Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 604

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Б.Батхишиг,

шинжээч Д.А, Ж.М,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Х.Даваахүү

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Бэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2400 0856 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Б нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 06 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 22-ын товчооны зам, М дэлгүүрийн урд замд буюу зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан Faw EQ1170 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үед нь тээврийн хэрэгсэлд эвдрэл үүсэн улмаар  зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино”, 3.6-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгслийн араас С.Бжолоочтой Nino Ranger маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:  

            Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :   

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал схем зураг, цогцосны үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /1х, хх-8/

- хохирогч А.Брын мөрдөн байцаалтад өгсөн:...Аав 1969 оноос 1979 оны хооронд Өмнөговь аймгийн Д сумын 0-р сургуульд элсэн орж 10 дугаар ангиа төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1984 оноос 1990 оны хүртэл Авто тээврийн 32 дугаар баазад авто-механикаар, 1997 онд “Б” ХХК-ийг үүсгэн байгуулж, үүнээс хойш уг компаний захирлаар ажиллаж байсан юм. Миний аав төлөв даруу, дуу цөөтэй найрсаг хүн байсан. Шалгагдаж байсан удаа байхгүй. 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 2 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч компанийхаа оффис дээр очиж машинаа бариад ачигч Сгийн хамтаар 2016 оны 10 дугаар сарын 29-с 30-нд шилжих шөнө 00 цагаас 01 цагийн хооронд ГовьС аймгийн С сумаас гарсан гэж эхнэрээсээ сонссон. Тэрнээс бол өөр зүйл мэдэхгүй. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчимд эхнэр Ц нь надруу залган утсаар ярьж аав зам тээврийн осолд орсон байна гэж хэл дуулгахад нь л мэдсэн. Архаг хууч өвчингүй. Ээж маань хоёр жилийн өмнө нь зам тээврийн ослоор өөд болсон. Маш их гомдолтой байна. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 12 сая төгрөг зарцуулсан. Оршуулганы зардал болон машины засварын мөнгийг нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг /1х, хх-30/

шүүх хуралдаанд өгсөн...Миний аав машиныг бага залуугаасаа жолоодсон. Хөдөө замд ажил амралтаа сайн зохицуулдаг. Зогсоо зайгүй өдөржин шөнөжин явдаггүй. Хувиараа бизнес эрхэлдэг, компаний захирал хүн бусдын буруутай үйл ажиллагааны улмаас амь нас нь хохирсон нь бидэнд маш том  гарз болсон. Машин эвдэрсэн асуудал тухайн хувь хүний өөрийнх нь асуудал. Бид бүгд хуулийн дагуу ажиллаж амьдардаг. Төв замын зөвшөөрөл аваад явж байсан. С гэж хүн манай аавтай хамт туслахаар ажиллаж байсан. Тэрээр тухайн осол гарах үед би унтаж явсан, юун хүмүүстэй ярих битгий хэл, ярих сөхөө ч  байгаагүй цагдаад хэлэх гэж 20 минут ээрч гацсан гэж хэлсэн байдаг. Хохирлын хэмжээ баримтаар оршуулгын зардалд 10.991.636 төгрөг зарцуулсан, автомашины зардал 18.740.000 төгрөг, үнэлгээчний хөлс 500.000 төгрөг, 2.000.000 төгрөг өмгөөлөгчийн зардал гарсан. Би маш их гомдолтой байна. Хэрэг удааширч ирж очих зардал гарсан үүнийг төлчих гэхэд төлөөгүй. Сэтгэл санаагаар унаж байна. Аавын эрхэлж байсан бизнес сайнгүй байна. Сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

- гэрч Сгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд С.Бнь Hino Ranger маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь би суугаад ГовьС аймгийн С сумаас Улаанбаатар хот руу гарч яваад замдаа 18-н баянталд зогсож хоол идчихээд явсан. Тэгээд ойролцоогоор 04 цагаас 05 цагийн хооронд Улаанбаатар хотод орж ирээд Эмээлт рүү очих зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22-ын товчооны замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байгаад Номин худалдааны төвийн зогсоол дээр очиж зогссон. Тэгээд бид хоёр хэсэг унтаад хөдлөөд явсан. Тэр үед би нойрмоглоод л явж байсан ба гэнэт л түс тас гэх чимээ гарч зогсож байсан машины араас очоод мөргөчихсөн. Улмаар би арай гэж машинаас гарсан чинь клонкийн түгээгч залуу ирж 102,103-т дуудлага өгсөн. Ингээд эхэлж түргэн тусламж ирж намайг үзээд явсан дараахан замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн нь онцгой байдлын алба хаагч нартай ирсэн. Осол болох үед би зүйрмэглээд явсан. Би зүүн гар талд нь сууж явсан. Би эрүүл явж байсан, зүйрмэглэж явсан болохоор замын хөдөлгөөн ямар байсныг нь мэдэхгүй байна. Жолооч эрүүл байсан. Цаг агаарын байдал тогтуун, дөнгөж л гэгээ орж байсан, замын гэрэлтүүлэг байсан эсэхийг нь анзаараагүй, хальтаргаа гулгаа байсан. Миний мөр л хүндүүрлээд байна. Ил харагдах ямар нэгэн гэмтэл байхгүй би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тухайн автомашины жолооч тал авах юмгүй болсон...гэх мэдүүлэг /1х, хх-76/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 1993 тоот:...Талийгаачийн цогцост 2 тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай, баруун тал бөмбөлөгийн дагз, бага тархины орой хэсгийн аалзан бүрхүүлийн цус харвалт, цээжний хөндий дахь 450 мл цус, цагаан мөгөөрсөн хоолойн 1, 2-р цагирагийн ар хэсгийн тасрал, цус хуралт, 2 уушигний уг болон урд гадаргуугийн няцрал, үнхэлцэг хальс, зүрхний ар дээд болон гол судасны гадаргууд цус хуралт, хүзүүний 1-р нугалмын салсан хугарал, өвчүү ясны шууд, 2 талын олон хавирганы шууд бус хугарал, баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн тавхайн шивнүүр яснуудад бяцарсан ил хугарал, зүүн шуу, богтос ясны далд хугарал, хуйханд шарх, духанд зулгаралт, шарх, баруун хөмсөгт зулгаралт, зүүн хөмсөг, хамарт шарх, зүүн зовхинд цус хуралт, 2 хацар, зүүн нүдний гадна талд, оочны доор зулгаралт, дээд, доод уруул, оочинд шарх, зулгаралт, 1 шүдний булгарал, 4 шүдний хугарал, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, баруун тохой зүүн эгэм, баруун сарвуунд зулгаралт, баруун гуянд зулгаралт, шарх, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун шагайд зулгаралт, баруун тавхайд цус хуралт, зүүн бугуй, зүүн сарвуу, баруун гуянд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт, шарх, зүүн шилбэ, тавхайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын үед /автомашины бүхээгт суугаа байрлалд/ үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Талийгаач дээрх толгой, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Нас барах үедээ согтолтгүй байжээ. 2-р бүлгийн цустай байна. Талийгаачид үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /1х, хх-94-97/,

            - Авто тээврийн үндэсний төв, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 61496 тоот:....Dong Feng маркийн ачааны Сүмбэр …. ТӨВ улсын дугаартай автомашин нь техникийн шаардлага, бүрэн бүтэн байдлыг ерөнхий байдал, иж бүрдэл хөдөлгөөний аюулгүй байдлын хувьд стандартын шаардлага хангахгүй бүрэн бус байна. Уг автомашины хувьд өнгө үзэмж дунд зэрэг, зүүн хойд гэрэл хагарч эвдэрсэн, зүүн урд дохио асахгүй, дуут дохио ажиллахгүй, ухрах арааны гэрэл асахгүй, тоормозны гэрэл асахгүй, тэвш зүүн хойд талаараа хонхойсон, баруун урд ойрын гэрэл асахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ-26.9 мм, 1, 2-р тэнхлэгийн ажлын тоормоз ажиллахгүй, зогсоолын тоормоз барихгүй байна. 3, 4-р асуултад хариулахад уг тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -26.9 мм стандартын шаардлага хангахгүй байгаа нь жолоочид руль булаах байдлаар нөлөөлж болох хэдий ч уг осолд хэрхэн нөлөөлхийг нарийн тодорхойлох боломжгүй, 1, 2-р тэнхлэгийн тоормозны хүч нь сул зогсохгүй байгаа нь тоормозны зам уртсах байдлаар нөлөөлж болно. Урд их гэрэл стандартын шаардлага хангахгүй байгаа нь жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлөх боловч уг осолд хэрхэн нөлөөлснийг нарийн тодорхойлох боломжгүй. Зүүн хойд гэрэл хагарч эвдэрсэн, тэвш зүүн хойд талаараа хонхойсон, ухрах арааны гэрэл асахгүй зэрэг гэмтэл нь ослын үед үүссэн байх магадлалтай байна. Бусад гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн байх боломжтой байна. 6-р асуултад хариулахад тоормозны систем хийн дамжуулгатай хэвийн ажиллагаатай байна. Автомашин тоормозлох үед замын гадаргуугаас хамаарч тоормозны мөр үүснэ...гэх дүгнэлт /1х, хх-117/,

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 6721 тоот:....Шинжилгээнд ирүүлсэн Hino Ranger маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй болсон байна. Автомашины бүхээгний баруун хэсэг дотогшоо чихэгдэж хянах самбар хагарч цахилгааны утас салж унжсан, жолооны хүрд гулзайж салсан, тоормозны дөрөө гулзайж битүүмж алдагдсан. Баруун урд хаалга чихэгдэж хэлбэрээ алдаж хаалганы цонхны шил хагарсан, урд салхины шил, зүүн талын хаалганы шил, бүхээгний хойд хэсгийн шилнүүд хагарсан. Тэвш баруун хэсгээрээ шахагдаж гулзайсан. Урд бамбай ангайж салсан, баруун, зүүн талын толины суурь хугарч, толь хагарсан. Дээвэр баруун хэсгээрээ хонхойсон, урд тэнхлэг гажсан, баруун талын дохионы гэрэл хагарсан, зүүн талын дохионы гэрэл байхгүй. Урд тэнхлэгийн амортизатор чих хэсгээрээ хугарч салсан зэрэг гэмтлүүдтэй байна. Автомашинд үүссэн дээрх гэмтэл нь ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй. Автомашины эвдрэл гэмтлээс тоормозны битүүмж алдагдсан тул тоормозны механизмын ажиллагааг шалгах боломжгүй. Тоормозны механизм нь хий шингэн хосолсон. Автомашин тоормоз гишгэх үед зам дээр тоормозны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтооно...гэх дүгнэлт /1х, хх-125-126/, 

- Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 11/25 дугаартай:... Жолооч Т.Б-ийн автомашинд анх тохиолдсон гэмтэл нь түлш хэт царцсаны улмаас хөдөлгүүр унтарсан, унтарсан хөдөлгүүрийг асаах гэж стартерийг ажиллуулан гэмтээсэн зэрэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтанд заасан эвдрэл гэмтэлд хамаарагдахгүй тул 2.3 а заалтыг зөрчсөн гэж үзэхгүй. Жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7 дугаар заалт буюу “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэснийг баримтлан автомашиныг зорчих хэсгээс нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авах ёстой байсан. Жолооч Т.Бийн автомашин зогссон зам нь ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн жолооч нарт харагдах боломжтой байсан гэж үзэж байна. ...улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. ...улсын дугаартай автомашин нь осол болохоос өмнө замын нэг хоёрдугаар эгнээгээр явж байсан эсэхийг тогтоох бболомжгүй байна. Харин осол болсны дараа, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаас харахад нэг ба хоёрдугаар эгнээг дамнан зогссон байгаа бөгөөд энэ нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй. Талийгаач Б нь осол хэргийн бүдүүвч зургаас үзэхэд ...улсын дугаартай автомашины тоормосны мөр гарсан байгаа тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй. Т.Б-ийн жолоодож явсан автомашиныг чирч зайлуулахад уг автомашинд үүссэн эвдрэл саад болохгүй буюу чирч зайлуулах боломжтой байсан гэж үзэж байна...гэх    дүгнэлт /2х, хх-17-21/,

            - Замын цагдаагийн албаны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 718 тоот:...Faw EQ маркийн .... улсын дугаартай автомашины жолооч Т.Б нь МУ-ын ЗХД-ийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормозны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно. 11.7 Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино, 6.3 Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Hino Ranger маркийн ...улсын дугаартай автомашины жолооч С.Б нь МУ-ын ЗХД-ийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарахад замыг тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.../1х, хх-170-171/

- шинжээч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Хориглосон газар зогсоход авах арга хэмжээний дараалал гэж байдаг. Зайлшгүй зогсолт хийсэн бол замаас тээврийн хэрэгслийг нэн даруй зайлуулах ёстой. Тээврийн хэрэгсэлд байх тэмдгийг таних тэмдэг гэж нэрлэдэг. Энэ нь араас нь ирж байгаа жолоочид зам дээр тээврийн ямар нэгэн хэрэгсэл байна, эвдрэлтэй гэсэн ямар ч мэдээлэл өгөхгүй. Ослын  дохион тэмдэг нь зам дээр саад бий болсон аюул үүсэж болзошгүй, арга хэмжээ ав гэдэг мэдээллийг өгдөг байна. Нэг тэмдэг нь осол болох гэж байна гээд ослоос сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Нөгөө тэмдгийн хувьд жолооч ямар нэгэн арга хэмжээ авах ёсгүй. Цаг хугацаа, зайлах хугацааны хувьд өөр өөрөөр нөлөөлнө. Тодорхой зайнаас харагддаг, зогсох эсвэл тойроод гарах ёстой гэсэн арга хэмжээ авна. Хүн дор хаяж 1 секунтын дотор юмыг самбаачилж ялгаж, ухаарч ойлгоно. Ослын тэмдэг тависан тохиолдолд амжаад мөргөхгүйгээр ард нь зогсох боломжтой. Ослын тэмдэг тавиагүй нь осол гарахад маш ихээр нөлөөлнө. Тухайн машиныг замаас гадагш гаргаж тавина гэсэн үг. Миний ойлгож байгаагаар дэргэд нь шатахуун түгээх станц байсан. Чирүүлээд зайлуулж болно. 20 тонн даацтай машин гэхэд дугуйны өнхрөлтын эсэргүүцэл 0,02 байлаа гэж бодоход 100 гр хүчээр татдаг хүчтэй тээврийн хэрэгслийн хүнд араагаа залгаад хөдлөх боломжтой. Өөрийнх нь масс бага байсан ч хөдөлгөх боломжтой. Шатахуун түгээх станцаас өвлийн шатахуун аваад соруулж байгаад тээврийн хэрэгслээ зайлуулах арга хэмжээ авах боломжтой. Стартер байхгүйгээр шатахуун соруулаад тусдаа саванд хийж байгаад гар насосаар татуулаад машин асаад тодорхой зайнд явна. Дараалал буруу хийсэн байна. А цэгээс мөргөх хүртэл тоормосны мөр байгаагүй гэж А шинжээч хэлж байна. Мөргөсөн тээврийн хэрэгслийн жин, мөргөгдсөн тээврийн хэрэгслийн жин, түрсэн хэмжээ гэсэн хүчний харьцаанаас шалтгаалан хурдыг тодорхойлох боломжгүй. Тухайн автомашины дугуй хээ ямар байсан, замын гадаргуу хэр арзгар байсан, ачаа нь хаанаа төвлөрсөн байсан зэргийг тооцох ёстой. Манайд хэрэглэж байгаа аргачлалаар үүнийг тодорхойлох боломжгүй. Зөвхөн тэр байрлалд байсан гэдгээр нь жолоочийг дүрэм зөрчсөн гэж тогтоож болохгүй. Амь хохирогч машиныг ойртож ирээд зайлах гэж эгнээ унуулсан ч юм уу, тэр тухайн үеийн байдлыг бид мэдэхгүй. Эгнээ унуулаад явсан байсан ч осол гарах шалтгаан биш. Харин ч 1 дүгээр эгнээгээр явсан жолооч хажууд нь сууж явсан хүн хоёулаа осолд орох боломжтой байсан. Замын хөдөлгөөний дүрэмд баруун гар талын хөдөлгөөний журамтай. Бусад эгнээ чөлөөтэй ч гэсэн 1 дүгээр эгнээ чөлөөтэй бол 1 дүгээр эгнээгээ барьж явах ёстой. Тойрч гарах, гүйцэт түрүүлэх, эсвэл эгнээ чөлөөгүй бол дараагийн эгнээндээ орно. Ослын тэмдэг тавиагүй болон осол гарсан гэдгийг мэдээгүй учраас хэтэрхий ойртож ирээд осол гаргасан байна. Замын нөхцлийн хувьд хөдөлгөөн чөлөөтэй, зам гэрэлтүүлэгтэй, өглөөний 6 цаг байсан. Хамгийн аюултай цаг үдшийн бүрий, үүр гэгээрэх нь хүнд хамгийн халтай байдаг үе. Тэр жолооч ядарсан эсэхийг техникийн шинжээч тогтоох ёсгүй. Хуульд зааснаар техникийн шинжээч хариулахгүй. Тээврийн хэрэгслийг эхний ээлжинд зорчих хэсгээс зайлуулах ёстой. Зорчих хэсгээс зайлуулах боломжгүй тохиолдолд ослын зогсолтын тэмдэг тавих ёстой. Тухайн автомашиныг зорчих хэсгээс зайлуулах боломжтой байсан...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/        - шинжээч Д.А шүүхийн хэлэлцүүлэг өгсөн:...Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 гэсэн заалтыг тавихдаа мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй байсан. Амь хохирогч шөнөжин яваад амраад Номингоос 22-ын товчоо ороход 1 цаг орчим амарсан жолоочийг бололцоотой амарсан гэж үзсэн. Ослын газарт гарсан дугуйны мөрийг тоормосны мөр гэж үзээгүй. Зүүн хойд талын дугуйн мөр А цэг өнгөрсний дараа байсан. Машин 8 метр түрэгдэх үед машины мотор унтарсан байх боломжтой учраас дугуй чирэгдэж дугуйны мөр гарсан байх боломжтой. Мотор унтарснаас хойд дугуй эргэхээ болиод дугуйны мөр гарсан. Мөргөхөөс өмнө зогсоох арга хэмжээ аваагүй, мөргөхөөс өмнө дугуйн мөр гараагүй. Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25 гэсэн заалт байдаг. 7.2-оос 7.8 гэсэн тэмдэглэлийг аль ч талаас нь давахыг зөвшөөрнө, унуулж явахыг хориглоно гэсэн заалт байгаа. 7.5 гэсэн тэмдэглэл нь эгнээний хилийг заадаг. А цэгээс баруун гар тийш хашлага хүртэл 2.8 метр. Тухайн зорчих хэсгийн өргөн нь 10 метр 40 см байна. Нэг эгнээний өргөн 3.5 метр орчим байна. Тэгэхээр 7.5 гэсэн тэмдэглэгээг унуулж явсан буюу 1, 2 дугаар эгнээ унуулж явсан байна. Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 гэсэн заалтаар хашлагатай замд хашлага шахаж зогсоно, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно гэж заасан. Тэврийн хэрэгслийг нэн даруй зайлуулах арга хэмжээ авна. Б тээврийн хэрэгслээ зайлуулаагүй. Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заагдсан зөрчилтэй тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно. Тухайн машин техникийн үзлэгээр тоормосны систем тэнцээгүй. Энэ нь энэ заалтад хамаарна. Замын хөдөлгөөнд оролцох ёсгүй байсан. Нэг дүгээр эгнээнд зогсож байгаа тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний чиглэлд саад болсон. Камерийн бичлэгээс харахад өглөө гэгээтэйд осол гарсан байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн шаардлагыг энэ осол болох уу үгүй юу гэдэг үнэмшлээр биелүүлэхгүй биш. Биелүүлэх үүрэгтэй. Ослын тэмдгийг тавих үүрэгтэй. Ослын тэмдэг тавиагүй нь осол гарахад шууд нөлөөлөхгүй. Жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-т заасныг зөрчсөн. Ослын тэмдэг тавиагүй нь зөрчил болсон. Ослын тэмдгийг тавих шаардлагыг биелүүлээгүй. Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-б-д хамаарна...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- шинжээч Д.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…Faw EQ маркийн .... улсын дугаартай автомашины жолооч Т.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 а дахь  хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Уг дүгнэлтэд зогсоолын болон ажлын тоормоз нь тус тус ажиллахгүй байсан. Иймд гэмтэлтэй тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөнд ашиглахыг хориглодог. Уг автомашины жолооч нь шатахуун түгээх станцаас зорчих хэсэг рүү нийлсэн гарц бүхий замд зогсоод, замын хөдөлгөөнд оролцогч нарт анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байрлуулаагүй байсан нь дүрмийн 11.7, 6.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Камерийн бичлэгийг үзэхэд Hino Ranger маркийн ...улсын дугаартай автомашины жолооч Б нь үзэгдэх орчин чөлөөтөй, үзэгдэлт хэвийн замд машинаа зогсоох арга хэмжээ авахгүйгээр зорчих хэсэг дээр зогсож байгаа автомашиныг мөргөсөн нь МУ-ын ЗХД-ийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Камерын бичлэгийг үзэхэд Nini Ranger маркийн  ...улсын дугаартай автомашины жолооч С.Б нь үзэгдэх орчин чөлөөтэй үзэгдэлт хэвийн замд машинаа зогсоох арга хэмжээ авахгүйгээр зорчих хэсэг дээр зогсож байгаа автомашиныг мөргөсөн нь МУ-ын ЗХД-ийн 9.2 хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...гэх мэдүүлэг /1х, хх-172/,

            - Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт /1х, хх-4/

            - Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1х, хх-10-11/

            - Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /1х, хх-13/

            - Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22 дугаар товчооны зам, Малчин дэлгүүрийн урд замд буюу зүүнээсээ баруун чиглэлд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд цэнхэр өнгийн урт ачааны улсын дугаар нь тодрох боломжгүй тээврийн хэрэгсэл нь зогсож байх бөгөөд Дашваанжил ХХК-ийн 15 дугаар салбарын газ түгээгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд гэрэл нь асаалттай бараан өнгийн Хьюндай Соната 6 маркийн улсын дугаар нь тодрохгүй тээврийн хэрэгсэл нь баруунаасаа зүүн чиглэлтэй хараад зогссон байдалтай газ авч байлаа.  Уг Хьюндай Соната 6 маркийн улсын дугаар нь тодрохгүй тээврийн хэрэгслийн хажууд түгээгч нь газаа өгөөд зогсож байх үед 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 07 цаг 47 минут 00 секундэд цагаан өнгийн том оврын ачааны битүү бүхээгтэй улсын дугаар нь тодрохгүй тээврийн хэрэгсэл нь замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсож байсан цэнхэр өнгийн урт ачааны улсын дугаар нь тодрохгүй тээврийн хэрэгслийн араас мөргөхөд тоос босоод хоёр тээврийн хэрэгсэл хэсэг зуур яваад зогсож байлаа...гэх /1х, хх-25-26/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1х, хх-27/,

            - Хохирол төлбөрийн баримтууд /1х, хх-46-68, 72-73/,

            - Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /1х, хх-107/,

            - Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /1х, хх-122/,

            - Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийтгэврийн хуулбар /1х, хх-184/

            - Тээврийн хэрэгслийн лавлагаа /1х, хх-194/

            - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1х, хх-196/

            - Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1х, хх-198/

- гэрч Ж.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд би өөрийн танил болох Т.Б-тэй утсаар холбогдож Төв аймгийн Цээл сум руу явах гэсэн юм, иймд чи намайг аваад явчих гэсэн чинь тэгье тэгье хоёулаа цуг явъя, та хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баянхошуунаас автобусанд сууж Сонсголонгийн замын Монос руу 17 цагийн орчимд очсон. Тэгээд Т.Б нь өөрийн эзэмшлийн  Faw маркийн ...улсын дугаартай том оврын ачааны машиныг жолоодон кабинд нь би суугаад Төв аймгийн Цээл сум руу очих зорилгоор хөдөлж яваад замдаа нүүрс ачаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22-н товчооны замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байтал пижигнэж ирээд машин нь унтарсан. Тэгэхэд нь Т.Б нь түлхүүрээ дахиж дарж үзсэн боловч астачир нь авахгүй болохоор нь бид хоёр урд гопудыг нь сөхөөд астачираа тайлж аваад такси бариад нэгдүгээр хороолол руу астачираа янзлуулах гэсэн боловч хаачихсан байсан. Тэгээд бид хоёр эргээд машин руугаа очоод замынхаа хойд талд байх Дашваанжил шатахуун түгээх станцын хүмүүст машинаа захиад Энхжин худалдааны төвийн урд талд байх зочид буудалд орж хоносон. Тэгтэл 06 цаг өнгөрч байхад Т.Б-ийн утас руу цагдаа залгаад машины чинь араас машин орчихсон байна гэж ярьсан. Тэгээд би Т.Бийн хамтаар такси бариад ослын газарт очиход цагдаа болон онцгой байдлын алба хаагч нар ирчихсэн Т.Б-ийн машины араас орсон машины жолоочийг гаргах гээд байж байсан. Зуны түлштэй байсан болохоор пижигнэж ирээд л машин нь унтарчихсан. Ослын тэмдэг тавиагүй, харин би хоёр ширхэг чулууг машины ард талд 6 орчим метрийн зайтай тавьсан...гэх мэдүүлэг /1х, хх-78/,

            - шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…Ойролцоогоор нэг сарын өмнө би Faw маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг танихгүй хувь хүнээс 8.8 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэр үедээ машины өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би найз Цгийн хамт гадуур явж Faw маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр .... улсын дугаартай болгож авсан. Тэгээд би орой 18 цагаас 19 цагийн хооронд Сонсголонгийн уулзварын хажууд байх Моносоос машинаа аваад Төв аймгийн Цээл сум руу явах зорилгоор замаараа 4 тонн нүүрс ачаад Ц гэх залуугийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 22-н товчоо явах замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байтал түлш царцаж машин унтрахаар нь зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон. Би хэсэг асаахгүй байж байгаад хэд хэдэн удаа түлхүүрээ дарсан боловч астачир авахаа больчихсон. Ингээд би Ц-гийн хамт астачираа тайлж аваад тэр хавьд хүмүүсээр засуулах гэсэн боловч үнэтэй дугараад байхаар нь янзлуулж чадалгүй машинаа тэндээ орхиод найз Цгийн хамт яваад зочид буудалд хонохоор явсан. Би Ц-гийн хамт эргэж 00 цаг өнгөрч байхад машин дээрээ очиж клонкийн түгээгч залууд машинаа захиж үлдээгээд эргэж зочид буудал руугаа явсан. Өглөө ойролцоогоор 07 цагаас 08 цагийн хооронд утсаа асаасан чинь дуудлага ирсэн байхаар нь тэр дугаар луу эргэж залгахад Замын цагдаагийн газрын жижүүр байна, таны машины араас машин мөргөж зам тээврийн осол гаргасан байна гэж хэлэхээр нь би найзынхаа хамт ослын газарт очиход миний машины араас том оврын ачааны машин мөргөчихсөн, жолооч нь өөд болчихсон, цагдаа болон онцгой байдлын алба ирчихсэн байсан. Тэр үед машин асахгүй, чирэх боломжгүй байсан учраас яах аргагүй зогссон газар нь машинаа үлдээгээд өглөө янзлаад явна гэж бодоод явсан. Ослын тэмдэг тавиагүй. 2005 онд жолооч болж үүнээс хойш машин барьж байна…Сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрэлтэй газар зайлшгүй машин эвдэрч хөдлөх болон чирээд авч явах боломжгүй байсан тул машинаа эвдэрсэн газар нь буюу замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд үлдээгээд явсан. Хэрэв жижиг оврын суудлын автомашин байсан бол бас нэг өөр хэрэг байх…Ослын тэмдэг, тэмдэглэгээ тавьсан зүйл байхгүй. Харин машиныхаа ард хоёр ширхэг чулуу л тавьсан. Тухайн үед жолоо барих эрхийн үнэмлэх хүчинтэй байсан. 2016 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр байцаагч, цагдаагийн ахмад Э нь 1 жил 3 сарын хугацаатай жолооны эрхийг маань хассан. Талийгаачийн оршуулгын зардалд мөнгө өгсөн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1х, хх-139, 178/,

- шүүгдэгч Т.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би машиныхаа нэрийг шилжүүлж аваад Моносын уулзвараас Төв аймгийн Цээл сум руу хөдөлсөн. Замаасаа нүүрс ачаад 22-ын товчооны цаана байдаг Газ шатахуун түгээх станц дээр ирээд машин эвдэрч 1 дүгээр эгнээнд машинаа тавиад, машинаас засах гээд буцаж Улаанбаатар хот орсон. Сэлбэг хайгаад олдоогүй маншинаа тэнд нь орхисноос болоод маргааш өглөө нь машин араас орж хүний амь нас хохирсон. Маргааш өглөө нь намайг ирэхэд бүх шатны мэргэжилийн хүмүүс ирсэн байсан. Тухайн үед хамт явж байсан гэрч С надад хэлэхдээ манай жолооч Чойроос гараад замдаа үүрэглэж яваад ирсэн, би хот ороод жаахан амрах уу гэж хэлэхэд зүгээр зүгээр гээд яваад байсан. Номин агуулах худалдааны зогсоол дээр ирээд 1 цаг амраад хөдөлсөн гэж хэлсэн. Дараа нь хэлэхдээ ямар ч аргагүй үүрэглэж яваад ийм зүйл боллоо гэж надад болон надтай хамт явсан Цогтгэрэл, шатахуун түгээгч 2 хүнд хэлсэн байдаг. Эдгээр хүмүүсийн хэлсэн зүйлийг хавтаст хэрэгт оруулах гэж 2017 оны 01 дүгээр сарын 19-нөөс прокурор Батхишиг болон байцаагчид эдгээр хүмүүсээс мэдүүлэг авна гэж хүсэлт гаргасан боловч прокурор мэднэ гэж хариу өгснөөс хойш шүүхэд хэрэг ирсэн. Үүнээс болж 2 удаа хэргийг буцаасан. Миний ямар ч хүсэлт биелэгдээгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг зэрэг болно.

Шүүгдэгч Т.Б нь 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 22-ын товчооны зам, малчин дэлгүүрийн урд замд буюу зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд Faw EQ1170 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа тус тээврийн хэрэгслээ эвдрэлийн улмаас зогсоох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д заасан “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино, 6.3-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 2016 оны 10 сарын 30-ны өдрийн өглөөний 06 цаг 50 минутын орчимд зам тээврийн осол гарч, жолооч С.Б-гийн амь нас хохирсон болох нь:   

- шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…тэр үед 4 тонн нүүрс ачаад Ц гэх залуугийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 22-н товчоо явах замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байтал түлш царцаж машин унтрахаар нь зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон. Би хэсэг асаахгүй байж байгаад хэд хэдэн удаа түлхүүрээ дарсан боловч стартер авахаа больчихсон. Ингээд би Ц-гийн хамт стартераа тайлж аваад тэр хавьд хүмүүсээр засуулах гэсэн боловч үнэтэй байхаар нь янзлуулж чадалгүй машинаа тэндээ орхиод найз Цгийн хамт яваад зочид буудалд хонохоор явсан...Өглөө ойролцоогоор 07 цагаас 08 цагийн хооронд утсаа асаасан чинь дуудлага ирсэн байхаар нь эргэж залгахад таны машины араас машин мөргөж зам тээврийн осол гаргасан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1х, хх-139, 178/,  

- гэрч Ж.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр...Т.Б нь өөрийн эзэмшлийн  Faw маркийн ...улсын дугаартай том оврын ачааны машиныг жолоодон кабинд нь би суугаад Төв аймгийн Цээл сум руу очих зорилгоор хөдөлж яваад замдаа нүүрс ачаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22-н товчооны замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байтал пижигнэж ирээд машин нь унтарсан...Б нь түлхүүрээ дахиж дарж үзсэн боловч стартер авахгүй болохоор нь тайлж аваад такси бариад нэгдүгээр хороолол руу ирсэн боловч засварын газар хаачихсан байсан...Хойд талд байх Дашваанжил шатахуун түгээх станцийн хүмүүст машинаа захиад Энхжин худалдааны төвийн урд талд байх зочид буудалд орж хоносон. Тэгтэл 06 цаг өнгөрч байхад Т.Б-ийн утас руу цагдаа залгаад машины чинь араас машин орчихсон байна гэж ярьсан...гэх мэдүүлэг /1х, хх-78/,   

- Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын : Жолооч Т.Б-ийн автомашинд анх тохиолдсон гэмтэл нь түлш хэт царцсаны улмаас хөдөлгүүр унтарсан, унтарсан хөдөлгүүрийг асаах гэж стартерийг ажиллуулан гэмтээсэн байна...Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7 дугаар заалт буюу “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэснийг баримтлан автомашиныг зорчих хэсгээс “нэн даруй чөлөөлөх” арга хэмжээ авах ёстой байсан...Б-ийн жолоодож явсан автомашиныг чирч зайлуулахад уг автомашинд үүссэн эвдрэл саад болохгүй......улсын дугаартай автомашин нь осол болсны дараа, осол хэргийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаас харахад нэг ба хоёрдугаар эгнээг дамнан зогссон байгаа бөгөөд энэ нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй...Осол хэргийн бүдүүвч зургаас үзэхэд ...улсын дугаартай автомашины тоормосны мөр гарсан байгаа тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.../2х, хх-17-21/,  

- Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт :...Faw EQ маркийн .... улсын дугаартай автомашины жолооч Т.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д заасан “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино, 6.3-д заасан ”ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.../1х,х-170-171/,  

- шинжээч Ж.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Хориглосон газар зогсоход авах арга хэмжээний дараалал гэж байдаг. Зайлшгүй зогсолт хийсэн бол замаас тээврийн хэрэгслийг нэн даруй зайлуулах ёстой, тухайн машиныг замаас гадагш гаргаж тавина гэсэн үг...Ослын тэмдэг нь зам дээр саад бий болсон аюул үүсэж болзошгүй, арга хэмжээ ав гэдэг мэдээллийг өгдөг, тодорхой зайнаас харагдах ёстой ба харсан жолооч зогсох эсвэл тойроод гарах ёстой гэсэн арга хэмжээ авна. Хүн дор хаяж 1 секунтын дотор юмыг самбаачилж ялгаж, ухаарч ойлгоно. Ослын тэмдэг тавьсан тохиолдолд амжаад мөргөхгүйгээр ард нь зогсох боломжтой. Ослын тэмдэг тавиагүй нь осол гарахад маш ихээр нөлөөлнө...Б жолоочийн хувьд чирүүлээд зайлуулж болно. 20 тонн даацтай машин гэхэд дугуйны өнхрөлтын эсэргүүцэл 0,02 байлаа гэж бодоход хүчтэй тээврийн хэрэгслийн хүнд араагаа залгаад хөдлөх боломжтой. Өөрийнх нь масс бага байсан ч хөдөлгөх боломжтой. Шатахуун түгээх станцаас өвлийн шатахуун авч, насос соруулж байгаад тээврийн хэрэгслээ зайлуулах арга хэмжээ авах боломжтой. Статер байхгүйгээр шатахуун соруулаад тусдаа саванд хийж байгаад гар насосаар татуулаад машин асаад тодорхой зайнд явна. Дараалал буруу хийсэн байна. А цэгээс мөргөх хүртэл тоормосны мөр байгаагүй гэж А шинжээч хэлж байна. Мөргөсөн тээврийн хэрэгслийн жин, мөргөгдсөн тээврийн хэрэгслийн жин, түрсэн хэмжээ гэсэн хүчний харьцаанаас шалтгаалан хурдыг тодорхойлох боломжгүй, манайд хэрэглэж байгаа аргачлалаар үүнийг тодорхойлох боломжгүй. Зөвхөн тэр байрлалд байсан гэдгээр нь жолоочийг дүрэм зөрчсөн гэж тогтоож болохгүй. Амь хохирогч машиныг ойртож ирээд зайлах гэж эгнээ унуулсан ч юм уу, тэр тухайн үеийн байдлыг бид мэдэхгүй. Эгнээ унуулаад явсан байсан ч осол гарах шалтгаан биш. Харин ч 1 дүгээр эгнээгээр явсан жолооч хажууд нь сууж явсан хүн хоёулаа осолд орох боломжтой байсан. Замын хөдөлгөөний дүрэмд баруун гар талын хөдөлгөөний журамтай. Бусад эгнээ чөлөөтэй ч гэсэн 1 дүгээр эгнээ чөлөөтэй бол 1 дүгээр эгнээгээ барьж явах ёстой. Тойрч гарах, гүйцэж түрүүлэх, эсвэл эгнээ чөлөөгүй бол дараагийн эгнээндээ орно. Ослын тэмдэг тавиагүй болон осол гарсан гэдгийг мэдээгүй учраас хэтэрхий ойртож ирээд осол гаргасан байна...Б жолооч тухайн автомашиныг зорчих хэсгээс зайлуулах боломжтой байсан...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

            - Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт /1х, хх-2-5/, 

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 1993 тоот:...Талийгаачид үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын үед /автомашины бүхээгт суугаа байрлалд/ үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Талийгаач дээрх толгой, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Нас барах үедээ согтолтгүй байжээ. Талийгаачид үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /1х, хх-94-97/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Т.Б-ийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:     

            Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай гэж үзэв.   

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолж буй нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, шинжээчийн бүрэлдэхүүн нар худал дүгнэлт гаргасан, шинжээч Ж.М худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид холбогдох тухайн гэмт хэргийн зүйлчлэл зөв болно.

            Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан, тус хэрэгт буй авто тээврийн ослын талаарх шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт, шинжээч Ж.М-ын мэдүүлэг, мөн нэн даруй зайлуулаагүй, ослын тэмдэг тавиагүй тухай гэрч Ж.Ц, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаас үзвэл Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7, 6.3-т зааснаар хүлээх тээврийн хэрэгслээ нэн даруй зайлуулах, ослын тэмдэг тавих заавал биелүүлэх үүргээ ноцтой зөрчсөн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг үгүйсгэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.      

            Нэгэнт Т.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 6.3, 11.7-т заасан үүргээ ноцтой зөрчсөн тухайн тохиолдолд жолооч С.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн дагуу баруун гар тал буюу тухайн замын 1 дүгээр эгнээгээр замын хөдөлгөөнд оролцож явсан, мөн ослын тэмдэг тавигдаагүйгээс Т.Бийн автомашиныг эвдрэн зогсож байгааг боломжит зай, хугацаанд мэдэх, самбаачлах боломжгүй байсан байх ба гэнэт мэдсэн даруйд тухайн 1 дүгээр эгнээг өөрчилсөн, үүний улмаас тухайн үед жолоочийн хажууд нь сууж явсан иргэний амь нас аврагдсан үндэслэл бүхий болохыг шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт /2х, х-18-19/, шинжээч Ж.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн эх сурвалж нотолж байх ба энэ нь шинжээч Д.А-ын гаргасан...Hino Ranger маркийн ...улсын дугаартай автомашины жолооч С.Б Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-ийг зөрчсөн гэх дүгнэлт /1х, хх-170-171/, ослын тэмдэг тавиагүй нь осол гарахад нөлөөлөхгүй тухай түүний мэдүүлэг тус тус үндэслэл хангалтгүй болохыг нэгэн зэрэг тогтоосон гэж үзнэ.   

            Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд: шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан...шинжээч Д.А-ын дүгнэлт, мэдүүлэг зөв, шинжээч нарын дүгнэлт, мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй, жолооч Т.Б Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д заасан үүргээ биелүүлсэн (энэ нь мөн тус хэрэгт хамааралгүй), жолооч С.Б-г ядарсан байсан эсэхийг шинжээчээр тогтоолгох шаардлагатай гэх зэрэг дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэв.    

            Хохирогчийн төлөөлөгч нь оршуулгатай холбогдон гарсан нийт зардалд 10.991.636 төгрөг, автомашины эвдрэлийн зардал 18.740.000 төгрөг, үнэлгээчний хөлс 500.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, бусад хохирол нэхэмжилсэн боловч С.Б-гийн жолоодож явсан Nino Ranger маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь 2015, 2016, 2017.05.29-ний өдрийн техникийн хяналтын дүгнэлтийн баримтаар “Укасан” ХХК /1х, х-90-92/, мөн тус автомашины эзэмшигч нь Д.Д гэсэн он сар өдөр тодорхой бус баримт /1х, х-156/-аар автомашины эзэмшигч хэн болох нь тодорхой бус, мөн сэтгэл санаа, өмгөөлөгчийн зардлын хувьд хууль зүйн үндэслэл, баримтгүй байх тул тус тус шийдвэрлэх боломжгүй, харин хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд /1х, х-45-73, 120/ оршуулгын болон үнэлгээ гаргуулсан зардалд нийт 11.492.000 төгрөгийг гаргуулах, үүнээс шүүгдэгчийн төлсөн 4.000.000 төгрөгийг хасвал төлөх хохирлын үлдэгдэл 7.492.000 төгрөг байх ба шүүгдэгч нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлөхөө бичгээр илэрхийлсэн байна.  

            Хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэх бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.  

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

            Шүүгдэгч нь эхнэр болон 6-11 насны 3 хүүхэдтэй, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй буюу анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тус хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нотлох баримт бүхий хохирлоос 4.000.000 төгрөгийг төлж, үлдэх 7.492.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төлөхөө илэрхийлсэн байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн байдал, хохирогчийн санал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.   

Бусад асуудал:   

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг плашийг хэрэгт үлдээж, шүүгдэгч Т.Б-ийн 428309 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, мөн цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох эсэх асуудлыг шийдвэрлэхэд хамааралтай байгаа тухай шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нарын хүсэлтийг харгалзан шүүгдэгчийн эзэмшлийн цэнхэр өнгийн Faw EQ1170 маркийн, .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг /1х, х-199/ хүчингүй болгож, Т.Б-ийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүнд буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                

ТОГТООХ нь:          

            1. Шүүгдэгч Т.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн оршин суух газраа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид тус тус хүлээлгэсүгэй.     

            4. Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 7.492.000 төгрөгийг  шүүгдэгч Т.Б 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлөхөө бичгээр илэрхийлсэн, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Уг хэрэг хураагдсан 1 ширхэг плашийг хэрэгт үлдээж, шүүгдэгчийн эзэмшлийн цэнхэр өнгийн Faw EQ1170 маркийн, .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Т.Бийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүнд буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Т.Б-ийн 428309 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

            7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Т.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.ГАНБААТАР 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС