Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/78

 

Говьсүмбэр аймаг дахь сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн даргаар М.Н,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Цд холбогдох эрүүгийн 1817001440066 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Урианхай овогт Бы Ц, 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, аялал жуулчлал, эдийн засгийн удирдлага  мэргэжилтэй, Шивээговь сумын Соёлын төвийн орон нутаг судлах танхимын мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, ............ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Регистрийн ................ дугаартай,

 

Шүүгдэгч Б.Ц нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчим Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 10 дугаар байрны орчим иргэн П.Стой маргалдан түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ц нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 10 дугаар байрны орчим иргэн П.Стой маргалдан түүнийг зодож тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, дээд уруулд язрал, толгойн хуйх, хацар, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн:” Сын насыг нь асуусан чинь уурлаад байсан. Би жоохон хүүхэд байж  юундаа уурлаад байгаа юм бэ гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд Оргилоос гарахдаа намайг элдэв янзын үгээр доромжилж байгаад гарсан. С намайг үсдээд авахаар нь зөрүүлж үсдэж авсан. Тэгээд С бид хоёр үсдэлцэж байгаад газар унаад би Сыг 2-3 удаа цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх 27/,

 

            Хохирогч П.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажлын эгч Уламбаяртай хамт гадуур явж байсан чинь орой 22 цагийн үед Цоомоо эгч над руу залгаад би Оргил пабд байна, чи хүрээд ир гэхээр нь яваад очиход байгаагүй. Тэгэхээр нь утас руу нь залгасан чинь спорт зааланд байна хүрээд ир гэхээр нь очсон. Тэгээд заалнаас гараад Ө эгч, Цоомоо эгч бид гурав хамт явсан. Тэр хоёр Оргил пабд оръё гээд бид гурав хамт явсан. Тэгээд Оргил пабд ороод сууж байхад Ө эгч би маргаашийнхаа ажлын амжуулъя гэж хэлээд гараад явсан. Цоомоо эгч бид хоёр 2 лааз пиво уучхаад дахин 4 лааз пиво захиалсан. Бид хоёрыг сууж байхад Оргио гэдэг залуу орж ирсэн. Тэгээд бид гурав хамт сууж байсан чинь Цоомоо эгч миний дүү хэдэн оных билээ гэхээр нь би яасан гэсэн чинь би чамайг хэдэн оных юм бэ гэж асууж байна хэлээч гэхээр нь та яагаад байгаа юм бэ? би явлаа гэсэн чинь Цоомоо эгч миний гар цүнхийг авчхаад өгөхгүй байсан. Би гэр лүүгээ гарч яваад буцаж цүнхээ авахаар ирэхэд Оргил тэр хоёр миний гар цүнхийг Оргил пабд орхичхоод явчихсан байсан. Би цүнхээ аваад гэр лүүгээ явж байхад Цоомоо эгч миний ард талд Оргиотой хамт явж байгаад утсаар яриад би одоо наадхыг чинь зохицуулчихъя гээд намайг араас дуудахаар нь би явлаа танаас айж байна гэсэн чинь 9 дүгээр байрны хойд талд миний энгэрээс татчихаад намайг явуулахгүй байхаар нь гарыг нь тавиулах гэхэд тавихгүй байсан. Тэгээд би муудалцаад яахав гээд гар хүрэхгүй их тэвчсэн. Тэгсэн чинь бүр салж өгөхгүй зууралдаад гараараа уруул хэсэг рүү цохихоор нь уурлаад та өөрөө эхэлсэн шүү гээд цааш нь түлхээд үсдэхэд Оргио салгасан. Тэгээд би Цоомоо эгчийг үсдсэн байснаа тавьчихсан Оргио намайг барьчихсан байсан. Тэгээд би Оргиод намайг тавьчих би эвээр ярилцъя гэсэн чинь тавихгүй байсан. Тэгтэл Цоомоо эгч миний цавь орчимд өшиглөсөн. Тэгээд намайг үсдээд гартаа ороож байгаад татаад унагасан. Тэгээд газар уначхаад намайг хөлөөрөө жийгээд байсан. Би гарыг нь тавиулах гээд гараас нь чанга базсан чинь тавихгүй болохоор нь би зөрүүлээд үсэдсэн. Тэгээд би та миний үсийг тавьчих гэсэн чинь цуг тавья гэхээр нь би үсийг нь тавихад миний үснээс зуурчхаад тавихгүй байсан. Би гүрийгээд босож ирээд үсээ тавиулсан. Тэгээд хэрэлдэж байгаад намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Би адилхан эмэгтэй хүмүүс байж нэгнийгээ ингээд яахав гэж бодоод чимээгүй байсан. Сүүлдээ тэсэхээ болиод Ө эгчийг дуудсан чинь Ө эгч ирчхээд надад уурлаж байгаад Цомоо эгч рүү явсан. Тэгээд би гадаа уйл сууж байгаад гэртээ орсон. ...би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний биед толгойн зүүн хэсэгт хавдаж үс нь халцарсан, толгой их хөндүүртэй байна. хүзүү хөшиж өвдөөд байгаа. Зүүн талын хацарт маажсан, уруул дотор талдаа язарсан, гар хөндүүртэй хавдаж хөхөрсөн. Мөн цавь хэсэгт Цоомоо эгчид өшиглүүлсний улмаас хавдсан байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Цоомоо эгч бид хоёр эвлэрч учир зүйгээ олцгоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,

 

            Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр найз Цоомоогийн хамт Оргил пабд 17 цагийн үед ороод Цоомоо 4 лааз пиво уугаад би 2 кола, 4 мантуун бууз авч идээд 21 цагийн үед гараад Шивээ-Овоо ХК-ний уурхайчдын заал руу очсон. Тэгээд орой 22 цагийн үед заалнаас гараад Цоомоо, Согийн зарж байсан зүүлтийг үзнэ гээд дуудчихсан гээд бид гурав Оргил пабд орсон. Би ороод удаагүй дэлгүү орчхоод ирье гэж хэлээд гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд намайг шөнө 1 цагийн үед гэртээ байж байхад С над руу 3 удаа залгахаар нь би утсыг нь авалгүй тасалсан. Тэгээд дахиад залгахаар нь утсаа авахад Цоомоо эгч намайг зодчихлоо гээд орилоод байхаар нь би хүүхдээ унтуулчхаад гараад очъё гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд хүүхдээ унтуулчхаад гарч ирээд Сотой уулзахад Цоомоо эгч намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд Цоомоотой уулзсан чинь “Согоос хэдэн оных вэ? гэж асуухад хэлэхгүй урдаас хэгжүүрхээд, хоорондоо маргалдсан чинь үсдээд авсан, тэгээд зодолдчихлоо” гэж хэлсэн. Цоомоо надтай байх үедээ 4 лааз пиво уусан. Дараа нь тэр хоёрыг хамт уусан эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

 

            Гэрч Ц.Оргио мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 07-ны орой гэртээ байж байгаад 23 цагийн үед Ц эгч рүү залгасан чинь Оргил пабд байна гэхээр нь очсон чинь Стой пиво уучихсан сууж байсан. Тэгээд би нэг пиво уугаад сууж байтал Ц эгч Сос хэдэн настай вэ? гэхэд С “та миний насаар яах гээд байгаа юм” гээд уурласан. Тэгээд бид нар Оргил пабаас гарахад Ц эгч С хоёр хэрэлдээд нэг нэгнийгээ үсдээд авсан. тэгээд тэр хоёр хоорондоо нэг нэгнийгээ цохиод эхлэхээр нь би дундуур нь ороод салгасан. Тэгээд салгахад Сын нүүрний зүүн хэсэгт нь Ц эгч маажчихсан байсан. Өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл тэр хоёрт байгаагүй. Бас С Ц эгчийг миний үсийг ямар их зулгааж унагасан юм бэ? гээд уурлаад байсан. Тэгээд С салаад явахаар нь би гэр лүүгээ явсан. Ц эгч их нийтэч, хүнд тусархуу санагддаг. Ер нь хүнтэй муудаад байдаггүй, олны дунд нэр хүндтэй гэж боддог...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

            Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 209 дугаартай

  • П.Сын биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, дээд уруулд язрал, толгойн хуйх, хацар, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 15-р тал/

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 224 дугаартай

  • Б.Цийн биед баруун хөхний орчимд, баруун гарын шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 19-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Ц нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 1817001440066 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Урианхай овогт Бы Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цийг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ