| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2419001870164 |
| Дугаар | 2025/ДШМ/68 |
| Огноо | 2025-11-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Зуунай |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/68
Б.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор Д.Зуунай,
Хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамханд нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/223 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Бгийн гаргасан давж заалдсан гомдлоор шүүгдэгч Б.Эт холбогдох 2419001870164 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*,
урьд: Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хассан,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:*),
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн * айлын уулзвар дээр * улсын дугаартай Тоёота гранд маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а\ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" 15.9 "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас * улсын дугаартай тоёота приус- 20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч Д.Бгийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний эдийн няцрал, дотуур цус алдалт, гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т тус тус зааснаар Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Шүүгдэгч Б.Эт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эаас 20,221,490 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд, 400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Эд, 3,972,500 төгрөгийг гаргуулж хохирогч О.О нарт тус тус олгож,
Хохирогч нар цаашид гарах хохирол, зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
5.Хохирогч Д.Б давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Эын үйлдлийн улмаас хохирогч Д.Б миний бие нь бие сэтгэл эрүүл мэнд эдийн засгаараа хохирч эдүгээг хүрч байгаа бөгөөд тэр тусмаа миний хувьд бүхэл бүтэн эрхтнээсээ салж маш хүнд амь нас өрссөн хагалгаанд 2 удаа орж одоог хүртэл эрүүл мэндийн байдал маань бүрэн эдгэрч хэвийн байдалд оролгүйгээр удаан хугацааны байнгын эмчилгээг хийлгэж байгаа, Б.Э нь хэрэг шалгагдах хугацаанд хүний урамд надтай нэг удаа уулзаж учирч уучлалт гуйж хохирол төлбөрийн асуудлыг огтхон ч төлөөгүй бөгөөд гэхдээ би шүүх хуралдаан дээр түүнийг хараад адилхан миний хүүхдүүдээс ялгаагүй болохоор нь өрөвдөөд улмаар төлбөрийг төлчихнө байх гэсэн итгэлийг өвөрлөж түүнд төлбөр төлөх боломжит хугацааг дахин олгуулж шийтгэлийн асуудалд хатуу хандаагүй нь алдас болж шүүх хурлаас гарч ирээд надтай уулзахдаа эхний ээлжид боломжоороо 100000000 /арван сая/төгрөгийг төлнө миний нэр дээр хэдэн тооны мал хуй байгаа, улмаар эмээгээрээ тэтгэврийн зээл хийлгэж нэн даруйд данс хөдөлгөж төлөх арга хэмжээ авна гэж амлаад дахин намайг хуурч мэхэлж сураггүй алга болсон төдийгүй түүний надад өгсөн гар утас нь огт холбогддоггүй.
Түүний энэхүү хандлага нь өөрийнхөө буруутай үйлдлийг огтхон ч ойлгож ухамсарлаагүй гэмшиж зовниогүй, хохирлыг өөрийнхөө сайн дураараа төлчих сэтгэлгээгүй худлаа өгөөмөр сэтгэлийн дүр исгэж тэр тусмаа өөрийнх нь ээжээс өөрцгүй хохирогч болох миний бие сэтгэлээр ахин давтан тоглож эдийн засгийн хүнд дарамт шахалтыг давхар үзүүлж байгаад маш ихээр гомдож байна, Б.Э маш олон удаагийн ял шийтгэлтэй байсан бөгөөд гэвч тэрээр энэ бүгддээ дүгнэлт хийлгүйгээр настай хүний сэтгэл зүйгээр тоглох хандлагыг гаргаж өвчнийхөө хажуугаар өр төлбөрийн асуудалд ороод байгааг минь зөв зүйтэй ойлгож уг хэргийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү.” гэв.
6.Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Д.Бгийн гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байгаа. Гомдлын гол нөхцөл нь өр төлбөртэй холбоотой өөрөөр хэлбэл Б.Э нь урьдчилж 10,000,000 төгрөг өгнө гээд Д.Бд сэтгэл зүйгээр хууран мэхлэлтэд орж төлбөрөө авч чадаагүй ийм нөхцөл байдал үүссэн. Ер нь бол энэ хэрэг үйлдэгдээд нэлээн урт хугацаагаар үргэлжилсэн энэ хугацаанд Б.Э нь өөрийн санаачилга сайн дураар хохирогчтой огт уулзаж гэм буруугаа ухаарч байгаагүй. Гэвч Д.Б гийн хувьд өөрийн үр хүүхдээс ялгаагүй гэж бодоод урьдчилж өгсөн амлалтад итгээд тэр даруйд нь хариуцлагыг хөнгөрүүлж өгөөч гэсэн хандлагаар хандсан нь миний буруутай үйлдэл гэсэн хандлагаар ярьж байна. Б.Эын хувьд бол олон удаагийн ял шийтгэлтэй хувийн байдал бол нээх тийм сайнгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа, зорчих эрхийг хязгаарлах ял андуурч хараагүй бол 3 дахь удаагийн шийтгэл билүү? 4 дэх удаагийн шийтгэл билүү? Тэгээд энэ бүхий л нөхцөл байдалд өөрийнхөө ээжээс өөрцгүй хүнд арай энэрэнгүй нөхцөл байдлыг үүсгэж одоо хохирогчийг зөндөө өр ширтэй, эмчилгээний зардлаа ч бүрэн гүйцэт хийж чадахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.” гэв.
7.Прокурор Д.Зуунай шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хохирогч Д.Бгаас гаргасан хүсэлттэй бол танилцлаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Эыг бол замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож анхан шатны шийтгэх тогтоол гарч хэрэг бол шийдвэрлэгдсэн байгаа. Шүүгдэгч Б.Эыг удаа дараагийн ял шийтгэлтэй энэ байдалд нь бол ял хөнгөдсөн гэдэг байдлаар хохирогч ярьж байна. Шүүгдэгч маань өмнө нь 5 удаагийн ял шийтгэлтэй байсан сая шүүгчээс уншиж танилцуулсан. Үүнээс 2 удаа зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан байна. Шүүгдэгч маань анхан шатны шүүх хуралдаан дээр бол хохирогч Д.Бд 20,221,490 төгрөг, Энхжинд 400,000 төгрөг, Отгонбаярт 3,972,000 төгрөгийн хохирол төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан байдаг. Гэвч анхан шатны шүүх хуралдаан дээр бол шүүгдэгчийн зүгээс би тухайн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ бол маргаагүй ээ. Би ажил хөдөлмөр эрхэлж тухайн хохирогчид шүүхийн заасан хэмжээгээр хохирлоо бүрэн төлж барагдуулна гэдэг мэдүүлгийг өгч байсан. Мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар бол хуулийн санкц нь нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулах хуулийн санкцтай байсан. Улсын яллагчийн зүгээс бол тухайн үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч маань ажил хөдөлмөр хийж нөхөн төлөх нөхцөл байдлыг харгалзан гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг шүүх хуралдаан дээр гаргаж байсан. За иймд хорих ял оногдуулах гэхээр шүүгдэгч маань 3 хохирогчид учирсан хохирлыг төлөх ёстой байсан учраас энэ байдлыг харгалзаж шүүгдэгчид дээрх ялыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, хохирогч Д.Бгийн гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан эх сурвалжийг магадлан үзвэл:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.
Тодруулбал Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас шүүгдэгч Б.Эыг Дорноговь аймгийн * уулзвар дээр 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн Тоёота гранд маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а\согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 15.9 "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас * улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Ц.Эгийн биед духны шарх бүхий хөнгөн гэмтэл, зорчигч Д.Бд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний эдийн няцрал, дотуур цус алдалт, гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол, хохирогч О.Отгонбаярын тээврийн хэрэгсэлд 3,972,500 төгрөгийн хохирол учруулсан гэж, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Эыг “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийжээ.
Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана гэж мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1, 2.2-т “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн (Эрүүгийн хуулийн 11.6, 17.1,17.3,17.12,27.10 дугаар зүйл) хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж заасан.
Энэ дагуу хохирогч Б.Д.Б гийн сэтгэцэд 2й024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан хор уршиг учирсныг ...гуравдугаар зэрэглэлд хамаарахыг тогтоож, түүний сэтгэцэд учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 22,99 дахин нэмэгдүүлж тооцон 15,173,400 төгрөгийг шүүгдэгч Б.Эаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
2.Харин Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй ба Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учиртай. Гэхдээ энэхүү нөхцөл байдал нь хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж болох үндэслэл мөн тул давж заалдах шатны шүүхээс тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...2.2, ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр...” гэснийг хасаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3.Хохирогч Б.Д.Б “...учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч Б.Э шүүх хуралдааны дараа төлнө гэж амлачхаад төлөлгүй хуурч, мэхэлсэн, сураггүй алга болж, хохирогч миний бие сэтгэлээр тоглож, эдийн засгийн хүнд дарамт шахалтыг давхар үзүүлж байгаад гомдолтой” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авч, хангах үндэслэлгүй учир нь шийтгэх тогтоолын хохирол төлбөртэй холбоотой дүгнэлт, шийдвэр нь нотлох баримтад үндэслэсэн, хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмын зөрчөөгүй байна.
4.Мөн хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй ба уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох шийтгэх тогтоолд заасан хохирол, төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахтай холбоотой гүйцэтгэх хуудсыг Анхан шатны шүүхээс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэрийг биелэгдэнэ.
Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “2.2” гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...2.2, ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр...” гэснийг хасаж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.Бгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Д.МӨНХБҮРЭН
Н.БОЛОРМАА