Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/76

 

Говьсүмбэр аймаг дахь сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн даргаар Б.Х,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Р.А нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.Ад холбогдох эрүүгийн 1817001450068 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Даян овогт Ргийн А, 1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Лүнгийн........тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Регистрийн ......... дугаартай,

 

Шүүгдэгч Р.А нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 4 дүгээр сургуулийн спорт заалны гадаа иргэн В.Гтай маргалдан нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Р.А нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 4 дүгээр сургуулийн спорт заалны гадаа иргэн В.Гтай маргалдан нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Яллагдагч Р.Агийн мөрдөн шалгах ажиллагааы үед өгсөн мэдүүлэг:”Би өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Өмгөөлөгч авахгүй. Г дарга гадаа байхад гарч ирээд цагдаад наад хүмүүсээ цааш нь аваачиж хий гэж хэлэхээр нь миний уур хүрээд Г даргын өмнөөс нь битгий хуц, гичий авгай минь гээд хэлсэн чинь Г дарга намайг цохиод авах шиг болохоор нь би Г даргыг барьж аваад машины хамар дээр дарж байгаад нүүрэн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Хоёр хоногийн дараа Г даргын нүд хөхөрсөн байсан. Би Г даргад учруулсан 53.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Сайн дураараа эвлэрсэн.” / хх 20/ гэх мэдүүлэг,

 

            Хохирогч В.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай сумын хэмжээнд эмэгтэйчүүдэд зориулсан гар бөмбөгийн тэмцээн сургуулийн спорт зааланд зохион байгуулагдсан. Орой 20 цагийн үед тэмцээн дээр манай сургуулийн математикийн багш Э согтуу орж ирээд орилж хашхирч тэмцээн шүүж байсан хүнтэй хэрүүл өдөөд байхаар нь сумын цагдаа З очиход цагдаагийн өөдөөс эсэргүүцэл үзүүлээд байсан. Төлөөлөгч П очоод цагдаа Зтой хамт Эыг заалнаас аваад гарсан. Би араас нь гарч ирэхэд цагдаа З, П хоёртой Э, А нар зууралдаад шаардлагыг нь биелүүлэхгүй согтуурхаад байхаар нь би Ад “чи яв энд битгий үймээн дэгдээгээд бай” гэхэд намайг доромжлоод байсан. Тэгээд би заал руу буцаж ороод байж байтал гадаа байгаа хэд салах янзгүй үймээн дэгдээгээд байхаар нь буцаж гарч ирээд Аг явахгүй бол баривчлуулна шүү гэтэл намайг заамдаж аваад хажууд байсан машины хамар дээр дараад миний нүүр лүү гараараа цохисноос болж миний баруун нүд хөхөрч хавдсан, хамар орчимд өвчин орсон байсан. Би Агийн ээжийг бодож байна. Ээж нь сарын 240000 төгрөгийн тэтгэвэртэй манай сумын ядарсан өрх тул би Ад гаргах гомдол байхгүй. А миний бэлтгэлийн цамц урсны 25000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсний 8000 төгрөг, Говьсүмбэр аймагт мэдүүлэг өгөхөөр ирж очсоны 20000 төгрөгийг төлсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,

 

            Гэрч Т.З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай суманд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан. Уг тэмцээний үеэр А согтуугаар Гтай маргалдан түүнийг машины хамар дээр хувцсаар нь боож дарж байгаад нүүрнийх нь хэсэгт нэг удаа гараараа цохисон. А тухайн үед нэлээн согтуу байсан. А Г даргыг хар авгай минь чи идэхээс өөр юу мэддэг юм бэ? гэж хэлээд барьж аваад цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

 

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 198 дугаартай

  • В.Ггийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 13-р тал/

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 201 дугаартай

  • Р.Ан биед хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрх гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 15-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Р.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Р.А нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р тал/-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Эрүүгийн 1817001450068 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Р.Ад ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Даян овогт Ргийн Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Ад 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ