| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2526000000190 |
| Дугаар | 2025/ДШМ/65 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/65
2025 11 12 2025/ДШМ/65
Г.С , П.О нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Яллагдагч Г.С-ийн өмгөөлөгч Г.Дорждулам,
Г.Должинсүрэн /цахимаар/
Яллагдагч П.О-гийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг /цахимаар/,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/846 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.С , П.О нарт холбогдох эрүүгийн 2526000000190 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Г.С
Монгол Улсын иргэн, П.О
Г.С нь Өвөрхангай аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллах хугацаандаа өөрийн албаны эрх нөлөөг ашиглаж, шууд удирдлагад ажиллаж байсан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга П.О д хууль бусаар нөлөөлж, 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 18, 2024 оны 02 дугаар сарын 10-наас мөн оны 04 дүгээр сарын 19-нийг хүртэл Бүгд Найрамдах Солонгос улс руу хувийн шалтгаанаар зорчсон хугацаандаа өөрийгөө ажил, албан үүргээ гүйцэтгэсэн мэтээр ажилласан цагаар тооцуулж, 7,899,369 төгрөгийн илүү цалин авч, өөртөө давуу байдал бий болгосон,
П.О нь Өвөрхангай аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн дарга буюу нийтийн албан тушаалтан хашихдаа өөрийн албаны албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.С ийг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 10-наас мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Солонгос улс руу хувийн шалтгаанаар зорчсон үед ажил, албан үүргээ гүйцэтгэсэн мэтээр хууль бус шийдвэр гаргаж, түүнд 7,899,369 төгрөгийн ажиллагаагүй хугацааны цалинг олгуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Г.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, П.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс яллагдагч Г.С , П.О нарт холбогдох 2526000000190 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцаан, яллагдагч Г.С, П.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Г.С , П.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг 2025 оны 08 дугаар 01-ний өдөр шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/846 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Шүүгчийн захирамжид тус хэрэгт мөрдөгчийн тогтоолоор Өвөрхангай аймгийн У сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хууль ёсны төлөөлөгчөөр Т.Х-ыг тогтоосон. Гэтэл Өвөрхангай аймгийн У сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын улсын бүртгэлийн гэрчилгээнд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Г.С ийг даргаар сонгосныг бүртгэсэн байна. Иймд Өвөрхангай аймгийн Уянга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг төлөөлж, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох этгээд Т.Х мөн эсэхийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна. Яллагдагч Г.С нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллах хугацаандаа өөрийн албаны эрх нөлөөг ашиглаж, шууд удирдлагад ажиллаж байсан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга П.О-д хууль бусаар нөлөөлж, 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 18, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 19-нийг хүртэл Бүгд Найрамдах Солонгос улс руу хувийн шалтгаанаар зорчсон хугацаандаа өөрийгөө ажил, албан үүргээ гүйцэтгэсэн мэтээр ажилласан цагаар тооцуулж, 7,899,369 төгрөгийн илүү цалин авч, өөртөө давуу байдал бий болгосон,
Яллагдагч П.О нь Өвөрхангай аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн дарга буюу нийтийн албан тушаалтан хашихдаа өөрийн албаны албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.С ийг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 20, 2024 оны 02 дугаар сарын 10-наас мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Солонгос улс руу хувийн шалтгаанаар зорчсон үед нь ажил, албан үүргээ гүйцэтгэсэн мэтээр хууль бус шийдвэр гаргаж, түүнд 7,899,369 төгрөгийн ажиллаагүй хугацааны цалинг олгуулж, бусдад давуу байдал бий болгосон үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны дүнд хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн, шаардлагатай бүх нотлох баримтыг цуглуулсан. Өөрөөр хэлбэл нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдсан. Тус хэрэгт мөрдөгч нь Т.Х-ын ирүүлсэн албан бичгийн дагуу Өвөрхангай аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. Өвөрхангай аймгийн Уянга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай тус сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Т.Хр миний бие өөрийгөө томилж байна” гэх албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичиг нь байгууллагын албан бланк, хэвлэмэл хуудас дээр, тамга тэмдэг, гарын үсэгтэйгээр эх хувь, өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангасан баримт байна. Харин тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын улсын бүртгэлийн гэрчилгээ дээр 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр даргаар Г.С-ийг томилсон байна. Эрүүгийн 2526000000190 дугаар хэрэгт Г.С-ийг Өвөрхангай аймгийн Уянга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллах хугацаандаа өөрийн албаны эрх нөлөөг ашиглаж, бусдад хууль бусаар нөлөөлж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн ба тэрээр одоо тус сумын 4 дүгээр багийн Засаг даргаар ажилладаг болох нь нотлох баримтаар тогтоогддог. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх иргэдийн төлөөллийн байгууллага бөгөөд хурлын даргыг сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн төлөөлөгчдийн хурал анхдугаар хуралдаанаар олонхийн санал авсан хүнийг сонгодог. Энэ утгаараа улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр байгаа эсэхээс үл шалтгаалж сонгогдсон даруйд хурлын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Харин улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх нэр нь байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой нөхцөл байдал бөгөөд энэ нь хурлын даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа хэлбэрээр саад болохгүй юм. Шүүх улсын бүртгэлийн гэрчилгээ зөрүүтэй гэж дүгнэсэн боловч Өвөрхангай аймгийн Уянга сумын Иргэдийн Төлөөлөгчийн хурлын даргаас ирүүлсэн албан бичигт дүгнэлт хийж үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ талаар шүүхийн шатанд тодруулах бүрэн боломжтой.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/846 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тус хэргийн оролцогч нарын онцлог байдаг. Улсын бүртгэлийн гэрчилгээнд дурдагдсан хүн нь Г.С гэж магадгүй, шүүх хуралдаанд хариуцагчаар оролцсон зүйл байдаг. Г.С өнөөдөр ямар албан тушаал хашиж байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Мөн яллагдагчаар татагдсан П.О нь сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга ажилтай. П.О гийн ажилладаг байгууллагын хурлын даргыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож байгаа. Т.Х нь тус байгууллагын тамга дараад албан бичгээ ирүүлсэн. Энэ хэргийн оролцогч нарын албан тушаал, эрхэлж байгаа албан тушаал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл байдлаас шалтгаалж өөр хуулийг харгалзан үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь шууд удирдах дээд албан тушаалтан гэдгийг тодорхой заасан. Сумын иргэдийн хурал гэдэг нь Төрийн өмчийн тухай хуульд зааснаар нутгийн өөрөө удирдлагыг хэрэгжүүлдэг хамтын зарчимтай байгууллага. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар 52.1-т хурлын даргын бүрэн эрхийг дотоод, гадаадад төлөөлөх гэж байгаа. Тэгэхээр улсын бүртгэлийн гэрчилгээ хэний байгаа эсэхээс үл шалтгаалан хурлын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлээд төлөөлөх бүрэн эрх нь дуусаж байгаа. Иргэний хуульд зааснаар зөрчсөн гэдэг агуулга яригдсан байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээ хэд хэдэн янз байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээг үзвэл хариуцлагын хэлбэр гэдэгт төрийн байгууллага, албан газар гэж заасан. Төрийн байгууллага, албан газар төрийн өмчит үйлдвэрийн байгууллага. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэх асуудал энэ хэрэгт яллагдагчаар татагдсан П.О-гийн албан тушаалын тодорхойлолтод тодорхой заасан. Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийлгэх асуудал хурлын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх, харшлах зүйл энэ хуулиар байхгүй. Төрийн захиргааны байгууллага дотроо хурлын даргын бүрэн эрх, хэрэгжүүлэх асуудал улсын бүртгэлийн гэрчилгээнд нөлөөлж байгууллагын дотоод ялангуяа санхүүгийн нөхцөл байдалд нөлөөлнө. Уг хэргийг шийдвэрлэхэд хурлын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүй байгаа учраас хурлын дарга өнөөдрийг хүртэл гэрчилгээн дээрээ гэрээ хийгээгүй байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий албан тушаалтан нь хурлын нарийн бичгийн дарга гэх хүн нь яллагдагчаар татагдсан байна. Тэгэхээр энэ нөхцөлүүдийг шүүхийн шатанд тодруулаад явах боломж боломжтой. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг сонгосон шийдвэр байхгүй, мөн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт байхгүй гэдгээ мэдэж байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр Г.С гэдэг нэр байна. Улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар зайлшгүй тооцно гэж үзэж байгаа ч үүнийг тодруулах бүрэн боломжтой. Эдгээр нөхцөл байдлыг тодруулахад зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй байна. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/846 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.С ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анх Т.Х-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол гарсан шалтгаан нь 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 0612414 гэсэн дугаартай албан тоотыг явуулсан байдаг. Өвөрхангай аймгийн У сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хохирогчийн төлөөлөгчийг томилж ирүүлнэ үү гэсэн албан бичгийг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр явуулсан байдаг. Өвөрхангай аймгийн Уянга сумын 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан бичгээр Т.Х нь би өөрийгөө томилж байна гэсэн албан бичгийг хүргүүлсэн байдаг. Энэ процесс нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий явагдаагүй гэх эргэлзээ төрж байна. Нэг өдөр бүх үйл ажиллагаа явагдсан. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд төлөөлөл гэснийг тодорхой заасан байдаг. Төлөөлөх эрхтэй гэвэл төлөөлөгч томилох тухай зохицуулалт байхгүй. Тухайн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Х гэсэн албан тоот байгаагаас өөр бусдаар хуульд заасан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга юм гэдгийг тогтоосон ямар ч нотлох баримт байдаггүй. Анхан шатны шүүх улсын бүртгэлийн гэрчилгээ дээр Т.Х ыг даргаар томилсон шийдвэр байхгүй байна. Г.С гэдэг хүн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байна гэдэг асуудал байна. Хохирогчоор тогтоосон тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын шаардлагыг хангаагүй, хохирогч хууль ёсны томилогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас зайлшгүй хийж гүйцэтгэсний дараа хохирогчийн хууль ёсны хохирогч мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон учраас хохирогчийг хуулийн дагуу томилох нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.С ийн өмгөөлөгч Г.Дорждулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокуророос Өвөрхангай аймгийн Уянга сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаас ирүүлсэн албан бичигт дүгнэлт хийж үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ талаар шүүхийн шатанд тодруулах бүрэн боломжтой гэх эсэргүүцлийг бичсэн байна. Хавтаст хэрэгт дотор Т.Х-ыг Өвөрхангай аймгийн У сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга болохыг нотлох нэг ширхэг ч баримт байхгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг нууц санал хураалтаар явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналыг авсан хүнийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгоно. Ядаж хурлын тогтоолоо хавсаргасан байх ёстой. Улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д улсын бүртгэлийн байгууллага нь өргөдөл гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж баталгаажуулан олгоно гэж заасан байдаг тул нэмж мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх шаардлагатай байна. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэршлийн хувьд өөрчлөгдөөд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх гэсэн нэршлээр өөрчлөгдсөн. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 846 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч П.О гийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимтай. Тэгэхээр хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох ажиллагааг мөрдөгч, прокурор хийнэ. Мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасны дагуу оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлох байдлаар тухайн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлно. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь сонгуулийн үр дүнд байгуулагддаг байгууллага байгаа. Даргын сонгуулийн үр дүнд бүрэн эрх нь хэрэгждэг гэж байгаа боловч баримтууд байхгүй. Т.Х гэдэг хүнийг даргаар нь томилсон хурлын шийдвэр тогтоол байдаггүй. Тухайн байгууллагын төлөөлөх эрх зүйн баримт бичиг нь тухайн хурлын гэрчилгээ байдаг. Хуулийн этгээдийн гэрчилгээ, уг гэрчилгээгээр тухайн хүний хурлын дарга хэн гэдэг нь тодорхойлогддоггүй юм. Тэгэхээр энэ нөхцөл байдал тодорхой бус байгаа учраас мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 846 дугаартай захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхэд прокуророос ... Тус хэрэгт Өвөрхангай аймгийн У сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Т.Х ын албан бичгийн дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон. Тус албан бичиг нь байгууллагын албан бланк, хэвлэмэл хуудас дээр, тамга тэмдэг, гарын үсэгтэйгээр эх хувь, өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангасан байсан. Харин тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр даргаар Г.С ийн нэр байх боловч одоо тус сумын 4 дүгээр багийн Засаг даргаар ажилладаг болох нь мөн баримтаар тогтоогддог. Иймд шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү ...гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.
Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай буюу Өвөрхангай аймгийн Уянга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын улсын бүртгэлийн гэрчилгээнд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Г овогтой С-ийг даргаар сонгосон /томилсон/-ыг бүртгэв” гэсэн байгаа учир Т.Х нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох этгээд нь мөн эсэх нь тодорхойгүй, баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Шүүгдэгч Г.С-ийн өмгөөлөгчөөс ... Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан төлөөлөх эрхийн зохицуулалтаар хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өөрөө өөрийгөө томилох боломжгүй. Энэ нь тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд хамаарахгүй, гагцхүү энэ эрхээ бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад шилжүүлж байгаа тохиолдолд дээрх хуулийн заалтыг хэрэглэнэ гэсэн тайлбарыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.10.-т зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга тухайн хурлыг дотоод, гадаадад төлөөлөх бүрэн эрхтэй буюу тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байна.
Харин Т.Х нь У сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга мөн эсэхийг шүүхийн шатанд тодруулж хэргийг шийдвэрлэх боломжтой учир энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй бөгөөд Өвөрхангай аймгийн У сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүртгэлийн гэрчилгээн дээр даргаар Г.С томилсон талаар бичсэн эсэх нь энэ хэргийг шийдвэрлэхэд саад болохооргүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны эсхүл дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулахаар хуульчилсан. Гэтэл хэрэгт хавсаргасан шүүх хуралдааны бичлэг бүхий CD-д шүүх хуралдааны явцыг бүрэн баталгаажуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/846 дугаар захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Г.С , П.О нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧ Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ