| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 312/2025/0319/Э |
| Дугаар | 2025/ДШМ/64 |
| Огноо | 2025-11-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/64
2025 11 13 2025/ДШМ/64
Ү.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Д
Нарийн бичгийн дарга Г.Энэрэл нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Т.Т-н эсэргүүцлийг үндэслэн Ү.Эд холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч овогт Ү-н Э, Монгол Улсын иргэн,
Ү.Э нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2025 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 01 цаг 50 минутын орчимд ****** улсын дугаартай Тоёота акуа загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ буюу 1.39 хувийн согтолттойгоор жолоодож ***** аймгийн ***** сумын **** багийн **** дугаар гудамжны баруун талын үзүүрт гүүрний хашлага мөргөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Ү.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Ч овгийн Ү-н Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Эы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
“... Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт бичсэн “Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 3.800 нэгж буюу 3.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлээгүй атлаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулахаар гаргасан ялыг саналыг тусгаж, шүүгдэгч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн бичсэн нь ойлгомжгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэсэн үндэслэлд хамаарч, шүүхийн тоггоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэхээр байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... эсэргүүцлийг дэмжиж шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналыг гаргаж байна. ... Улсын яллагч гардаж авсан хувь дээр “Улсын яллагчаас санал болгосон 1 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд сайн дураар хүлээн зөвшөөрсөн” гэж дүгнэлт хийсэн бол хх 180-р тал буюу шийтгэх тогтоолын 4-р талд улсын яллагчтай 1 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг шүүхэд сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна гэсэн зөрүүтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ү.Э нь 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ний шөнийн 01 цаг 50 минутын орчимд ***** улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /1.39 хувийн согтолттой/ үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож **** аймгийн ***** сумын *****багийн ***** дугаар гудамжны баруун талын үзүүрт гүүрний хашлага мөргөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь
гэрч Б.Л-н “... 2025 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 01 цаг 50 минутын орчим Цагдаагийн газрын 7035102 дугаарын утаснаас “**** баг **** дугаар гудамжны үзүүрт согтуу жолооч гүүрний бетон хашлага мөргөсөн байна” гэж дуудлага ирсэн ... очиход нэг эрэгтэй Тоёота Акуа загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор жолоочийн суудал дээр ганцаараа гүүрний хашлага мөргөсөн байдалтай сууж байсан ... уг эрэгтэйн согтолтыг шалгаж үзсэн чинь 1.39 хувийн согтолттой байсан ... гэсэн мэдүүлэг,
гэрч Ц.С-н ... 05 дугаар сарын 29-ний шөнө миний машиныг согтуу жолоодож яваад цагдаа нарт баригдсан байсан. Ү.Э бид хоёр хамтран амьдарч байгаа ... гэсэн мэдүүлэг,
гэрч Ч.Э-н ... миний хувьд Эыг архи уучихсан байхаар нь яасан юм бол гэж бодоод гэртээ байсан ганц шил 0.5 литрийн хэмжээтэй архи задалж хоёулаа хувааж уусан. Архиа ууж дуусаад Э 00 цаг өнгөрөөд нэг их удаагүй байхад манай гэрээс гарч явсан. Э хашаанаас гараад өөрийнхөө Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож харина гээд байхаар нь би “чи болохгүй, надтай хамт архи уусан шүү дээ, битгий согтуу машин тэрэг бариач, эрхээ хасуулна” гэхэд Э “зүгээрээ, би танай гэрээс гараад дандаа гудамж дундуур явсаар байгаад гэртээ харина” гээд манай гэрийн гаднаас ганцаараа машинаа унаад явсан ... гэсэн мэдүүлэг,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 789 дугаартай шийтгэврийн хуулбар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдгээрийн мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ү.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Прокуророос ... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлээгүй атлаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулахаар гаргасан ялыг саналыг тусгаж, шүүгдэгч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн бичсэн нь ойлгомжгүй ... гэсэн агуулгатай эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.
Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч Ү.Эд холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт
“ ... улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ...”гэж алдаатай дүгнэлт хийсэн,
мөн прокурор давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт ... анхан шатны шүүхээс ирүүлсэн Ү.Эд холбогдох хэргийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заасан торгох ялын хэмжээ нь хэрэгт хавсаргасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заасан торгох ялын хэмжээнээс зөрүүтэй байна ... гэж тайлбарлан 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 387 тоот шийтгэх тогтоолын хуулбарласан гэх баримтыг үзүүлсэн боловч шийтгэх тогтоолын эх хувийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад эх хувиар нь гаргаж өгөөгүй байх тул дээрх хүсэлтийг хэлэлцэх боломжгүй юм.
Харин шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заасан торгох ял шүүгдэгчид оногдуулах тухай дүгнэлт нь тогтоох хэсэгт шүүгдэгчид торгох ял оногдуулсан ялын хэмжээнээс зөрүүтэй бичигдсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэл, уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг зөрүүтэй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ... 2700 нэгж буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах ... гэж бичигдсэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ... Ү.Эд 3 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3 200 000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь болон шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн дүгнэлт, тогтоох хэсгийн торгох ял оногдуулсан хэсэг зөрүүтэй нь тогтоогдох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарах боловч эдгээр зөрчлүүд нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрчилд хамаарахгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан ... шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй ... гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Түүнээс гадна анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ ...шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв ... гэж /хх 108/ дүгнэн
шүүгдэгч Ү.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын “... шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй ... “ гэх эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн анхан шатны шүүх Ү.Эд холбогдох хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүх хуралдааныг товлосон боловч шүүх хуралдаанд шүүгдэгч ирээгүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг ердийн журмаар хэргийг шийдвэрлэхээр тогтоожээ.
Ингэхдээ түүнд холбогдох хэргийг ямар үндэслэлээр ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэх болсон талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй, тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзсэн үндэслэлээ шүүгчийн захирамжид тодорхой заагаагүй мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгааг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР