Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 344

 

 

 

 

                                                

                                          

 

                                      

 

 

                                                                                                    

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,

улсын яллагч Т.Мижиддорж /томилолтоор/,

хохирогч Б.Ж, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Э,

нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-д холбогдох эрүүгийн 18100 1363 0373 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” ХК-ийн спорт зааланд Б.Ж-ийг “алдаа гаргалгүй цэвэр тоглосонгүй” гэх шалтгаанаар нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун 1, зүүн 2-р шүдний сулрал, зүүн 1-р шүдний булгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Э.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо би “Г ХК-д сарын 900.000 төгрөгийн цалин орлоготой ажил эрхэлдэг. Хохирогч Б.Ж нь хохирол төлбөр 3.0 сая төгрөг нэхэмжилснээс миний бие 1.290.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогчоос хэрэгт гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтаар нотлогдсон хохирлыг бүрэн төлж байрагдуулсан. Би хохирогчид төлсөн 3.000.000 төгрөгнөөс 2.000.000 төгрөгийг яагаад буцааж авсан бэ гэхээр хүнээс хууль эрх зүйн зөвлөгөө аваад хэргийг шүүхээр шийдвэрлэтэл мөнгөө битгий өг гэж хэлсний үндсэн дээр хохирогчид өгсөн байсан 2.000.000 төгрөгөө буцааж авсан юм. Би хохиролд нийт 1.290.000 төгрөг төлсөн. Хохирогч цаашид эмчилгээ хийлгэж имплант шүд хийлгэвэл нотлох баримтад үндэслэн гаргах зардлыг нь төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Г ХК-“ийн спорт зааланд сагс тоглож байтал Э-гийн багийн тоглогч Н.Г араас түлхээд, цохиж аваад байхаар нь би “цэвэрхэн тоглооч” гэснээс болж хоорондоо муудалцсан. Тэгээд манай багийнхан  Н.Г бид хоёрыг салгасан ба Э.Э хажууд зогсож байснаа багийн тоглогч Н.Г-ыгаа өмөөрч намайг цохисон. Миний нэг шүд булгарч унасан, хоёр шүдэнд хөдөлгөөн орсон. Хэрэгт эмчилгээний зардлын 387.000 төгрөгний баримтыг гаргаж өгсөн байгаа. Одоогоор шүдний эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэж байгаа. Эмнэлэг нь эмчилгээ хийж дууссаны дараа баримт гаргаж өгнө гэсэн. Шүдэндээ эмчилгээний ломбо тавиулсан бөгөөд 6 сарын дараа ирж үндсэн ломбоо тавиулж хийлгээрэй гэсэн. Мөн шүдэндээ хийлгэсэн чигээ авахуулна. Э.Э-гаас эмчилгээний зардалд нийт 1.290.000 төгрөг хүлээж авсан нь үнэн. Уг мөнгөөр шүдэндээ сувгийн эмчилгээ хийлгэж, чиг тавиулсан.

Сувгийн эмчилгээ хийлгэхэд нэг шүд нь 100.000 төгрөг, чиг тавиулахад нэг шүд 50.000 төгрөг байдаг юм байна.

Мөн “Г ХК”-д ажиллаж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгал төлдөг боловч тухайн үедээ хувийн эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн учир эрүүл мэндийн даатгалаас үйлчилгээ аваагүй. Унасан 1 шүдэнд имплант шүд хийлгэнэ. Имплант шүд нэг нь 1.800.000 төгрөгийн үнэтэй тул уг мөнгийг нэхэмжилж байна. Эмчилгээ хийлгэсэн 387.000 төгрөг нэхэмжилж буй 1.800.000 төгрөгөөс хасагдахгүй. Одоогийн байдлаар хийгдэж буй эмчилгээ бүрэн дуусаагүй байгаа. Мөн би шүдэндээ гэмтэл авсанаас болж 14 хоног ажилдаа яваагүй. Би маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 1363 0373 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Б.Ж-ийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хэргийн 2х/,

 

2. Хохирогч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” ХК-ийн Принтийн албаны операторчиноор 2015 оноос эхлэн ажиллаж байна. 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 15:00 цагийн үед ажлынхаа спорт зааланд хамт ажилладаг хүмүүстэйгээ сагсан бөмбөг тоглож байхдаа эсрэг талын багийн тоглогч Г-тай маргалдсан. Тухайн үед Г нь тоглож байхдаа дүрмийн дагуу тоглохгүй алдаатай тоглоод байхаар нь би түүнд “чи аятайхан тоглооч” гэж хэлтэл тэрээр намайг “ална шүү” гээд гартаа барьж байсан бөмбөгөө над руу далайсан.

Тэгтэл хамт тоглож байсан хүмүүс “та хоёр больцгоо” гэж хэлтэл эсрэг багийн тоглогч Э хажуунаас орж ирээд миний уруул, шүд орчим руу гараараа цохитол миний дээд талын нэг үүдэн шүд ёзоороороо мултарч унаад, 2 шүд унасан. Тухайн үед хажууд байсан хүмүүс унасан шүдийг халуун дээр нь буцааж хийгээд, хатуу юм зуучихаар тогтчихдог гэхээр нь би унасан шүдээ буцааж зуусан. Мөн тэр үед миний уруул дотор талдаа язарсан байсан. Үүнээс өөр гэмтэл шарх надад учраагүй. Болсон асуудлыг хамт сагсан бөмбөг тоглож байсан хүмүүс харсан. Уг асуудал болох үед Э бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн өдөр би Э-тай хэрэлдэж маргалдаагүй. Тэрээр намайг Г-тай маргалдаж байхад л хажуунаас орж ирээд намайг цохисон. Би урьд нь Э-тай хэрэлдэж маргалдаж байгаагүй ба бидний дунд өр авлага, өш хонзон гэх зүйл байхгүй. ШШҮХ-ийн дүгнэлтийг уншиж танилцсан, зөөөвшөөрч байна. Э нь эмчилгээний зардал болох 3.000.000 төгрөгийг надад төлж барагдуулвал миний хувьд гомдол санал гэх зүйл байхгүй.

Одоогийн байдлаар “ИДГ” ХХК-ийн шүдний эмнэлэгт мултарч унасан шүдний сувгийн эмчилгээг 300.000 төгрөг, шүдний рентгэн зураг авахуулах, шүдний чиг тавих үйлчилгээг 110.000 төгрөгөөр тус тус хийлгэсэн. Одоогийн байдлаар 410.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Энэ эмчилгээг хийлгэснээс хойш 6 сарын дараа нэг ширхэг имплант шүд суулгуулахад 2.000.000 төгрөгийн зардал гарна гэсэн. Эмчилгээний зардлын баримтыг хэрэгт хавсаргах болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-6х, 7х/,

 

3. Гэрч А.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2014 оноос эхлэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Г” ХК-д хэвлэх машины оператороор ажиллаж байна. 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 15:00 цагийн үед компанийхаа Спорт зааланд хуваарийн дагуу Сүлжих 3 дугаар цехийн хамт олонтой сагсан бөмбөг тоглосон. Манай принтерийн албанаас Б, Э, Ж бид дөрөв, Сүлжих 3 дугаар цехээс  Г, Э болон нэрийг нь мэдэхгүй 2 залуу, бид нар сагсан бөмбөг тоглосон.

Тэгтэл Ж нь “бөмбөг дээр алдаа хийлээ” гэж Г-тай маргалдаад,  Г нь “ална шүү” гээд Ж-тэй маргалдсан. Тэгэхээр нь би маргааныг зохицуулах гээд Г-ыг Ж-өөс холдуултал Г-ын багийн тоглогч Э гэх залуу  хажуунаас орж ирээд Ж-ийн уруул орчим руу гараараа нэг удаа хүчтэй цохитол, Ж-ийн амнаас нь цус гараад, заалны шалаар дүүрэн цус болсон.

Ж-ийн дээд талын үүдэн нэг шүд нь ёзоортойгоо бүтнээрээ сугараад уначихсан. Ингээд би Ж-өөс Г-ыг холдуулаад, Ж-ийн хамтаар ариун цэврийн өрөө орж түүний цусыг нь угаалгасан. Тухайн үед хүмүүс унасан шүдийг халуун дээр нь буцаагаад хийвэл тогтдог гээд байсан болохоор Ж унасан шүдээ буцааж хийсэн. Тухайн үед Э нь “Ж-ийн шүдийг янзлуулж өгнө өө” гэж байсан. Э, Ж нар нь урьд хэрэлдэж, маргалдаж байсан эсэх талаар би мэдэхгүй байна. Тухайн үед болсон асуудлыг зааланд сагсан бөмбөг тоглож байсан бүх хүн харсан. Тэр үед Э, Ж нар хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9х/,

 

4. Гэрч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2015 оноос эхлэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” ХК-д Сүлжмэлийн үйлдвэрийн индүүчинээр ажилладаг. 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед компанийхаа Спорт зааланд хуваарийн дагуу Принтерийн албаныхан сагсан бөмбөг тоглосон. Манай албаны Э, Э, М, Э бид нар Принтерийн албаны Б, Э, Ж нартай сагс тоглосон. Тоглож байхад жоохон алдаа гаргаад бие биедээ хүрээд байсан. Тэгтэл Ж уурлаад “аятайхан тоглооч пизда минь” гэхээр нь би түүнд “би чамайг албаар цохиогүй” гэж хэлсэн. Ингээд маргалдаж байхад дундуур Э орж ирээд “больцгоо” гээд салгасан. Ингээд сандал дээр суух гээд цаашаа алхаж байтал “өө яаж байгаа юм бэ” гээд нэг хүн хэлэхээр нь хойшоо эргээд хартал Ж-ийн амнаас цус гарсан байдалтай, хажууд нь Э зогсож байсан. Би Ж-тэй муудалцсан байсан болохоор тэдэн рүү буцаж очоогүй. Ж цусаа угаах гээд ариун цэвийн өрөө рүү явсан. Хэсэг хугацааны дараа би ариун цэврийн өрөө рүү ортол Ж-ийг нэг шүд нь уначихсан байсан. Хүмүүсийн ярьсанаар Э нь Ж-ийн уруул руу нь цохиод шүдийг нь унагасан гэсэн. Үүнээс өөр мэдэх зүйл надад байхгүй. Тэр өдөр бид нарын хэн нь ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 6840 тоот:

1. Б.Ж-н биед дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун 1, зүүн 2-р шүдний сулрал, зүүн 1-р шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид зүүн 1-р шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг байнгад 5 хувь алдагдуулна.” гэсэн дүгнэлт /хэргийн 16х/,

 

6. Хохирогч Б.Ж-өөс эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт хавсаргуулахаар “ИДГ” ХХК-ийн гаргасан тодорхойлолт, эмчилгээний зардал төлсөн баримт /хэргийн 17х, 34х/,

 

7. Шүүгдэгч Э.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 17:00 цагийн үед компанийхаа спорт зааланд хамт ажилладаг Г, М, Н, Х бид тав нэг баг болоод, манай компаний Принтерийн албаны Ж, Э, Ч, Э нартай сагсан бөмбөг тоглосон. Тэгтэл манай багийн Г нь эсрэг багийн Жийг “алдаа гаргаад байна, дүрмийн дагуу цэвэрхэн тоглосонгүй” гээд хоорондоо маргалдсан. Ж нь сагсан бөмбөг тоглож байхдаа цэвэрхэн тоглохгүй, намайг мөргөөд байсан болохоор нь би Ж-ийг “алдаа гаргалгүй цэвэрхэн тоглосонгүй” гэж уур хүрээд, Ж-ийн уруул орчим руу нь зүүн гараараа нэг удаа хүчтэй цохитол амнаас нь цус гарч, дээд талын үүдэн нэг шүд ёзоороороо сугараад гараад ирсэн.

Ингээд Ж ариун цэврийн өрөө рүү орж цусаа угааж байхад, М ах Ж-д “унасан шүдээ халуун дээр нь буцаагаад хийчихээр тогтчихдог юм” гээд шүдийг нь буйл руу нь буцааж хийлгээд юм зуулгасан. Тухайн өдөр би Ж-ийг “цэвэрхэн тоглосонгүй” гэж уурлаад түүний уруул руу нэг удаа гараараа хүчтэй цохисон. Тэр өдөр бид согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Болсон асуудлыг Ж бид хоёртой хамт тоглож байсан хүмүүс бүгд харсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй. Би Ж-д 1.290.000 төгрөг эмчилгээний зардал, хохиролд төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х/, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36х/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 44-52х/ зэрэг бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Э-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” ХК-ийн спорт зааланд “алдаа гаргалгүй цэвэр тоглосонгүй” гэх шалтгаанаар хохирогч Б.Ж-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь “...дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун 1, зүүн 2-р шүдний сулрал, зүүн 1-р шүдний булгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

- хохирогч Б.Ж-ийн: “...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” ХК-ийн Принтийн албаны операторчиноор 2015 оноос эхлэн ажиллаж байна. 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 15:00 цагийн үед ажлынхаа спорт зааланд хамт ажилладаг хүмүүстэйгээ сагсан бөмбөг тоглож байхдаа эсрэг багийн тоглогч Г-тай маргалдсан. Тухайн үед Г нь тоглож байхдаа дүрмийн дагуу тоглохгүй алдаатай тоглоод байхаар нь би түүнд “чи аятайхан тоглооч” гэж хэлтэл тэрээр намайг “ална шүү” гээд гартаа барьж байсан бөмбөгөө над руу далайсан. Тэгтэл хамт тоглож байсан хүмүүс “та хоёр больцгоо” гэж хэлтэл эсрэг багийн тоглогч Э хажуунаас орж ирээд миний уруул, шүд орчим руу гараараа цохитол миний дээд талын нэг үүдэн шүд ёзоороороо мултарч унаад, 2 шүд унасан. Тухайн үед хажууд байсан хүмүүс “унасан шүдийг халуун дээр нь буцааж хийгээд, хатуу юм зуучихаар тогтчихдог” гэхээр нь би унасан шүдээ буцааж зуусан. Тухайн үед уруулны дотор талд язарсан байсан. Үүнээс өөр гэмтэл шарх надад учраагүй. Болсон асуудлыг хамт сагсан бөмбөг тоглож байсан хүмүүс харсан. Уг асуудал болох үед Э бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...ШШҮХ-ийн дүгнэлтийг уншиж танилцсан. Дүгнэлтийн талаар хэлэх зүйл байхгүй зөвшөөрч байна. Э нь эмчилгээний зардал болох 3.000.000 төгрөгийг надад төлж барагдуулвал миний хувьд гомдол санал гэх зүйл байхгүй. Одоогийн байдлаар “ИДГ” ХХК-ийн шүдний эмнэлэгт мултарч унасан шүдний сувгийн эмчилгээг 300.000 төгрөг, шүдний рентгэн зураг авахуулах, шүдний чиг тавих үйлчилгээг 110.000 төгрөгөөр хийлгэж, ...410.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Энэ эмчилгээг хийлгэснээс хойш 6 сарын дараа нэг ширхэг имплант шүд суулгуулахад 2.000.000 төгрөгийн зардал гарна. ...Би одоогоор 387.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Цаашид унасан шүдний оронд имплант шүд хийлгэхэд шаардлагатай 2.000.000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн хөдөлгөөн орсон 2 шүдэндээ үндсэн ломбо тавиулна, энэ эмчилгээ хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. Э нь миний эмчилгээний төлбөрт 1.290.000 төгрөгийг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн. /хэргийн 5-6х, 7х/,

- ШШҮХ-ийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6840 дугаартай “Б.Ж-н биед дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун 1, зүүн 2-р шүдний сулрал, зүүн 1-р шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид зүүн 1-р шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг байнгад 5 хувь алдагдуулна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 16х/,

- гэрч А.Ч-ийн: “...2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 15:00 цагийн үед компанийхаа Спорт зааланд хуваарийн дагуу Сүлжих 3 дугаар цехийн хамт олонтой сагсан бөмбөг тоглосон. Манай принтерийн албанаас Б, Э, Ж бид дөрөв, Сүлжих 3 дугаар цехээс Г, Э болон нэрийг нь мэдэхгүй хоёр залуу бид нар сагсан бөмбөг тоглосон. Тэгтэл Ж нь “бөмбөг дээр алдаа хийлээ” гэж Г-тай маргалдтал, Г нь “ална шүү” гээд Ж-тэй маргалдсан. Тэгэхээр нь би маргааныг зохицуулах гээд Г-ыг Ж-өөс холдуултал Г-ын багийн тоглогч Э гэх залуу хажуунаас орж ирээд Ж-ийн уруул орчим руу гараараа 1 удаа хүчтэй цохитол, Ж-ийн амнаас нь цус гараад, заалны шалаар дүүрэн цус болсон.

Ж-ийн дээд талын үүдэн нэг шүд нь ёзоортойгоо бүтнээрээ сугараад уначихсан. Ингээд би Ж-өөс холдуулаад, Ж-ийн хамтаар ариун цэврийн өрөө орж түүний цусыг нь угаалгасан. Тухайн үед хүмүүс унасан шүдийг халуун дээр нь буцаагаад хийвэл тогтдог гээд байсан болохоор Ж унасан шүдээ буцааж хийсэн. Тухайн үед Э нь “Ж-ийн шүдийг янзлуулж өгнө өө” гээд л байсан. Э, Ж нар нь урьд хэрэлдэж маргалдаж байсан эсэх талаар би мэдэхгүй байна. Тухайн үед болсон асуудлыг зааланд сагсан бөмбөг тоглож байсан бүх хүн харсан. Тэр үед Э, Ж нар хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 9х/,

- гэрч Н.Г-ын: “...2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед компанийхаа Спорт зааланд хуваарийн дагуу Принтерийн албаныхан сагсан бөмбөг тоглосон. Манай албаны Э, Э, М, Э бид нар Принтерийн албаны Б, Э, Ж нартай сагсан бөмбөг тоглосон. Тоглож байхад жоохон алдаа гаргаад бие биедээ хүрээд байсан. Тэгтэл Ж уурлаад “аятайхан тоглооч пизда минь” гэхээр нь би түүнд “би чамайг албаар цохиогүй” гэж хэлсэн.

Ингээд маргалдаж байхад дундуур Э орж ирээд “больцгоо” гээд салгасан. Ингээд сандал дээр суух гээд цаашаа алхаж байтал “өө яаж байгаа юм бэ” гээд нэг хүн хэлэхээр нь хойшоо эргээд хартал Ж-ийн амнаас цус гарсан байдалтай, хажууд нь Э зогсож байсан. Би Ж-тэй муудалцсан байсан болохоор тэдэн рүү буцаж очоогүй. ...Хэсэг хугацааны дараа би ариун цэврийн өрөө рүү ортол Ж-ийг нэг шүд нь уначихсан байсан. Хүмүүсийн ярьснаар Э нь Ж-ийн уруул руу нь цохиод шүдийг нь унагасан гэсэн. Үүнээс өөр мэдэх зүйл надад байхгүй. Тэр өдөр архи бид нарын хэн нь ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/ болон шүүгдэгч Э.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Б.Ж-ийн биед учирсан “дээд уруулын дотор салстад цус хуралт, баруун 1, зүүн 2-р шүдний сулрал, зүүн 1-р шүдний булгаралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.Э түүнийг гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.  

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Э нь хохирогч Б.Ж-ийг гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул Э.Э-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.  

 

Тухайн хэргийн хохирогч Б.Ж-өөс эмчилгээний зардал хохиролд нийт 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шаардлага гаргаснаас шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт төлсөн 8000 төгрөг, эмчилгээний зардлын 387.000 төгрөг, 110.000 төгрөг төлсөн талаарх хэрэгт “ИДГ” ХХК-иас тодорхойлолт, төлбөрийн баримт  /хэргийн 14х, 17х, 34х/ тус тус авагдснаас дүгнэхэд 505.000 төгрөгийн үнийн дүн бүхий эмчилгээ үйлчилгээний зардал нотлох баримтаар нотлогдсон гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Э.Э нь хохирогчид эмчилгээний зардлын төлбөрт 1.290.000 төгрөгийг нөхөн төлснийг тэдгээр нь мэдүүлсэн. /хэргийн 7х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/  

Иймд шүүх баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ж-ийн нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, имплант шүд хийлгэх болон цаашид хийлгэх шаардлагатай эмчилгээний зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.    

 

Шүүх,  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлснийг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнд 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.    

 

Энэ хэрэгт Э.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, мөн хохирогч Б.Ж нь гомдолтой гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-г 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Э.Э нь 1.290.000 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал төлбөртэй холбоотой шаардлагын үндэслэлд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт Э.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ж нь гомдолтой гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД