| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/08182/И |
| Дугаар | 192/ШШ2026/00550 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2026/00550
2026 01 12 192/ШШ2026/00550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч:*** нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** холбогдох
67 927 000.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 67 927 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжилэхдээ нийт 67 927 000.49 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргасан “...сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхээс татгалзаж байна...” гэх тайлбарыг үндэслэн энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан гэж үзнэ
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд: ... Н.*** нь *** 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2 жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр байрандаа суулгаж байсан. Үүнээс хойш 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр үнэгүй суулгах хугацаа нь дуусаж, энэ талаар Г.***д мэдэгдэж чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан. Гэвч Г.*** нь үргэлжлүүлээд түрээслэх хүсэлт тавьж, аман гэрээ байгуулан сарын 500,000 төгрөг өгөөд түрээслэхээр тохирсон. Түрээсийн төлбөр дутуу, шаардлага тавих үед үргэлж худлаа хэлж өнөөдрийг хүрсэн байна. 2022 оноос 2025 оны 08 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөр, СӨХ, ашиглалт төлөөгүй явсан байдаг. Тиймээс 67,927,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Түрээсийн төлбөр, СӨХ, конторын төлбөрийг нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхээс татгалзаж байна... гэв.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн гараар бичсэн хүснэгт бүхий түрээсийн төлбөрийн баримт, игргэний үнэмлэх, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, Гансүхийн *** банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн гараар бичсэн түрээсийн төлбөр төлсөн гэх баримт, итгэмжлэл баримтууд, /хэргийн 1-27, 38 дугаар тал/
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн иргэний үнэмлэх /хэргийн 32 дугаар тал/ баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
2.Нэхэмжлэгч ...байрны түрээсийн төлбөр, СӨХ төлбөр, ОСНАА конторын төлбөр алданги, засварын зардал төлбөр нийт 60 927 000.49 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...2 өрөө байраа түрээслэх аман хэлцэл хийсэн түрээсийн төлбөрөө бүрэн төлөөгүй хохирол учруулсан... гэж тайлбарлав.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар ямар нэг тайлбар баримт гаргаагүй.
4.Нэхэмжлэгч 2 өрөө орон сууц хөрөнгийг хариуцагчид сарын 500 000 төгрөгөөр хөлслөхөөр аман хэлцэл байгуулсан, хариуцагч орон сууц хөлслөх гэрээний үүрэг буюу 2022.03 сарын байрны хөлс 400 000 төгрөг, 2023.06 сараас 2025.08 сар хүртэл хөлсийг одоогийн зах зээлийн ханшаар тооцсон 40 500 000 төгрөг, орон сууц хөрөнгийг хөлслөсөн хугацааны ус дулаан ОСНАА конторт төлөөгүй ашиглалтын зардал 6 869 740.81 төгрөг алданги 2 099 259.68 төгрөг, сөх төлбөр 1 058 000 төгрөг, байрны засвар 10 000 000 төгрөг нийт 60 927 000.49 төгрөг нэхэмжилсэн.
5.Хариуцагч талд хөлсөлсөн гэх 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгө хэний өмчлөлийн хөрөнгө болох нь тодорхойгүй энэ талаар баримтгүй, талуудын хооронд амаар хэлцэл байгуулагдсан бол түүнийг гэрчлэх ямар нэг баримтгүй, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, ус дулаан буюу ОСНАА конторын төлбөр хичнээн төгрөг төлөгдөөгүй талаарх эрх бүхий хуулийн этгээдийн тооцоо нэхэмжлэх баримтгүй, орон сууцны засвартай холбоотой баримт байхгүй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн хуулийн 37.2-т “хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заажээ.
7.Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримтыг өөрөө олж авах боломжгүй бол шүүхэд хүсэлт гаргаж бүрдүүлэх хуулийн журамтай.
8.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн “гараар бичсэн хүснэгт бүхий тооцоо” баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээлэл буюу нотлох баримт гэж үзэхгүй, нотлох баримтаар үнэлэхгүй.
9.Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгч болон иргэн Г.Халиуны “Хаан банкны дансны хуулга” баримтыг хэн хаанаас бэхжүүлж цуглуулсан нь тодорхойгүй, хэрэгт ач холбогдол бүхий ямар үйл баримтыг нотлох гэж байгаа, хэрэгт ямар ач холбогдолтой хамааралтай нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч энэ талаар үндэслэл бүхий тайлбар, хүсэлт гаргаагүй.
10.Дээрхээс нэхэмжлэгчийн шаардах эрх, түүний үндэслэл буюу зохигч талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан эсэх, хэлцэл хүчин төгөлдөр эсэх, гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэм буруутай эсэх түүний буруутай үлйдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх үйл баримт нотлогдохгүй байх тул шүүхээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 302 дугаар зкүйлийн 302.1-д зааснаар хариуцагчаас 60 927 000.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэхрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 585 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
12.Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шүүхэд ямар нэг хүсэлт баримт гаргаагүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ
1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Г.***д холбогдуулан гаргасан 60 927 000.49 гаргуулах тухай нэхэмжлэгч *** нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэхрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 585 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ