалдаж авна.

Манай дэлгүүрийн касснаас бэлнээр нийт 350.000 төгрөг, нийт 202.500 төгрөгний нэгж, 30000 төгрөгний үнэтэй хүүхдийн эвлүүлдэг тоглоом 1 ширхэгийг тус тус алдсан. Мөн дээр нь дэлгүүрийн цонхны хамгаалах сараалжин төмрийг хөшсөн байсан бөгөөд үүнийгээ янзалчихсан. Ингээд өөрт учирсан хохиролоо тооцвол:

1. Бэлэн 350.000 төгрөг

2. Нэгж 202.500 төгрөг

3. Хүүхдийн тоглоом 30.000 төгрөг

4. Вакум порчик 11.200 төгрөг

Нийт 593700 төгрөгний хохирол учраад байна. Миний хувьд хохиролоо буруутай этгээдээс яаралтай гаргуулж авмаар байна. Хохирол төлбөр төлвөл санал хүсэлт байхгүй, хуулийн дагуу хариуцлагыг хүлээлгэнэ биз дээ... гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/

 

1.4. Хохирогч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 02 дугаар сарын 16-ны өглөө автобусаар Улаанбаатар хотод байдаг ээжтэйгээ золгох гээд явсан. Тэгээд манай хүү С гэрээ сахиад үлдсэн. Манай хүү ахтайгаа хамт хөдөө яваад 23 цаг өнгөрч байхад ирээд гэртээ хонох гэсэн боловч гэр гал түлээгүй хүйтэн болохоор ах Б-д очиж хонох гээд явсан байсан. Тэгээд 02 сарын 17-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай том хүү Б над руу утсаар яриад ээж гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Бурхан дээр байсан мөнгө, ширээн дээр байсан архи алга байна гэж хэлсэн.

Бурхан дээр байсан 40.000 төгрөг, ширээн дээр байсан Эдин нэртэй 0,75 литрийн архи, тэгээд манай хүүгийн хэтэвчтэй 10.000 төгрөг алга болсон байна. Бусад нь бүгд байсан.

Манай гэрийн хашааны зүүн талаас нь даваад, гэрийн хаалганы цоожны даруулгыг нь мурийлгаад гэрт нэвтэрсэн байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/

Тухайн үед манай гэрт хулгайч ороход би Улаанбаатар хотод байсан. Тэгэхэд манай хүү Б.С гэрээ сахиад үлдсэн бөгөөд надад хэлэхдээ миний түрийвчтэй 10.000 төгрөг алга болсон гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Т мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө хүүгийн 10.000 төгрөгтэй түрийвч алга болсон талаар хэлсэн. Тэгсэн намайг мэдүүлэг өгсний дараа манай хүү С өөрийнхөө түрийвчинд байсан 10.000 төгрөгөө өөрөө хэрэглэчихсэн талаараа санаад хэлсэн. Тэгээд алдсан түрийвч нь мөнгөгүй байсан гэхээр нь би залруулж мэдүүлэг өгөх гэж ирлээ.

Бурханы урд 30.000 төгрөг байсан юм билээ. Тухайн үед би өөрийнхөө охиныг нэмж 10.000 төгрөг тавьсан гэж бодсон чинь сүүлд мэдүүлэг өгсний дараа асуухад бурханы өмнө 30.000 төгрөг байсан. Нэмж мөнгө тавиагүй гэж хэлсэн.

Би хүү С-д урт шар өнгийн түрийвчийг “Андууд” худалдааны төвөөс 15.000 төгрөгөөр авч өгөөд удаагүй байсан юм.

Манай гэрт хулгай орсны улмаас надад бэлнээр 30.000 төгрөг, 25.000 төгрөгний үнэтэй 0,75 литрийн Эдин нэртэй архи, 15.000 төгрөгний үнэтэй шар өнгийн урт түрийвч зэрэг нийт 70.000 төгрөгний хохирол учирсан. Манай гэрээс хулгай хийсэн Б.Э гэж хүү надтай уулзаад миний нэхэмжилсэн 70.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хариуцлагын асуудлыг хуулийн дагуу шийднэ биз дээ... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 02-р сарын 10-ны өглөө 08:40 цагт Сүмбэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Чандмань дэлгүүрээ нээх гээд очиход дэлгүүрийн хаалганы баруун талын цонхны хамгаалалт төмрийг эвдлээд мурийлгасан байдалтай цонхны порчикыг хагалсан байдалтай байсан. Намайг дэлгүүрт очиход дэлгүүрийн гадна нэг цагдаагийн ажилтан байсан. Тэр цагдаа нь надад “танай дэлгүүрийн цонхоор хулгай орсон байна” гэж хэлсэн. Өчигдөр орой надтай хамт ажилладаг Д эгч бид хоёр 22:00 цагт дэлгүүрээ хаагаад дэлгүүрийн гэрэл, цахилгаанаа унтрааж, хаалгаа цоожлоод явсан.

Манай дэлгүүрийн кассын машины шургуулганд байсан 20000-тын 1 ширхэг, 10000-тын 1 ширхэг, 5000-тын 8 ширхэг, 1000-тын 200 ширхэг, 500-тын дэвсгэрт 160 гаруй ширхэг бэлэн мөнгө, ойролцоогоор бэлэн мөнгө 400000 төгрөг, мөн кассын машинд байсан мобикомын 2500 төгрөгний нэгж 33 ширхэг, 1000 төгрөгний 120 ширхэг нэгж, өргөтгөлийн заалны хүүхдийн тоглоомын тавиурт байсан эвлүүлдэг тоглоом 1 ширхэг зэрэг эд зүйлс одоогоор мэдэгдэж байна. Дээрхи бэлэн мөнгө, мобикомын нэгж, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлс алдагдсан байна... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

 

1.6. Гэрч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би тухайн үед Чандмань дэлгүүрт худалдагчаар ажиллаж хариуцаж байсан бөгөөд 2018 оны 02 сарын 09-ний орой 22 цагийн үед дэлгүүрээ хаасан. Тэгээд 2018 оны 02 сарын 10-ны өглөө дэлгүүрээ онгойлгох гэж ирсэн чинь урд цонхны хамгаалалтыг мурийлгачихсан, вакум цонхны нэг дан шил нь хагарчихсан байсан. Тэгсэн тэнд нэг цагдаа байж байгаад танай дэлгүүрт хулгай орсон юм шиг байна гэсэн. Чандмань дэлгүүрийн эзэн буюу хариуцдаг хүн нь Э.Ц гэж хүн байдаг бөгөөд худалдагч бид нар 15 хоног амраад, 15 хоног ажилладаг юм. Би ажлаа 2018 оны 02 сарын 01-ний өдөр хүлээн авчихсан байсан юм.

Би ажиллах хугацаанд мобикомын нэгжгүй болсон тул 2018 оны 02 сарын 05-ны өдөр 1000 төгрөгний нэгж 200 ширхэг, 2018 оны 02 сарын 09-ны өдөр 2500 төгрөгний 30 ширхэг нийт 275.000 төгрөгний нэгж авсан. 2018 оны 02 сарын 09-ний оройн байдлаар 72.500 төгрөгний нэгж зарсан байсан. Би энэ талаар Э.Цэнгэлмаад хэлээд тооцоо хийж байсан юм. Тэгээд кассын машины шургуулганд үлдэгдэл 202.500 төгрөгний нэгж үлдээсэн. Би нэгжээ бүүр тоолоод нэг багц болгоод 2500 төгрөгний нэгж 33 ширхэг, 1000 төгрөгний нэгж 120 ширхэг буюу нийт 202.500 төгрөгний нэгжийг нэг боодол болгон үлдээсэн байсан. Тэр бүгдийг нь аваад явсан байсан.

Харин мөнгөний хувьд бол би өдөр өдрийн орлогоо бэлнээр буюу дансаар нь Б.Ц-д өгдөг байсан. Тэгэхдээ орлогоосоо 350.000 төгрөгийг бэлнээр орой бүр үлдээдэг юм. Учир нь маргаашийн ус, ундаа, хэрчсэн гурил, талх гэх мэт хүргэлтийн хүнснүүдээ худалдан авдаг юм. Тэгээд дээрх хүнс авах 350.000 төгрөгийг бэлдээд кассын машины шүүгээнд хийсэн байсныг мөн бүгдийг нь аваад явчихсан байсан. Ийм учраас би нэгж, бэлэн мөнгөн дээр тодорхой хэлээд байгаа юм. 2018 оны 02 сарын 09-ний орой би орлого гэж Б.Ц-ийн дансанд 2.310.000 төгрөг тушаагаад бэлнээр 350.000 төгрөг авч үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/

 

1.7. Гэрч Н.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 02 дугаар сарын эхээр ажиллаж байсан. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад Улаанбаатар хот явчихаад ирсэн чинь манай ажил дээр хулгай орчихсон байсан. Би дэлгүүрийн барааны хэсэгт нь гардаг. Би гарч байх үедээ лангуун дээр угсардаг тоглоом өрөөд тавьж байсан. Тэр үед манай дэлгүүрт ганцхан ширхэг тоглоом лангуун дээр байсныг хулгай аваад явсан байсан.

Би нэрийг нь сайн мэдэхгүй, содон шинж тэмдэг гэвэл улаан улбар ногоон өнгөтэй угсардаг тоглоомууд байсан, мөн жижиг цэнхэр дээрээ 4, 7, Х гэсэн байсан шиг санаж байна.

Том жижиг гэж 2 янзын байсан тухайн үед том угсардаг тоглоом нь байсан. 22000 төгрөгөөр зарагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/

 

1.8. Гэрч Д.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Намайг цагаан сарын өмнөхөн амбаартаа ороод авдар ухах гэхэд манай авдарт угсардаг тоглоомууд байсан. Улаан дугуйтай шар машинууд байх шиг байсан. Дээр нь өнгө бүрийн бөөрөнхий, гонзгойдуу юмнууд байсан. Би яг ямар тоглоомууд байгааг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан угсардаг тоглоомууд байсан.

...Хэн хийснийг нь би мэдэхгүй ээ. Би бэрээсээ тоглоомын талаар асуухад манай бэр Н, Э ах манай хүүд төрсөн өдрөөр нь өгөх гэж авсан гэж хэлсэн. Тэгээд дараа нь одоогоос 10 хоногийн өмнө дахиад амбаартаа ороход нөгөө тоглоом байж байсан. Тэгэхээр нь би оруулаад өгчихсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/

 

1.9. Гэрч П.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай “Залаагийн-Одь” ХХК нь жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компаний “Чандмань” найман нэрийн дэлгүүр нь Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2018 оны 02 сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө дэлгүүрт хулгай орж, бэлэн мөнгө, Мобикомын нэгжийн картууд, хүүхдийн эвлүүлж угсардаг тоглоом алга болсон. Энэ хэрэгт “Чандмань” дэлгүүрийг төлөөлөн хохирогчоор манай эхнэр Э.Цэнгэлмаа оролцож байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/

 

1.10. Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б.Э нь манай төрсөн ах бөгөөд 2 удаагийн хулгайн хэрэгт шалгагдаж байгаа талаар би мэднэ. 2018 оны 02 сарын сүүлээр манай ах Б.Э надтай уулзахдаа айлд ороод архи хулгайлсан юм. Тэгээд хохиролын мөнгийг нь өгнө гээд надаас 70.000 төгрөг аваад явсан...

...Би Э ахыг “Чандмань” дэлгүүрт орж хулгай хийсэн талаар 2018 оны 04 сард цагдаагаас мэдсэн. Тухайн үед 2018 оны 02 сард Энхжаргал ах айлд ажил хийгээд юм авсан гээд Мобикомын нэгж /тоог нь мэдэхгүй/, хүүхдийн эвлүүлдэг тоглоом авчирч өгсөн. Би тэр үедээ Э ахыг “Чандмань” дэлгүүрээс хулгай хийж авсан талаар мэдээгүй учир нэгжүүдийг нь цагаан сараар хүмүүст бэлгэнд өгөөд дуусгасан. Ямар хүмүүст өгсөн талаараа одоо санахгүй байна. Харин тоглоом нь манай гэрт байхад сүүлд Т байцаагч хурааж авсан. Э ах “Чандмань” дэлгүүрийн хохирлыг төлнө гээд надаас өнөөдөр буюу 2018 оны 05 сарын 09-ний өдөр 593.700 төгрөг авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/

 

1.11. Гэрч Т.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай хадам ах Б.Э 2017 оны зун шоронгоос гарч ирээд манайд бид нартай цуг амьдрах болсон. Тэгээд 2018 оны 02 сард Энхжаргал ах урагшаа хөдөө явж ирээд Мобикомын 1000, 2500 төгрөгний нэгжийн картууд нийлээд 30.000 гаруй төгрөгний нэгжийн карт, мөн хүүхдийн эвлүүлдэг тоглоом авчирсан. Энхжаргал хөдөө ажил хийж ирээд мөнгөөрөө авлаа гэж ярьсан.

Тэгээд удаагүй цагаан сар болсон тул нэгжийн картуудыг орж ирсэн /шинэлсэн/ хүмүүст тарааж өгөөд дуусгасан. Хүүхдийн тоглоомоор нь манай хүүхэд тоглодог байсан. Сүүлд цагдаагийн Т хурааж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/

 

1.12. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай ээж Улаанбаатар хот руу эмээтэй золгох гээд явсан байсан. Тэгээд би 2018 оны 02 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн орчим ээжийн гэрт гал түлэх гээд очиход цоожны даруулгыг нугалаад хөшөөд гэрт орчихсон байсан. Тэгээд гэрээс бурхан дээр тавьсан 30.000 төгрөг, задлаагүй 0,75 литрийн Эдин нэртэй архи, манай С-ын түрийвч зэрэг эд зүйлүүдийг хулгайд алдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/

 

1.13. Гэрч Т.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би худалдагчаар ажиллаад 2018 оны 02 сарын 01-ний өдөр Дээжмаад ажлаа хүлээлгэж өгсөн. Бид нар 15 хоног ажиллаад 15 хоног амардаг юм. Өдөр өдөр нь орлогоо “Чандмань” дэлгүүрийн Э.Ц-д бэлнээр болон бэлэн бусаар тушаадаг. Өдрийн орлого карт болон бэлнээр нийлээд 3 сая гаруй төгрөг болдог. Тэрнээсээ орой болгон 350.000 төгрөг кассанд үлдээдэг юм. Учир нь маргааш өдрийнх нь хүргэлтээр ирдэг хэрчсэн гурил болон ундаа ус, бууз, банш, боорцог зэргийг уг мөнгөөрөө худалдаж авдаг юм. Өдрийн орлогоос 350.000 төгрөг үлдээж, тооцоогоо хийдэг талаар Э.Ц болон бусад худалдагч нь бүгд мэднэ... гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/

 

1.14. Гэрч Х.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би өөрөө хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг бөгөөд 2018 оны 02 сарын 10-ны өглөө “Чандмань” дэлгүүрийн орчмоос хүн авах гэж очсон чинь уг дэлгүүрийн  урд талын порчик нь нээлттэй, хамгаалалтын төмөр нь мурийсан байхаар нь хулгай орсон байж магадгүй гэж бодоод цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/

 

1.15. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 93, 97 дугаар хуудас/

 

1.16. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-22 дугаар хуудас/

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” хүнс, барааны дэлгүүрт үзлэг хийсэн тухай.

 

1.17. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-27 дугаар хуудас/

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” баарны хашаанд байх гэрт үзлэг хийсэн тухай.

 

1.18. Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Хүүхдийн угсардаг тоглоом 34 ширхэгийг хураасан тухай.

 

1.19. Камерын бичлэгт үзлэг хийж, эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

1.20. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 36 дугаар хуудас/

- хэргийн газрын үзлэгээр хураан авсан нийт 2.51 метрийн урттай махир труба 1 ширхэг,

- хүүхдийн хуванцар тоглоом 34 ширхэг,

- Сиди 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцжээ.

 

1.21. Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 5/03 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 117 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Насанд хүрээгүй гэрч Б.С /17 нас 2 сартай/-аас гэрчээр мэдүүлэг авсан байна /хх-ийн 70 дугаар хуудас/. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан нас хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйл /Худал мэдүүлэх/-д заасан гэмт хэргийн насны хязгаар нь арван зургаан наснаас эхлэж байгаа юм. Дээрхи насанд хүрээгүй гэрч Б.С-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

 

Харин шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.                    

Иймд шүүгдэгч Б.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Э ах 2018 оны 05 сарын 01-ны өдөр хотоос ирсэн. Б.Э ах архи уух дуртай, тэнэмэл амьдралаар амьдардаг хүн байгаа юмаа. Урьд нь хэрэгт холбогдон шоронд ороод 2017 оны зун гарсан. Тэрнээс хойш манайд ирээд ээж Б, манай нөхөр, хүүхдийн хамт байх болсон.

Энхжаргал ах өөрийн гэсэн гэр орон байхгүй, эхнэр хүүхэд байхгүй, тодорхой ажил төрөл хийдэггүй бөгөөд манай ээж Бямба цус харвачихсан бие муутай хүн байдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/

 

2.2. Гэрч Т.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б.Э нь 2017 оны зун шоронгоос гарч ирээд бид нартай цуг амьдарч байгаа. Өөрийн гэсэн тогтсон ажил төрөл, гэр орон, эхнэр хүүхэд гэж байхгүй.

Зан байдлын хувьд нээх айхтар догшин ааш зан байхгүй, дуугүй талдаа, нээх юм яриад байдаггүй. Хааяа архи уудаг. Архи уухаараа бид нартай юм яриад байдаггүй. Унтаад л байдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/

 

2.3. Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 37 дугаар хуудас/

Б.Э-аас нийт 593 700 төгрөг гарган өгснийг хохирогч Э.Ц-д хүлээлгэн өгөв гэжээ.

 

2.4. Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 132-133 дугаар хуудас/

 

2.5. Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 135-136 дугаар хуудас/

 

2.6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 97 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар

- /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Б.Э-ын нийт эдэлсэн 2 жил 09 сар 12 хоногийг хасч, үлдэх 2 жил 02 сар18 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон тухай. /хх-ийн 137-138 дугаар хуудас/

 

2.7. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 172 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар

 - Б.Э-ыг шинэчлэн найруулсан /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаас чөлөөлж сулласан тухай. /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иймд шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүүхдийн угсардаг тоглоом 34 ширхэг, 2 м 51 см урттай махир төмөр труба 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Б Э-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүүхдийн угсардаг тоглоом 34 ширхэг, 2 м 51 см урттай махир төмөр труба 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

 

6. Шүүгдэгч Б.Э-ын хорих ял эдлэх хугацааг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ