Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/77

 

Говьсүмбэр аймаг дахь сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн даргаар Б.А,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Од холбогдох эрүүгийн 1817001640073 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Дийн О, 1989 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг,..........гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд

  • 2010 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж байсан, регистрийн ............дугаартай,

 

Шүүгдэгч Д.О нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 117 дугаар байрны гадаа өөрийн төрсөн ах Д.Оттай утас, мөнгө өгсөнгүй гэсэн шалтгаанаар маргалдан түүний баруун хацар зовхинд гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.О нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 117 дугаар байрны гадаа өөрийн төрсөн ах Д.Оттай утас, мөнгө өгсөнгүй гэсэн шалтгаанаар маргалдан түүний баруун хацар зовхинд гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 07 дугаар сарны 08-ны өдөр буюу Чойрын наадмын 2 дахь өдөр байсан. Тэр өдөр 12 цагийн үед найзууд болох Д., Н. нартай хамт 2  литрийн Сэрүүн нэртэй пивог морь барианы газарт хувааж уусан. Тэгээд Д.ын танилын машинд суугаад Д.тай хамт Чойрын төв рүү орж ах Отынд очсон. Манай ах От нь Мобайл сервис нэртэй гар утас засварын газрыг ажиллуулдаг юм. ахынд ороод гараад уулзъя гээд гадагш дагуулаад гарсан. Тэгээд гэрийнх нь гадаа гараад “та дүүдээ барьчих утас болон хэдэн төгрөг өгч туслаач” гэхэд ах “надад мөнгө байхгүй, чадахгүй” гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд ийм хүний ах байдаг юм уу, бүхэл бүтэн утас засварын газар ажиллуулдаг байж ганц утас өгч чадахгүй юм уу, эхнэр хүүхэд эмнэлэгт хэвтчихсэн байхад эргэж тойроод ярьж хөөрөхгүй байж” гэж хэлсэн. Тэгтэл ах цааш эргээд гэр лүүгээ яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь очоод түүний баруун шанаа орчим нэг удаа цохичихсон чинь ах намайг барьж аваад бид хоёр ноцолдоод газар унасан. Газар унасан байхад манай найз Д. бид хоёрыг салгасан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд ах бид хоёрыг авч яваад намайг эрүүлжүүлэх байранд хийсэн. Би өөрийн ах Д.Отын нүүр лүү цохиж хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Мөн ийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36-р тал/,

 

Хохирогч Л.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 07 сарын 08-ны өдөр би Сүмбэр сумын 1-р багт байрлах “Мобайл сервис” нэртэй утас засварын газраа ажилтай байхад манайд үйлчлүүлж байсан нэг хүн танай дүү О чинь Т.өгийн дэлгүүрээс архи зээлж аваад явж байна лээ гэсэн. Тэгээд байж байтал өдөр 14 цагийн үед манай дүү О манайд нэлээн согтуу орж ирсэн. Орж ирээд “ахаа нэг уулзаа байна гаръя” гэхээр нь би гэрт сууж байгаад уулзаж болдоггүй юм уу гэсэн чинь “хоёулаа гараад уулзъя” гэсэн  тэгээд би түүнийг дагаад гадагшаа гараад очтол Огийн найз болох нэг залуу зогсож байсан. Тэр залууг Хөндлөн гэж дууддаг ба нэрийг нь би сайн санахгүй байна. Тэгээд Отай уулзсан чинь та “намайг тоодоггүй, надад утас өгдөггүй, мөнгө өгдөггүй” энэ тэр гээд гомдоллоод байсан. Тэгэхээр нь би “ чи тусдаа амьдралтай, би бас тусдаа амьдралтай, өөр өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийд, архи дарс уугаад байлгүй харьж амар гэж хэлсэн чинь О доошоо хараад суугаад байсан. Тэгэхээр нь би эргээд гэр рүүгээ орох гээд алхаж байтал О араас хүрээд ирэхээр нь эргээд хартал миний баруун нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би яаж байгаа юм гэхэд намайг дахиад цохих гээд гараа далайхаар нь түүнийг тэвэрч аваад газар унагаад дээрээс нь дараад “чи яаж байна” гэхэд юу ч хэлэлгүй орилоод байсан...” “...О нэлээн согтуу байсан. Тэгээд миний баруун нүд шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би Ог цохиж зодоогүй...”гэх мэдүүлэг /хх-ийн15-16-р тал/,

 

Гэрч М.Д мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2018 оны 07 сарын 08-ны өдөр 12 цагийн үед О, Найдан нартаа хурдан морь уяж байсан газар 2 ширхэг, 2 литрийн Сэрүүн нэртэй пивог хувааж уусан. Тэгээд пивог ууж дуусаад О бид хоёр миний зүс таних ах хүүгийн машинд суугаад төв орсон юм. Чойрт орж ирээд От ахынд очсон. Байрных нь гадаа очоод би үлдээд О ахтай уулзаад ирье гээд орсон. Удалгүй От ахтайгаа хамт гараад ирсэн. Тэгээд тэр хоёр гадаа уулзаж байхад О нь “та  намайг тоодоггүй, тусалдаггүй гээд ах руугаа уурласан чинь От нь “ би чамд тусалдаг биз дээ чи намайг байгаа болохоор ингэж явж байгаа шүү” гээд тэр хоёр маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад О нь Отын нүүрний баруун шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон чинь От нь Ог барьж аваад тэр хоёр ноцолдоод газар унасан. О нэлээн согтсон байсан. Тэгээд О нь Отыг нэг удаа цохисноос өөрөөр цохиж зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

 

            Гэрч Б.М мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                2018 оны 07 сарын 08-ны өдөр Сүмбэр сумын 1-р баг Хувийн байрны 117-2-7 тоотод байх манай гэрт нөхөр Д.Отын төрсөн дүү болох О нь нэлээн согтуу орж ирсэн юм. Өдөр 14 цагийн үед ирсэн. Тэгээд О нь орж ирээд “ах тантай уулзмаар байна, хоёулаа гараад уулзъя” гээд тэр хоёр гадагшаа гарсан. Тэгээд удахгүй гадаа хүмүүс тачигнах чимээ гарахаар нь би цонхоороо хартал Д.О нь манай нөхөр Д.Отыг гараараа цохиж байх шиг харагдсан. Тэгэхээр нь би төрсөн ах дүү хоёр нэг нэгнээ гэмтээж бэртээчих юм болов уу? гэж бодоод цагдаа руу залгаж дуудлага өгсөн. “... цагдаа нар ирээд байж байхад нүүрийг нь харсан чинь баруун шанаа хэсэгт нь хавдчихсан байсан, өөр гэмтэл мэдэгдээгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

 

Гэрч Б.Б мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “ Манай найз О нь төлөв даруухан, ажилч, элдэв муу ааш араншингүй, хүнтэй их нөхөрсөг, зөв боловсон харьцдаг хүн байгаа юм. Архи байнга уугаад байдаггүй уусан үедээ даруухан томоотой байдаг. Хүнтэй муудалцаад маргалдаад байсан удаа байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

 

Гэрч Д.Т мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн: “ Миний дүү О нь даруу төлөв зантай, хүнд тусархуу, ажилч хичээнгүй хүн байгаа юм. Архи хэрэглээд байдаггүй , баяр ёслолын үед л хэрэглэдэг. Гэхдээ би тусдаа байдаг болохоор сайн мэдэхгүй байна. Өөрийн ах дүү төрөл төрөгсөд болон найз нөхөдтэйгөө их нөхөрсөг ханддаг юм. “...Ах Оттайгаа сайн харилцаатай байдаг. Урьд энэ хоёр хоорондоо маргалдлаа муудалцлаа гэж лав дуулж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

 

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018оны 07 дугаар сарын 10-ний өдрийн 231 дугаартай:

  • Д.Отын биед тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.О нь ял шийтгэл эдэлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-53, 56-61-р тал/-аар тогтоогдож байна.

 

Эрүүгийн 1817001640073 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Дийн Ог гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Ог 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ