Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/63

 

 

 

 

 

 

  2025       11        13                                            2025/ДШМ/63

 

 

                                              С.Бд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Т.Д

Шүүгдэгч                                                     С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Э.Т

            Нарийн бичгийн дарга                             Г.Энэрэл нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т-н давж заалдах гомдлоор С.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт С-н Б, Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 02 цагийн орчимд ****аймгийн *****сумын ****багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С бааранд хохирогч У.Э-г “архи уусангүй” гэсэн шалтгаанаар үснээс нь зулгааж унагаж, газарт чирч, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн шагайн үений гадна хэсэгт шарх, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: С.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Б овгийн С-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар Орхон аймгийн Хот тохижуулах газарт эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

Шүүгдэгч С.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч У.Э нь ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Тдавж заалдах гомдолдоо: ...  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд уг зүйлийн 1.1-д "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэжээ. Энэхүү хэргийн шүүгдэгч С.Б-н хувьд өмнө гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаагаар тогтоогдож буй бөгөөд энэ талаар прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой тусгагдсан.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд “С” нэртэй бааранд хохирогчтой маргалдан улмаар архины шил унаж хохирогчийн хөлөнд гэмтэл учруулсан нөхцөл байдал хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг болон камерын хяналтын бичлэг зэргээр нотлогдож байх бөгөөд уг нөхцөл байдал нь урьдчилан төлөвлөсөн санаа зорилготой бус тохиолдлын шинжтэй нөхцөл байдалтай хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн “эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасна ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж хуулийн заалтыг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй байна. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1. шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарахаар байна. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу төлбөл зохих хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Хохирогч 2,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтыг мөрдөгч, прокурор, шүүхэд гарган өгөөгүй байсан тул хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг төлөх боломжгүй байсан байна.

Мөн яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд бичигдсэнээр шүүгдэгч С.Б нь “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт **** цехийн Хайлах хэсэгт дулаанаар боловсруулагч ажилтай, эхнэр 2 хүүхэдтэй, одоо Улаанбаатар хот руу шилжиж, хувийн бизнес хийж буй нөхцөл байдал буюу хувийн байдлыг харгалзан үзэхгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь эрхэлсэн тодорхой ажилтай хүн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэгдсэнээр өөрийн үндсэн ажлаа хийх боломжгүй болох, цаашилбал ажил эрхлэх, орлого олох боломжгүйд хүрч гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх боломжгүй болох зэрэг үр дагавар үүсэх тул энэхүү байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хүсэлтийг энэхүү гомдлоороо гаргаж байна. Өөрөөр хэлбэл С.Б-г 720 цаг нийтэд тустай ажил хийх ялыг Орхон аймгийн Хот тохижуулах газарт өдрийн 8 цагаар эдлүүлснээрээ түүний гэр бүл, үр хүүхдүүдэд сөргөөр нөлөөлөх, шилжин суурьшсан Улаанбаатар хотоос 4 сар орчим хугацаанд хол байх үүнээс шалтгаалан орлогогүй болох зэрэг үр дагавар үүсч болохыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 02- ны өдрийн 2025/ШЦТ/404 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Б тайлбартаа: ... 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөлж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т тайлбартаа: ... ялыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд торгох ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Бд холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Э.Т-н давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 02 цагийн орчимд **** аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С бааранд хохирогч У.Эыг “архи уусангүй” гэсэн шалтгаанаар нүүр лүү нь пиво цацаж ... улмаар түүнийг үснээс нь зулгааж, чирэх явцад архины шил газарт унагаан ... үргэлжлүүлэн хохирогчийг үснээс зулгааж газарт унагааж, цохих үедээ хохирогчийн зүүн шагайн үений гадна хэсэгт язарч зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

 

мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Эын өгсөн “...манай ширээн дээр 4 залуу ирчихсэн архи авчихсан А эгчтэй хамт суугаад ууж байсан юм. Би тухайн залуучуудыг сайн танихгүй ба нэг залууг нь л таньдаг юм билээ. Тур залууг Тогтох гэдэг. Тэгээд бар хаагаад бүгд ширээн дээрээ сууж байсан. Тэгтэл тухайн 4 залуугаас С.Б гэдэг залуу /сүүлд нэрийг нь мэдсэн/ намайг уучих гээд архи пивоор шахаад байхаар нь үгүй гэж хэлээд явах гэтэл тэр залуу үгийн зөрүүгүй шууд л гартаа барьсан байсан пивоо цацсан... Намайг үсдэж чирэх үед газар хагарсан байсан шилэнд миний хөл зүсэгдсэн байсан ... миний хөлнөөс цус гараад байхаар нь би эмнэлэг орж хүлээн авахад үзүүлж гурван оёдол тавиулсан ...” гэсэн мэдүүлэг /хх 11-12/,

 

дахин мэдүүлсэн “ ... бүжиглэж байхад баарны гэрэл асаж хаах цаг болсон тул бид захиалсан өөрсдийнхөө ширээн дээр очиж суутал нөгөө Б гэх эрэгтэй манай ширээнд архи тойруулаад зогсож байхаар нь бид нар хажуугаар нь гарч сандал дээр суусан. Манай ажлын газрын эмэгтэй О “хэдүүлээ явах уу” гэхээр нь “өө тэгье” гэж хэлээд би ширээнээс бостол тухайн эрэгтэй намайг “чи суучих” гэхээр нь би “суухгүй, бид нар явах гэж байна” гэж хэлсэн чинь шууд над руу ууж байсан бакалтай пивоо миний нүүр лүү цацчихсан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм” гэж хэлээд нүүрээ арчих хооронд миний үснээс чирч зулгааж чирч, ширээнээс гаргаж ирж газар унагаж ... Тэгээд ширээн дээр сууж байсан хүмүүс босож ирээд “чи эмэгтэй хүн зодохоо болиоч” гэж хэлээд хоёр талаас салгасан. Тэгээд намайг манай найз охин ширээн дээр сандалд суулгаад байж байтал миний хаанаас ч юм цус гараад шалаар нэг урсаж байсан. Миний зүүн хөлнөөс шарх сорви үүсэж маш их цус гарсан ... манай найз охин О яг харж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 16/,

 

анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч У.Эын өгсөн “... чи яаж байгаа юм бэ гэхэд намайг үсдээд голын ширээн дээр сууж байхад ширээний өнцөг хүртэл татаж гаргаж ирсэн. Өөрөө ... том архины шил барьсан байсан. Өөрийнх нь барьж байсан шил намайг үсдэхэд унаад тэр дээр нь намайг татахад нь хөлөөрөө унасан. Ширээн дээр байсан пивыг над руу авч цацсан. Түүнээс би энэ хүнтэй огт маргалдаагүй, намайг уучих гэхээр нь “үгүй бид нар оройтчихлоо, явлаа” гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх 83/

 

гэрч Т.О-н “... найз Эын төрсөн өдөр тохиож бид нар ажлын газрынхаа хамт олонтой Сэт бааранд орж үйлчлүүлсэн ... бүжгийн талбайд бүжиглэж байгаад баар хаах үед сүүлийн ая дуусаж гэрэл асах үед өөрсдийн ширээн дээрээ очиж суусан чинь манай ширээн дээр нэг үл таних согтуу эрэгтэй найзуудтайгаа архи тойруулаад зогсож байхаар нь би найз Эыг “за явцгаах уу” гэж хэлсэн чинь нөгөө архи тойруулж байсан эрэгтэй манай найз охиныг “чи явахгүй, зүгээр наанаа сууж бай” гэж хэлэхээр нь найз босож ирээд “чи одоо юу яриад байгаа юм, би чамд архи уухгүй гэж хэлж байна ш дээ” гэсэн чинь нөгөө эрэгтэй стакантай пивоо Эын нүүр лүү цацчихаар нь би “чи одоо яаж байгаа юм бэ” гэж хэлтэл манай найз охиныг үсдэж, чирч ширээн дээр авчирч зодсон ... Тэгээд нөгөө архи нь асгарч манай найз охины зүүн талын шагай хэсэгт архины шил мэт зүйл орж Яаралтай тусламж орж шилийг авахуулж 3 оёдол тавиулсан ... ” гэсэн мэдүүлэг /хх 18-19/,

 

хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон Шинжээчийн 762 дугаартай “ ... У.Эын биед зүүн шагайн үений гадна хэсэгт шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... зүүн шагайн үений гадна хэсэгт шарх нь ... хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ... ” гэсэн дүгнэлт /хх 28-29/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “ ... С.Б нь ширээний хажууд зогсож байгаад хундагатай архийг хохирогч У.Э руу цацахад У.Э босож ирэхэд С.Б тэр 2 гараа өргөөд нэг нэг рүүгээ дайрч байна ... С.Б нь У.Эын үснээс нь зулгааж татаж газар унагааж нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиж байна. Хамт байсан хүмүүс нь салгаж байна ... ” гэсэн тэмдэглэл /хх 33-34/ болон хяналтын камерт бичигдсэн дуу - дүрсний бичлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Харин хохирогч У.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ... Тэгээд нүүр болон гар луу өшиглөсөн юм ... гэсэн, дахин мэдүүлсэн... намайг 2-3 удаа өшиглөөд байхаар нь би нүүр хэсгээ гараараа хаатал намайг миний дух хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг болон гэрч Т.О-н ... нүүрэн тус газар нь өшиглөсөн ... гэсэн мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33-34/, дуу - дүрсний бичлэг зэргээр няцаан үгүйсгэгдэж байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т “ ... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ..., шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу төлбөл зохих хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн ..., ...Улаанбаатар хот руу шилжиж, хувийн бизнес хийж байгаа ... торгох ялаар сольж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь гэмт үйлдлээ хэрэгжүүлэх талаар урьдчилан төсөөлж, төлөвлөөгүй, гэнэтийн хүчин зүйлд автаж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байдлыг ойлгох бөгөөд

харин шүүгдэгч С.Б нь тухайн цаг хугацаанд хохирогч У.Этай үл ялиг шалтгаанаар маргалдаж, нүүр лүү нь пиво цацаж, түүнийг үсдэж чирэх үед ширээн дээр байсан архины шил унаж хагарсан ба шүүгдэгч нь хохирогчийн үснээс зулгааж газарт унагаах, цохих зэрэг олон удаагийн санаатай үйлдэл хийх үед түүний зүүн шагайн үений гадна хэсэг нь архины шилний хагархайд язарч зүсэгдсэн үйл баримт нотлогдож тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан уг хохирол нь шүүгдэгч С.Б-н гэм буруутай, шууд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ба дээрх нөхцөл байдал нь шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй юм. 

Түүнчлэн шүүгдэгч С.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ “... би тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрөхгүй байна. Болсон үйл явдал худлаа байна, хохирогчийн өгсөн мэдүүлэг худлаа байна ...” гэж, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй санал нийлэхгүй байна ... өшиглөж цохисон, чирсэн гэсэн, ийм процесс болоогүй ...” гэж тус тус мэдүүлсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод орон сууц хөлслөн амьдарч байгаа хэмээн өөрийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, орон сууц хөлслөх гэрээ зэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

Гэтэл түүний гаргаж өгсөн дээрх Орон сууц хөлслөх гэрээний 3.3 дахь заалтад “Тус байранд амьдран суух хүний тоо 3” гэж бичигдсэнээс гадна шүүгдэгч нь Орхон аймгаас Улаанбаатар хот руу албан ёсоор шилжин суурьшиж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, тухайн байранд шүүгдэгч нь гэр бүлийн хамт амьдардаг гэж үзэх нөхцөл байдлууд нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготойгоос гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэгддэг.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлийн алийг сонгон хэрэглэх, ямар хэмжээгээр оногдуулах нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, Шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн анхан шатны шүүх хохирогч У.Эыг ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нэхэмжилсэн боловч баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсан нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 404 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Тн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.СОСОРБАРАМ

 

                        ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ