Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/69

 

2025 оны  11 саын   13                                              2025/ДШМ/69

 

 

Д.А, Б.Б, Б.Э,

Д.Т, О.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

Прокурор Л.Галбадрах,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С,

Яллагдагч Д.А-ын өмгөөлөгч С.Ялалт /цахимаар/,

Яллагдагч О.Б-ийн өмгөөлөгч Б.Билгүүн /цахимаар/

Яллагдагч Б.Б-ы өмгөөлөгч Б.Баасанжаргал /цахимаар/,

Яллагдагч Б.Э, Д.Т нарын өмгөөлөгч М.Дамбийням,

Яллагдагч Д.А /цахимаар/,

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/819 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Д.Т, Д.А, Б.Э, Б.Б, О.Б нарт холбогдох эрүүгийн 2126002100108 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн *** аймгийн салбарт ашиглалтын монтёр ажилтай, ам бүл *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, *** овгийн Д.Т /РД: ***/,
  1. Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Баянхонгор аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** аймаг дахь Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн ажилтай, ам бүл *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, *** овгийн  Д.А /РД: ***/,
  1. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Орхон аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн *** аймгийн салбарт ээлжийн монтёр ажилтай, ам бүл *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, *** овгийн Б.Э /РД: ***/,
  1. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн *** аймгийн салбарт ээлжийн диспетчер ажилтай, ам бүл *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн *** тоотод оршин суух хаягтай, *** овгийн Б.Б /РД: ***/,
  1. Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн *** аймгийн салбарт борлуулалтын инженер ажилтай, ам бүл *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, *** овгийн О.Б /РД: ***/.

          Д.Т нь 2021 оны 5 сарын 04-ний өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний “Холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг зөрчин КТП-446 дугаартай дэд станцыг холболтын зураггүй байхад техникийн нөхцөл зөрчин холболт хийсэн, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ээлжийн хуваарьт үүрэг буюу “бригадын ажилд оруулагч”-аар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185-т заасан заалтыг зөрчсөний улмаас Б.Бү-ын амь насыг хохироосон,

            О.Б нь Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн *** аймгийн салбарт ахлах инженерийн албан тушаалд ажиллах явцдаа ажлын байрны тодорхойлолтын 2.11 дүгээр зүйлд заасан үүрэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаартай тушаалаар батлагдсан “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 1.3.4.1, 1.3.4.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан цахилгаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 сарын 06-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч иргэн Б.Бү-ын амь насыг хохироосон,

            Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “КТП-424” дугаартай дэд станцад гарсан ослыг засварлах ажлын хариуцлагатай гүйцэтгэгчээр томилогдон ажиллах үедээ Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 96 дугаар зүйл, мөн дүрмийн 182 дугаар зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчсөний улмаас иргэн Б.Бү-ын амь насыг хохироосон,

            Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зөвшөөрөл олгогч буюу /ээлжийн диспетчер/ үүрэг гүйцэтгэгчээр ажиллах үедээ Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан дамжуулах, түгээх КТП-424 дугаарын дэд станцад гарсан ослыг засварлах зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 90 дүгээр зүйл, мөн дүрмийн 91 дүгээр зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчсөний улмаас иргэн Б.Бү-ын амь насыг хохироосон,

Д.А нь Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн *** аймаг дахь салбарын ахлах диспетчерээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын 2.6-д заасан “Шуурхай ажиллагааны журнал, бичиг баримт хөтлөлтөд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна, мөн 2.12-т заасан “Шуурхай үйлчилгээний схем тоноглолд гарсан өөрчлөлт, журнал бүртгэлтэй танилцаж хяналт тавина гэснийг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 сарын 06-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч иргэн Б.Бү-ын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Т, Д.А, Б.Э, Б.Б, О.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Д.Т, Д.А, Б.Э, Б.Б, О.Б нарт холбогдох 2126002100108 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцааж, яллагдагч Д.Т, Д.А, Б.Э, Б.Б, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “Тухайлсан зааварчилгааны бүртгэлийн журнал” гэсэн дэвтэр, 1 хос ажлын бээлийг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Галбадрах давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/819 дүгээр захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн.

Анхан шатны шүүх яллагдагч Д.А-ын өмгөөлөгч С.Ялалтын гаргасан ... дэд станцыг ашиглалтад оруулах комиссын зүгээс дэд станцыг шалгаж, ашиглалтад оруулж хүчдэл залгах эсэхийг шийдвэрлэх үедээ техникийн нөхцөлөөс өөрөөр угсралт хийгдсэн байхад үүнийг мэдсэн хэрнээ яагаад хүчдэлд холбох шийдвэр гаргасныг тодруулах, комиссын хувьд техникийн нөхцөлөөс өөрөөр холболт хийсэн асуудалд мэдүүлэг авах, комиссын акт шийдвэр тусгагдаагүй, комиссын шийдвэрт техникийн нөхцөлөөс өөрөөр холболт хийсэн талаар тусгаагүй тохиолдолд тухайн шийдвэрийг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаар мэргэжлийн этгээдээс гэрчийн мэдүүлэг авах ... зэрэг хүсэлтүүдийг хангаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Яллагдагч Д.Т нь 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг зөрчин КТП-446 дугаартай дэд станцыг холболтын зураггүй байхад техникийн нөхцөл зөрчин холболт хийсэн, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ээлжийн хуваарьт үүрэг буюу “бригадын ажилд оруулагч”-аар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185-т заасан заалтыг зөрчсөний улмаас Б.Бү-ын амь насыг хохироосон гэмт хэргийг,

Яллагдагч О.Б нь Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн *** аймгийн салбарт ахлах инженерийн албан тушаалд ажиллах явцдаа ажлын байрны тодорхойлолтын 2.11 дүгээр зүйлд заасан үүрэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаартай тушаалаар батлагдсан “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 1.3.4.1, 1.3.4.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний “Холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч иргэн Б.Бү-ын амь насыг хохироосон гэмт хэргийг,

Яллагдагч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ХТП-424” дугаартай дэд станцад гарсан ослыг засварлах ажлын хариуцлагатай гүйцэтгэгчээр томилогдон ажиллах үедээ Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 96 дугаар зүйл, мөн дүрмийн 182 дугаар зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчсөний улмаас иргэн Б.Бү-ын амь насыг хохироосон гэмт хэргийг,

Яллагдагч Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зөвшөөрөл олгогч буюу /ээлжийн диспетчер/ үүрэг гүйцэтгэгчээр ажиллах үедээ Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан дамжуулах, түгээх ХТП-424 дугаарын дэд станцад гарсан ослыг засварлах зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 90 дүгээр зүйл, мөн дүрмийн 91 дүгээр зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчсөний улмаас иргэн Б.Бү-ын амь насыг хохироосон гэмт хэргийг,

Яллагдагч Д.А нь Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн *** аймаг дах салбарын ахлах диспетчерээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын 2.6-д заасан “Шуурхай ажиллагааны журнал, бичиг баримт хөтлөлтөд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна...” мөн 2.12-т заасан “Шуурхай үйлчилгээний схем тоноглолд гарсан өөрчлөлт, журнал бүртгэлтэй танилцаж хяналт тавина...” гэснийг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч иргэн Б.Бү-ын амь насыг хохироосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн нотолбол зохих байдлыг нотлох баримтын хүрээнд бүрэн нотолж улмаар шүүхэд шилжүүлдэг. Яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд дурдагдсан асуудлын талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн явуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авах, хэрэгт ач холбогдол бүхийн нөхцөл байдлыг бүрэн тодруулсан байна. Харин шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан асуудлын талаар явуулсан мөрдөн шалгах ажиллагааны нотлох баримтуудад хэрхэн үнэлэлт, дүгнэлт өгсөн нь ойлгомжгүй байна.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хангалттай байдал нь тухайн этгээдийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар юм. Тус хэрэгт нотлох баримтын хүрэлцээтэй, хангалттай байдал хангагдсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/819 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Л.Галбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/819 дүгээр захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг захирамжид 4-н үндэслэлийг дурдсан буюу уг ажиллагаанууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн ажиллагаанууд. Холболтыг Д.Т очиж хийсэн нь тогтоогддог. Уг холболт хийхийг эрх бүхий албан тушаалтнаас үүрэг чиглэл өгсөн. Тухайн үед буруу холболт хийх гээд байна гэдгийг хэлсэн. Тэгэхэд холболтыг хийж болно гэсэн байдаг. Дэд станцын цахилгааны холболт хийгдээгүй байна гэдэг. Энэ талаар Д.Т эрх бүхий албан тушаалтанд хэлсэн байдаг. Мөн тэмдэглэл үйлдсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдох хүмүүсээс тодруулж асуусан байдаг.

Хяналт шалгалтын хүрээнд зөрүүтэй холболт хийсэн байгааг тогтоож энэ шийдвэрт засвар оруулахаар холбогдох газарт нь уламжлах ёстой гэсэн мэдүүлэг байдаг. Мэргэжлийн гэж байгаа нь тэмдэглэлд тусгаж ажиллахаар болсон гэсэн гэдэг. Эдгээр ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийж нотолсон байх тул дахин мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй гэв.

Яллагдагч Д.Т, Б.Э нарын өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг мөрдөгч, прокурор биелүүлэх үүрэгтэй. Анхан шатны шүүхээс магадлалд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй байна гэж үзэж прокурорт буцаасан байгаа.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/819 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Яллагдагч Д.А-ын өмгөөлөгч С.Ялалт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамжид дурдсан дэд станц ашиглалтад орж комиссын зүгээс тухайн дэд станцад газар дээр нь шалгаж ашиглалтад оруулсан техникийн зөвлөлөөс өөрөөр угсралт хийгдсэн байх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, хөндлөнгийн шинжээч томилох арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, зөрүүтэй холболт хийгдсэн талаар дэд станц ашиглалтад орсон талаар шийдвэрт тусгаагүй. Үүнтэй холбоотой ажиллагаа хийгдээгүй. Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл сая дурдсан техникийн нөхцөлийн дагуу хийгдээгүй. Дараагийн ажил тэгж хийгдэнэ гэсэн нөхцөл байдлыг тодруулаагүй гэж үзэж байна. Станцыг хүлээн авах комисс нь хүлээж авч эцэслэн гаргана. Шийдвэртээ монтёрын дагуу мэдээлэл авч техникийн угсралт хийсэн байгааг мэдсэн эсэх нь ойлгомжгүй байгаа. Тухайн үед ажиллаж байсан ээлжийн диспичер эдгээр нөхцөл байдлыг шалгаагүй.

Хэрэг 2 удаа хүчингүй болж байна. Прокурор өмнө асуусан гэрчүүдийг асуугаад л буцаад оруулаад ирдэг. Комисс мэдсэн юм бол яагаад шийдвэртээ тусгадаггүй юм, буруу холболтын талаар нэг ч үг үсэг байхгүй. Схемийг буруу гэж үзэх эсэх, техникийн нөхцөлийн дагуу тухайн хүмүүсийг буруутгах биш комиссын бүрээлдэхүүний асуудал яригдана. Гэм буруугийн асуудал тодорхой болно гэж харж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/819 дүгээр захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч Б.Б-ы өмгөөлөгч Б.Баасанжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: С.Ялалт өмгөөлөгчтэй санал нийлж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг 2 удаа буцаасан байгаа. Шалтгаан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж хангалттай шалгаж тодруулаагүй.

Комисс зөв холболт хийсэн бол эрдэнэт хүний амь хохирохгүй байсан гэв.

Яллагдагч О.Б-ийн өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд асуудлыг шалгах шаардлагатай гэж үзсэн.

Гэмт хэрэг үйлдсэн талаар хангалттай нотлох шаардлагатай. Эсхүл нотолж чадахгүй бол яллагдагч нарыг цагаатгах боломжтой гэж үзэж байна гэв.

Яллагдагч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Прокуророос давж заалдах шатны шүүхэд ... хэрэгт шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авах, хэрэгт ач холбогдол бүхийн нөхцөл байдлыг бүрэн тодруулсан байхад анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан асуудлын талаар явуулсан мөрдөн шалгах ажиллагааны нотлох баримтуудад хэрхэн үнэлэлт, дүгнэлт өгсөн нь ойлгомжгүй байна. Мөн хэрэгт нотлох баримтын хүрэлцээтэй, хангалттай байдал хангагдсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Д.Т, Д.А, О.Б, Б.Б, Б.Э нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхийн техникийн нөхцөлөөс өөрөөр холболт хийсэн талаар мэдүүлэг тайлбар авах, шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах, техникийн нөхцөлөөс зөрүүтэй холболт хийгдсэн талаар дэд станцын ашиглалтад оруулах комиссын акт шийдвэрт тусгаагүй, техникийн нөхцөлийн дагуу холболт хийсэн мэтээр шийдвэр гаргасан талаарх шалтгаан нөхцөлийг тодруулах, холболт хийж хүчдэл залгах тухай комиссын шийдвэрт техникийн нөхцөлөөс өөрөөр холболт хийсэн талаар тусгайлан тусгаагүй тохиолдолд тухайн шийдвэрийг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаар мэргэжлийн этгээдээс гэрчийн мэдүүлэг, тайлбар авахуулах зэрэг яллагдагч Д.А-ын өмгөөлөгч С.Ялалтын гаргасан хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулаагүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/819 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/819 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНПҮРЭВ

      ШҮҮГЧИД                               Н.ЭНХМАА                

                                                                                                                                 Л.НЯМДОРЖ