Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 45

 

М.Эрдэнэчимэгт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч  Н.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 12/01 дугаар шийтгэх тогтоолтой М.Эрдэнэчимэгт холбогдох эрүүгийн 201621010007 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1968 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, урьд ял шийтгэлгүй, Шарнууд овгийн Муучхайгийн Эрдэнэчимэг нь алдуул мал завших гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх “Шүүгдэгч Муучхайгийн Эрдэнэчимэгийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн М.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч М.Эрдэнэчимэгийн 2 тооны үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгон битүүмжлэлийг цуцалж 2 тооны үхрийг М.Эрдэнэчимэгт буцаан олгож, хохирогч Х.Батмөнх нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж ” шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2-т зааснаар тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж нь алдуул малыг завшсан үйлдлээр илэрнэ. “Завших” гэдэг нь хууль бусаар өөрийн эзэмшилд авч захиран зарцуулах ойлголт юм. Гэтэл М.Эрдэнэчимэгийн холбогдсон үйлдэлд бусдын өмчлөлийн алдуул малыг завшсан, захиран зарцуулсан үйлдэл тогтоогдоогүй байна. Мөн өөрийн үхэрт бусдын үхэр нийлсэн гэдгийг орон нутгийн захиргаанд мэдэгдээгүй үйлдэл нь дангаараа гэмт хэргийн бүрэлдэхүүн, зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т заасныг зөрчсөн шүүх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж М.Эрдэнэчимэгийн малд Х.Баянмөнхийн 3 үхэр байсан, 1-ийг нь чоно идсэн, 1 нь алга болсон гэснээр шүүгдэгчийг завшсан гэж дүгнэсэн алга болсон үхрийг шүүгдэгч М.Эрдэнэчимэг өмчлөлдөө авсан, захиран зарцуулсан гэж байна. Үүнээс дүгнэхэд шүүх зөвхөн таамаглалд үндэслэж шүүгдэгч М.Эрдэнэчимэгийг гэм буруутайд тооцжээ. Мөн алга болсон үхрийг өөр айлын малтай нийлсэн эсэх, хулгайлагдсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, мөн үхрийг М.Эрдэнэчимэг завшсан бол зарж борлуулах, нядалж хүнсэнд хэрэглэх гэх мэтээр ямар хэлбэрээр завшсан болохыг тогтоогоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар гэмт хэргийн гарсан байдал буюу хэдийд, яаж үйлдсэн болон бусад байдлыг хэрэг бүртгэлтийн шатанд бүрэн гүйцэд тогтоогоогүй байхад шүүх шийдвэрлэсэн байна. Иймд М.Эрдэнэчимэгт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            М.Эрдэнэчимэг нь иргэн Х.Баянмөнхийн 3 тооны үхэр буюу алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Мөн түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүхийн оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин М.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Н.Оюунчимэгийн “миний үйлчүүлэгч М.Эрдэнэчимэг нь алдуул малыг өөртөө /хувьдаа/ завшсан үйлдэл байхгүй байхад шүүх гэм буруутайд тооцсон тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэх давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзвэл:

Нэг. Хэрэгт авагдсан баримтуудаар иргэн Х.Баянмөнхийн 3 тооны үхэр нь хүний оролцоогүйгээр М.Эрдэнэчимэгийн үхэрт ирж нийлсэн тул тэдгээрийг алдуул мал гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Алдуул малыг олсон этгээд тухайн орон нутгийн цагдаа болон засаг захиргаанд заавал тэмдэглүүлж, эзнийг нь олдтол тодорхой хүний хариуцлагад хадгалуулах, зар түгээх, зан заншил болон эрх зүйн хатуу дэг журамтай.

Энэхүү журам нь малаа алдсан хүний өмчлөх эрхийг хамгаалсан бөгөөд малаа алдсан хүн цаг алдалгүй, ямар нэг эрсдэл буй болгохгүйгээр малаа олж авах эцсийн зорилготой.

Энэ утгаараа уг гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив тал нь алдуул малыг олсон этгээд тухайн орон нутгийн цагдаа болон засаг захиргаанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй эс үйлдлээрээ тухайн малыг өөрийн өмч хөрөнгө мэт захиран зарцуулах боломжийг өөртөө бий болгосноор бүрдэл төгсдөг.

Иймд энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн нь алдуул малыг өөртөө /хувьдаа/ захиран зарцуулсан эсэхээс үл хамрааран үүргээ биелүүлээгүй эс үйлдлээр хэргийн бүрдэл төгсдөг онцлогтой юм.

Хоёр. М.Эрдэнэчимэг нь хуульд заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болох нь түүний өөрийнх нь мэдүүлэг, Баянгол багийн засаг дарга Г.Батсайханы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба харин хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэх баримт хэрэг авагдаагүй байна.

Гурав. М.Эрдэнэчимэгийн хувьд иргэн Х.Баянмөнхийн 3 үхэр өөрийнх нь үхэрт ирж нийлсэн цаг үеэс орон нутгийн засаг захиргаанд мэдэгдэх үүргээ биелүүлэх үүрэг бий болсон бөгөөд энэ үүргээ үл биелүүлсэн тул түүний эс үйлдэл нь удааширсан шинжтэй байна. Удааширсан үйлдэлтэй нэгдмэл гэмт хэргийн тухайд хөөн хэлэлцэх хугацааг уг үйлдэл, эс үйлдэл нь илэрсэн буюу таслан зогсоогдсон цаг үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй юм.

Иймд хохирогч Х.Баянмөнх нь өөрийн алдсан үхрүүдээ М.Эрдэнэчимэгийн эзэмшилд байгааг мэдэж очиж шүүгдэгчтэй уулзсан өдөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сар өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийн хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Н.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсгийг баримталсан атлаа шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж бичээгүйг зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 12/01 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн М.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар М.Эрдэнэчимэгт Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.   

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР

                                ШҮҮГЧИД                                          Д.КӨБЕШ

                                                                                           Б.ДАМБА