| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 2526000000061 |
| Дугаар | 2025/ДШМ/68 |
| Огноо | 2025-11-13 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/68
2025 11 13 2025/ДШМ/68
Б.Б, Б.Б. нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсайхан /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар,
Шүүгдэгч Б.Б,
Шүүгдэгч Б.Б. /цахимаар/,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж, шүүгч Г.Энх-Амгалан, шүүгч А.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/241 дүгээр цагаатгах тогтоолтой Б.Б, Б.Б. нарт холбогдох эрүүгийн 2526000000061 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** ажилтай, ам бүл *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух хаягтай, *** овгийн Б.Б /РД: ***/,
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** хотод төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, “***” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл *** хамт ***, *** дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр байрны *** тоотод оршин суух хаягтай, *** овгийн Б.Б. /РД: ***/.
Б.Б нь Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх үедээ 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б.ийн эзэмшлийн Хаан банк дахь *** дугаартай хувийн данснаас 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, хувийн хэрэгцээнд зарцуулж, улмаар багийн иргэдийн нийтийн хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хуралдуулж хахуул авсан гэх,
Б.Б. нь “***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн ***, Өвөрхангай аймгийн *** сумын нутагт орших *** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Үзүүрт талбайн Жалга 2, Жалга 3 алтны шороон ордын Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжих *** сумын *** дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, ашигт малтмал олборлох, Шороон ордын Уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан бусдад давуу байдал бий болгох зорилгоор *** дугаар багийн Засаг дарга Б.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан Хаан банк дахь түүний эзэмшлийн *** дугаартай данснаас 1,500,000 төгрөгийг *** гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн өгч хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Б.Б.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овгийн Б.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овгийн Б.Б. нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч Б.Б, Б.Б. нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б, Б.Б. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/241 дүгээр цагаатгах тогтоолоор хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай хүрэлцэхүйц нотлоогүй, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээтэй гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дугаар зүйлд заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б. нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн буюу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээний үндсэн дээр болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн дүрсэлж, бодит байдлыг тогтоож, тухайн тогтсон үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгч үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэснийг, мөн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай хүрэлцэхүйц нотлоогүй, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээтэй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь бодит байдлыг эргэлзээгүй тогтоосон мэт шийдвэр болохын зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг баримтлан шийдвэрлэж байгаа бол тус хуульд 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр нэмэгдэж мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заагдсан нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэсэн заалтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон бол хууль ёсны шийдвэр гэж үзэж болох юм. Анхан шатны шүүхээс болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн тогтоож, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр гаргасныг уг заалтыг хэрэглэх ёсгүй тохиолдолд хэрэглэж, ач холбогдлыг нь алдагдуулсан гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрт эргэлзээ бүхий нөхцөл байдлыг буруу дүгнэх буюу дүгнэлтэд онцгой ач холбогдолтой нотлох баримтууд харилцан зөрүүтэй гэж үзсэн бол аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заах байдлаар зөрүүг арилгахын оронд шууд эргэлзээ хэмээн үзэж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэжээ. Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй. Энэ нь шүүгдэгчийн Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн хамгаалалт. Нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг зөрчигдөхөд хүргэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг нотлох, үгүйсгэх аль нэг шийдвэрийг гаргахын тулд үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийх боломжийг олгох үүднээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах нотолгооны стандартыг нарийвчлан тогтоодог нь эрүүгийн эрх зүйн онол болон олон улсын түвшинд тогтсон ойлголт.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, эргэлзээгүй тогтоох зарчим нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэгт баримтлах нотолгооны стандарт мөн. Үүний тулд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг судалж үзсэний үндсэн дээр шүүх аль нэг талд шийдвэр гаргахыг шаардана. Эдгээрийг нэг бүрчлэн судалсан боловч эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн бол түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхийг тус хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан байхад гэмт хэргийн шинж хангалттай нотлон тогтооход хүрэлцэхүйц нотлох баримтууд хавтаст хэрэгт цуглараагүйг үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдалтай адилтгах байдлаар тус зарчмын агуулга, зорилгыг алдагдуулсан байна.
Хоёр өөр субьектийн өөр өөр цаг хугацаанд, тус тусдаа үүссэн санаа зорилгоор, бие даасан салангид үйлдлүүдээр гэмт үр дагаварт хүргэсэн нөхцөл байдлыг зөв тайлбарлаагүйн улмаас эргэлзээ үүссэн гэж алдаатай дүгнэсэн, тус бүрийн үйлдлийн шинж чанар, гэмт үр дагаварт хүрэхэд нөлөөлсөн нөлөө зэргийг оновчтой тогтоож чадаагүй. Шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход шаардлагатай бүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой судлаагүй байх, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, зөрчилдсөн баримтуудыг тус бүрд нь хооронд нь харьцуулж үнэлээгүй байх, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй байх, нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоогдоогүй байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн байхын зэрэгцээ хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдсан буюу нотолгооны стандарт бүрдсэн, тус зарчмыг хэрэглэх хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад шүүхээс нотлох баримтуудыг хэрхэн үнэлэн эргэлзээг тогтоосон нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг эргэлзээгүй, тодорхой бичихгүйгээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад үүссэн аливаа тодорхой бус байдлыг шууд эргэлзээ гэж тайлбарлах зэргээр хуулийг алдаатай хэрэглэжээ. Энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор маш тодорхой тайлбарлажээ.
Б.Б, Б.Б. нарт холбогдох хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн үнэлсэн 16 бичмэл нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоосон түүнчлэн мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал тогтоогдсон ба прокуророос хэрэгт цугларсан нотлох баримтууд нь Б.Б, Б.Б. нарт холбогдох хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үзэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн ба хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан хэрэгт хамааралтай яллах, цагаатгах нотлох баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодитоор хянаж хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б.ийн хууль бус үйлдлийг шалгаж тогтоох зорилгоор Б.Б-д эрх үүргийг нь танилцуулж, гэрчээр авсан “... би Б.Б.ийн өгсөн тухайн мөнгийг иргэдийн хурлыг зохион байгуулаад өгөөрэй гэж ойлгоод хувьдаа зарцуулсан...” гэх агуулгатай мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудсанд авагдсан. Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт үүнийг “... би урьд цагдаагийн байгууллагад тайлбар мэдүүлэг өгч үзээгүй учир андуурсан байна лээ...” гэж тайлбарладаг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ын өгсөн бүх мэдүүлэг агуулгын хувьд зөрүүтэй байдаг бөгөөд энэ илтэд гэмт хэргийн шинжтэй байдалд шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. "***" ХХК-ийн Баянхонгор аймгийн ***, Өвөрхангай аймгийн *** сумын нутагт орших *** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "Үзүүрт талбайн "Жалга 2", "Жалга 3" алтны шороон орд"-ын Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжих *** сумын *** дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт заасан "...төсөл нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна" гэх хуулийн шаардлагад нийцүүлэх нь тус компанийн гүйцэтгэх захиралд Б.Б.ийн хүсэл, сонирхол байсан бөгөөд энэхүү хүсэл сонирхлыг биелүүлэхэд багийн Засаг дарга дэмжлэг туслалцаа үзүүлснийг түүнд давуу байдлыг бий болсон гэж үзнэ. Энэхүү давуу байдлыг бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн үйлдэл нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байна.
Энэ гэмт хэргийн шинжид зөвхөн "...албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан..." гэсэн нөхцөлийг тодорхойлсон бөгөөд тухайн албан тушаалтны хувьд заавал хууль зөрчсөн, хууль бус үйлдэл хийсэн байхыг шаардахгүйгээр гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл Хахууль өгөх гэмт хэргийн нэг шинж нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс өөрөөр хэлбэл хахууль өгч байгаа этгээдийн тавьж байгаа хүсэл, шаардлага бөгөөд хахууль авагч хахууль өгөгчийн хүсэлт болгосон санал шаардлагыг хүлээн авч гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийх, өөрт олгогдсон эрх хэмжээг зориудаар биелүүлэхгүй байх гэх зэрэг түүний ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэхгүй байх буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийдгээрээ нийгэмд аюултай үйлдэл бий болдог.
Түүнчлэн шүүгдэгч Б.Б-ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгүүд нь бүгд эрс зөрүүтэй, мэдүүлгийн эх сурвалжаа зааж чаддаггүй, багийн төвийн худгийн засварын асуудал нь авлигын асуудал шалгагдаж эхэлснээс хойш тухайн гэм буруутай үйлдлийг орлуулахаар гаргаж ирсэн зүйл юм бөгөөд энэ тухайн хэрэгт огт хамааралгүй болох нь хэрэгт цугларсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээс маш тодорхой ойлгогдож байна. Тухайн-байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг иргэд танилцуулаагүй тохиолдолд “***” ХХК нь уул уурхайн олборлолт явуулах боломж бүрдэхгүй байсан болох нь гэрч М.Э-ын мэдүүлгээс тодорхой харагдаж байна. Энэ гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго нь маш тодорхой юм.
Тухайлбал: “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б.ийн хувьд тухайн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг *** багийн иргэдийн нийтийн хуралд дээр иргэдэд танилцуулсан байх нь түүний туйлын хүсэл бөгөөд дээрх хүслээ биелүүлэхээр удаа дараа хүсэлт гарган багийн иргэдийн нийтийн хурлын хэлэлцэх асуудалд оруулсан боловч нэр бүхий багийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч хурлаар хэлэлцэгдэж, иргэдэд танилцуулагдаж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байсан. Иймд тэрээр дээрх үнэлгээг шуурхай иргэдэд танилцуулах шаардлага үүссэн.
Ингээд багийн иргэдийн ирц бүрдүүлэх, хурлыг товлон зарлах үүргийг багийн Засаг дарга хүлээсэн учир тус багийн Засаг дарга Б.Б-д хурал болохоос өмнөх өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хуулиар хүлээсэн үүрэгтэй нь холбогдуулан түүнийг идэвхжүүлэх зорилгоор өөрийн хувийн данснаас Б.Б-ын хувийн данс руу 1,500,000 төгрөгийг шан харамж байдлаар шилжүүлэн өгч, Б.Б нь хурлын ирц бүрдүүлэх ажиллагааг хийж, тухайн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/241 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлийнхээ үндэслэлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учраас хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокуророос миний үйлчлүүлэгч Б.Б.ийг Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт байрлах тусгай зөвшөөрөлтэй жоншны шороо, алтны шороо, байгаль орчинд нөлөөлөх байдлыг нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжих *** сумын *** дугаар багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж ашигт малтмал олборлох шороо ордын уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан бусдад давуу байдал бий болгох зорилгоор 1,500,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн үйл баримтын хувьд яллах дүгнэлтэд дурдагдсан үйл баримт нотлогдон тогтоогддоггүй.
Харин компанийн хувьд үйл ажиллагаа явуулдаг нутаг дэвсгэр, сум орон нутагт нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаанууд хийдэг болсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогддог. Өвөрхангай аймгийн *** сумын *** багийн иргэдийн ундны гүний худгийн байрны засвар болон гүний худагт ухаалаг систем суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж өгье гэдэг байдлаар сумын удирдлагууд болон багийн даргад зөвшөөрч харилцан тохиролцсон байдаг. Компанийн ажилчид засварын ажлыг хийсэн. Мөн тэр засвартай холбоотой зардал мөнгийг гаргая гэдэг байдлаар тохирсныхоо хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б утасдаж засвар хийгдэж байна, холбогдох зардлууд гарах нь гэсний дагуу Б.Б. мөнгийг шилжүүлсэн байдаг. Энэ үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үүнийг үгүйсгэхийн тулд тухайн худгийн засвар мөнгө шилжүүлсэн цаг хугацаанаас тусдаа явагдсан байна гэдэг байдлаар хэт нэг талыг барьсан. Үүнийг тухайн худгийг ажиллуулдаг байсан А гэдэг хүний мэдүүлгийг үндэслэдэг.
А 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ахмадын баяраар манай ээжийн бие муудаад тухайн өдрөө *** багийн эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэнийх нь маргааш тухайн компанийн хүмүүс ирж уулзаад ээжийг нь эмнэлэгт хэвтсэн өдрөөс 2 хоногийн дараа засварын ажил эхэлсэн гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Үүнийг үндэслээд 10 дугаар сард засвар хийсэн байна гэдгийг үгүйсгэсэн. Хэрэг анхан шатны шүүхэд ирсний дараа субьектив санаа зорилго байгаа эсэхийг нарийн тогтоогоогүй.
Харин нэмэлт ажиллагаа хийлгэхээр 60 хоногоор хойшилсон. Өвөрхангай аймгийн *** сумын ***багийн эмнэлгийн тодорхойлолт авчирахад 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр А-ийн ээж эмнэлэгт хэвтсэн байж таараад цаг хугацааны хувьд 9 дүгээр сарын 19-ний өдөр эмнэлэгт хэвтсэн гэдэг. А-ийн мэдүүлгээр ээж нь эмнэлэгт хэвтсэнээс 2 хоногийн дараа гэхээр 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс засвар эхэлсэн гэдэг. Мөн гэрч М-ийн мэдүүлгээр тухайн засварын ажилд шаардлагатай элс хайргыг портер машинаар зөөж өгсөн. Надад бэлнээр 500,000 төгрөгийг өгснийг санаж байна гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Үүгээр мөнгө засварын үйл ажиллагаанд зарцуулагдсан юм байна гэдэг нөхцөл байдал харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний засварын үйл ажиллагаа явагдаж байхад элс, хайрга ч гэдэг юм уу тодорхой жижиг сажиг бараа зарах шаардлагатай материал гэнэт буугаад ирэхгүй нь тодорхой байгаа. Тэнд мэдээж зардал гарах нь тодорхой харагдаж байгаа. Прокурорын яллах дүгнэлтэд дурдаад байгаа нөхцөл үгүйсгэгддэг.
Яллах дүгнэлтэд тухайн үед зарлагдаад байсан багийн Иргэдийн нийтийн хурлын саналыг авхуулахын тулд гэдэг байдлаар буруутгадаг. Гэтэл тодорхой хууль тогтоомжийн хүрээнд буюу Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр арын 06-ны өдрийн 3 дугаар тушаалаар батлагдсан журам, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэрэгт заасан холбогдох заалтуудаар тухайн ашигт малтмалын үйл ажиллагаатай холбоотой ямар ч бүрэн эрх хэмжээ багийн дарга эдэлдэггүй болох нь харагддаг. Мөн багийн Иргэдийн нийтийн хурлыг багийн дарга зохион байгуулдаггүй нь бас харагддаг.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын засаг захиргааны, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд багийн Иргэдийн нийтийн зөвлөл гэдэг субьект байдаг. Энэ субьект хурлыг зарлан хуралдуулах, зохион байгуулах ажлыг хариуцдаг. Харин хурал хуралдаж эхэлснээр санал авах асуудалд хэн ч нөлөөлөх боломж байхгүй. Иргэд өөрсдөө саналаа өгнө. Мөн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр багийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ганцхан зарлагдаагүй удаа дараа зарлагдсан байдаг. Багийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг зарлан хуралдуулж саналыг хэлэлцүүлэх тухай хүсэлтийг компанийн зүгээс 2022 оны 8 дугаар сард сумын Иргэдийн нийтийн төлөөлөгчдийн хурал уламжилсны үндсэн дээр зарлагдах ажиллагаа цаанаасаа чиглүүлэгдэж явсан.
Тэрнээс шууд Б.Б гэдэг хүнд хандаад зарлуулаад байгаа зүйл хэргийн үйл баримтаас нотлогдож тогтоогддоггүй. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх энэ хэргийн үйл баримтууд бодитойгоор дүгнэлт хийгээгүй гэдэг байдлаар эсэргүүцэлдээ дурдаж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт үнэлж дүгнэсний үндсэн дээр ямар зорилгоор прокурорын яллах дүгнэлт дээр дурдаад байгаа мөнгийг шилжүүлсэн эсэх субьектив санаа зорилгыг бүрэн бодитой тогтоогоогүй байна.
Прокурор ашигт малтмалыг ашиглахтай холбоотой давуу байдал авах зорилгоор шилжүүлсэн нь тодорхой гэдэг дүгнэлт хийж байгаа нь хэт субьектив дүгнэлт байгаа нь маш тодорхой харагдаж байгаа. Ийм учраас анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн гэм буруугийн асуудалд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан. Энэ хүрээнд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.2-т мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор хэргийг үйл баримтыг бүрэн бодитой тогтоох, хэргийн яллах болон цагаатгах талын нотлох баримтыг бүрэн бодитой цуглуулахын тулд бүхий л хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг гарсан байдлыг бодитой тогтоох, гэмт хэргийн сэдэл, санаа зорилгыг бүрэн бодитой тогтооно гэж хуульчилсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Батцогт гэдэг хүний албан тушаалын байдалтай нь холбоотой тухайн ашигт малтмалын уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой давуу байдал олгох зорилгоор энэ нөхцөл байдал үүссэн эсэх нөхцөл байдал өөрөө бүрэн бодитой тогтоож чадаагүй.
Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажиллагааг гэмт хэрэг болгож, өөрөөр хэлбэл шалгасан, засварт шилжүүлсэн мөнгийг хээл хахуулийн гэмт хэргийн шинжтэй гэж шалгасан нь үндэслэлгүй байсан. Тийм учраас анхан шатны шүүх бүрэн бодитой дүгнэлт хийсэн гэж үзэж холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэж ашигтайгаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй цагаатгах тогтоол болсон учраас анхан шатны шүүхийг цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч Б.Б-ыг тухайн нөхцөл байдлыг хүлээн гэж түүний өмгөөлөгчгүйгээр өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглах байдлаар дурдаж байгаа нь үндэслэлгүй гэдгийг дурдах нь зүйтэй байх гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Оюунбаатар өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан авлига авах гэмт хэрэгт яллаж яллах дүгнэлт үйлдсэн.
Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад Б.Б нь өөрөө Б.Б.ийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд мөнгө авсан гэдэг үйл баримт хангалттай бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдохгүй байна. 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б.-ээс шилжүүлж авсан 1,500,000 төгрөгийг засварын үйл ажиллагаанд зарцуулсан гэдэг нь нотлох баримтууд буюу гэрч А, М, Б.Б., Б.Б нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хангалттай нотолж чадаагүй. Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дүүрэн хийгдсэн. Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/241 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч Б.Б. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Б-ын тавьсан хүсэлтийн дагуу тахир дутуу иргэний ажлын байрыг зассан. Ажлын байраа засварласны дараа тухайн компани худаг суурилуулсан. Он сар, хугацаа, гэрээ контрактууд нотлох баримтаар байгаа.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/241 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон цагаатгах тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Прокуророос Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Б.Б.-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Б.Б, Б.Б. нарт холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч түүний гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрэйд овгийн Б.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.Б. нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь харилцан зөрүүтэй нотлох баримтуудын агуулга, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг үнэлж, дүгнэхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.
Тухайлбал шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ Л.М өөрийн машинаар аймгаас барилгын материал авч ирсэн.., тээврийн хөлс, барилгын хог цэвэрлэсний төлбөр, худгийн усны сав, цахилгаан халаагуурын үнэ гээд нийт 1,500,000 төгрөг болох юм байна гэж хэлсэн гэх мэдүүлгийг өгч байсан бол /2 дугаар хавтаст хэргийн 230 дугаар хуудас/, гэрч Л.М үүнээс зөрүүтэй мэдүүлэг өгч байжээ. /3 дугаар хавтаст хэргийн 201-202 дугаар хуудас/ Түүнчлэн бусад гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.
Нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхойгүй байх, үүнийгээ тайлбарлахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болговол шүүгдэгч, хохирогч болон хэргийн оролцогчдын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрх хөндөгдөх эрсдэлтэй юм.
Шүүхээс харилцан нэгнийгээ няцаасан нотлох баримтуудыг аль нэгийг нь үнэлэхдээ нөгөөг нь үгүйсгэж буй үндэслэлээ тодорхойлж, хэргийн үйл баримтыг нягт нямбай, үнэн бодитой сэргээн тогтоох үүргээ хангалттай биелүүлэхгүйгээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/241 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Б.Б. нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/241 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б. нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ