Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/75

 

Говьсүмбэр аймаг дахь сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн даргаар Б.А,

улсын яллагч Э.Н,

хохирогч Х.Ою, Л.От,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Өад холбогдох эрүүгийн 1817001480071 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.овогт Бийн Өад, 1984 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, Илчит Сансар ХХК-нд зуухны галч ажилтай, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Баянбулагийн ........... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Регистрийн .......... дугаартай,

 

Шүүгдэгч Б.Ө нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 132 дугаар байрны 02 тоотод иргэн Л.От, Х.Ою нарын нүүрэн тус газар гараараа цохиж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ө нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 132 дугаар байрны 02 тоотод иргэн Л.От, Х.Ою нарын нүүрэн тус газар гараараа цохиж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Хохирогч Л.От мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед манай гэрийн хаалгыг онгойлго гээд хүн нүдээд байсан. Тэгээд нээж өгөхөд манай охин О.Олын нөхөр Ө ганцаараа согтуу орж ирээд баруун гараараа миний зүүн нүдний дээд талд нэг дор 3-4 удаа цохисон. Тэгээд дараа нь манай эхнэр Оюийг Ө баруун гараараа нэг удаа нүд рүү нь цохисон. Тэгээд та нар цагдаагаа дууд би айдаггүй хүн гээд байсан. Учрыг нь асуухаар ямар нэгэн юм хэлээгүй агсам тавиад орилж, чарлаад байсан. Тэгээд байж байхад цагдаа нар гэрийн гадаа ирчихсэн байсан. Намайг заналхийлсэн болохоор айж байна. Ө гэрээр очихгүй байвал яах вэ дээ. Мөнгө нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,

 

Хохирогч Х.Ою мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр Л.От, охин О.Ол, бид нарыг гэртээ амарч байхад 2018 оны 06 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед манай гэрийн хаалгыг онгойлго гээд согтуу хүн нүдээд байсан. Тэгээд манай нөхөр От хаалга нээж өгөхөд хүргэн Ө орилж орж ирээд манай нөхрийн нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би Ө дээр очоод чи зүгээр яв гэж хэлэхэд Ө баруун гараараа миний зүүн нүд рүү цохисон. Би Өаар цохиулаад газар унасан. Тэгэхэд манай охин Ол дундуур ороод салгасан. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүд нь Өад цохиулснаас үүссэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр бид хоёр Өад гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй учир энэ хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 24-р тал/,

 

            Гэрч О.Ол мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 16-ны орой манай аав От, ээж Ою бид нар гэртээ амарч байхад манай нөхөр Ө 21 цагийн үед согтуу ирж хаалга нүдээд байсан. Тэгсэн аав От хаалга тайлж өгөхөд Ө нэлээн согтуу орж ирээд шууд аав От, ээж Ою хоёр луу дайраад байсан. Би дундуур нь ороод хориод байхад дийлээгүй. Би Өаас сална гэсэн чинь би чамаас салахгүй, чи надаас салахгүй гэж дайраад байсан. Урьд нь Ө ээж, аав хоёрыг зодож байгаагүй. Би өөрөө унаж татдаг тархи, толгойн өвчтэй учир 70% группт байдаг бөгөөд ээж, аавынхаа гэрт байдаг. Надад Өтай нийлнэ гэсэн бодол байхгүй. Ө над руу орой болгон утсаар ярьдаг. Ихэвчлэх би шүүхээр охиноо өөр дээрээ шилжүүлж авна чи бол хамаагүй шүү гэж ярьдаг юм. Ө бид хоёр гэр бүл болоод тусдаа гарч байгаагүй. Оройдоо ирж аваад гэртээ хонуулчхаад өглөө нь хүргэж өгдөг байсан. Тэгж яваад би Өаас охинтой болсон. Одоо манай охин О.М 2 настай. Ө эхлээд аав Отын нүүр лүү нь цохисон. Дараа нь дахин 2-3 удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд би Өад настай хүнийг зодоод яагаад байгаа юм бэ? гээд болиулах гэхэд намайг түлхсэн. Харин ээж Оюийг Ө цохисон талаар би хараагүй. Дараа нь ээж Өыг миний нүүр лүү цохисон гэж хэлж байсан. Тэгээд харахад ээжийн нүд нь хөхөрсөн байсан. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

 

Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ө, Г, М нартай хамт 2 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Ө их согтоогүй харилаа гээд явсан. Маргааш нь Өтай уулзахад цагдаа дээр эрүүлжүүлэгдсэн гэж ярьж байсан. Ө нь ганцаараа эгчийнхээ хашаанд гэрт амьдардаг. Би эхнэр хүүхэдтэй гэж мэдэхгүй. Ө ааш зангийн хувьд төлөв томоотой залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,

 

Гэрч Ц.Гэндэндорж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Өтай цуг ажилладаг учраас нэлээн хэдэн удаа архи ууж байсан. Харин 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хамт уусан эсэх талаар санахгүй байна. Өын ахуй амьдрал нь их сайнгүй. Ээж болон хэдэн дүү нартайгаа байдаг. Сүүлд Ол гэж хүүхэнтэй сууж байгаа юм уу, үгүй юм уу бид нар сайн ойлгодоггүй юм. Олын эцэг, эхтэй нь Ө таарамж муутай байдаг юм. Зан байдлын хувьд Ө нь хүний үгээр, даруу залуу байгаа юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

 

Хохирогч Л.Отын шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн “Энэ хүн өөрийн үйлдлээ мэдэхгүй согтуу орж ирж та нарыг алнаа гээд шууд цохисон. Би охинтойгоо уулзуулахгүй явуулчих гэж их оролдсон. Өөрийнх нь хүүхэдтэй уулзуулахгүй гэснээс энэ хэрэг гарсан байх. Нэхэмжлэх зүйлгүй. Цаашид иймээ тиймээ юм болж миний бие хохирвол энэ хүнтэй холбоотой, манайхаар ирүүлэхгүй арга хэмжээ авхуулмаар байна.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Х.Ою шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ :”Миний хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Энэ хүнд зээгээ өгмөөргүй байна манай гэрт оруулахгүй байх арга хэмжээ  авч өгнө үү өөр ярих зүйлгүй. Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг

 

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаартай

  • Х.Оюийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 34-р тал/

 

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 216 дугаартай

  • Л.Отын биед тархи доргилт, духанд зулгаралт, толгойн хуйх, зүүн нүдний зовхи, баруун бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 38-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  үргэлжилсэн үйлдлээр 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Ө нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Эрүүгийн 1817001480071 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бийн Өыг үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Өыг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ