Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 371

 

 

 

 

 

 

 

                                                

 

                                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

 улсын яллагч Б.Гүнсэл,

 шүүгдэгч Б.М,

 нарийн бичгийн дарга А.Арай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810 0110 10462 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын авто зогсоолд иргэн Ц.С-ийн эзэмшлийн 05-95 УБС улсын дугаартай Тоёота кроун 180 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, хойд шил, жолоочийн хаалганы шил, 2 ширхэг толийг хууль бусаар устган, гэмтээж бусдад 860.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх, шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1.  Шүүгдэгч Б.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би 800.000-1.500.000 төгрөгийн цалинтай. Манай гэр бүлийн өрхийн орлого 2.000.000 төгрөг. Би 6-9 насны 2 хүүхэдтэй. Тухайн үед маргаан гараад хохирогчийн эд зүйлийг нь эвдсэн. Би яагаад маргаан гарах болсоныг сайн санахгүй байна. Хохирогчийн автомашиныг хэрэг болсоноос хойш 2 хоногийн дараа засаж өгсөн. Би байнга архи уудаггүй. Улсын яллагчийн зүгээс санал болгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1810 0110 10462 дугаартай хэргээс:

 

           1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-10х/,                  

 

2. Ц.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн:

“...2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би гэртээ байж байтал манай найз М Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирээд ...“намайг ирээд аваач” гэхээр нь би очоод авсан. М нь замаараа бүтэн нэрийг нь мэдэхгүй байна “З гэдэг найзыгаа авья” гэхэд нь тэр найзыг нь авсан. Зг нь би огт танихгүй, урьд нь харж байгаагүй.

Тэгээд Вива сити хороололд байх манай гэрт буцаж ирээд хэдэн ширхэг пиво уугаад, мөн 0,75 литрийн савалгаатай Соёрхол нэртэй архи аваад гурвуулаа хувааж уусан. Тэгж байтал үргэлжлүүлээд ууя гэхээр гурвуулаа мөнгөгүй болчихсон байсан болохоор манай найз М-ыг утсаар нь дуудсан. М таксигаар ирсэн бөгөөд ирэхдээ нилээд согтолттой байсан. Тэгээд манай үүдэнд байх Соёл нэртэй дэлгүүрээс 0,75 литрийн савалгаатай архи 1 ширхэг, ундаа, тамхи аваад Вива сити хорооллын урд талын ил авто зогсоол дээр байсан миний 05-95 УБС улсын дугаартай Тоёота Кроун загварын цагаан өнгөтэй машинд орж уусан.

Архи ууж байтал М Мд” чи хотод ирэх болгонд С-т архи уулгахаа болиоч” гэсэн чинь М “би өөрөө найзыгаа мэдэж байна” гээд тэр хоёр хоорондоо муудалцаж эхэлсэн. Тэгснээ М “би ерөөсөө явлаа” гээд машинаас буусан. Тэгсэнээ эхлээд зүүн талын толийг гараараа цохиж унагаад, хөлөөрөө дэвсээд юу ч үгүй эвдэлчихсэн. Дараа нь жолоочийн талын цонхон дээр очиж мөн толийг нь гараараа цохиж унагаагаад, хөлөөрөө дэвсээд эвдэлсэн.

Тэгсэнээ машины урд талын салхины шилийг гараараа хэд хэдэн удаа цохиод цууралт үүсгэсэн. Гараараа цохиж хагалж чадахгүй байсан болохоор газраас нилээд том хэмжээтэй чулуу аваад жолоочийн талын цонх, хойд талын цонхыг хагалчихсан. Тэр хооронд манай найз М цагдаад дуудлага өгсөн юм. Маргааш нь “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь “санахгүй байна, би одоо ингээд хагалчихсан юм байхдаа” гэж байсан. Миний машиныг авч яваад бүх эвдрэл гэмтлийг янзлаад өгсөн учир миний бие одоо ямар нэгэн санал гомдол байхгүй.

Машиныг засахад 800 мянга орчим төгрөг болж байсан гэсэн байх. М бид нар найзууд, тухайн үед бидний хооронд ямар нэгэн хэрүүл маргаан огт болоогүй.  

05-95 УБС улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Кроун загварын тээврийн хэрэгсэл нь манай нөхөр Б.З-ий нэр дээр байдаг боловч миний өөрийн машин байгаа юм. Миний машины зүүн болон баруун талын толь суурь хэсгээрээ хугарч эвдэрсэн, урд талын салхины шил болон хойд талын шил хагарсан, мөн жолоочийн хаалганы цонх хагарсан. Өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. 2 ширхэг толио хосоор нь 200.000 төгрөгөөр, урд салхины шилээ 180.000 төгрөгөөр, хойд шилээ 150.000 төгрөгөөр, жолоочийн талын цонхны шилийг 30.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,

 

3. Гэрч А.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн орчим найз С-ийн вива сити хороололд байх гэрт нь ирсэн. Тэнд хэсэг байж байгаад найз З-той утсаар яриад гэрт нь очиж аваад буцаад вива сити хороололд ирэхэд араас С-ийн найз бүтэн нэрийг нь мэдэхгүй Улаанаа гэх залуу ирсэн. Тэр залууг би нэг их сайн танихгүй, зүс л мэднэ. Тэгээд хэдүүлээ архи уухаар болоод дэлгүүр ороод 0.75 литрийн савалгаатай Соёрхол нэртэй архи 1 шил, мөн тамхи аваад хойшоо алхаад С-ийн 05-95 УБС улсын дугаартай Тоёотай Кроун загварын машин дээр нь очиж суусан.

Уг машин нь цагаан өнгөтэй, кроун 180 загварын машин байгаа юм. Машин дотор архиа задлаад хувааж уугаад юм яриад сууж байтал У-наа архиндаа согтоод та нар бол архиа ч авч чадахгүй тамхиа ч авч чадахгүй улсууд, харин би бол чадна гээд агсан тавьж байснаа шууд буугаад машины гадна талаас нь гараараа цохиж байснаа газраас нилээд том цементний хугархай хэсэг аваад машины урд салхины шилийг тэр чигээр нь, мөн зүүн баруун хоёр талын толь, ар талын шил зэргийг хагалчихсан. Тэгэхээр нь бид нар машинаас буугаад чи болиочээ гэсэн чинь ерөөсөө болихгүй байсан, гарнаас нь юм уу ямар ч гэсэн биенээс нь цус гарчихсан, тэрүүгээр дүүрэн цус болсон. Агсан тавиад болихгүй байхаар нь би цагдаад дуудлага өгсөн.

...Машинд би, З, С гурвуулаа байсан. Бид нарын хооронд ямар ч зодоон цохион болоогүй, машин бол манай найз С-ийн машин байгаа юм. У-г яагаад ийм авир гаргасныг ерөөсөө ойлгохгүй байна, “та нар бол архи, тамхиа авч чаддаггүй” гэж хэлээд машинаас буугаад учиргүй хамаг юмыг нь цохиж гэмтээж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

 

4. Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн үнэлгээний тайлангийн дүгнэлтэд:

   “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 04 сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 860.000 /найман зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /хэргийн 23х/,

 

5. Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосныг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр танил ахтайгаа нэг шил архи хувааж уусан. Архи ууж байхдаа С рүү залгасан чинь “бас архи уучихсан байна хүрээд ир” гэхээр нь би такси бариад яваад очсон. Очиход гэрийнхээ гадаа гараад ирчихсэн байсан бөгөөд хажууд нь нэг эрэгтэй, эмэгтэй хоёр байсан.

Эмэгтэйгийн урьд нь ганц хоёр удаа харж байсан болохоор зүс танина, харин эрэгтэйг нь огт танихгүй залуу байсан. Тэд нартай уулзаад юм ярьж байтал тэр хоёр найз нь “чи архи аваад өгчих бараг чадах уу” гэх юм яриад байхаар нь 0.75 литрийн савалгаатай архи 1 шил авсан. Ямар нэртэй архи байсан эсэхийг санахгүй байна. Тэгээд С “миний машин хойно зогсоол дээр байгаа тийшээ орж ууя” гэхээр нь машин руу нь орж уусан. Би ирэхдээ нилээд согтолттой байсан бөгөөд С нартай архи уухдаа 2-3 рунк уугаад нилээд согтчихсон.

Тэгээд машинд байгаа хүмүүстэй “та нар архиа авч чадахгүй байж архи уух юм аа, тийм ээ” гэх зэргээр согтуу хүний яриагаар ярьж ойр зуурын явган хэрүүл болсон. Гэхдээ машинд сууж байгаа хүмүүс “чи юу яриад байгаа юм бэ, болиоч” гэснээс өөр юм хэлээгүй. Машин дотор болон гадаа нь ямар нэгэн зодоон цохион огт болоогүй.

Тухайн үедээ архины халуунд машинаас буугаад С-ийн Тоёота Кроун 180 загварын 05-95 УБС улсын дугаартай цагаан өнгийн машины урд салхины шил, хойд шил, хоёр толийг нь цохиж гэмтээсэн. Цонхнууд нь хагарч, толь нь мөн хагарч салаад газар унасан. Би жолооч талын хаалганы шилийг гараараа цохихдоо гараа зүсээд гарнаас цус гарсан. Машины хаалга тэр чигтээ цус болчихсон байсан. Бусад цонхнуудыг одоо миний санаж байгаагаар чулуугаар билүү, овортой юм барьчихсан хагалсанаа санаж байна. Би ямар ч гэсэн С-ийн машиныг эвдэлж гэмтээснээ хүлээж байна. Дараа нь уулзаад эвдэлсэн бүх юмыг нь янзлуулж өгсөн. Хэдэн төгрөгний зардал гарсан эсэхээ мартчихсан байна, ямар ч гэсэн бүх юмыг нь янзлуулж өгсөн.

Би архи уучихсан согтуу байсан, мөн үл ялих зүйлээс болж хамт архи ууж байсан хүмүүстэй маргалдаад уурандаа машины цонх шилийг нь хагалсан. Шалтгаан гээд байх юм байхгүй ээ. Архинаас л боллоо. ..,би хэргээ хурдан шийдүүлмээр байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “та нар бол архи ч авах чадваргүй, тамхи ч авах чадваргүй” гэх зэргээр согтуурхан агсамнаж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын авто зогсоолд иргэн Ц.С-ийн эзэмшлийн 05-95 УБС улсын дугаартай Тоёота кроун 180 загварын тээврийн хэрэгслийн зүүн, баруун толь, урд, хойд салхины шил, жолоочийн хаалганы салхины шилнүүдийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, цементэн чулуу шидэж, хагалж гэмтээсэн болох нь:  

- хохирогч Ц.С-ийн: “...Тэгээд үргэлжлүүлээд ууя гэхээр гурвуулаа мөнгөгүй болчихсон байсан болохоор миний найз М-ыг утсаар нь дуудсан. М таксигаар ирсэн бөгөөд ирэхдээ нилээд согтолттой байсан. Манай үүдэнд байх Соёл нэртэй дэлгүүрээс 0,75 литрийн савалгаатай архи 1 ширхэг, ундаа, тамхи аваад Вива сити хорооллын урд талын ил авто зогсоол дээр байсан миний 05-95 УБС улсын дугаартай Тоёота Кроун загварын цагаан өнгөтэй машинд орж уусан. Архи ууж байтал М М-д чи хотод ирэх болгонд С-т архи уулгахаа болиоч гэсэн чинь М би өөрөө найзыгаа мэдэж байна гээд тэр хоёр хоорондоо муудалцаж эхэлсэн. Тэгснээ М би ерөөсөө явлаа гээд машинаас буусан. Тэгсэнээ эхлээд зүүн талын толийг гараараа цохиж унагаад хөлөөрөө дэвсээд юу ч үгүй эвдэлчихсэн. Дараа нь жолоочийн талын цонхон дээр очиж мөн толийг гараараа цохиж унагаагаад мөн хөлөөрөө дэвсээд эвдэлсэн. Тэгсэнээ машины урд талын салхины шилийг гараараа хэд хэдэн удаа цохиод цууралт үүсгэсэн. Гараараа цохиж хагалж чадахгүй байсан болохоор газраас нилээд том хэмжээтэй чулуу аваад жолоочийн талын цонх, хойд талын цонхыг хагалчихсан. Тэр хооронд манай найз М цагдаад дуудпага өгсөн. Маргааш нь чи яаж байгаа юм бэ гэсэн чинь санахгүй байна, би одоо ингээд хагалчихсан юм байхдаа гэж байсан. Миний машиныг авч яваад бүх эвдрэл гэмтлийг янзлаад өгсөн учраас миний бие одоо ямар нэгэн санал гомдолгүй. ..,” гэсэн мэдүүлэг,

            - гэрч А.М-ийн: “...Өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн орчим найз С-ийн вива сити хороололд байх гэрт нь ирсэн. Тэнд хэсэг байж байгаад найз З-той утсаар яриад гэрт нь очиж аваад буцаад вива сити хороололд ирэхэд араас С-ийн найз бүтэн нэрийг нь мэдэхгүй У гэх залуу ирсэн. Тэр залууг би нэг их сайн танихгүй, зүс л мэднэ. Тэгээд хэдүүлээ архи уухаар болоод дэлгүүр ороод 0.75 литрийн савалгаатай Соёрхол нэртэй архи 1 шил, мөн тамхи аваад хойшоо алхаад С-ийн 05-95 УБС улсын дугаартай Тоёотай Кроун загварын машин дээр нь очиж суусан. Уг машин нь цагаан өнгөтэй, кроун 180 загварын машин байгаа юм. Машин дотор архиа задлаад хувааж уугаад юм яриад сууж байтал У архиндаа согтоод та нар бол архиа ч авч чадахгүй тамхиа ч авч чадахгүй улсууд, харин би бол чадна гээд агсан тавьж байсанаа шууд буугаад машины гадна талаас нь гараараа цохиж байсанаа газраас нилээд том цементний хугархай хэсэг аваад машины урд салхины шилийг тэр чигээр нь, мөн зүүн баруун хоёр талын толь, ар талын шил зэргийг хагалчихсан. Тэгэхээр нь бид нар машинаас буугаад чи болиочээ гэсэн чинь ерөөсөө болихгүй байсан, гарнаас нь юм уу ямар ч гэсэн биенээс нь цус гарчихсан, тэрүүгээр дүүрэн цус болсон. Агсан тавиад болихгүй байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. ..,” гэсэн мэдүүлэг,

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-10х/,

- Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /хэргийн 23х/,

- Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.М-ын 2018 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө “та нар бол архи ч авах чадваргүй, тамхи ч авах чадваргүй” гэх зэргээр агсамнан  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын авто зогсоолд иргэн Ц.С-ийн эзэмшлийн 05-95 УБС улсын дугаартай Тоёота кроун 180 загварын тээврийн хэрэгслийн зүүн, баруун толь, урд, хойд салхины шил, жолоочийн хаалганы салхины шилнүүдийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, цементэн чулуу шидэж, хагалж гэмтээн бусдын эд хөрөнгөд 860.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлд Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.

 

Бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь гэмт үйлдлийн улмаас алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэсэн ойлголтод хамааруулах бөгөөд тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг онцлогтой.  

 

Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол, хор уршиг учирснаар тухайн гэмт хэрэг төгс үйлдэгдэгсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлагдсан.

 

Шүүгдэгч Б.М-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ц.С-ийн эзэмшлийн 05-95 УБС улсын дугаартай Тоёота кроун 180 загварын зүүн, баруун толь, урд, хойд салхины шил, жолоочийн хаалганы салхины шил хагарч гэмтсэн, уг хагарсан 2 ширхэг толь, урд, хойд салхины шил, жолоочийн хаалганы шилийг 860.000 төгрөгөөр үнэлж үнэлгээ тогтоосон “Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт баримт хэрэгт авагдсан ба “860.000” төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохиролд хамаарах юм.

 

Учир нь мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” /энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” гэж мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан/ ойлгоно” гэж заажээ.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.М-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 860.000 /найман зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.      

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх,  гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.  

 

 Шүүгдэгч Б.М нь үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С-т учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсан нь хохирогч Ц.С-ийн “...Миний машиныг авч яваад бүх эвдрэл гэмтлийг янзлаад өгсөн учраас миний бие одоо ямар нэгэн санал гомдолгүй. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг болон тус шүүхэд бичгээр гаргасан “...Цогоо овогтой С миний бие Б.М-аас хохирлын мөнгө болох 850.000 төгрөг хүлээн авсан. Иймд Б.М-д гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй.” хүсэлт /хэргийн 12-13х, 65х/ баримтаар тус тус нотлогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч Б.М-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож гаргуулах төлбөргүй гэж үзнэ.   

 

Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 41х/ тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.

  

Шүүх, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ялын төрөл, хэмжээний дотор 650 /зургаан зуун тавь/ нэгж буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.     

 

Энэ хэрэгт Б.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.С нь хохирол нөхөн төлөгдсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.          

       

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б.М-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 860.000 /найман зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ыг 650 /зургаан зуун тавь/ нэгж буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт Б.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.С нь хохирол нөхөн төлөгдсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД