Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/69

 

   

 Б.Б, З.Т, Ц.Н  

    нарт холбогдох эрүүгийн хэргийн  тухай

 

            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

прокурор: Э.Намуун /цахимаар/,

шүүгдэгч Ц.Н,

шүүгдэгч З.Т, түүний өмгөөлөгч Ю.Тогмид /цахимаар/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Б, З.Т, Ц.Н  нарт холбогдох 2320000830029 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

   1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1.*,

1.2.*,

1.3.*.

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

2.1.Шүүгдэгч Ц.Н нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.6-д "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, 

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаартай тушаалаар баталсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Байгалийн төрхөөрөө байгаа болон боловсруулалт хийгдсэн үнэт металл, эрдэнийн чулуу, байгалийн болон гоёлын чулуу”-д, 2.2.9-д "хилээр нэвтрүүлэхийг хориглосон хязгаарласан бараа" гэснийг, 

Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйл "Бараа, тээврийн хэрэгслийг шалгах"-ийн 246.3-д “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана", 273 дугаар зүйл “Гаалийн улсын байцаагч”-ийн 273.2-т “Гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна", 273.4-т "Гаалийн улсын байцаагч нь "Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангаргаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ" гэснийг, 

274 дүгээр зүйл “Гаалийн улсын байцаагчийн эрх, үүрэг”-ийн 274.2-т "Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ” гэсний 274.2.2-т "гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх”, 

274.2.3-т "гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх", 274.2.5 дахь хэсэгт "гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах", 

275 дугаар зүйл "Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл"-ийн 275.1.3-т "энэ хуульд зааснаас бусад мэдээлэл шаардах, иргэдэд чирэгдэл учруулах, бусдад давуу байдал олгох зэргээр ялгаварлах", 

Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн 2 дахь хэсэгт заасан Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээний 2.2-т “Гаалийн улсын байцаагч хууль тогтоомжийг дээдлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллана”, мөн дүрмийн 2.1.4-т "бусдын нөлөөнд үл автах, албан тушаалыг нь урвуулан ашиглахыг санаархсан аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх" гэснийг тус тус зөрчиж, 

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасан "Гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу"-г Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.3-т заасан тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лицензтэй хуулийн этгээд улсын хилээр нэвтрүүлэхээр заасан байхад тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Бийг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр * улсын дугаартай "Д” ХХК-ийн Киа грандбирд маркийн автобусаар 5 чемоданд байсан 489,1 кг гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу болон амьтны яс зэрэг эд зүйлийг тээвэрлэн, гаалийн хилээр нэвтрүүлэх үед тус автобусанд гаалийн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа 5 чемодан ачаа байсныг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн Б.Бийн 489,1 кг гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу, амьтны яс зэрэг эд зүйлийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон; 

2.2.Шүүгдэгч З.Т  нь Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0108 дугаар ангийн шалгагч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан "төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэснийг зөрчиж, Монгол улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасан "Гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу”-г Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.3-т заасан тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лицензтэй хуулийн этгээд Улсын хилээр нэвтрүүлэхээр заасан байхад тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Бийн Бүгд найрамдах Хятад ард улс руу их хэмжээгээр гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу болон амьтны яс зэрэг эд зүйлийг хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлэх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр албан тушаалын байдлаа ашиглаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд үргэлжилсэн үйлдлээр өөрийн Төрийн банканд * дугаартай дансаар 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 150,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 900,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 280,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 370,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 600,000 төгрөг буюу нийт 6 удаагийн гүйлгээгээр 2,700,000 төгрөгийн хахууль авсан, 

2.3.Шүүгдэгч Б.Б нь Монгол улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасан "Гоёл чимэглэлийн чулуу буюу мана чулуу"-г Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.3-т заасан тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лицензтэй хуулийн этгээд Улсын хилээр нэвтрүүлэхээр заасан байхад Тусгай зөвшөөрөлгүй, хувь иргэнээр Бүгд найрамдах Хятад ард улс руу их хэмжээгээр буюу 489,1 кг гоёл чимэглэлийн мана чулуу болон амьтны яс зэрэг эд зүйлийг хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлэн өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0108 дугаар ангийн шалгагч З.Т ын албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан үргэлжилсэн үйлдлээр түүний Төрийн банкны * дугаартай дансанд өөрийн Хаан банкны * дугаартай данснаас 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 150,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 900,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 370,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 600,000 төгрөг, Хас банкны * дугаартай данснаас 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 280,000 төгрөг буюу нийт 6 удаагийн гүйлгээгээр 2,700,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Ц.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, З.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: “…шүүгдэгч * г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,

шүүгдэгч * ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахуулыг авсан,

шүүгдэгч * гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч * г нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч * ыг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч * ийг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, 489,1 кг гоёл чимэглэлийн мана чулуу болон амьтны яс зэрэг эд зүйлийг улсын орлого болгохоор хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,

Шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, тэдний иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Ц.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч З.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийн оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 5.Шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч Б.Мэргэн давж заалдах гомдолдоо: 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө:" гээд 1.3-т "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн.”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ” гээд 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ... 36.7, ... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй", 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана" гээд 2.3-т "шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж тус тус заасан. Тодруулбал, шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөнд тооцогдож шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно. 

Хэдийгээр шийтгэх тогтоолын 19-20 дахь талд холбогдох хууль тогтоомжийг дурдаад, Ц.Нгийн үйлдэлтэй субсумци хийж, эдгээр үндэслэл нь өмгөөлөгч Б.Мэргэний шүүгдэгч Ц.Нг цагаатгуулах санал нь дээрх баримтуудаар няцаагдаж байна гэж дүгнэсэн боловч өмгөөлөгчийн цагаатгах талын үндэслэл болгосон нотлох баримт, тэдгээрийн үндэслэлийг няцаагаагүй, шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн хэлсэн үгийг огт дурдаагүй байна. 

Шийтгэх тогтоолын "ТОДОРХОЙЛОХ нь: "Гэм буруугийн хувьд" хэсэг буюу 17 дахь талд "Шүүгдэгч Ц.Н нь ...Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаартай тушаалаар баталсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Байгалийн төрхөөрөө байгаа болон боловсруулалт хийгдсэн үнэт металл, эрдэнийн чулуу, байгалийн болон гоёлын чулуу-д 2.2.9-д "хилээр нэвтрүүлэхийг хориглосон хязгаарласан бараа” гэснийг зөрчсөн”, 18 дахь талд “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулууг тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасан "Гоёл чимэглэлийн чулуу буюу мана"-ыг Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.3-т заасан тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лицензтэй хуулийн этгээд нэвтрүүлэхээр заасан байхад тусгай зөвшөөрөлгүй иргэн Б.Бийг ...гоёл чимэглэлийн чулуу буюу болон амьтны яс зэрэг эд зүйлийг тээвэрлэн, гаалийн хилээр нэвтрүүлээд тус автобусанд гаалийн хяналтыг зохион байгуулахдаа 5 чемодан байсныг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ...эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон” гэж дүгнэсэн. 

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно” гэж ямар тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохыг заасан болохоос хэнд олгох талаар заагаагүй. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуулийн хэсгийг зөрчсөн гэх дүгнэлт нь үндэслэлгүй юм. 

Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны, Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж тус тус батална" гэж заасан. 

Үүний дагуу Монгол Улсын Их Хурлын 1998 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар "Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалт"-ыг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт"-ыг тус тус баталсан. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасан гоёл чимэглэлийн "Мана, гартаам" чулуу нь дээр дурдсан Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоолуудад заагдаагүй энэ талаар 2 дугаар хавтаст хэргийн 64 дэх талд байгаа Гаалийн ерөнхий газраас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн "Хариу хүргүүлэх тухай" албан бичигт тодорхой дурдсан. 

Гэтэл шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн дээрх баримтыг үгүйсгэн няцаагаагүй. Мөн шүүхээс өмгөөлөгчийн хэлсэн үндэслэлийн дагуу яг аль хууль тогтоомжид мана чулууг хилээр гаргахыг хязгаарласан болохыг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж гаргасан бөгөөд прокурорын хувьд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийгээгүй байхад Ц.Нг гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг хангаагүй гэж үзнэ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно", мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй юм. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг "албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэж тодорхойлсон. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байх ингэснээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай болон хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой. Хавтаст хэрэгт байгаа материалд Ц.Н нь өөртөө эдийн болон эдийн бус ашиг хүртсэн тухай баримт байхгүй, ямар нэгэн шан харамж, үйлчилгээ, хариу төлбөр авсан талаар нотлох баримтаар тогтоогдоогүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу Б.Б, Т.М нар нь Ц.Нтай хамаарал бүхий этгээд буюу төрөл, садан, эсхүл ашгийн төлөө үйл ажиллагаагаар нэгдсэн этгээдүүд биш. Энэ талаар шүүгдэгч нар бүгд тодорхой хариулдаг. Уулзаж байгаагүй, танихгүй, ярилцаж тохирсон зүйл байхгүй гэдгээ хэлдэг. Гэтэл цагаатгах талын нотлох баримт болох гэрчийн мэдүүлгүүдийг мөрдөгч, прокурор нар үнэлээгүй, тэдгээр нь ямар үндэслэлээр няцаагдаж байгаа талаар яллах дүгнэлтэд тодорхой дурдаагүй. 

Ц.Нгийн хувьд Б.Б, Т.М нартай огт хамааралгүй, өөртөө ямар ч ашиггүй байж золиос гарган байж тэдний эрх ашгийн төлөө ажиллаж, давуу байдал олгосон байх нь итгэл үнэмшил төрүүлэхээргүй зүйл юм. Энэ нь гэмт хэргийн санаа, сэдэл, зорилгыг үгүйсгэж байна. 

Харин Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл гэж үзэж болно. Мөн Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан "Хайнга хандах” гэмт хэргийн шинжтэй түүний үйлдэл тохирох боломжтой. 

Албан тушаалтан албандаа хайнга хандах гэдэгт хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг авахгүй байх, мөн албаны чиг үүргээ гүйцэтгэсэн боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсанаас алдаа дутагдал гаргахад хүргэсэн байх зэргийг багтаан ойлгодог. Товчхондоо, "зохих ёсоор биелүүлээгүй" гэж албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжтой байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хангалттай биелүүлээгүйг ойлгоно. Субьектив талын хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. 

Хавтаст хэрэгт байгаа дүрс бичлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн болон шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээс харахад Ц.Н нь яллах дүгнэлтэд дурдсан захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүй гэдгээрээ албан тушаалдаа хайнга хандсан байна. Гэхдээ хайнга хандах гэмт хэргийн үр дүнд их хэмжээний хохирол учирсан байх шаардлагатай бөгөөд мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас зүйлчлэх боломжгүй. 

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасны дагуу Ц.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор байна. 

Гэтэл шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн дээрх баримт, үндэслэлийг огт няцаагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. 

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дахь сум дундын шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолын Ц.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Н гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч З.Тын өмгөөлөгч Ю.Тогмид гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Мэргэнээс гаргасан давж заалдах гомдолд ямар нэгэн тайлбар байхгүй. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх байх. Миний хувьд шүүгдэгч З.Тд холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

8.Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч З.Т гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

9.Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Э.Намуун гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Б.Мэргэн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцлаа. Хайнга хандах гэмт хэрэг байх боломжтой, гэтэл хохирлын хэмжээ хүрэхгүй байна гэж гомдол гаргасан байна. Хайнга хандах гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг. Гэтэл шүүгдэгч Ц.Нгийн хувьд санаатай үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, гэрч Гын мэдүүлгийг газар дээр нь шалгахад 5 том чемодан гарч ирсэн. Энэ гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдэж, болгоомжгүйгээсээ болж уг автобус дотор байсан чемоданыг гаргаагүй гэдэг нь хяналтын камерын бичлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Цагаатгах нотлох баримтуудыг яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдаагүй гэж гомдолдоо бичсэн байсан. Цагаатгах нотлох баримтууд нь ямар нотлох баримтуудаар няцаагдаж байгаа вэ гэдгийг Б.Мэргэн өмгөөлөгч ойлгохгүй гэсэн байна. Цагаатгах нотлох баримт нь ямар нотлох баримтаар няцаагдаж байгаа вэ гэхээр гэрч нарын мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.Нг гэмт хэрэг үйлдсэн, санаатайгаар өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх бий болгосон гэдэг нотлох баримтууд тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын талаар шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Мэргэн нарын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч З.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

            4.Анхан шатны шүүх, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийж, яллах дүгнэлтэд заасан хэргийн зүйлчлэл тохирсон үндэслэлээр шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

         5.Шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч Б.Мэргэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдлоо ”...Ц.Н нь албан ажилдаа хайхрамжгүй хандсан байх ба өөртөө эдийн болон эдийн бус ашиг хүртсэн тухай нотлох баримт байхгүй, ямар нэгэн шан харамж, үйлчилгээ, хариу төлбөр авсан талаар нотлох баримтаар тогтоогдоогүй, Б.Б, Т.М нартай  хамаарал бүхий этгээд буюу төрөл садан, эсхүл ашгийн төлөө үйл ажиллагаагаар нэгдсэн этгээдүүд биш байхад гэмт хэрэгт буруутгаж байгаа нь үндэслэлгүй, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү” гэсэн агуулгаар гаргасныг шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Н дэмжиж оролцсон ба тухайн өдөр “миний сахарын хэмжээ өндөр болоод бие муу байсан тул хайхрамжгүй хандсан” гэсэн агуулгаар тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь:

5.1.Шүүгдэгч Ц.Н нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр * улсын дугаартай “Д” ХХК-ийн Киа грандбирд маркийн автобусаар иргэн Б.Бийг 5 чемоданд байсан 489,1 кг гоёл чимэглэлийн чулуу буюу мана, амьтны яс зэрэг эд зүйлийг Монгол улсын хилээр нэвтрүүлэх үед тус автобусанд гаалийн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа 5 чемодан ачаа байсныг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн Б.Бийн 489,1 кг гоёл чимэглэлийн чулуу буюу мана болон амьтны яс зэрэг эд зүйлийг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт нь:

-“2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.Б, Т.М нараас 5 ширхэг чемоданд хувааж хийсэн байгалийн чулуу болон хөрөөдөж бэлтгэсэн яс зэрэг эд зүйлийн хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-39-40, 44-46/,

-гэрч Гын “...Би автобусны тээшний хэсгийг шалгахад 5 чемодан тээшинд үлдсэн байсан. Тэгэхэд 20-30 насны 2 эмэгтэй бид 2-ын ачаа байгаа юм, нуруунд юм орчихоод дийлэхгүй, гаалийн байцаагчаас нь гуйчихлаа... гэж хэлээд зогсож байтал гаалийн байцаагч автобус шалгадаг газраас гараараа даллаж дуудсан. Тэгэхээр нь би автобусны тээшний хаалгыг нь хаалгүй онгорхой чигээр нь яваад очиход Гаалийн улсын байцаагч автобусны тээш хэсэг рүү тонгойж харснаа хэдэн чемодан байна тоолоодох гэж хэлчихээд автобус руу орсон. Би чемоданыг тоолоход 5 байсан. Тэгээд автобус руу гаалийн байцаагчийн араас нь орж 5 чемодан байна гэж хэлэхэд 4 байх ёстой, эд нар ингээд давраад байдаг байхгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл хоёулаа чирээд буулгачихъя аа гэж хэлсэн чинь зүгээр зүгээр наана чинь хэдэн ааруул, чихэр байгаа юм байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би лай болно доо шалган дээр дахиад шалгана шүү дээ гэхэд гаалийн улсын байцаагч би зөвшөөрөөд байхад зүгээр, хилийн цэргийн шалгагчид миний тавьсан ачаа гээд хэлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тээшний хаалгаа хаалгүй тэр чигээр нь гаалийн байгууллагын хаалт өнгөрөөд хилийн цэргийн шалгагч дээр очиход тээшний хаалгаа онгорхой байсан учраас тонгойж чемодантай ачааг хараад юу бэ гэж асуухад нь “гаалийн байцаагч чихэр байгаа миний ачаа гэж хэлээрэй гэж хэлснээр нь хэлэхэд нээж шалгаж үзнэ гэж хэлээд чемоданыг нээж үзэхэд яс шиг зүйл гарч ирсэн. ...оймсонд хийж оёсон чулуунууд гарч ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-136-142/

-гэрч Ж.Гын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-106-108/,

-Ц.Нгийн “би 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 09 цаг 30 минутын орчимд Замын-Үүд сумын авто зам шалган нэвтрүүлэх цэг-1 боомтод гадна талд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ...* улсын дугаартай автобус хүрч ирээд зогсоход жолооч нь надад бичлэгээ сая явуулчихлаа гэж хэлсэн. Бичлэгээ явуулчихсан гэхээр нь би тус автобусны дотор хэсгийг шалгаад тээшний хэсгийг шалгахгүйгээр зөвшөөрөв дараад явуулсан. ...тээшний хэсгийг шалгаагүй учир юу байсныг нь мэдээгүй. Тус автобус хөдлөөд штамб тардаг хэсэг дээр очоод хилийн цэргийн алба хаагч шалгахад тээшний хэсгээс нь чулуу, яс гэх мэт эд зүйлстэй 4 орчим чемодан гарч ирсэн байсан” гэх гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-147-148/

-Гэрч Б.Бгийн “...Жолоочийн штамб даруулдаг хэсэг нь Гаалийн улсын байцаагчийн тухайн тээврийн хэрэгслийг шалгасны дараах цэг байсан учраас би Ц.Нгаас “автобусаа үзсэн юм уу” гэж асуухад Ц.Н “шалгасан” гэж хариулсан. Тэгэхээр нь би “Шалгасан юм чинь ийм байдаг юм уу? Ийм том том чемодан хардаггүй юм уу? Яаж шалгалтаа хийсэн юм” гэж асуухад Ц.Н чимээгүй болоод тодорхой хариу өгөөгүй. ...Уг нь ийм том овор хэмжээтэй чемоданыг харахгүй байна гэж байхгүй, би гайхаад байгаа юм... Би камерын бичлэгийг үзсэн. Ц.Н автобусны тээшийг онгойлгож тонгойж харж байгаа үйлдэл бичлэгт бичигдсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-168/,

Гэрч П.О “...Тухайн автобусны тээш нь дотроо тасалгаагүй, 2-3 хаалгатай байсан санагдаж байна. Хаалга бүр тусдаа тасалгаагүй, дотроо нэг том хэсэгтэй ба нэг хаалгыг онгойлгоод тонгойгоод харахад дотор хэсэг нийтдээ харагдахаар байсан... Ямар нэгэн булан тохойд хүний нүднээс далд хийгээгүй, ил харагдахаар байсан. Тэглээ ч том овор хэмжээтэй чемоданууд байсан... Шалгаад үзэхэд жижиг жижиг дугуй яс, чулуу зэрэг гарч ирсэн...” /1хх-186/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

5.2.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан:

-байгалийн чулуу нь “мана чулуу” болох нь 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Геологийн судалгаа шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон ба Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “ашигт малтмал”-д, яс мэт хатуу цагаан зүйл нь “амьтны яс” болох нь 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2326 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.   

Анхан шатны шүүх Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.14-д “ашигт малтмалыг тусгай зөвшөөрөлтэйгөөр” ашиглахаар, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д ...тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгохоор,

түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн тухайд Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар гаалийн бүрдүүлэлт хийхээр хуульчилсан учир иргэн Б.Б нарыг байгалийн чулуу буюу хаш чулуу, амьтны ясыг Монгол улсын хилээр нэвтрүүлэх эрхгүй этгээд гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.3.Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “давуу байдал”  гэдгийг энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор заасан бөгөөд шүүгдэгч Ц.Н нь Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газарт байгаль орчны хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээд юм.

5.4.Эрүүгийн хуулийн хорин хоёр дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэг нь тодорхой материаллаг хохирол учруулах зайлшгүй шаардлагагүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээс гадна нийгмийн ашиг сонирхол хийгээд тэгш эрхийн зарчмыг зөрчиж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах,  иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж, албан тушаалтнууд нь алагчлал, ялгаварлал гаргаж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ижил тэгш, шударгаар төрийн үйлчилгээ авах ажиллагааг алдагдуулах зэрэг хор уршиг учруулдаг онцлогтой.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой байдаг.

“Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл байхаар хуульчилсан ба уг гэмт хэргийн үндсэн шинж нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах...”-ыг нийтийн албан тушаалтанд хориглосон.

Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйлд зааснаар гаалийн байгууллага, албан тушаалтан нь барааны гаалийн мэдүүлгийг хүлээн авсны дараа түүний үнэн зөвийг тогтоох зорилгоор бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийх ба гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгахаар журамласнаар хуваарьт цэг дээр ажиллаж буй гаалийн улсын байцаагч нь энэ чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх ёстой.

Гаалийн улсын байцаагч Ц.Нгийн үйлдэл нь  Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс гадна Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2-т заасан өргөсөн тангарагтаа үнэнч, гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байх,  гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах үүргийг, мөн хуулийн 275 дугаар зүйлийн 275.1.3-т заасан үйл ажиллагаандаа бусдад давуу байдал олгох зэргээр ялгаварлахыг хориглосныг тус тус заасныг зөрчиж, Б.Б, Ш.М нарын “нийт 489,1 кг гоёл чимэглэлийн чулуу болон ясыг“ хилээр нэвтрүүлэхэд гаалийн хяналт шалгалтыг зохих журмын дагуу хийх ёстой үйлдлийг хийгээгүйгээс хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан, бусдын ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод суурилсан тул “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

5.5.Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаартай “Зорчигчийнх хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын нэгдүгээр хавсралтын 2.2.1-д зааснаар “байгалийн төрхөөрөө байгаа болон боловсруулалт хийгдсэн ... байгалийн чулуу болон гоёлын чулуу” нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлсэд хамаарахгүй байх тул мана чулуу, ясыг Монгол улсын хилээр гаргах зөвшөөрөлгүй иргэн Б.Б, Ш.М нарт хилээр нэвтрэх тухайн цаг хугацаанд зохих журмын дагуу шалгуулах ёстой байхад гаалийн хяналт тавих үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр бусдад давуу байдал олгосон гаалийн улсын байцаагч албан тушаалтай Ц.Нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ... зориуд хэрэгжүүлэхгүй байж, ...бусдад давуу байдал бий болгосон бол” гэсэн обьектив болон субьектив шинжийг бүрэн хангасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байна.  

Иймд өмгөөлөгч Б.Мэргэний “шүүгдэгч Ц.Н нь өөртөө ямар нэг давуу байдал бий болгоогүй, эдийн болон эдийн бус ашиг хүртээгүй, харин албан үүрэгтээ хайнга хандсан” гэж тайлбарлаж шүүгдэгчийг цагаатгуулах агуулгаар гаргасан гомдлын үндэслэл нь хэргийн үйл баримтыг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг няцаах эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болгоогүй, түүний давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.

6.Шүүгдэгч З.Т нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/466 дугаартай тушаалаар томилогдон Хилийн цэргийн 0108 дугаар ангийн шалгагчаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг зөрчиж, иргэн Б.Бийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр албан тушаалын байдлаа ашиглаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд үргэлжилсэн үйлдлээр өөрийн Төрийн банкны * дугаартай дансаар 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр нийт 2,700,000 төгрөгийн хахууль авсан үйл баримт тогтоогдсон, түүний үйлдэл нь хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч З.Т нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2,700,000 төгрөгийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэлийг ялгамжтай оногдуулахад зайлшгүй харгалзан үзэх үндэслэл болно.

7.Мөн шүүгдэгч Б.Б нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0108 дугаар ангийн шалгагч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан З.Тын албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан үргэлжилсэн үйлдлээр түүний Төрийн банкны * дугаартай дансанд өөрийн эзэмшлийн Хаан банк, Хас банкны дансаар 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр нийт 2,700,000 төгрөгийн хахууль өгсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон,түүний үйлдэл нь хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

8.Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Н, З.Т, Б.Б нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч бүрийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, үйлдэл тус бүрийн шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлээс сонгон оногдуулахдаа хуулийн ерөнхий ангийг зөв журамлаж, тусгай ангид заасан санкцыг оновчтой сонгож хэрэглэсэн, өөрөөр хэлбэл шүүгдэгч тус бүрийг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, Ц.Нд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч З.Тд 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бт 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна.

9.Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн Ц.Нгийн өмгөөлөгч Б.Мэргэний “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд ашигтайгаар шийдвэрлэж, түүнийг цагаатгаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Нгийн өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т нь давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгох хүртэл нийт 84 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА

Д.МӨНХБҮРЭН