| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2307003400059 |
| Дугаар | 2025/ДШМ/1263 |
| Огноо | 2025-11-06 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Б.Манлайбаатар /цахимаар/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/1263
2025 11 06 2025/ДШМ/1263
М.М-, Г.Д- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Манлайбаатар /цахимаар/,
иргэний хариуцагч М.А-ийн өмгөөлөгч С.Гүлдарь,
шүүгдэгч М.М-, Г.Д- нарын өмгөөлөгч Б.Манлайжав,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Манлайжав, шүүгдэгч М.М-, иргэний хариуцагч М.А- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч М.М-, Г.Д- нарт холбогдох эрүүгийн 2307003400059 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х- овгийн М-ын М-, .........../.
2. Б- овгийн Г-гийн Д-, ........../.
М.М- нь Г.Д-ийн ятгалгаар түүнтэй үгсэн тохиролцож бүлэглэн, “......” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа "......” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Хөргөх зооринд бүтээгдэхүүн хадгалах гэрээ”-ний дагуу “......” ХХК-ийн Налайх дүүргийн 5 дугаар хороо ...... дагуу хаягт байрлах мал төхөөрөх үйлдвэрийн байранд хөргөх зооринд хадгалуулж байсан “......” ХХК-ийн гэрээгээр үүрэг хүлээлгэн итгэмжлэн хариуцуулсан байсан 320.355.000 төгрөгийн үнэ бүхий 21,6 тонн махыг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бусдын өмчлөлд шилжүүлэн завшиж, үрэгдүүлсний улмаас Б.Б-д их хэмжээний хохирол учруулсан,
Г.Д- нь М.М-тай үгсэн тохиролцож, “......” ХХК-ийн хөргөх зооринд “......” ХХК-ийн гэрээгээр үүрэг хүлээлгэн итгэмжлэн хариуцуулж хадгалуулж байсан мах байгааг мэдсээр байж М.А-ийг ашиглан худалдан борлуулахаар “Сайдоогоос авах авлагандаа мах авна” гэж итгүүлэн “......” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.М-ыг “......” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Хөргөх зооринд бүтээгдэхүүн хадгалах гэрээ”-ний дагуу “......” ХХК-ийн Налайх дүүргийн 5 дугаар хороо ...... дагуу хаягт байрлах мал төхөөрөх үйлдвэрийн байранд хөргөх зооринд хадгалуулж байсан “......” ХХК-ийн гэрээгээр үүрэг хүлээлгэн итгэмжлэн хариуцуулж байсан 320.355.000 төгрөгийн үнэ бүхий 21,6 тонн махыг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бусдын өмчлөлд шилжүүлэн завшиж, үрэгдүүлсний улмаас Б.Б-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Г.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт М-ын М-ыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, шүүгдэгч Б- овогт Г-гийн Д-ийг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.М-ыг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Д-ийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ад оногдуулсан 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Д-ид оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч М.А-өөс 110.011.280 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгож, шүүгдэгч М.М-, Г.Д- нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч М.А- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүхээс М.М-, Г.Д- нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаанаар шийдвэрлэхдээ хохирлын асуудлыг иргэний хариуцагчаар М.А- намайг татан хэргийг шийдвэрлэсэн. Шүүх иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь анхан шатны тойргийн шүүх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ ямар ч дүгнэлт хийхгүйгээр Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 497.3-т зааснаар иргэний хариуцагч М.А- надаас 110.011.280 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирлын үнийн дүн зөрүүтэй. Хэрэгт байгаа хохирлын баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагч миний гаргасан зардал хайрцаг сав, баглаа боодол сольсон зардал, тээврийн зардал мөн шүүгдэгч Г.Д-оос М.А- надад өгөх ёстой байсан мах зарж өгсний урамшуулал болох нийт үнийн дүнгийн 1 хувь, мөн нийт мах зарагдсан үнэ 273.499.200 төгрөг болж энэ төлбөрийг барагдуулахдаа бэлэн 90.000.000 төгрөг болон амьд мал 700 ширхгийг шүүгдэгч Г.Д-ид өгч дээрх махны тооцоо бүрэн дууссан байтал, үлдэх зардал алдагдлыг Г.Д- өөрөө төлж барагдуулна гэж байсан зэргийг шүүхээс огт тооцолгүй, дүгнэлт хийлгүйгээр нэхэмжилсэн хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүх хуралдаанд намайг биечлэн оролцох эрхээр хангаагүй. Иймд шийтгэх тогтоолд иргэний хариуцагч болох М.А- надаас хохирлын 110.011.280 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч М.М- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хохиролд 23.611.200 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдээгүй. Дээрх гэмт хэрэг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж болох шунахай сэдэлт байхгүй. “......” ХХК болон “......” ХХК нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Хөргөх зооринд бүтээгдэхүүн хадгалах” гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 1083 хайрцаг буюу 21.6 тонн мах хадгалагдаж байсан. Дээрх махыг хадгалж байсан 1-р агуулахын түлхүүр М.А-өд байсан. Мөн агуулахад хадгалагдаж байгаа махыг ачихаар ирсэн тээврийн хэрэгслийг ажлын бус өдөр эсвэл ажлын цаг дууссаны дараа тухайн “......” ХХК-ийн хашаа руу нэвтрүүлэх эсэх асуудлыг М.М- надаас асууж лавлаж байж оруулдагаас бусдаар агуулах түрээсэлж буй этгээд тухайн агуулхаасаа ажлын цагаар, ажлын өдөр хадгалж буй эд зүйлээ авах эрх нь нээлттэй юм. Дээрх ойлголтыг шүүх хэрэгт шууд хамааралтай мэтээр өрөөсгөлөөр дүгнэж М.М- намайг Г.Д-той бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэсэнд гомдолтой байна. М.М- надад тухайн мах хадгалж байсан 1-р агуулахын түлхүүр хадгалагдаж байгаагүйг шүүх зайлшгүй анхаарах ёстой. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, иргэний хариуцагч М.А-, гэрч Д.Батбаяр нарын 273.499.200 төгрөг болж байсан, мөн 26 юаниар бодож авсан гэх нотлох баримтгүй мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нотлох баримтад тулгуурлан бодит дүгнэлтийг хийж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бодит хохирол 320.355.000 төгрөгөөс Г.Д-ийн шилжүүлэн авсан 90 сая төгрөгийг хасаж үлдэгдэл 230.355.000 төгрөгийн махыг худалдан борлуулж ашгийг хүртсэн иргэний хариуцагч хариуцах ёстой. М.А-, Д.Батбаяр нарын үнэ зөрүү мэдүүлсэн 273.132.600 төгрөгөөр эсхүл 273.499.200 төгрөгөөр зарсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүйг шүүх анхаарч үзнэ үү. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж М.М- намайг цагаатгаж, хохирлыг зөв тооцож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Манлайжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул дараахь өөрчлөлтийг оруулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, хохиролд 23.611.200 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. М.М-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- т заасан гэмт хэргийг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү. Дээрх гэмт хэрэг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба гэмт хэргийн субьектив талын үндсэн шинж болох шунахай сэдэлт байхгүй. “......” ХХК болон “......” ХХК нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Хөргөх зооринд бүтээгдэхүүн хадгалах” гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 1083 хайрцаг буюу 21.6 тонн мах хадгалагдаж байсан. Дээрх махыг хадгалж байсан 1-р агуулахын түлхүүр М.А-өд байсан төдийгүй өмнө нь М.А- тухайн 1-р агуулахаас мах ачуулж байсан талаарх гэрч С-гийн мэдүүлгээр нотлогдоно. /1хх-69-70,72-74/. Мөн агуулахад хадгалагдаж байгаа махыг ачихаар ирсэн тээврийн хэрэгслийг ажлын бус өдөр эсвэл ажлын цаг дууссаны дараа тухайн “......” ХХК-ийн хашаа руу нэвтрүүлэх эсэх асуудлыг М.М-аас асууж лавлаж байж оруулдагаас бусдаар агуулах түрээсэлж буй этгээд тухайн агуулхаасаа ажлын цагаар, ажлын өдөр хадгалж буй эд зүйлээ авах эрх нь нээлттэй юм. Дээрх ойлголтыг шүүх хэрэгт шууд хамааралтай мэтээр өрөөсгөлөөр дүгнэж М.М-ыг ерөнхий ангийн тодорхой зүйл ангийг журамлаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. М.М-ад тухайн мах хадгалж байсан 1-р агуулахын түлхүүр хадгалагдаж байгаагүйг шүүх зайлшгүй анхаарах ёстой. Г.Д-той бүлэглэж үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн боломжгүй. Өөрөөр хэлбэл шууд санаа шунахай сэдэл байхгүй тул М.М-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл иргэний хариуцагч М.А-, гэрч Д.Б- нарын 273.499.200 төгрөг болж байсан, мөн 26 юаниар бодож авсан гэх нотлох баримтгүй мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэсэн. Г.Д- М.М- нараас тус бүр 23.611.200 төгрөгийг хохиролд тооцон гаргуулсан нь хуульд нийцэхгүй. М.М- дээрх хохирлыг учруулаагүй төдийгүй өөртөө нэг төгрөг ч аваагүй. Г.Д- С-гийн мах биш бусдын мах гэдгийг мэдсэн даруйдаа Б.Б-ийн дансанд шилжүүлэн төлсөн нь ХААН банкны шилжүүлгийн баримтаар нотлогдоно./1хх 225-227/. Иймд нотлох баримтад тулгуурлан бодит дүгнэлтийг хийж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бодит хохирол 320.355.000 төгрөгөөс Г.Д-ийн шилжүүлэн авсан 90.000.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 230.355.000 төгрөгийн махыг худалдан борлуулж ашгийг хүртсэн иргэний хариуцагч хариуцах ёстой. М.А-, Д.Б- нарын үнэ зөрүү мэдүүлсэн 273.132.600 төгрөгөөр эсхүл 273.499.200 төгрөгөөр зарсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүйг шүүх анхаарч үзнэ үү. Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж М.М-ыг цагаатгаж, хохирлыг зөв тооцож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Иргэний хариуцагч М.А-ийн өмгөөлөгч С.Гүлдарь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар талд гэрч Б- мэдүүлэгтээ “60 гаруй сая төгрөгийн мал өгсөн” гэж мэдүүлсэн. Мөн хавтаст хэргийн 82 дугаар талд Г.Д-ийн мэдүүлэг “ажлын хөлс өгөх ёстой юм” гэх мэдүүлэг, 85 дугаар талд М.А- “тээвэр, туувар зэрэг зардлууд ороод, 700 гаруй мал 98.000.000 төгрөгөөр үнэлж Шийрэвдамбад хүлээлгэж өгсөн. 1083 ширхэг хайрцаг махнаас 66 ширхэг хайрцаг мах миний мах байсан. Дээрх үнэлгээг хасаж 250 гаруй сая төгрөг болсон” гэж мэдүүлдэг. Мөн 108 дугаар талд М.А- “би уг махыг зарж 10 сая төгрөгийн алдагдалд орсон, 700 гаруй толгой малыг хүлээлгэж өгсөн” гэх тайлбар, мэдүүлгүүд хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 16 дугаар талд хохирогчид оногдуулсан үндэслэлдээ нийт хохирлын төлбөр 320.355.000 төгрөгийн хохирол учирснаас 163.120.320 төгрөгийн задаргаа хийсэн байдаг. 90.000.000 төгрөгийг бэлнээр, 68.123.300 төгрөгийг мал оролцуулж, үүнээс 5.000.000 төгрөг бэлнээр өгөөд, 163.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн. “......” ХХК-ийн 1083 хайрцаг махнаас 163.000.000 төгрөгийг хасаж, 110.000.000 төгрөгийн хохирлыг М.А-өөр төлүүлэх шүүхийн шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нотлох баримтууд бүгд зөрүүтэй, хохирогчийн малыг 68.123.320 төгрөгөөр үнэлж авсан. Иргэний хариуцагч М.А- болохоор 98.000.000 төгрөгөөр тооцож, тээврийн зардал, малчны хөлс оруулж тооцсон нөхцөлд нийт 114.000.000 төгрөг болсон. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг харахад иргэний хариуцагчаас асуулт асуусан байдаг. Гарсан хохирлыг би төлөх учиргүй, Г.Д- төлөх ёстой гэж мэдүүлсэн. Мөн 1083 хайрцаг махыг зөвхөн хохирогч буюу Б-ийн мах гэх шүүхийн дүгнэлт гарсан. Гэтэл 1000 гаруй хайрцаг мах Б-ийн мах байдаг, 83 хайрцаг мах М.А-, С-гийн мах гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн. М.А-, Г.Д-той наймаа хийхдээ ашиг олох зорилгоор махыг худалдан борлуулсан. Энэ наймаанаас ашиг авах байсныг аваагүй зэрэг тооцооллын алдаа байна. Зөвхөн хохирогч талын нотлох баримтыг дүгнэж, гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй, шийтгэх тогтоол хууль ёсны байх талаас нь үнэлж дүгнээгүй. Хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх тайлбар гаргаж байна. Шүүх хуралдаан 5 хоногийн завсарлага авсан энэ хугацаанд М.А- шүүх хуралдаанд оролцоогүй, шүүх хэргийн оролцогчийн саналыг авч шийдвэрлэх ёстой. Иргэний нэхэмжлэгч байхгүй нөхцөлд хэргийг хянан шийдвэрлэх талаар асуух, хэргийн оролцогчид санал, хүсэлтээ өгөх ёстой байсан. Анхан шатны шүүх нотолбол зохих ажиллагааг нотлоогүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Манлайбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэрэгт холбогдсон үйл баримтын тухайд Г.Д-, М.М-ыг хохирогч Б-ийн гэрээний үндсэн дээр хадгалуулсан махыг авч зарах санаа сэдлийг анх гаргаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Хадгалуулсан махны өмчлөгч Б-д мэдэгдэхгүй, зохих зөвшөөрөлгүйгээр Г.Д-ийн эзэмшилд шилжүүлснээр гэмт хэрэг үйлдэгдсэн. М.М-ын зөвшөөрөлгүйгээр агуулахад байгаа махыг авснаар хамтран оролцсон гэж дүгнэж байна. Өмгөөлөгч С.Гүлдарь тайлбартаа дурдаж байна. Иргэний хариуцагч М.А-өөс анхан шатны шүүхээс 110.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэх тайлбар өгч байна. М.А- хохирогч Б-ийн эзэмшлийн 1083 хайрцаг буюу 21.6 тонн мах авч улмаар цааш Б- гэх хүнд дамжуулж, хайрцаг, баглаа савыг өөрчилж, Хятад улсын хилээр гаргаж зарж борлуулсан үйл баримт тогтоогддог. М.А-ийн тухайд хөрөнгө завших гэмт хэргийг хамтран оролцож үйлдээгүй, Г.Д-ийн хэлсэн ятгалгаар М.М-ын зөвшөөрлөөр тухайн махыг авсан талаар мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт М.М- тайлбартаа “хадгалуулсан махны эздэд агуулахын түлхүүр байсан. Тухайн хүмүүс хэзээд ч нэвтрэх боломжтой гэж” мэдүүлдэг. Гэтэл тухайн агуулах руу М.М-ын зөвшөөрөлгүйгээр нэвтрэх боломжгүй” талаар гэрч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид очиход М.М- агуулах руу нэвтрүүлээгүй, “мах татагдсан” гэх тайлбарыг өгч байсан. Анхан шатны шүүхээс хохирол төлөх 7 хоногийн завсарлага авсан. Г.Д-, М.М- нар өмгөөлөгч Б.Манлайжавыг өмгөөлөгчөөр авсан. М.А- шүүх хуралдаан хэзээ болохыг мэдэж байсан. Шүүгчийн туслахад “шүүх хуралдаанд очно” гэж мэдүүлсэн боловч шүүх хуралдаан болсон өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч М.М-, Г.Д- нарт торгох ял оногдуулсан. Гэм буруугийн шүүх хуралдааны үед шүүгдэгч нараас 23.611.000 төгрөг хохирол төлбөрт төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний хариуцагч болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.
Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.М- нь Г.Д-ийн ятгалгаар түүнтэй үгсэн тохиролцож бүлэглэн, “......” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа "......” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Хөргөх зооринд бүтээгдэхүүн хадгалах гэрээ”-ний дагуу “......” ХХК-ийн Налайх дүүргийн 5 дугаар хороо ...... дагуу хаягт байрлах мал төхөөрөх үйлдвэрийн байранд хөргөх зооринд хадгалуулж байсан “......” ХХК-ийн гэрээгээр үүрэг хүлээлгэн итгэмжлэн хариуцуулсан байсан 320.355.000 төгрөгийн үнэ бүхий 21,6 тонн махыг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бусдын өмчлөлд шилжүүлэн завшиж, үрэгдүүлсний улмаас Б.Б-д их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан,
Г.Д- нь М.М-тай үгсэн тохиролцож, “......” ХХК-ийн хөргөх зооринд “......” ХХК-ийн гэрээгээр үүрэг хүлээлгэн итгэмжлэн хариуцуулж хадгалуулж байсан мах байгааг мэдсээр байж М.А-ийг ашиглан худалдан борлуулахаар “С-гоос авах авлагандаа мах авна” гэж итгүүлэн “......” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.М-ыг “......” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Хөргөх зооринд бүтээгдэхүүн хадгалах гэрээ”-ний дагуу “......” ХХК-ийн Налайх дүүргийн 5 дугаар хороо ...... дагуу хаягт байрлах мал төхөөрөх үйлдвэрийн байранд хөргөх зооринд хадгалуулж байсан “......” ХХК-ийн гэрээгээр үүрэг хүлээлгэн итгэмжлэн хариуцуулж байсан 320.355.000 төгрөгийн үнэ бүхий 21,6 тонн махыг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бусдын өмчлөлд шилжүүлэн завшиж, үрэгдүүлсний улмаас Б.Б-д их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгч М.М-ыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, шүүгдэгч Г.Д-ийг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ. Учир нь:
хэрэгт авагдсан хохирогч Б.Б-ийн “...2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг гэхэд 78,4 тонн махаа увуулж, цувуулаад аваад 21,6 тонн махыг тухайн махны хадгалах хөргүүрт үлдээсэн байсан юм. Тухайн 21,6 тонн махыг хадгалуулсан мөнгөө махаа хэзээ авна, тэр өдөртөө шууд тэглээд төлнө гэж тохиролцсон. ...2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай хувьцаа эзэмшигч Д.Ш- М.М- руу залгуулаад өөрөө хажууд нь байж байхад “Танай мах байхгүй хүн аваад явсан” гэхээр нь ямар хүн аваад явдаг юм бэ, танд хариуцуулаад өгөө биз дээ гэхэд Д- өгсөн гээд тэр хүний ....... гэсэн дугаарыг өгөөд өөр юм ярилгүй тасалчихсан. ... Би М.А-, Г.Д- хоёртой уулзсан чинь танай мах гэдгийг мэдээгүй С-гийн мах гэж бодоод авч яваад зарчихсан гэсэн. Тэгээд өгөхөөр болоод 2023 оны 09 дүгээр сард Г.Д- нь 30.000.000 төгрөг, М.А- нь 60 гаран сая төгрөгийн мал өгсөн. Үлдэгдэл 334.000.000 төгрөг өгөхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Г.Д-, М.А- хоёр нь одоо болохоор нойтон мах юм уу, чанасан махыг чинь өгье гээд байгаа юм. Ингээд хоорондоо учраа олж чадахгүй өдий хүрч байна...” /1хх 47-48, 50-52/,
гэрч Д.Ш-ын “...2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр буюу наадмын дараа М.М-тай яриад лац авагдсан байна махаа очиж авъя гэсэн чинь танай махыг Г.Д- аваад явсан, Г.Д-оос асуу гэхээр нь би яахаараа манай махыг Г.Д-ид өгдөг юм бэ гэхэд М.М- нь би яаж мэддэг юм бэ гээд утсаа тасалчихсан. ...Тэгэхээр нь би Г.Д-той нь ярьсан чинь “С- очоод ав гэсэн гэж хэлсэн, би С-гоос авлагатай тэрэндээ мах авсан” гэж шал худлаа ярьсан. М.А-тэй уулзсан чинь Г.Д- надтай утсаар яриад “......” ХХК-ийн хөргөгчид ямааны боловсруулсан мах байгаа тэрийг зараадах чи 1 кг-аас 1 юанийн ашиг аваарай гэж хэлсэн байсан. ...” /1хх 54-55, 58-59/,
гэрч С- /С-/-ийн “...Тухайн агуулах нь яг ч миний агуулах биш М.А-, Б-, Б- нарын мах байсан юм, тийм ч учраас М.А-өд агуулахын түлхүүр нь байсан юм. Би яг мах авахыг зөвшөөрсөн юм байхгүй. ...2023 оны 02 дугаар сард цагаан сараас өмнө би мөнгөний хэрэг болоод Г.Д-той холбогдож мөнгө зээлээч гээд 40 сая төгрөг дансаар авсан. ...Би 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Г.Д- бид хоёрын дунд өр төлбөр байхгүй гэсэн бичиг үйлдсэн. Г.Д-той байнга холбоотой байж утсаар ярьж байсан. Г.Д- надаас мөнгө төгрөгөө авъя гэж огт яриагүй. Миний санаж байгаагаар 2023 оны 07 дугаар сарын дундуур наадмын өмнө шиг санаж байна “......” ХХК-ийн захирал Д.Ш-а над руу залгаад чиний зөвшөөрлөөр Г.Д-, М.А- хоёр манай махыг аваад явчихсан байна гэсэн, тэгэхээр нь би тийм зүйл огт байхгүй гэж хэлсэн. ...” /1хх 69-70, 72-74/,
иргэний хариуцагч М.А-ийн “... Г.Д- нь надтай утсаар холбогдоод мах зарж өгч тус болооч би С-гоос мөнгө авах ёстой юм, С- утсаа авахгүй зугтаагаад байна, чи “......” ХХК-ийн Налайхын үйлдвэр дээр очоод хөргөгчнөөс С-гийн хадгалуулсан махыг очиж аваад зараадах 1 кг-аас нь чи хөлсөндөө 1 юань аваарай гэсэн. ...Ингээд би махны ченж хийдэг Д.Б-т үзүүлээд 1 кг-ыг нь 25 юаниар авахаар болж би ачааны хоёр машинтай “......” ХХК дээр очоод зоориноос нь 1000 гаран хайрцаг 21,6 тонн ямааны хагас боловсруулсан махыг авсан. Миний санаж байгаагаар 280 гаруй сая төгрөг болж байсан байх. Г.Д- мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь мах зарагдаагүй байхад Д.Б-аас 90 сая төгрөг аваад 2 хувааж Г.Д-ид дансаар шилжүүлсэн. ...Би энэ хугацаанд Г.Д-ид 90.000.000 төгрөг өгсөн, мөн Б.Б-д 700 гаруй толгой хонь, ямаа өгсөн, би яг нарийн тоог нь одоо санахгүй байна. Сар болгон 5.000.000 төгрөгийг Б.Б-ийн данс руу шилжүүлж байгаа. Би Г.Д-ийг “.......” ХХК-ийн махыг зөвшөөрөлгүй авч байгааг огт мэдээгүй. ...” /1хх 107-110/,
гэрчээр М.М-ын “...1 автомашин мах үлдсэн байсныг С- манай дээр ирээд өөрийнхөө түрээслэж байгаа зооринд 3 дугаар сард шилжүүлэн байршуулсан, тухайн үед өөрсдөө ирээд махаа С-гийн агуулах руу шилжүүлсэн байх гэж бодож байна, яагаад гэхээр манай дээр зоорь түрээслэж байгаа хүмүүсийн зоорийн түлхүүр зөвхөн түрээслэгчдэд байдаг. А- 05 дугаар сарын 26-ны өдөр манай үйлдвэр дээр С-гийн агуулах буюу зоорийн түлхүүрийг барьж ирээд дотор нь байгаа махыг авсан. Миний хувьд Ш-атэй гэрээ байгуулахад С- дагуулж ирсэн учраас С-гийн мэдлийн мах гэж ойлгосон. Ингээд наадмын үеэр шиг санагдаж байна Ш-а гэх залуу надтай ирж уулзаад “махаа авья” гэхээр нь махыг чинь С- аваад явсан, С- мэдэж байгаа гэж хэлсэн. ...С-гийн махын авч явсан А-, Д- 2 руу Ш-ын хажууд залгаад “энэ махны учраа олоорой, энэ хүн чинь намайг аваад идсэн байна гээд байна шүү, та нар энэ махныхаа учрыг олоорой” гэж хэлсэн. ...” /1хх 63-64/,
яллагдагч Г.Д-ийн “...Би БНХАУ-ын иргэн С-гоос 60 сая төгрөг, 2 жилийн цалин болох 48 сая төгрөгийн авлагатай байсан. Ингээд С- мөнгөө өгөхгүй байхаар нь би С-гийн мах “......” ХХК-ийн зооринд хадгалагдаж байгаа гээд 2023 оны 05 дугаар сард 20 гаруй тонн махыг авсан. Би С-гийн махыг өрөндөө авч байгаа юм, энэ бол бодит үнэн. М.М- захирлаас би танай зооринд С-гийн мах байгаа юу гэж асуухад байгаа гэж хэлсэн. С- худлаа мэдүүлэг өгсөн байна. 2023 оны 07 дугаар сард намайг Хятад улсад явж байхад С- миний Хятад дугаар руу залгаад та “......” ХХК-ийн зоориноос мах авчихсан байна шүү дээ гэхээр нь би “чи утсаа авахгүй гурван сар болсон, тэгэхээр нь би авлагаа авахын тулд авсан” гэж хэлсэн. Мөн 2023 оны 02 дугаар сард С- надтай утсаар яриад та өрөндөө хайрцагтай мах авах уу гэж асууж байсан би аваагүй. Би С-гийн махыг өрөндөө авч байна гэж ойлгосон. ...” /1хх 169-171/ гэх мэдүүлгүүдээр хэн хэрхэн яаж оролцсон, хэн хэдэн төгрөгийн өртэй эсэх нь тодорхойгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал.” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хуулийн этгээдийг нэг өмгөөлөгч өмгөөлж болохгүй.” гэж хуульчилсан.
Гэтэл М.М- “...гэмт хэргийг үйлдээгүй...” гэх, Г.Д- “...өрөндөө мах авсан...” гэх зэргээр хэргийн талаар харилцан эсрэг ашиг сонирхолтой мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байхад тэдгээрт нэг өмгөөлөгч оролцуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна.
Иймд магадлалд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Манлайжав, шүүгдэгч М.М-, иргэний хариуцагч М.А- нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
М.М-, Г.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч М.М-, Г.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. . Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ