Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/01538

 

 

 

 

 

 

 

 

                                        Т Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/01680 дугаар шийдвэртэй, Т Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗд холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 400 000 төгрөг гаргуулах үндсэн, гэрээнээс учирсан хохиролд 179 122 911 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр УБТЗ-ын Зүүн хараа дахь Ачааны вагон депогийн вагон угсрах цехийн өргөтгөлийн барилгын бетон шал өнгөлөх ажил гүйцэтгэх АҮГ/18/04 тоот гэрээ байгуулсан. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “УБТЗ” ХНН-ийн их барилга хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Эрдэнэмөнхөд хийгдсэн байгаа бетон шал нь шаардлага хангахгүй байгаа талаар хүсэлт хүргүүлж, захиалагч тал хүсэлтийг хүлээн авч ажиллаж чадахгүй гэдгээ уулзалтаар илэрхийлэн, гэрээнд өөрчлөлт оруулж бетон шал өнгөлөх ажлыг бетон шал будах болгон гүйцэтгэхийг шаардсан бөгөөд технологи өөрчлөлтөд нэмэлт зардал төлөөгүй. Барилгын шалны ажлын норм дүрэм зөрчсөн бетон цутгагдсан шалыг будах нь чанарт сайнаар нөлөөлөхгүйг удаа дараагийн албан бичгээр мэдэгдсэн ба захиалагчийн хүсэлтийн дагуу будах ажлыг дуусгасан. Захиалагч тал ажлаа хүлээн авахаас татгалзаж, элдэв гомдол шалтаг гаргаж барилгын шалны ажлын норм дүрэм зөрчин цутгасан шалны доголдлоо манай байгууллагад нялзааж өдийг хүртэл үлдэгдэл төлбөрийн асуудал шийдэхгүй байгаа тул гэрээний дагуу нийт 3 200 м.кв талбайн 1 м.кв-ыг 35 000 төгрөгөөр буюу 112 000 000 төгрөгөөр хийхээр тохирсон, үүнээс гэрээний санхүүжилтэд 68 600 000 төгрөг төлж, үлдэгдэл 43 400 000 төгрөг төлөөгүй. Гүйцэтгэлээр 2 800 м.кв-ыг 35 000 төгрөгөөр тооцоход 98 000 000 төгрөг болж байгаа, үүнээс санхүүжилт хийгдсэн 68 600 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 29 400 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “УБТЗ” ХНН нь Т Ш ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр АҮГ/18/014 тоот гэрээг байгуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Зүүн хараагийн ачааны вагон депод болсон хуралд тус компанийн төлөөлөгч О.Батжаргал оролцсон ба хурлын шийдвэрээр шалыг эпокси будгаар будахаар тохиролцсон. Гэрээний хэрэгжилтийн явцад бетон шал өнгөлөх ажлыг бетон шал будах ажил болгож, гэрээний үнийн дүндээ багтаан гүйцэтгэхээр талууд харилцан зөвшилцсөн. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “УБТЗ” ХНН-ээс ажлын явцыг шалгах техникийн комисс томилогдон газар дээр нь ирж ажлын явцтай танилцаад будгийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, чанарын үзүүлэлт муу гэж зөрчлийг арилгуулахаар Т Ш ХХК-д албан шаардлага хүргүүлэх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн дагуу тус компанид 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “УБТЗ”-ын Их барилга хөрөнгө оруулалтын хэлтсээс 21/73 тоот албан бичгээр зөрчлөө арилган гэрээний үүргээ бүрэн биелүүлж ажиллахыг шаардан, нэмэлтээр 10 хоногийн хугацаа өгсөн боловч зөрчлөө арилгаагүй. Гэрээний 4.3-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хандан 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 28-09-021/138 дугаар дүгнэлтийг гаргуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Т Ш ХХК нь ажлын гүйцэтгэлд захиалагч талыг хяналт тавих боломжоор хангалгүй, шалыг будсаны дараа ажлаа гүйцэтгэсэн талаар мэдэгдсэн ба ажил нь хүлээн авах боломжгүй, чанарын шаардлага хангахгүй байсан тул гэрээний 4.5-д зааснаар ажлын доголдлыг арилгуулах шаардлагыг гүйцэтгэгчид 2018 оны 5 дугаар сарын 09-нд 21/73 албан тоотоор мэдэгдэж, доголдлыг арилгуулахаар 10 хоногийн хугацаа өгсөн. Гэтэл гүйцэтгэгч тал 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 18/42 албан бичгийн хариуд гэрээг дүгнэж, үлдэгдэл төлбөрийг төлүүлэх, засварын үнийг дахин тохиролцох талаар санал ирүүлсэн. Иймд “УБТЗ” ХНН нь Т Ш ХХК-ийн захирал Б.Энхцэцэгт 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 10/1216 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, гэрээний 4.3-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хандан дүгнэлт гаргуулсан. Дээрх нөхцөл байдлын улмаас “УБТЗ” ХНН өөрсдийн хүч, хөрөнгөөр шалны будгийг дахин бүрэн хусч, өнгөлгөө хийж будахаар шийдэлд хүрч, уг шалны ажлыг өөрийн салбар нэгж болох Барилга ашиглалт үйлчилгээний 1 дүгээр ангиар гүйцэтгүүлэн, 122 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төсөвлөснөөс гүйцэтгэлээр 109 813 271 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д заасны дагуу захиалагч талын шал будах ажлыг дахин хийхэд зарцуулсан 110 522 911 төгрөг болон гэрээний гүйцэтгэлээр Т Ш ХХК-д олгосон 68 600 000 төгрөг буюу нийт 179 122 911 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу бетон шалыг резинэн будгаар будах ажлыг хийж гүйцэтгэхээс өмнө хариуцагч талд ...тасалгааны температур +18 градус байх, дээврээс ус дусахгүй байх, талбайг бүрэн чөлөөлөх..., анхаарах зүйл: будгийн ажлын явцад ус, чийгнээс хамгаалж, будаг механикаар норох, усанд идэгдэх... гэх шаардлагыг болон анхааруулгыг мэдэгдэж, албан бичгээр шаардлага тавьсан. Уг шаардлагыг хангаж ажиллахгүй тохиолдолд ажлын үр дүнд муугаар нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулсан. Мөн тухайн цаг үед уг барилгын дээврийн ажил хийгдэж байсан бөгөөд, дээврээс ус гоождог байсан. Будгийн ажлыг хийж эхлэхээс өмнө талуудын төлөөлөгчид уулзалтын үеэрээ будгийн ажлыг эхлэхээс өмнө дээрээс гоожиж буй усны асуудлыг шийдэж, ажил гүйцэтгэхэд саадгүй болгохоор тохиролцсон. Гэтэл хариуцагч нь уг шаардлагыг хангаж, нэхэмжлэгч талд ажил гүйцэтгэх боломжийг бүрэн олгоогүй хэрнээ ажил гүйцэтгэхийг шаардсаны дагуу будгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Захиалагч талын хайхрамжгүй бөгөөд хариуцлагагүй эс үйлдэхүйн улмаас ажлын үр дүнд хожим доголдол гарсан. Уг доголдол бий болсон шалтгаан нөхцлийг нэхэмжлэгч тал тухайн цаг үед олон удаагийн фото зургаар баримтжуулж авсан бөгөөд, уг зурагнуудыг нэгтгэн Си Ди дээр хуулсан. Бид ажил гүйцэтгэхийн өмнө дээрх шаардлагыг болон будгийн зааврыг өөрийн байгууллагын и-мэйл хаягаас хариуцагч тал руу илгээж Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д заасны дагуу ажил гүйцэтгэхээс өмнө, ажил гүйцэтгэх явцад доголдол бий болох нөхцөл байдлыг урьдчилан анхааруулж, хариуцагчид мэдэгдэн, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байсан боловч хариуцагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т заасан үүргээ биелүүлээгүй.

Гэрээний дагуу ажлын хөлсийг үе шаттайгаар авч ажил хийгдэж байсан. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр захиалагч талын н.Эрдэнэмөнх даргад хийгдсэн байгаа бетон шал шаардлага хангахгүй байгааг хэлэхэд бетон шал өнгөлөх ажлыг будах болгож өөрчилсөн. Гэрээний үнийн дүнд өөрчлөлт орохгүй гэж тохирсон. Бидний зүгээс ажлын чанар, үр дүнд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл байгааг захиалагч талд мэдэгдэж байсан нь хэргийн 13, 14, 20 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдоно. Тодруулбал заалны температурыг +18 градусаас дээш байх, дээврээс ус дусалж байсныг арилгах шаардлагатай, будаг норж, усанд элэгдсэнээс ажлын чанарт муугаар нөлөөлвөл гүйцэтгэгч тал хариуцахгүй гэж заасан. Будгийн ажил хийж байхад дээвэр засварлагдаагүй байсан учир бороо орж, шалан дээр ус тогтож, ажлын чанарт нөлөөлж, сөрөг үр дагавар шууд бий болсон. Ажлын доголдол бий болсон нь захиалагч талаас шалтгаалсан. Манай компани олон байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан амжилттай хамтран ажилладаг хувийн байгууллага бөгөөд Дельта компанийн зоорийн давхар, Монгол телевиз, шинэ нисэх буудал, Гүүд прайс гэх мэтчилэн нэр хүндтэй байгууллагуудын ажлыг ямар ч асуудалгүй ажлаа хийж гүйцэтгэсэн боловч хариуцагч “УБТЗ” ХНН-тэй харьцахад маш хэцүү байсан. Их олон даргатай, аль нэг дарга нь ирээд мөнгө нэхдэг, буцаагаад ажлын гүйцэтгэлтэй холбоотой шаардлага тавихад хэн хариуцах нь мэдэгддэггүй байсан. Бетон шал болон будгийн ажилд Т Ш ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Нөхцөл шаардлагаар хангаж өгөөч гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байсан. Дээврээс ус дусч байгааг засуулж, заалны температурыг тохирсон хэмжээнд байлгахгүй бол ажилд доголдол үүсэх талаар сануулаад байхад дарга нар нь удахгүй ирэх гэж байгаа учраас заасан хугацаандаа яаралтай хий гэж хүссэн учраас хийж дуусгасан. Захиалагч талын комиссын актын дагуу шаардсан ажлыг нь хийгээгүй. Энэ үүсч байгаа нөхцөл байдал манайд хамааралгүй учир бид хүлээн зөвшөөрөөгүй, албан бичгээр үүнийгээ илэрхийлсэн. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч “УБТЗ” ХНН-ээс 29 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т Ш ХХК-д олгож, нэхэмжлэгч Т Ш ХХК-аас 103 794 621 төгрөг гаргуулан хариуцагч “УБТЗ” ХНН-т олгон, сөрөг нэхэмжлэлээс 75 328 290 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 304 950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 053 565 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 304 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 676 923 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ. 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандахын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс 103 794 621 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “ үр дүнг ямар нэгэн доголдолгүйгээр захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн, ажил гүйцэтгэгчийн зайлшгүй биелүүлэх үүрэг, шаардлага хангахгүй гэж үзэн, гүйцэтгэгч талд доголдлыг арилгахыг мэдэгдэж даалгасан байна. Доголдлыг арилгахад гарсан бодит зардлыг шаардах эрхтэй” гэж дүгнэсэн. Шүүх дээрх дүгнэлтийг хийхээсээ өмнө уг доголдол нь захиалагч талын буруутай үйл ажиллагааны улмаас бий болсон талаар дүгнээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж чадаагүй. Нэхэмжлэгч тал шалны будгийн ажлыг хийж гүйцэтгэхээс өмнө захиалагч талын эрх бүхий албан тушаалтнуудтай 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр уулзсан бөгөөд уг хуралаар дээврээс ус алдаж байгааг зогсоохоор шийдвэрлэсэн байдаг. Ажлын үр дүнд муугаар нөлөөлөх буюу доголдол үүсэх эрсдэл байгааг хариуцагч тал мэдэж байсан, эрсдлийг арилгахаар үүрэг хүлээсэн. Уг хурлын дараа нэхэмжлэгч тал дээврээс ус гоожих эрсдлийн талаар буюу ажил гүйцэтгэхэд шаардлагатай зүйлсийг анхааруулан дахин албан бичиг хүргүүлэн шаардлага тавьж байсан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 350 дүгээр зүйлийн 350.1.3 б-д заасны дагуу ажлын чанар үр дүнд муугаар нөлөөлөх ажил гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаан нөхцөл байгаа талаар захиалагчид мэдэгдэж байсан, захиалагч тал дээврээс ус гоожиж байгаа талаар анх мэдэж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримт буюу талуудын хурлын тэмдэглэл, албан бичгүүдээр тогтоогддог.

            Харин хариуцагч нь Иргэний хуулийн 351.1.4-т заасны дагуу ажлын чанар үр дүнд муугаар нөлөөлөх нөхцөл байдлыг арилгах үүргээ биелүүлээгүйгээс шалны будаг хатаж амжаагүй байх үед усанд орж, усанд идэгдэж хууларсан. Энэ нь нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа бус хариуцагч талын өөрийн буруутай, хайхрамжгүй үйл ажиллагаанаас бий болсон доголдол.

Захиалагч талын буруутай үйл ажиллагааны улмаас бий болсон доголдлыг ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчид хүлээлгэж доголдол арилгахад гарсан гэх зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлыг хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Дээврээс ус алдаж будгийн ажил хийсэн шалан дээр ус тогтсон талаар хариуцагч тал маргаагүй. Мөн шүүх барилгын дээврээс ус алдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй болохыг шийдвэрт дурдсан. Будгийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа дээврээс ус алдаж шалан дээр ус тогтсон байгаа талаарх өнгөт гэрэл зурагууд хэрэгт авагдсан бөгөөд энэ талаар гэрч О.Батжаргал мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгч нь гэрээгээр буюу хариуцагч талын шаардсанаар заасан хугацаанд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч хариуцагч талын буруутай, хайхрамжгүй үйлдлийн улмаас ажлын үр дүн доголдол бий болсон. Захиалагч ажил гүйцэтгэгчээс доголдол арилгахад гарсан зардлыг шаардах эрхгүй.   Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй.

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр УБТЗ ХНН-ээс техникийн комисс ажилласан байх бөгөөд гаргасан дүгнэлтдээ 2935 м.кв талбайн будаг хөндийрсөн, барзайлт үүссэн, тэгш бус 265 м.кв талбайн будаг хэвийн байна гэж захиалагч дүгнэсэн. Гэтэл шалны нийт цэвэр талбай 2 800 м.кв бөгөөд будаг хөндийрсөн гэх талбайг баримтжуулсан нотлох баримт байхгүй ба УБТЗ нь шалны ажил дахин гүйцэтгэсэн зардалд нийт 3 200 м.кв талбайн шалны будгийг газ, кислород, шал тэгшлэгч машинаар шалны будгийг хуулсан хэмээн мөнгө нэхэмжилж байгаа нь тоо, тооцооллын хувьд үндэслэлгүй.

Тухайн үед барилгын дээврийн ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэн байгууллагын буруутай үйлдэл бий. Хариуцагч нь дахин ажил гүйцэтгэсэн зардлыг нэхэмжлэгчээс бус үүрэгт ажилдаа хайнга хандсан өөрсдийн эрх бүхий албан тушаалтан болон тухайн цаг үед барилгын дээврийн ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэн хуулийн этгээдээс шаардах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс хариуцагчаас  103 794 621 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Т Ш ХХК нь хариуцагч “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс учирсан хохиролд 179 122 911 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хариуцагч “УБТЗ” ХНН нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Т Ш ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, УБТЗ-ын Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн вагон угсрах цехийн өргөтгөлийн барилгын бетон шал өнгөлөх ажлыг 112 000 000 төгрөгөөр, 45 хоногийн хугацаанд гүйцэтгүүлэхээр тохиролцсон байх ба гэрээний дагуу гүйцэтгэгч нь өөрийн материал, машин механизм, тоног төхөөрөмж, ажиллах хүчээр бүрэн хийж гүйцэтгэх, захиалагч нь барилгын талбайг чөлөөлж, холбогдох ажлын зураг, төсөв бусад зайлшгүй шаардлагатай баримт бичиг, эд зүйлийг хугацаанд нь гүйцэтгэгч талд шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1хх6-9/

Талууд гэрээний зүйлийг өөрчлөн бетон шаланд алмазан өнгөлгөө хийх ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр эпокси будгаар будаж ажлын гүйцэтгэлийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дуусгаж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж, үүргийн гүйцэтгэл, ажлын үр дүнгийн доголдлыг арилгахтай холбоотой шаардах эрхийн талаарх хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь буруу биш байна.            

Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2 800 м.кв талбайг будсан гэж тайлбарладаг бөгөөд шүүх 2 дугаар хавтаст хэргийн 101-102 дугаар тал дахь техникийн комиссын акт, 1 дүгээр хавтаст хэргийн 39-52 дугаар тал дахь гэрэл зураг зэргүүдийг  үндэслэн ажлын гүйцэтгэлийг захиалагч тал хүлээн авсан гэж үзснийг  буруутгах үндэслэлгүй байна. Гүйцэтгэгч нь  ажлын хөлсийг ажлын үр дүнгээр тооцоолон захиалагчаас өмнө төлөгдсөн 68 600 000 төгрөгийг хасч үлдэгдэл 29 400 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасантай нийцсэн. /1хх21, 134-136/

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 103 794 621 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Ажлын гүйцэтгэлийн талаар гаргасан 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн техникийн комиссын актад нийт 2 935 м.кв ажлын гадаргуун будаг хөндийрсөн, барзайлт үүссэн гадаргуу тэгш бус, 265 м.кв талбайн будаг хэвийн буюу нийт талбайн 91,7 хувь нь шаардлага хангахгүй гэж дүгнэсэн байна. Тэрээр хэргийн 1 дүгээр хавтасны 91-92 дугаар талд шалны будгийн ажил БНбД, будгийн ажлын техникийн нөхцөл, чанарын шаардлага хангаж хийгдээгүй, шалны будгийг бүрэн хуулж, чанар технологийн шаардлагын дагуу дахин гүйцэтгэх гэсэн дүгнэлт, 95-96 дугаар талд Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн ажлын гүйцэтгэл /БНБД 31-09-05/ норм дүрмийн 4 дүгээр хэсэг “тэгшилгээ үений ажил”-ын 3.1, 4.1, 4.3, мөн дүрмийн 11 дүгээр хэсгийг зөрчсөн гэх дүгнэлт авагдсан байна.  

Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч ажлын гүйцэтгэлээс өмнөх шалны хийц, чанар байдлын талаар “ .., шалны бетоныг ямар орц найрлагаар хэрхэн зуурч цутгасан нь тодорхойгүй, бетон зуурмагт хэрэглэсэн элс, хайрга, дайрга, цемент нь стандартын шаардлага хангаж буй эсэхийг лабораторид шинжилгээ туршилт хийж баталгаажуулаагүй, шинжилгээний дүн байхгүй, ил далд ажлын акт бичиг баримтад хавсаргаагүй, цутгалтын үе шатанд сорьц шоо авч бетоны бат бэхийг тогтоолгоогүй нь цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх заавар” БД 52-102-04, цутгамал бетон, төмөр бетон бүтээц БнбД 52-02-05-ын шаардлагууд болон Барилгын тухай хуулийн 37 дугаар зүийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.12-т заасныг зөрчсөн .., ” гэсэн дүгнэлт гаргасан байх боловч нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн талаар шинжээчдийн гаргасан “барзайлт үүссэн гадаргуу тэгш бус, бетон шалны гадаргууг тэгшилж зүлгэхдээ гадаргууг бүрэн цэвэрлэж жигд болгож чадаагүй, цэвэрлэж дууссаны дараа шалан дээр байгаа нүх ба цууралт зэрэг гэмтлийг зориулалтын бодисоор шавж, нөхөх, дүүргэлт хийгээгүй, засаж тэгшилсэн гадаргууг бүрэн хатсаны дараа эпокси дэвсгэр үе, 1 үе /1 мм/ эпокси будгаар будах, будгийг зүлгэж өнгөлөх 2 дугаар үеийг /1 мм/ эпокси будгаар будах бэхжүүлэх зэрэг технологи үйл ажиллагаа дарааллын дагуу хийгдээгүй, бетон шалны гадаргууг тэгшилж зүлгэхдээ гадаргууг бүрэн цэвэрлэж жигд болгож чадаагүй, цэвэрлэж дууссаны дараа шалан дээр байгаа нүх ба цууралт зэрэг гэмтлийг зориулалтын бодисоор шавж, нөхөх, дүүргэлт хийгээгүй, засаж тэгшилсэн гадаргууг бүрэн хатсаны дараа эпокси дэвсгэр үе, 1 үе /1 мм/ эпокси будгаар будах, будгийг зүлгэж өнгөлөх 2 дугаар үеийг /1 мм/ эпокси будгаар будах бэхжүүлэх зэрэг технологи үйл ажиллагаа дарааллын дагуу” хийгдээгүй гэх дүгнэлтүүдээс нэхэмжлэгч нь тухайн ажлыг өөрийнх нь мөн чанар, зохих стандартын дагуу гүйцэтгээгүй хариуцлагагүй хандаж, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхэд муугаар нөлөөлөх нөхцөл байдлыг арилгах, холбогдох арга хэмжээ авахыг мэдэгдсэн гэх 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичгийг хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгийг цахим шуудангаар хүргүүлсэн байх боловч шалны эпокси будгийн мэдээллийн талаарх хавсралтыг хүргүүлсэн нь тогтоогдсонгүй. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон цахим шууданг бэхжүүлсэн фото зургаас хавсралтыг хүргүүлсэн нь нотлогдохгүй байна.

Ажил гүйцэтгэх явцад бороо орж байгаа нь ажлын чанарт муугаар нөлөөлөх нь тодорхой байхад нэхэмжлэгч холбогдох арга хэмжээг авалгүй шалыг будаж дуусгасан нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3.б-д ажлын чанар үр дүнд муугаар нөлөөлөхөөр ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол захиалагчид нэн даруй мэдэгдэх, мөн хуулийн 350.1.4-т ажил гүйцэтгүүлэхээр захиалагчаас олгосон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Хариуцагч тал ажлын доголдол болон түүнийг 10 хоногийн дотор арилгах талаар гүйцэтгэгчид 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн байтал нэхэмжлэгч нь “гүйцэтгэгчээс тавьсан шаардлагууд хангагдаагүйгээс үүссэн асуудлууд ажил гүйцэтгэлд нөлөөлж шалны будаг ховхорсон болон суурь тэгшилгээ хатахгүй байх асуудалд дахин завсар хийх боломжгүй” гэсэн хариу өгч байсан байна. /1хх13, 2хх87, 101-102/

Хариуцагч тал 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нь доголдлыг арилгаж, шинээр шал будах ажлыг тус байгууллагын Барилга ашиглалт үйлчилгээний 1 дүгээр ангиар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж бетон шалыг дахин засварлаж хатуу будгаар будах засварын ажлын төвсийг 122 812 004 төгрөгөөр баталсан нь хэргийн 1 дүгээр хавтасны 169-170 дугаар талд авагдсан байна.

            Гүйцэтгэгч нь тогтоосон хугацаанд догодлыг арилгахаас татгалзсан тул захиалагч өөрийн зардлаар доголдлыг арилгах арга хэмжээ авсаныг буруутгах боломжгүй. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхтэй.

            Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6 728 290 төгрөгт холбогдох хэсгийг тухайн ажилд хамааралгүй буюу цаг хугацааны хувьд засварын ажил эхлэхээс өмнө буюу ажлын гүйцэтгэлийг хүлээн авахаас өмнөх төлбөрийн баримт гэж үзэн хэрэгсэхгүй болгож, 103 794 621 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.  

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/01680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 676 930 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                А.МӨНХЗУЛ